2012/09/14

Какүта Мицүёо-Ашгүй та ирэв үү(Ⅶ)


Маргааш нь ч,нөгөөдөр нь ч би тэднийд товхимолоо цаасан уутанд чихээд,ходоодоо хонхолзуулсаар очлоо.Эхэндээ эмгэнийг дахин ирээрэй гэсэн болохоор гэж шалтгалдаг байв.Гэтэл тэр нь хэдхэн хоногт орвонгоороо эргэлээ.Товхимолоо тэр айлд орхиод ирвэл өдөржингөө тойрч сэлгүүцэх шаардлагагүй болно,үнэгүй хоол иднэ.Тэр л шалтаг болов.Шалтаг хайхгүй бол болохгүй болтлоо тэр айлруу явахсан гэж бодох өөртөө ойлгомжгүй байлаа.Аягүйд бол өнөөдөр,~хаанахын хэн бэ чи...!?гээд ам асууж мэднэ гэсээр цэцэрлэг рүү  үргэлжлэх нарийн зөрөг замаар алхахдаа заалттай сандардаг хэдий ч,эмгэн намайг харангуутаа~Өө,ашгүй дээ,та ирэв үү?гээд инээмсэглэж байлаа. Гэртээ оруулснаасаа хойш эмгэн өдөр бүр зоог бэлдэж өгөв.Үдээс өмнө нь хийдэг юмуу,урд өдрийнх нь хоолны үлдэгдэл юмуу бүү мэд,ямартай ч явган ширээний ард суухаар хүйтэн,хөргөсөн шар айраг,төрөл бүрийн хоол өрнө.



       




