*Мүрасаки Шикибү манай эриний Х зуунд бичсэнийг Танабэ Сэйко орчин цагийн япон хэлэнд хөрвүүлж, О.Жаргалсайхан монгол хэлээр орчуулав.http://bmand.ikhzasag.mn/index.php//home/post/55
Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны бөлөг. 2-р хэсэг.
Эцэг хаан түүнд горьдлого тээхийг бодоход тэр бүсгүй гоо үзэсгэлэнтэй байсан биз ээ. Харамсалтай нь сайхан хүүхэн хуримгүйн үлгэр... гэх зэргээр Гэнжи бодож суулаа. Нэгээс нөгөө рүү бодол нь улам бүр бэлчиж байлаа. Үзэсгэлэнт зуны шөнийн харанхуй түнэрч эхлэв. Бараа бологч хүү хөөрхөн хүү тул түүнийг ажиж суутал Киноками “хойд эхийн төрсөн дүү билээ” гэв. “Нялх багадаа эцэгт маань хүргэгдэж ирсэн тул эгчийгээ дагаж энд байгаа юм. тэнжёоварава / голдуу түшмэдийн хүү байх ба ордны хууль ёсонд суралцахын тулд гэнфүкү ёслол үйлдэхийн өмнө тэнд дагалдан суралцахаар зөвшөөрөгдсөн хүүхдийг хэлнэ/хүсэмжлэх боловч эцэг байхгүй, арга ухаанаа ч олохгүй, амаргүй байгаа бололтой дог оо”.
-“Ээ хөөрхий дөө, энэ хүүгийн эгч таны хатан эх байна гэхэд арай л таарамгүй залуу бүсгүй буй за.Түүний эцэг охиноо албан ёсны хатан суудалд суулгамаар байна гэж хэлж байсан удаатай бус уу. Тийм хүн чиний залуу хойд эх болжээ гээд бодохоор эр эмийн хувь тавилан гэдэг таашгүй ажээ” гэж Гэнжи залуу хүн мөртлөө ахмад хүн шиг буурь зааж хэлэв.
-“Үнэхээр таны айлдсан зөв. Санаж бодох юмгүй эцэгтэй минь гэрлэж суусан нь үнэн билээ. Хорвоо гэдэг оньсого шиг үйлээр дүүрэн байх юм даа, хөөрхий. Үнэндээ эм хүн гэдэг голын ус урсан одох шиг хувь заяатай тул бодож байхнаа хөөрхийлөлтэй амьтад юм даа”
-“Иёоносүкэ түүнийг халамж хайраар дутаадаггүй биз дээ. Гэрийн хүн минь хэмээн асарч тойлж байдаггүй гэж үү” .
-“Тэр талаар ёстой хэлэх үг байхгүй” гэж Иёоносүкэ дургүйлхсэн өнгөөр хэлэв.
-“Дотроо бол хатныгаа гэрийн хүн гэж дээдэлж л байдаг бололтой. Нас дээр гараад биеэ захирахад бэрх тул надаас эхлээд үр хүүхдүүд нь бүгд л хориглох юм даа”.
-“Гэсэн ч та нар шиг нас ойролцоо орчин үеийн залуучуудад найр тавиад өгнө гэж үү дээ. Иёоносүкэ гайгүй элдэвтэй, дунд насны эр хүн шүү дээ” гэж Гэнжи хэлээд нэг мэдэхэд “... тэд нар хаана байна вэ” гээд асуучихав.
-“Доод өрөөнд буусан юм, одоо зарим нь байж магадгүй” гэж Киноками хэллээ. Архи нэгэнт тойруулж барьсан тул хамт байсан хүмүүс цөм л өргөөнд залгуулан барьсан борооны саравч дор унтахаар хэвтэцгээв.
Гэнжи тайван унтаж чадсангүй. Арай ч дээ, арай хийж олдсон шөнийг ганцаараа өнгөрөөх гэж үү гэж бодохоор нүд нь онгойгоод ирнэ.
