Мянган жилийн тэртээ бичигдсэн Японы алдарт Гэнжийн дуулал зохиолыг орчин цагийн Япон хэлэнд Танабэ Сэйкогийн хөрвүүлэг, орчуулагч О.Жаргалсайханы орчуулгаар Монголчууддаа хүргэснийг энд танилцуулж байна.
эх сурвалжийг дараахи хуудсаас авав.→Yokoso http://bmand.ikhzasag.mn/index.php//home/post/50
Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны бөлөг
(1-р хэсэг)
Гэрэлт Гэнжи, Гэрэлт Гэнжи хэмээн хавь ойрын хүмүүс хэрэг болгон нэр зүүж, сэтгэл дэнслэм дур булаам залуу гэж ам амандаа шагшихыг Гэнжи тоодоггүй, ер юман чинээ ч санадаггүй авай. Тэрээр бодь, төв хичээнгүй залуу бөлгөө.
Хаа сайгүй л байдаг хээнцэр эрчүүдтэй адил энд тэндгүй дэлгэрсэн элдэв хөнгөмсөг явдал сэлт нүүр улайм зүйлийг үл хийх ажгуу.
Эзэн хааны хүү хунтайж хэмээх угсаа язгуур хийгээд чюүжёо хэмээх хэргэм, дээр нь Садай сайдынхны хайр, итгэл хүртэл байх тул хөнгөн сэлбүүр явдлаас ихэд биеэ барьдаг байлаа.
Садай сайд Гэнжигийн Аойно хатных нь эцэг бөлгөө. Гэнжи хүмүүсийн хэл амны бай болон шуугиулах зүйлээс аль болох биеийг сэргийлдэг байв. Залуу ханхүү ухаан сийрэг, сэтгэлийн байдал гүн авай. Тийм атал л хавь ойрынхон яагаад ч юм эрхэмсэг гоо залуу лугаа адилаар хандах нь хүмүүсийн /ялангуяа эмс хүүхнүүдийн/ шохоорхол, мөрөөдлөөс улбаатай буй за.
Түүний үзэсгэлэн гоо төрх, яруу шүлэг лугаа амьдрал, Кирицүбо хаан хийгээд хаантны тэнгэрт хальсан амраг залуу бүсгүй хоёрын энэлэм хайрын дундаас төрж, борив нь тэнийж амжаагүй байхдаа эхээсээ хагацсан зэрэг золгүй хувь заяа нь хэн бүхний сэтгэлийг сэнсрүүлдгээс үүдэлтэй бололтой. Хаантанд бас нэгэн нёого буюу ордны ахайтан, хатан эх байсан боловч хэн хүнээс илүүтэй халуун хайрыг нь мөнөөх шивэгч бүсгүй эзэмддэг байлаа. Өдөр ч, шөнө ч хажуунаасаа салгана гэж үгүй, хавь ойр ордныхон Гэнсоо хаан /Тан Улсын буюу 685-762 онд амьдарч байсан зургаадугаар хаан/ Ёоки хатантан /719-756 онд буюу хятадын Тан улсын Гэнсоо хааны хатан/ нартай адилтгадаг цуутай хосууд байжээ. Тийм тул ордны бусад хатагтай, эмс нарын хар хор хийгээд атаа жөтөө хэлэх юм биш байв.
Кирицүбо хаантны сэтгэл уян шивэгч амраг хаантныхаа дан ганц хайрыг түшиж амьдарч ирсэн боловч сэтгэлийн чилээ зүдүүр нь хуримтлагдсаар өвчнийг олж яах ийхийн завдал өгөлгүй тангарт хальж одсон билээ.
Хаантны энэллийг үгээр илэрхийлэх аргагүй.