Эмгэн барагтай юм ярихгүй,миний хооллохыг чимээгүй ажиглан сууна.Харц мөргөлдчихвөл яаран доош харна.Бүдэг ягаан энгэсэг нь зохимжтой гоо охин адил...
Бямба гариг.
Сурсанаараа эмгэнийд очоод,үүдний харилцуур хонхыг даралгүй цэцэрлэгээр нь тойрох гэтэл,байшин дотроос дуу сонсогдож би сандран хаалгаар гадагш гарлаа.Дуу шуугиантай зурагтын шууд нэвтрүүлэг(ахлах сургуулын бэйсболл гарч байлаа),аяга таваг угаах чимээ,хоёр давхараас Рок(Red chilly Peppers) хөгжим хангинаж,дээрээс нь нэмээд<<Хүүе Юүүжи,буугаад ирээч дээ!!>>гэх настай авгайн чанга хашгирах нь ч сонсогдоодохлоо.Нэг байшингаас гарах тэрхүү их дуу чимээ,өнөөх эмх замбараагүй гал тогоотой ёстой нүг дүйсэн мэт санагдавч, чухал зүйлээ саваагүй юманд эвдүүлж орхисон юм шиг уур хүрэхийг мэдэрлээ.Хашаатай байшинг ардаа орхин би гүйж одлоо.Тэгээд тэр өдрөө цагийн ажлаа хийсэнгүй.Яагаад ч юм хийх хүсэл төрдөггүй ээ.Агааржуулагчгүй өрөөнд газраар өнхөрч,адар ширтэн,хэт халуунд тэсгэл алдан шар айраг авахаар явлаа.Худалдааны урт гудамжны архины мухлагаас лаазтай шар айраг,бүгд зуун иэн*(иэн*=Японы мөнгөн тэмдэгт)-ий үнэтэй загасны
махан таташаас авч өрөөндөө буцаж ирээд тагыг нь мулталлаа.
Эмгэний үргэлж гаргадаг шар айрагтай ижил шошготойг авсан атал,гайхалтай нь амт нь шал өөр юм гээч.Нялх,түүхий амт мэдрэгдэж байв.Лаазтай сайр загас ч адил авах юм алга.
Даваа гаригт дахин эмгэнийд очлоо.Бямба гаригийн дуу шуугиан,худлаа мэт чимээ аниргүй байх юм.Санаа амрлаа.Өөрийнхөө юмыг эргүүлж олж авсан юм шиг л санагдав.Тийнхүү тэр өдөр ч эмгэн намайг хүлээж байлаа.Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгийн өвчтөн өмсөж баймаар Юүката (Япон үндэсний зуны нимгэн хувцас,кимоно)тай байсан бол,эл өдөр сэрүү оргим  Япон хувцас өмсчээ.
~Аян замд гараад ирээ юу?гэж өнөө л шар айргаа авч ирэнгээ тэрээр асуулаа.Эхлээд юу асууж байгааг нь ойлгоогүй ч,түрүү долоо хоногын явдлыг хэлж байгааг ухаарлаа.~Өчнөөн хүлээгээд байхад чинь...гээд эмгэн хорсонгуйгаар надруу хялайн харлаа.Уруул,хацраа ч тэр өдөр яс будсан байлаа.Түүний тархин дотор юу болж байгааг надад үнэндээ мэдэх юм алга.Намайг хэн нэгэнтэй андуурталаа аригчихсан юмуу... гэхээр хоёр хоног ирээгүйг яг таг санаж байдаг...Юу нь зураас,юу нь цэг болж байгаа юм бол доо.Явган ширээн дээр өнгөрсөн долоо хоногийнхтой ижил хоолнууд өрөөстэй.Шарсан өндөгний хуйлсан ороомог,нунтаглан үрсэн цагаан луувантай шарсан загас,амтат төмсний нимбэгтэй чанамал,ногоон шош, хатааж нунтагласан гүнжитийн үрний холимог,зүйл бүрийн ногоотой дүүфүүний нухаш,хэрээн нүд (Аспарагас) гэдэг ногоог гахайн маханд хуйлан шарсан ороомог...Савхаа гартаа аваад  урьдынх шигээ түүнийг нь идэж эхлэв.Шилэн аяга сулрангуут эмгэн хоёр гараараа лонхыг өргөн бариад чухал царайлан нэмж дүүргэлээ.Хөргөсөн шилэн аягаар гулсан урсах болор дуслын чимээ нь сонсогдохуйц нам гүм...Амтат төмсийг амандаа хийгээд,шар айраг ууна.
Шошыг зажилж залгиад,шар айраг ууна.Секундын зүүний чимээ,сэрүүцүүлэгчийн эргэлдэх дуун ч хадахгүй...Эвхдэг ор,явган ширээнээс ургасан сүүдэрт дуу чимээ гэгдэх бүх л авиа ууссан  мэт байлаа.Эргээд харвал шилэн хаалганы цаад талд цэцэрлэг цайран гялтганана.Эмгэн шилэн аяганд шар айраг сөгнөв.Цагаан хөөс оргилон бялхах гээд тогтлоо.Тэрхүү шигүүрэн оргилж тогтсон хөөсийг ширтэн гэнэт би ухаарлаа.Эмгэн намайг хэнтэй андуурч байгааг...Бурхан тахилын дээхнүүр өлийн харав.Хэт төлөв царайгаар надруу харж буй эрийн  хар,цагаан зураг...Урт шөвгөр нүүр,давхраагүй онигор нүд, жимбийтэл жимийсэн уруул.Надтай ямар ч төс алга.Үгүй ээ,зураг дээрхи эр яг мөн эсэхийг мэдэхгүй л дээ.Гэхдээ тэрээр урьд нь хайрлаж явсан хэн нэгэнтэйгээ андуураад байгаа нь гарцаа алга.Урьд нь хайрлаж явсан эр хүн...Магад амьдралдаа ганц л удаа,эхний бөгөөд эцсийн удаа хайрласан эр хүн...Тэрээр түүнийхээ өмнө ч адил хайр сэтгэлээ үгээр илэрхийлээгүй л боловуу?Түүндээ өгсөн хайр,сэтгэлээ ойлгоогүй ч байж мэднэ.Гагцхүү тэрээр,түүнийгээ хооллохоор тухлан суух бүрт шилэн аяга,шилтэй шар айраг авчирч,жижиг тавганд дүүргэн овоолсон хачирыг эгнүүлээд, залуу эрийн ууж барсан шар айрагны хоёр лонхыг ажин,хоол болон дарсан ногоогоо бэлтгэнэ.Ээлжлэн давтагдах тэрхүү үйлдэл нь түүний хайр болоод сэтгэлийн илрэл байсан бизээ.Тэгсээр,одоо чинь хэзээ билээ,би чинь хэдтэй билээгээ мартчихсан байлаа ч дадал зуршил л түүний гүнд тодхон үлджээ.Хэн нэгнийг хайрласан дурсамж болон....
Бүүдийж,хүйт даасан өрөөн дотор миний ухаарсан юм гэвэл тэр л байлаа.
Эмгэн савхаа хөдөлгөхийг минь хөдөлгөөнгүй ширтэнэ.Харц мөргөлдчихвөл харцаа бууруулж,тэгсээр аажмаар инээмсэглэнэ.Мэдээж би түүний хайрласан эр биш,танил нь ч биш авч,тэрхүү  үл таних айлын Япон өрөөнд өдийг хүртэл мэдэрч яваагүй гэмээр сэтгэлийн амар амгаланг олж байлаа.Сүүлд нь авчирч өгсөн агшаасан цагаан будааг дарсан ногоогоор даруулан идэнгээ хальт орны доогуурхыг хараад авав.
Өнгөрсөн долоо хоногт орхиод явсан товхимол маань эгнээ багцаараа тэнд байлаа.Тэр өдөр авчирсан товхимолоо гаргаж ирсэнгүй.
~Харилаа...-гээд  өндийтэл,~Дахиад ирэх юм байгаа биз дээ?гэж эмгэн асуув.
~Дахиад ирнээ!гэж би хариулав.Сэрүүн тавцан дээр суугаад гутлаа углахыг минь эмгэн ар нуруунаас хараа салгалгүй ширтэнэ.~Дайлсанд баярллаа гээд босож мэхийтэл,эмгэн улаан уруулаа жуумалзуулан,~Сайн яваарай!гэж аяархан хэллээ.


Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав.


☆үргэлжлэл бий.


*Тодотгол
өмнөх нийтлэлдээ дурдсанчлан уг өгүүллэгийг зохиогчын эрхийн хуулийг зөрчихгүйн үүднээс бүрэн эхээр нь орчуулж,та бүхэнд хүргэх боломжгүй тул <<Ашгүй та ирэвүү-6-7>>-г  эх зохиолоос гурван хуудас алгасаж орчуулан,нийтэлж байгаа билээ.



0 件のコメント:

コメントを投稿