Хойд талын гүймэн хаалганы тэндээс хүний чимээ сонсогдсон тул догдлон босч чагналаа. Тэр хавь тийм гэхийн аргагүй харанхуй газар байв.
-“Эгч минь та хаана байна” гэж өнөөх хүүгийн хэлэх нь сонсдов.
-“Энд байна аа, гийчин амарсан уу” гэж бүсгүй цээлхэн дуугаар өгүүлэх нь хүүгийн дуутай төсөөтэй байх тул өнөөх бүсгүй байна гэж Гэнжи дотроо бодлоо.
Хүү аяархнаар,
“Тийм ээ, гадаа саравчинд унтаж байгаа, хүмүүсийн ярьдгаар ёстой л гэрэлтсэн үзэсгэлэнтэй сайхан хүн байна лээ”.
- “Аа тийм үү, өдөрсөн бол хараад авах л байсан байх даа” гээд бүсгүй шөнийн хувцсаа өмсөж байна уу гэлтэй амьсгаа дээрхэн өгүүлэв.
-“Аа яасан харанхуй юм бэ, эгчээ би энд унтъя” гэж хүү хэлээд дэнлүүг босгон асааж буй бололтой нэлсхийтэл гэрэл гаргалаа.
-“Чюүжёо(ордны албат) хаачсан юм бол” гэж бүсгүй нэрийг асуутал цаад талын харанхуйд унтаж байсан бололтой эмэгтэй “халуун усанд орохоор явсан, одоохон ирнэ гэж байсан” гэж нойрмог дуугаар хариулж байна.
Харанхуй улам өтгөрч, тэр хавь нам гүм болон өргөөг түнэр харанхуй нөмөрчээ.
Гэнжи гүймэн хаалганы түгжээг тайлж үзэв. Тэр өрөөний хаалгыг золоор түгжээгүй байлаа. Хөшигний өлгүүр модноос дэнлүүг холхон байрлуулсан байв.
Мухлаг авдар бололтой зүйл хэд хэд, дээр нь бүсгүйн кимоно, жижиг сажиг эд зүйлс байхын дээр жаахан цаашилбал нэгэн жижигхэн шүхрээр биеийг бүтээсэн эмэгтэй байлаа. Бүсгүй зүүрмэглэн унтаж байв. Нимгэн бөсөөр нүүрээ бүтээснийг нь авбал эмэгтэй чюүжёог гэж санасан уу биеийг татсангүй.
“Чюүжёогоо дуудсан бус уу, миний бодол санаа хүрчээ гэж бодохоор баярлаад баршгүй...” гэж Гэнжи аяархан хэлэв.
Бүсгүй зүүдлээд байна уу, зүүрмэглээд байна уу ойлгохгүй байгаа бололтой.
Дуу гаргая гэсэн ч мөнөөх гийчин эрийн ханцуй нүүрийг нь бүрхээд дуу гарч өгсөнгүй. Гэнжи дуугаа намсган “хар муу санаа гэж бодогдож магадгүй ч ... тийм биш шүү, энэ хэдэн жил таныг үргэлж л бодож ирлээ. Ховорхон учрал гэж бодохоор тэсвэрлээд суухад бэрх байна. Зүгээр нэг гүймэгхэн сэтгэл гэж битгий бодоорой доо” гэж шивнэн хэллээ.Бүсгүй тийчлэн эсэргүүцэж чадалгүй , дороо холбирон -“Та хүн андуураад байгаа бус уу” гэж аргасан хоолойгоор хэлэх нь аятайхан сонсдоно.
-“Андуурсан байх учиргүй бус уу... дурласан хүн зөн бэлгээрээ ойлгож байна. Тангараглая би, ёсгүй үйлдэл хийхгүй ээ. Олон хоног өдрийн бодол сэтгэлийг минь сонсоод өгөөч гэж гуйж байгаа төдий” ...