Амраг бүсгүйн хайр сэтгэл хичнээн үнэнч, юутай элгэмсүү байсан хийгээд гоо үзэсгэлэнт дүр төрх, эеврүү эелдэг зан, эрхэмсэг агаад намба төгс байсныг нь нэгд нэгэнгүй санахаар одоо хүртэл хажууд нь зогсох шиг болох тул хүмүүний нүдний хорыг ингэтлээ татах хүртлээ шивэгч бүсгүйд таалалтай байсан маань эцсийн бөлөгт ийм л богинохон хувь байж дээ гэхээс хаантны самсаа нь шархирах бүлгээ.
Шивэгч бүсгүйн үлдээсэн хан хүү тэр үед дөнгөж гурван ойтой, гэр дүүрэн гэрэл цацраасан үзэсгэлэнт хөвүүн байлаа. Эхийгээ хальсныг мэдэх биш, нүд дүүрэн нулимстай суугаа хаан эцгийгээ гайхан мэлтийж харах бүлгээ.
Хаантан хайрт бүсгүйгээ санагалзуулам энэ хүүд Гокидэн /Кирицүбо хааны авааль хатны орд өргөө/ ордонд залрах авааль хатантнаас төрсөн ууган хунтайжаасаа илүү хайртай байлаа. Кирицүбо хаантан сэтгэлийн мухартаа угсаа залгамжлах ууган хүү хунтайжаа алгасуулан байж удаахь энэ ханхүүг тоогүү буюу өөрийг нь залгамжлах хунтайжийн орд өргөөнд суулгах санаа зүүвч, чанд асрах хүн бас ч ховор, төрийн зүгээс ивгээл дэмжлэг үгүйн дээр хүмүүс хүлээн зөвшөөрөхийн учир нэгэнт үгүй байжээ. Энэ явдал мэдэгдэх аваас тэр байтугай хан хүүгийн биенд аюулыг урин дуудах лугаа адил хэрэг хэмээн хаантан сэтгэх тул хунтайжийг ил гаргах дургүй байлаа. Ханхүү төрсөн эхийнхээ төрхөмд, эмэг эхийнхээ халамжинд хүргэгдэж байгаад зургаан нас сүүдэр зооглох үед нь буурал эх нь ч ертөнцийн мөнх бусыг үзэв гэнэ.
Энэ үед ханхүүгийн бие сэтгэл бас ч чангарч байсан тул эмэг эхээсээ уйлан байж хагацаж үджээ. Цусан төрлийн заяа нимгэн, хөөрхийлөлтэй хан хүүгээ өрөвдөж, хаантан өөрийнхөө орд өргөөнд татан авч, өөрийн гараар өсгөн хүмүүжүүлэх болов. Эрдэм чадал төгс, урлахуйн ухаанд авьяастай, бие сэтгэл чанга, үзэсгэлэн гоо энэ хүү ордныхны хайрыг татсан хүн болж өсч өндийжээ.
Тэр үед Гуулин Улсын төлөгч хан хүүг хараад толгой сэгсрэн гайхсан удаатай.
“Гайхаад үл бармой. Энэ хан хүү тэнгэрийн тааллаар хаан ширээнд залрах хувьтай гэж төлөгт буух мөртөө тийн хэмээн үзэхүл хаан төр нь хямарч, хамаг ард нь зүдрэх нигууртай аж. Харин төр улсын мэргэн түшээ болж улсын эрхийг барилцах аваас арай өөрөөр бодогдмой” гэжээ.
Хаантанд сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн зүйл байвай. Ханхүүг угсаа залгамжлах хун тайжид өргөмжлөөгүй нь ч урьдаас бодож тунгаасан гүн санаанаас үүдэлтэй ажээ. Эзэн хааны овог гэдэг нэр төдий зүйл агаад, арын хамгаалалт ч, түшиж тулах амьтан ч байхгүй тайван бус амьдралаас илүүтэй дээдсийн доор байж, орон улсынхаа засаг төрд оролцож явах нь ирээдүйн хувь зохиол нь ч нээгдэж, авъяас билэг нь ч хөгжинө гэж тунгааснаас үүдэлтэй ажээ.
