2016/06/23

Сайн байцгаана уу?
Окинава арлаас аваад Хоншю аралд борооны улирал ид үргэлжилж буй энэ сэрүүн өдрүүдэд Японы уран зохиолын ертөнцөд өндөр нэр хүндтэй Акүтагава Рюүносүкэгийн нэрэмжит 155дахь удаагийн шагналд нэр дэвших зохиолчид болон зохиолууд тодорлоо.
Шүүгчдийн бүрэлдэхүүн ирэх 7сарын19өдөр(мягмар)17цагт Токио хотын Цүкижи-Шинкиракүд хуралдан,тэргүүн байрын шагналтныг тодруулна
Имамүра Нацүко-Нугас今村夏子「あひる」
Такахаши Хироки-Хүсэл одуулагч高橋弘希「短冊流し」
Чэ Ширү-Жинигийн тааварチェシル「ジニのパズル」
Мүрата Саяака-Конбини хүн村田紗耶香「コンビニ人間」
Ямазаки Наокоора-Үзэсгэлэнт зай 山崎ナオコーラ「美しい距離」

2015/07/02

Акүтагава Рюүносүкэгийн ховор дүрс бичлэг

Админ:Юун түрүүнд та бүхэндээ Акүтагава Рюүносүкэгийн маш ховор дүрс бичлэгийг сонирхуулъя.
Хуучны хүн бөгөөд цэл залуу36хан насандаа амиа хорлосон түүний зураг хөрөг тэр бүр байдаггүй бололтой.
Доор бичлэг дээрхи тайлбар болон зохиолчын бичиж үлдээсэн сүүлчийн үгсийг тв нэвтрүүлэгчид уншсаныг сийрүүллээ.
.....................................................................................
Нэвтрүүлэгч:Шёовагийн2дугаар(1927)онд дүрс нь бичигдсэн Акүтагава Рюүносүкэ болон Кикүчи Хироши/Кан/нар.Энэ жилдээ Акүтагава нь “ОЙЛГОМЖГҮЙ ШАНАЛАЛ”/Боняри тошита фүан/гэсэн үгийг үлдээгээд амиа хорлосон билээ.
......................................................................................
Акүтагава:Өдийг хүртэл амиа егүүтгэгч хэн бугай ч дотоод сэтгэлээ байгаа чигээр нь бичиж байсангүй.
Чи,сонингийн дуулиант тэмдэглэл мэтээс амьдрал яасан ийсэн,өвчин ч юмуу,аль эсвэл сэтгэл санааны зовуурь зэрэг янз бүрийн амиа хорлолтын шалтгааныг олж үзэх бизээ.Гэвч туршлагаасаа харвал энэ нь бүх шалтгаан бишээр барахгүй ихэвчлэн шалтгаанд хүргэх зай,хугацааг илтгэсэн төдий юм.
Багаар бодоход миний хувьд зүгээр л ойлгомжгүй шаналал юм.
Ямар нэгэн ирээдүйдээ хандах зүгээр л ойломжгүй шаналал юм.



2015/07/01

АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ

Сайн байцгаана уу?
7дугаар сар гарч 2015оны талаас илүү хувь нь ард хоцорчээ.
Та бүхэндээ зориулж Японы уран зохиол орчуулагчдын тусламж дэмжлэгээр энэ сараас эхлэн сар бүр боломжын хэрээр Японы нэг зохиолчыг олон талаас нь танилцуулъя гэж шийдлээ.
Хамгийн эхний танилцуулах зохиолч маань Японд төдийгүй дэлхийд алдаршсан богино өгүүллэгийн мастер
АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ билээ.

Та бүхэн бас уг зохиолчын ном бүтээлийг уншсан бол сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцвал баярлана шүү.
Ингээд зөвхөн АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ-р бүтэн сар амьсгалж,Японы уран зохиолын тухай мэдлэгээ хамтдаа өргөжүүлцгээе.
Админ

2015/06/30

Нэрийн логотой боллоо.

Японы уран зохиолоос танилцуулах"ҮҮРИЙН ТУЯА"орчуулгын буланд минь нэрийн тэмдэг,лого хийж өгсөн UNIQ Design Agency веб загвар,дизайн агентлагийн маш чадварлаг зохион бүтээгч,дизайнер Baganaa Athmospheric Fef-таа маш их баярлаж,талархаж буйгаа илэрхийлье.