Гэнжи аяархан дуугаар шивнэж, турьхан Үцүсэмигийн биеийг чангаар тэвэрч гүймэн хаалга руу зүглэв. Гэтэл цаад талаас өнөө чюүжёо ирэхтэй яг таарч орхилоо. “Аа яа “ хэмээх Гэнжийн дуу алдалт хийгээд Үцүсэмигийн хувцасны танил үнэрээр чюүжёо тэр дороо хэрэг явдлыг мэдэж орхилоо.
“Энэ юу болж байгаа юм бэ” хэмээн тэрээр ихэд гайхаж, эгэл хар хүнсэн бол эзэгтэйнхээ төлөө хүч үзэн зогсоож чадах авч өндөр дээд язгууртай Гэнжид элдэв авирыг гаргаж чадсангүй. Хүмүүст мэдэгдэх нь ч эзэгтэйнх нь хувьд тийм ч таатай хэрэг биш билээ. Дэмий л барьц алдан араас нь дагавал Гэнжи чимээгүйхэн хатан эхийн өрөөнд ороод бүсгүйг буулгаж, гүймэн хаалгыг хааж, чюүжёо руу эргэж ч харалгүй
- “Өглөөгүүр тосч аваарай даа” гэв.
Үцүсэми гадаа байгаа чюүжёо юу гэж бодож байгаа бол гэж бодохоос бие нь хэдэн хэсэг болох шиг болж, аргагүйдэн ичиж байлаа.
Гэнжигийн ийнхүү сурамгай байдал өнөөг хүртэл хэд хэдэн удаа ийн үйлдэж байсан туршлагатай хүн болохыг нь харуулах ажээ. Намайг дэл сул бүсгүйчүүдийн нэг гэж бодсон байх даа гэж Үцүсэми бодон сэтгэлийг шархлуулан суувай.
Гэнжи янз бүрийн чихэнд чимэгтэй үгийг түүж урсгаж байлаа.
“Яагаад ингэж танд сэтгэл алдарч орхисноо миний сэтгэл зүрх мэдэхгүй байна... энэ хорвоод энд тэндгүй байх урт дурын хүний тогтсон үг яриа гэж битгий бодоорой доо” гэх мэт үгс үнэндээ үнэн болов уу даа? гэж бодогдом шүүрс алдам аяс сонсдоно.
Тэр бүхэн Үцүсэмигийн сэтгэлийг баглаж орхив. Үнэр үнэртэм, өнгө ялгарам Гэнжигийн үзэсгэлэн төгс байдал, чин үнэнээс худал хуурмаг руу солонго адил өнгө татуулан одох нүд харанхуйлам учирлал үгсийн догдлуулал, алс газар нутаг захиран суугаа эр нөхрөө сэтгэлийн мухартаа бодож, учирсан нүглийг эмзэглэн байгаа Үцүсэмигийн эмзэглэл, цаашлаад эр нөхөрт нь байдаггүй зоргоор орших Гэнжигийн залуу халуун, ёсгүй дүр төрх ... энэ бүхэнд бүсгүй бүхэлдээ барьц алдан яг л илбэ жатгад автагдсан мэт мэлэрч суувай.
Гэхдээ тэр эрийн увидас хүчтэй байхын хэрээр Үцүсэмигийн дотор өөрийгөө хүндлэх сэтгэл огшиж байлаа.
-“Өршөөж болгооно уу ... хэдий бээр угсаа язгуур, хэргэм зэрэг эрхэм танаас дорд хэдий боловч иймэрхүү байдлаар хүлээж авч буйг тань зөвшөөрөх арга үгүй билээ”
-“Угсаа язгуур үүнд хамаагүй ээ. Таныг ойлгоосой гэж хүсч байгаа зүйл бол танд би өдий зэрэгтэй хайртай юм шүү гэдгийг харуулж байгаа нь энэ юм”.