Гэнфүкү ёс /дээдсийн эрэгтэй хүүхэд нас биенд хүрсний тэмдэг болгож анхлан канмүри малгай өмсөх ёслолыг хэлж байна. Уг ёслолыг голдуу 11-20 насны хооронд хийдэг./- ыг үйлдсэний дараа хан хүү Гэнжи овгийг авч хунтайж бус жирийн хүмүүн болжээ. Боосон үсээ өөрөө задгайлж, отго малгай хүлээн авсан Гэнжи “гэрэлт хүү” хэмээх нэр ёсоороо гэрэлтсэн үзэсгэлэнтэй сайхан залуу боллоо.
Хагацаж одсон хайрт Кооэ минь /кооэ гэдэг нь шивэгч гэсэн утгатай/ энийгээ харсансан бол юутай баяртай байхсан бол гэхээс хаантан тэвчиж чадалгүй нууцгайхан нулимсаа бөмбөрүүлж суужээ. Хаантан шивэгч бүсгүй хоёрын гал цогтой амраг хайр, Кооэгийн хагацал үхэл зэрэг эртний хэрэг явдлыг мэдэх хэн бүхэн өсч товирсон Гэнжигийн ахуй дүрийг харахаараа өөрийн мэдэлгүй нулимс унагаах бүлгээ. Бусдад байдаггүй нөлөө Гэнжид байдаг гэдэг нь энэхүү өнгөрсөн цагийн үүх түүхээс үүдэлтэй ажээ. Амьд домог болсон эцэг эх хоёрынх нь гал халуун дурлалын цог одоо ч түүний биеийг тойрон эргэлдэх бүлгээ.
Тэрээр биеийг хөдөлгөх бүртээ бусдын чивхэн уурыг түрүүлмой.
Хүн түүнд согтож, тачаадах бүлгээ.
Түүний дээр Гэнжигийн нэвт ханхлах лугаа адил үзэсгэлэн төгс залуу төрх өчүүхэн зэрэг гар хөлийг хөдөлгөх төдийд л хязгаарыг хальсан цуу яриа далайн давалгаа лүгээ адил одохгүй гэх газаргүй бүлгээ.
Гэнжи биеэн барьж, зохис төвийг хичээж, сэтгэлийг нягталж байлаа. Харин түүний үнэн сэтгэлийг хэн ч үл ойлгоно. Тэр залуу гуниг тээн сэтгэлийн мухартаа өр өвтгөм, нууцгайхан хайрыг хадгалж байлаа.
Тиймийн тул өнгө төдийхнөөр биеийг золих сэтгэл түүнд ер үгүй байлаа.
Гэсэн хэдий ч аргагүй л байдал бишдэж, муруйж гажсан хайрын явдалтай учруут сэтгэлийг долгилуулахгүй гэж хэлж болдоггүй ажээ.
Үцүсэми хэмээх эхнэр хүнтэй сэм учирсан нь бодож байхад бодгал биеийнхээ хувь чанарын мөнөөх ялгаа зөрүүг сонжин боддог байснаас үүдэлтэй буюу.
Зун цаг шөнө бөгчим, тэсэж тэвчихэд бэрх байлаа.
Гэнжи Садай сайдын ордонд очихоор гарлаа.
Голдуу л өргөөндөө шигдэж байдаг агаад түүний хувийн өрөө хоёр давхарт байдаг ажээ.
Аойно ахайтны буюу Садай сайдын ордон руу зүглэх нь гэргийтэйгээ хамт байх гэхээс илүү хадам эцэг болох Садай сайдын ивээл хайранд хариу барихын тулд ажээ.
