Маргааш нь үд хэвийх алдад,би ой тогтоомжоороо баримжаалан дахин эмгэний гэрт очив.~Дахиад ирэх юм байгаа биз дээ?гэсэн болохоор нь тэр...Тэгж өөртөө хэлсэн боловч тэр нь ердөө зүгээр л нэг шалтгаан байлаа.Би бүр цаасан уутандаа ахин товхимол чихээд,өдрийн хоолоо ч идэлгүй галт тэргэнд суусан юм чинь...
Хашаатай байшингийн хонхыг дартал ,дахиад л хашааны цэцэрлэгийн зүгээс аяархан хариулах нь сонсогдлоо.Өчигдөрийн маягаараа зам даган алхаж,хашаа руу орлоо.Цэцэрлэгт угаасан хувцас тохсон байв.Биеийн алчуур,цамц,жинсен өмд,дотоож...Тавцан талын гүйдэг модон цонх ч онгойгоод зай гарчихсан,цонхны урт хулсан унжлагыг дээш нь ороомоглон сойжээ. .
Тийнхүү явган ширээний өмнө эмгэн чимээгүйхэн сууж байв.
~Сайн байна уу?
Гадаахи сэрүүн тавцан дээр суугаад,өрөөн доторхыг хараад цочирдлоо.Бүүдгэр Япон өрөөнд сууж буй эмгэний уруул нь ув улаанаар будагдсан байсанд тэр.
~Хүүе ээ,ашгүй та харьж ирэв үү?
Эмгэн суусан чигтээ өчигдөрийнхтэй адил амны уншлагаа уншлаа.~Алив,та дотогшоогоо...,гэж үргэлжлүүлнэ.
~Ёооx.Би сэмхэн санаа алдан гутлаа тайлаад шавдуулангуйд нь хөтлөгдөн тавцангаас өрөө рүү орлоо.Чанаж агшаасан ногоо,хүж,угаасан хувцасны холимогдуу үнэр сэнхийлээ.Хүйт даасан хулсан шалны сэнгэнэх нь оймсоор дамжин мэдрэгдэнэ.Суух газар олдохгүй,тувт зогсоо надруу эмгэн олбог дөхүүлэв.Би эмгэнийг эгцлэн харж суулаа.Бүүдгэр өрөөнд нүд дасаад ирэхээр өөдөөс минь харж суугаа тэрээр ганц уруулаа ч биш,хацрандаа түрхсэн болохыг нь анзаарлаа.Бүдэг ягаан хацрын энгэсэг...
~Одоо...гэж ганц нэг үг бувтнаад,эмгэн зүдэрч байж өндийж аван дахиад л тэнтэр тунтар хийн мухартаа бүгчихэв.Нам гүм.Гаднах тавцангаас харахаар мухар булан болчихоод анзаарагдахгүй байсан боловч,өрөөний өнцөгт бурхан тахил байлаа.Тод шар удвал цэцгийг өмнө нь засчээ.Мизүгаши (гэдэг дотроо усан цэлцэгнүүртэй боорцогорхуу идэх юм) өргөлд нь тавьсан байв.Талийгчийн нэртэй пайз их,дунд,бага гэсэн гурван янз байна.
Бэлдсэнээ бариад буцаж ирсэн эмгэн гэнгэнэх адил бувтнаад явган ширээн дээр өчигдөрийнхтэй адил хундага,ижил шошготой лонх шар айраг тавилаа.Хундагаа хөлдөөгчинд хийгээд хөргөсөн янзтай,сүүн цагаан өнгөөр цантаж,хяруу тогтжээ.Эмгэн зогссон чигтээ нуруугаа бөхийлгөөд хундагаа шар айргаар дүүргэнгүүт,~алив нэг...-гэж амандаа гүвтнээд дахин мухар руугаа алга болчихлоо.
Бурхан тахилын дээхнэ, таазны хавийн хананд хар ногоон жаазанд хийсэн хар,цагаан зураг өлгөжээ.Хуучны байрын төрхтэй эр,хуучны байрын төрхтэй эм,түүнээс гадна арай л шинэхэн гэр бүлийн өнгөт зураг байлаа.Арай залуухан эр,эм хоёр,жимбийтэл амаа жимийгээд надруу харна.Тэр эр эмгэний эцэг нь юмуу,эр нөхөр нь юмуу,мөн залуу бүсгүй эмгэн өөрөө юмуу,ээж нь ч юмуу мэдсэнгүй.Гэр бүлийн зурганд нь одоогийнхоос ялимгүй залуухан эмгэн,ахимаг насны гэр бүлийн хоёр,бас бага ангийн сурагч боловуу хүүхдүүд гарчээ.Хашаанд тохсон угаасан хувцасыг оруулаад бодох юм бол эмгэн хүүгийнхтэйгээ юмуу хүргэнийхтэйгээ хамт амьдардаг бололтой.Зурган дахь хүүхдүүд одоо бол ахлах сургууль юмуу их сургуулын оюутан орчмын боловуу даа.Хувцас тохдог төмөр урт саваанд өлгөсөн жинсен өмд,поло цамц,хээтэй өргөн дотоож лав тэднийх бизээ.
Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав
☆үргэлжлэл бий.
*Жич:Японы зохиолч Какүта Мицүёогийн <<Ашгүй та ирэв үү>> богино өгүүллэг нь 2005онд <<Сүүлчийн хайр>>номын нэг хэсэг болон хэвлэгдсэн бөгөөд,зохиогчын эрхийн хуулийн дагуу орчуулах эрхийг дүрэм ёсоор нь худалдан аваагүй тул цаашид бүрэн эхээр нь орчуулах боломжгүй болсондоо та бүхнээсээ чин сэтгэлийн хүлцэл өчье.Гэвч,уг өгүүллэгийн гол санаа хамгийн сүүл хэсэгтээ илрэн гардаг тул,тэрхүү хэсгийг нь л орчуулж хүргэхээр шийдсэн билээ.
0 件のコメント:
コメントを投稿