Бүсгүй хар үсэндээ нүүрээ буруулж, яах аргагүй л таагүй байгаа бололтой ч арсалдан тэмцэлдэх янз үзүүлэхгүй хэрнээ ямагт зөөлнөөр тогтоон хориглох байр байдалтай байлаа.
Үцүсэми нэвт шувт хөлрөн, үл ялиг чичирсхийж, яг л туяхан хулс модон салхинд найган ганхавч үл хугарах лугаа адилаар Гэнжигийн санаа бодлыг дагахгүй байлаа.
Гэнжигийн идэр сэтгэл цорсхийж зад тавьлаа.
“Хүний сэтгэлийг жаахан ч атугай ойлгох хүн гэж бодсон юмсан...”
Үцүсэми түүний цээжинд хүчээр гуд татагдан, дараа дараалан үргэлжлэх эр хүний үйл аягт үгүй би үхэх нь үү дээ гэж бодлоо.
Гэнжигийн түүнд халдаж буй аяг байдал нь сэтгэлийн тэмүүлэл, хайрын хүлээсийн төлөө гэхээс илүү түр зуурын дурласан сэтгэлийн сүр хүчин гэхээс өөрөөр ер бодогдомгүй байлаа.
Ийм тавилантай учирсандаа Үцүсэми ихэд шаналж, ичиж, энэлэн нулимсаа асгаруулж суулаа. “Юунд ингэтлээ хайлна вэ, хүний амьдрал гээч тааж мэдэшгүй, баяр хөөртэй хувь зохиол заримдаа хүлээж байдаг гэж иймэрхүү байдлаар тунгааж үзвэл яасан юм бэ дээ? Та эр эмийн сэтгэлийн явдлыг нэгэнт анзаарч мэдэх насан дээрээ яваа хүн шүү дээ. Ингэж уйлан хайлна гэдэг юуг ч үл ухах тэнэг бага охины хэрэг явдал бус уу...”
Гэвч Үцүсэмигийн уйлах нь сэтгэлийн явдлыг мэдэхгүй дээ бус байлаа. Энэ явдалтай сацуу өөрийн биеийнхээ туулж өнгөрүүлсэн хувьгүй тавилангаа бодсоноос тэр ажээ.
-“Миний бие төрсөн гэртээ байгаа бага жаал охин байсансан бол энэ шөнийн явдалд арай өөр байхсан... гэвч би нэгэнт хань нөхөртэй хүн. Ямар ч хүсэл зүүд үл биелэх билээ. Тийм болохоор намайг мартаж үзээрэй дээ...”
Үцүсэмигийн энэхүү тасалдангуй ярианд үнэн сэтгэлийн үгний цуурай байсан тул Гэнжи зогтусав. Тэрээр Үцүсэмигийн уян зөөлөн мөртлөө шаргуу мэтгээн, чанд байдалд сэтгэл дахин татагдах шиг боллоо.
Гэнжид сэтгэл авталгүй нэгэн шөнийг өнгөрөөсөндөө Үцүсэми ихэд хайлан, зовж шаналж байгаад нь хүртэл сэтгэл соронз адил татагдаж байлаа.
Тэр бүсгүйд сэтгэлийн зовлон болсон ч энэ хүүхэнтэй нэгэн шөнийг өнгөрүүлэхгүй аваас хожим харамсаад барахгүй гэж бодогдуулам зүйл Үцүсэмид байсан билээ.
-“Танд захидал бичиж баймаар байна. Эндээшээ тантай яаж холбогдож байхсан бол оо... мартаж боломгүй хүн боллоо та” гээд Гэнжи бүсгүйн гарыг атгалаа.
Тахиа донгодож, хүмүүс боссон бололтой өргөөнд хөл хөдөлгөөн болж эхлэв.
-“Эрхмийн тэргийг” гэх дуу сонсдлоо.
Одох ёстой цаг нэгэнт болсон тул хүний эхнэр Үцүсэмитэй дахин учрах учрал ер гарах болов уу гэдгийг хэн ч үл мэдэх бүлгээ.