“Уйтгартай байна шүү” гэж Гэнжи хэзээ нэгэн цагт нууцгайхан хайрын нь нэгэн эзэн болох Рокoүжёоно Мияасүн докоро ахайтанд сэм өгүүлсэн явдал бий билээ. /Рокүжёоно Мияасүн докоро нь уг зохиолын баатруудын нэг бөгөөд Гэнжигийн дурлалт бүсгүйчүүдийн нэг юм. Акикономү хунтайжийн эх/Мияасүн докоро ахайтан өнгөрсөн жил нас нөгчигсөн хун тайж агсаны гэргий бөгөөд хорвоо ертөнц хорвоо л ертөнц юм хойно хаантны орд өргөөнд байх л ёстой хүмүүний нэгэн болж үлджээ. Хунтайж хальж, бүсгүй хорвоогоос уйдан, аядуухан нам гүм амьдрах болсон бөгөөд өндөр дээд язгууртай энэ бүсгүйтэй Гэнжи нэг л мэдэхэд амьтны нүдийг сэм хариулан учирдаг болсон билээ.Гэнжи хөнгөн долгин зам мөр, өнгөний тачаалд нүдээ үл унагаж ирсэн нь иймэрхүү ертөнцөөс эмээж, хүний нүд хариулахаас аргагүй амаргүй хайр л түүний сэтгэлд таатай байдгаас үүдэлтэй буй за.
-“Эхнэр маань жаахан ч атугай эгэл жирийн эхнэр нөхөр лүгээ адил сэтгэлийг нээж, инээх цагтаа инээж, уйлах цагтаа уйлж, атаа хорын үг ч атугай чулуудаж байдагсан бол энэ өргөө рүү морилох нь зугаатай хэрэг байхсан билээ”.
-“Тийм гэж үү дээ, та л сээмгэнүүр сэтгэлийнхээ хөвхөлзөөнөөр морилж байгаа хэрэг биш гэж үү ” гээд эрхэм хатантан инээвхийлэн хэллээ.
-“Тийм хөөрхийлөлтэй тал харин ч байхгүй шүү. Сайн гэр бүлд мэндэлж, хүмүүсээр арчлуулж тойлуулж дасаад, бүсгүй хүнийг гэх сэтгэлийг гээсэн байж магадгүй л юм... гэхдээ өндөр дээд угсаа гаралтай төрөвч тань лугаа адил мэдрэмж гүн хүмүүн бас байдаг л юм байна. Аливаа хүмүүний өөрийх нь л хувь чанарын төрмөл шинж буй за... “
-“Харин л дээ, миний бие хадам талаа мэдэхгүй ээ, эм хүн эм хүнийхээ хэрэг явдлыг ийм тийм энээ тэрээ гэж ярих нь ёсгүй доорд хэрэг бус уу”.
Гэнжи гэргийнхээ орд өргөөнд ирсэн хойноо амраг бүсгүйтэйгээ ийн амтархан ярилцсан яриагаа нууцгайхнаар эргэцүүлэн бодож суулаа. Энэхүү эгчмэд, эрхэмсэг, тунгаамал хатантай нэгэн шөнийг өнгөрүүлэх эр хүн юутай золтой вэ гэдгийг таашгүй...
Гэнжи хатан Аойногоо амар эрж ёслол үйлдэхийг нь л эс тооцвол бахь байдгаараа орд өргөөндөө шигдэн суух тул хийх юмгүй, дэмий л ордны аятайхан залуу эмс хүүхнүүдэд хошин яриа ярьсан шигээ цаг нөхцөөж байлаа.Нар ороод өнөө шөнө ордон хавь муу зүг чигт байх тул кататагаэ үйлдэхээс /Хэйаны үеэс хойш бий болсон зүг гаргах заншил юм. Гадагш явах үед очих газар нь цээртэй чиглэлд байвал урьд орой нь зүгээ гаргаж, өөр газар хоноглож, зүг чиг өөрчлөгдсөний дараа цааш явдаг байжээ./ аргагүй боллоо гэж хавь ойр ордны эмс хүүхнүүд шуугилдаж байлаа. Үнэндээ бол Гэнжи үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан тул Садай сайдын ордонд ирсэн бүлгээ.
Эхнээсээ л кататагаэ хийж аль нэг газар сэм очих юм биш биз гэж Садай сайдынхан ч сэтгэлээ чилээхээс сийхгүй , сэжиг дамжигтай бодогдож суух нь ч сэтгэлд сэвтэй тул “ядарч байна, больё больё яршиг” гэх зэргээр цааргалаад Гэнжи хэвтлээ.
