2012/09/19

Сано Ёоко-Сая сая жил амьдарсан муур


 Сано Ёокогийн
 <<Сая сая жил амьдарсан муур>>өгүүллэгийг
Ёорокоби-Б-гийн орчуулснаар толилуулж байна.
http://japaneseculture-yorokobi-b.blogspot.jp/2009/04/blog-post.html

*Энэ зохиолыг уншаад ихэд сэтгэл хөдлөж, орчуулаад үзье гэж бодсон юм. Та бүхэн хайр дурлал, үнэнч сэтгэл, эрх чөлөөний тухай боддог бол уншаад үзээрэй.
                                                                   Ёорокоби-Б






Сая сая жил амьдарсан муур


Сая сая удаа үхэж, сая сая удаа амьдарсан ер бусын муур байжээ. Сая сая хүмүүс муурыг хайрлан энхрийлж, сая сая хүмүүс муурыг үхчихлээ хэмээн гашуудан уйлжээ. Харин муур өөрөө нэг ч удаа уйлаагүй юм. Нэгэн удаа муур их хааны тэжээмэл муур болон төржээ. Муур хаад ноёдыг үзэн яддаг байжээ. Тэр хаан дайн тулаанд дуртай, үргэлжид дайн хийдэг байв. Нэг удаа муурыг тансаг сагсанд хийгээд дайнд авч явжээ. Тэгтэл муур тэнэсэн суманд оногдоод үхчихжээ. Хаан тулаан ид дундаа орж байхад муурыг тэврэн уйлж, дайныг зогсоогоод, цайздаа буцан очиж, цайзын хашаанд муураа оршуулжээ. Нэгэн удаа муур далайчны муур болж төржээ. Муур далай тэнгист тун дургүй байлаа. Далайчин олон далай тэнгисээр мууртай хамт аялж, олон боомтуудаар түүнийг дагуулан явжээ. Нэгэн өдөр муур усан онгоцноос уначихжээ. Муур сэлж чаддаггүй байж. Завьчин яаран түүнийг тороор татаж гаргасан боловч, муур усанд живээд үхчихсэн байжээ. Завьчин нойтон алчуур шиг болсон муурыг тэврэн чанга дуугаар уйлжээ. Тэгээд алс холын эргийн цэцэрлэгт нэгэн модны доор түүнийг оршуулжээ. / товчлов/ Нэгэн удаа муур хэний ч муур биш золбин муур болж төржээ. Муур анх удаа өөрийхөө муур болжээ. Муур өөртөө их хайртай байлаа. Тэр их сайхан эрээн муур байсан учир гайхалтай сайхан золбин муур болжээ. Ямар ч эм муур түүнтэй хамт байхыг хүсдэг байв. Том загас бэлэглэх муур ч байлаа. Зарим нь түүний сайхан эрээн арьсыг нь илбэн таалж өгдөг байв. Муур “Би бол сая сая удаа үхэж үзсэн. Одоо л нэг сайхан байна” гэж сайрхдаг байлаа. Муур хэнээс ч илүү зөвхөн өөртөө л хайртай байжээ. Тэр муур луу хялам ч хийдэггүй цорын ганц үзэсгэлэнтэй цав цагаан муур байдаг байлаа. Муур цагаан муурны хажууд очоод “Би сая сая удаа үхэж үзсэн шүү ” гэж хэлэхэд, Цагаан муур “Тиймүү” гэж л хэлэв. Муур өөртөө маш их хайртай байсан учир уур нь жаахан хүрчээ. Дараагийн өдөр нь ч түүний дараагийн өдөр нь ч муур цагаан мууран дээр очоод “Чи бол ганц удаагийхаа амьдралыг ч дуусгаж үзээгүй дээ” гэж хэлжээ. Цагаан муур “Тиймээ” гэж л хариулжээ. Нэгэн өдөр муур, цагаан муурны өмнө зогсоод, гурван удаа агаарт үсрэн биеэрээ эргээд ийн хэлэв. “Би циркийн муур байж үзсэн шүү” Цагаан муур “Тиймүү” гэхээс өөр юу ч хэлсэнгүй. “Би сая сая удаа. . .” гэснийгээ дуусгалгүй, “Чиний хажууд байж болох уу” гэж цагаан муурнаас асуулаа. Цагаан муур “Тэг тэг” гэж хэлэв. Муур цагаан муурны хажууд цаг үргэлж байх боллоо. Цагаан муур хөөрхөн зулзаганууд төрүүллээ. Тэр цагаас хойш муур “Би сая сая удаа. . .” гэж огтхон ч хэлсэнгүй. Муур цагаан мууранд бас хөөрхөн зулзаганууддаа өөрөөсөө илүү хайртай болжээ. Зулзаганууд том болж бүгд тус тусдаа гарцгааж, хаашаа ч юм явцгаажээ. “Тэд ч нар сайхан золбин муурнууд болцгоожээ.” хэмээн муурыг сэтгэл хангалуун хэлэхэд цагаан муур “Тиймээ” гэж хэлээд хоолойгоо гүр гүр гэж зөөлнөөр дуугаргалаа. Цагаан муур хөгшрөөд эмгэн болжээ. Муур түүний дэргэд зөөлнөөр хоолойгоо дуугаргасаар. Муур цагаан мууртайгаа үүрд хамт байх юмсан хэмээн боддог байлаа. Нэгэн өдөр цагаан муур эр муурынхаа дэргэд чимээгүйхэн хөдлөхөө болилоо. Муур анх удаагаа уйллаа. Үдэш болоод өглөө боллоо. Дахиад үдэш болж, бас өглөө боллоо, муур сая сая удаа уйлсаар. Өглөө, үдэш солигдсоор, нэгэн өдрийн үд дунд муур уйлахаа болилоо. Муур цагаан муурныхаа дэргэд чимээгүйхэн хөдлөхгүй боллоо Муур хэзээ ч дахин төрөөгүй юм. .

зургийг дараахи хуудсаас авав→http://freud.cocolog-nifty.com/blog/2009/03/index.html

0 件のコメント:

コメントを投稿