Гэнжи бүсгүйд сэтгэлээ булаалгаж, түүнийг мартаж ер чадсангүй. Арга чарга хайж нэг мэдэхэд Кинокамиг дуудаж ийн хэлж үзэв ээ.
-“Нөгөө хөөрхөн жаал хүүг надад өгнө үү. Хажуу хавиргадаа байлгамаар байна. Өргөөнд шадарлуулдаг ч юм бил үү”.
-“Тэгвэл сайн л байна. Эгчид нь одоохон хэлье дээ” гэж Киноками юу ч бодолгүй баярлан хэллээ.
Хүүгийн эгч өөрөөр хэлбэл Кинокамигийн хойд эх болох Үцүсэми бүлгээ.
Гэнжи яг л бага жаахан хүү шиг сэтгэл нь гийж догдолж байлаа. Тэр нэгэн шөнийн бүсгүйн цөхөрсөн сэтгэлийн үймрэл, Гэнжид татагдах сацуу өөрийгөө хүндэтгэн бас нүгэл хилэнцийн айдсанд автагдан дайвалзан шаналж байсан үзэсгэлэнт дүр төрхнөөс нь Гэнжи хэзээ ч юм жинхэнэ хайрыг мэдрэх болжээ.Гэнжи ийм сэтгэл гүн бүсгүйд дурлан тачаадах болжээ.
Тав, зургаа хоносны дараа хүү ирлээ. Чамбай байрын хүү байлаа. Гэнжи өхөөрдөж, ойр хавьдаа байлган, элдвийг хэлэлцэх ба түүгээр үл барам Үцүсэмиг санагдуулна. Хүүг Когими гэх бүлгээ.
Юу ч мэдээгүй Когими Гэнжигийн захидлыг аваад эгчийнх рүүгээ одлоо. Үцүсэми Гэнжигийн хэл чимээг сэтгэлийн мухартаа хүлээж байсан авч Когимид “Хүн андуурсан байна гэж мэдүүлээрэй. Захидлыг нь хүлээж авах хүн байхгүй гэдгийг хэлээрэй” гэж хатуухан өгүүлэв.
“... Гэвч яах аргагүй л та эгчдээ өгөөрэй гэсэн билээ” гэж Когими зовинов.
Гэнжи Үцүсэмигээс хариу хүлээж байсан ч Когими гар хосон буцаж иржээ.
-“Бүтэл муутай хүү бол доо... чиний эгч ахайтан үнэндээ Иёоносүкэгээс өмнө надтай хайр сэтгэлийн холбоотой байсан юм шүү дээ”
Когими нүдээ дүрлийлгэн сонсч байлаа.
“Тийм атлаа намайг залуу зандан, нөөлөг муутай хэмээсэн үү, тэр түшигтэй хижээл эр лүү л явж одсон юм даг. Хүн боддоггүй л хүн дээ. Харин чи л миний талд орж байгаарай даа”...
Когими Гэнжигийн үгэнд чин санаанаасаа итгэсэн тул толгой дохиж “За” гэв ээ.
Гэнжи Когимигээр дахин дахин Үцүсэмид чимээ сонсгох боловч нэг ч удаа хариу ирсэнгүй.
Харин бүсгүй тэр нэгэн шөнийн Гэнжигийн ёсгүй авирлал хайр дурлалын нэгэн төрөл байсан гэж боддог болжээ.
Тэр бол тэр үед, тэр газарт зангидагдсан хайр байлаа. Үцүсэми ухаалгаар хайрын тавилангаа таамаглаж байлаа.
Тэр шөнийн хайрыг нандигнан хадгалж чадахын хэрээр дахин дахин учрал нэмэх санаа түүнд огтхон ч төрөхгүй байлаа.
Дурласан сэтгэлдээ ташууран уулзаж учрах нь амар хялбар зүйл хэдий ч тэр хайрыг улам үзэсгэлэн төгс болгоно гэдэг итгэл түүнд төрөхгүй байлаа.