-“Яаж болох билээ, алдас болох биш үү. Кинокамигийн өргөө ордон ямар вэ, сэрүүхэн бололтой гэсэн...” хэмээн гуйлган байж Гэнжи “яршигтай юм” гэж амандаа үглэсээр явахаар боллоо.
Киноками түүнийг ихэд хөл алдан, ихээхэн сэтгэл гарган тосч авлаа.
Голын усыг шуудуулж урсгасан сэрүүхэн байрын өргөө байлаа. Хөдөө маягаар зүймэл өвсөөр хашаалаад, халиурсан өвсөн дээгүүр галт цох нисэлдэн, голын эрэг хавь юутай сэрүүхэн. Архи бага зэрэг хүртээд, түр морилоход зориулж хийсэн унтлагийн өрөөний нэг буланд хажуулдаж байтал цаад талын мухраас хүүхнүүдийн шивэр авир хийх чимээ сонсдов.
Киноками “ садангийн бүсгүйчүүд ирсэн байгаа тул гээд цааргалах маягтай байсан эд байх нь ээ...” гэж Гэнжи бодлоо.
Кинокамигийн эцэг Иёоносүкэгийн бага хатан ч бас морилж буй бололтой.
Хүүхнүүдийн өмссөн кимоногийн хормойн сүр сар хийх чимээ сонсдож, тэд аяархан инээлдэж байна.
Гэнжи зогтусан зогсоод гүймэн хаалганд чих тавин чагналаа. Бүсгүйчүүд их хатан эхийн өргөөнд байх агаад нууцгайхан ярилцаж байх ажээ. “Төв хичээнгүй байрын хүн юм, залуу хүн мөртлөө, сайн айлын язгууртан хатныг эхнэрээ болгочихсон болохоор тийм л юм даа” . “Ойлгоход бэрх л юм, сэм хайрын эзэн түүнд хэд хэд бий гэдэг яриа ортой гэсэн шүү ...”
Миний тухай ярьцгааж байна гэж Гэнжи шууд л ойлгов. Хүүхнүүд “нууц хайрын эзэн”ий нэрийг нь хүртэл хэлж байна.
Таарч байгаа нь ч байна, таарахгүй байгаа нь ч байлаа.
Тэр байтугай Гэнжийн Шикибү Кёогийн ордны эрхэмсэг хатанд дуулсан дууг бага зэрэг буруу хэлж байх хүн ч тэдэн дотор байлаа.
Гэнжи “тэр хүн”-ий нэр гарах нь уу гэж зогтусан байж зүрхээ догдлуулан бодож зогсов.
Тэр бол Рокүжёоно Мияасүн докоро биш байлаа. Гэнжи өөрөө хүртэл түүний нэрийг амандаа хэлэмгүй, эрхэмсэг нэгэн бүсгүй ажээ.
Хүүхнүүд Иёоносүкэгийн хатан, эмс бололтой агаад иймэрхүү хов живийн яриаг баясгалантай нь аргагүй ярьж суухыг бодоход гэрийн эзэгтэй хатантанд ч эм хүний дорд араншин байхгүй гэх газаргүй болой. Гэвч Гэнжи тэрхүү хатантныг охин байхад эцэг нь бэр буулгах санаатай байсан яриаг сонссон тул ямар бүсгүй юм бол харъя байз гэж бодлоо.
Бүсгүйн эцэг нь залуудаа нас нөгчиж, эцэг хүү хоёр шиг насны зөрүүтэй Зүрёо /орон нутагт төвөөс томилогдон ирсэн захирагч/ -гийн бага хатан болсныгоо тэр бүсгүй юу гэж боддог юм бол доо.
зургийг дараахи хуудсаас авав→http://ameblo.jp/kazue-fujiwara/theme-10007906362.html、http://ameblo.jp/kazue-fujiwara/image-10075366102-10050453242.html
0 件のコメント:
コメントを投稿