Цаг,хөдөлмөр,ур ухаан шингэсэн гүн утга бүхий энэ сайхан бүтээлийг тань Японы уран зохиолоор дамжуулан Монгол-Япон орны ард иргэд биесээ улам сайн ойлгон,ойртон дотносох соёлын үйлсэд зориулан хэрэглэх болноо.
Цаашдын ажил үйлсэд тань амжилт,сайн сайхан бүхнийг хүсье.

2015/06/16

КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/

Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо.
Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л -----.
Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. ----Энэ бялзуухайг би танд миний дурсамж болгон бэлэг барья. Хар даа. Энэ хоёр канар бялзуухай эхнэр нөхөр хоёр юм шүү дээ. Гэхдээ хаанахын ч юм шувууны дэлгүүр эм, эр бялзуухайг хаа нэгтэйгээс барьж ирээд зүгээр л хамт торонд хийчихсэн юм. Бялзуухайнууд юугаа мэдэх билээ. Юутай ч эднийг харан намайг дурсан санаарай. Амьд амьтан бэлгэнд өгөх хачин байх л даа. Гэвч бидний дурсамж ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Энэ бялзуухайнууд хэзээ нэгэн цагт үхэх биз ээ. Бид хоёрын дундах бидний дурсамж ч гэсэн мөхөх хэрэгтэй цаг нь ирэх аваас мөхүүлэн төгсгөл болгоё доо” гэж.
Одоо тэрхүү бялзуухайнууд маань үхлийн ирмэгт тулаад байна. Тэжээх хүн байхгүй болсон юм. Ядуу тарчиг, болхи зураач би энэ турьхан жижиг шувуудыг яахин тэжээж чадах билээ. Танд шулуухан хэлье. Бялзуухайг харж асарч байсан эхнэр минь нас барсан юм. Эхнэр нас барахад бялзуухайнууд хүртэл үхэхэд хүрэх гэж дээ. Бодоод үзвэл эзэгтэй, таны тухай дурсамжийг надад хадгалж үлдээж өгсөн маань эхнэр минь байсан юм уу даа.
Би бялзуухайг тэнгэрт нь суллан тавьдаг юм бил үү гэж бодсон юм. Гэвч эхнэрийг минь үхсэнээс хойш бялзуухайнууд бас гэнэт мэдэгдэхүйц сульдаж далавч жигүүр нь ч эцэж доройтсон мэт харагдана. Тэгээд ч энэ бялзуухайнууд тэнгэр гэдгийг мэдэхгүй л дээ. Энэ хотод ч, ойр хавийн ой модонд ч энэ хоёртой сүрэглэн амьдрах найз шувууд нэг ч үгүй. Хэрэв хоёр шувуу салан нисэж одвол нэг нэгээрээ үхээд өгөх биз ээ. Тэгээд ч та, ердөө л шувууны дэлгүүрийн хүн нэг эм бялзуухай, нэг эр бялзуухайг хаа нэг газраас барьж аваад нэг торонд хийсэн юм гэж хэлж байсан даа.
Хэдий тийм авч шувууны дэлгүүрт ч зармааргүй байна. Таны бэлэглэсэн шувуу шүү дээ. Танд бас буцааж өгмөөргүй байна. Эхнэрийн минь тэжээж байсан шувуу шүү дээ. Тэгээд ч аль хэдийн мартагдсан байж магадгүй эдгээр бялзуухай танд дараа л болох биз ээ.
Дахин хэлэхийг минь өршөөн соёрхоно уу. Эхнэр маань байсан болохоор энэ бялзуухайнууд өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байж чадсан юм. Таны тухай дурсамжууд ч. Тийм болохоор эзэгтэй, би энэ шувууг эхнэртээ зориулан тэнгэрийн оронд хүргэмээр байна. Зөвхөн дан ганц дурсамж ч биш. Яагаад би тан шиг хүнд дурлаж чадсан юм бол? Эхнэр минь байсан болоод тэр биш үү. Эхнэр минь надад өдөр тутмын аж амьдралын элдэв бэрхшээл зовлонг ор тас мартуулж өгсөн юм. Амьдралын тал хэсгийг харуулахгүй байлгаж өгсөн юм. Тиймгүй бол би лав тан шиг бүсгүй уруу эгцлэн харах зүрх хүрэлгүй харцаа буруулах юм уу, доош тонгойчих байсан биз ээ.
Эзэгтэй, бялзуухайнуудын амийг таслаж эхнэрийн булшинд булахыг зөвшөөрч хайрлана биз дээ.
-------------------------------------
Кавабата Ясүнари, 1924 он, Япон.
Япон хэлнээс хөрвүүлсэн
орчуулагч Дамдинжавын Алтанцэцэг