Хайр сэтгэлийг өнгөөр чимнэ гэдэг байж боломгүй зүйл...
Чимэглэх тусам өнгө алдах зүйл бус уу”.
Түүгээр үл барам эр хүн нэгэнтээ хайр дурлалдаа улам бүр автан, түүнийхээ улмаас бүсгүйн тухай сайн сайхнаар төсөөлөх нь гүнзгийрсээр байгаа нь барим тавим мэдрэгдэх болов. Үцүсэми тэрхүү үзэсгэлэнтэй хуурмаг хайрыг тэр хэвээр нь өөрийн биеэ чимээд орхихыг хүсч байлаа. Тэр нэгэн шөнөөс хойш Гэнжи хичнээн удаа үг дайлгасан ч Үцүсэми эрс хатуугаар татгалзаж ирвэй.
Гэнжи бас л кататагаэгээр түрий барьж Кинокамигийн өргөөнд ирлээ. Когимиг шаардан байж уулзахаар оролдсон ч хүн олонтой, хаалгаа сайтар түгжсэн тул ердөө боломж гарсангүй.
-“Ямар нэг юм хий л дээ, дахиад ганцхан удаа уулзмаар байна шүү дээ” гэх Гэнжигийн шалаанд Когими ихэд түгшиж зогслоо.
-“За тэгвэл оролдъё, урагштай болох эсэхийг мэдэхгүй л байна...” гэсээр харанхуйд чихэлдсээр өргөөний гүн рүү дагуулаад орж явчихлаа. Өмнө талын өнцгөөс дааман хаалгыг цохиж Когими “Онгойлгоно уу, би буцаж ирлээ” хэмээн хашгирав.
“Яагаад ийм халуун байхад хаалга буулгаа вэ” гэж Когимиг асуухад Нёобоо бололтой эмэгтэй “Баруун ахайтан морилоод. Го наадаж байгаа тул” гэв. Гэнжи Когимигийн орсон нүхээр шурган орлоо. Дэнлүү ассан тул цаад тал сайн харагдаж байлаа.
Эх хатны өргөөний багана налаад цэмцгэрхэн, үзэсгэлэнтэй, жижгэвтэрхэн биетэй эмэгтэй хүн сууж байлаа. Үзмэн ягаан өнгөт хитоэгээр (язгууртан хатан хүний өмсдөг хувцас) биеийг хулдаж, нүүр нь хугас харагдана.
Байр байдал төрх нь эртээдийн шөнийн дурласан бүсгүй мөн бололтой байлаа. Гэнжигийн зүрх булгилж, нүдээ дүрлийлгэн ажлаа. Зовхи нь цэлхгэр, хамрын хянга тод бус, даруу эгэл байрын эмэгтэй байлаа. Юутай ч амгалан, аятайхан төрх байдалтай, биеэ эвтэйхэн авч явдаг хүн ажээ.
Аан, энэ эмэгтэй байжээ. Харанхуйн дунд гарт мэдрэгдсэн байдал хийгээд гэрэлд харах дурлам төрх байдал хоёр яг давхцаж буй мэт сэтгэл төрнө.
Үцүсэмиг тийм ч царайлаг гэхгүй ч биеэ авч буй байдал нь туйлын сэтгэл татам агаад Гэнжигийн санаанд нийцэж байлаа.
Бас нэгэн эмэгтэйн царай сайн харагдаж байв. Тэрээр орчин үеийн маягийн, нүдэнд шууд тусахаар царайлаг эмэгтэй байлаа. Цайвар өнгийн хитоэкасанэ(!)дээр цайвар цэнхэр өнгийн коочиги(!) аятай зүйлийг эгэлдэрч, улаан өнгөтхакамагийн дотуур бүсээ харагдтал энгэрээ задгайлж цагаан цээж нь нүдэнд тусах авай.
0 件のコメント:
コメントを投稿