2012/09/17

Какүта Мицүёо-Ашгүй та ирэв үү?(Төгсгөл)

Күсакабэгаас авсан товхимол яагаа ч үгүй атал тараахаа больчихов.Харин оронд нь би аравнаас бусад өдөр бүр эмгэнийх рүү очлоо.Шар айрагтай хачир,цагаан будаатай дарсан ногоо байнга бэлдсэн байдаг байв.Эмгэн ямагт энгэсэг түрхэж,Япон хувцас өмсөнө.Намайг савхаараа ногоон шошыг сурамгай авч чадахгүй байвал тэрээр наг наг инээнэ.Арын жинжа*-д орогнодог  муур зулзагалсныг ярих үе ч байлаа.Эмгэнийхээр орсоны дараа яагаад ч юм бүр нэг ажилдаа очих дур алга болж,уушийн газар дахь цагийн ажилаа хэдэн өдөр дур мэдэн тасалснаасаа болоод хусагдчихваа.Күсакабэгийн авчирч өгсөн товхимолуудыг тэр чигт нь оролдсонгүй.Мөнгө ч арвижаагүй нь мэдээж.Чикада Хирокод зориулж барьцааны тэрэг хөлслөх мөнгө ч тэр,Франц хоолоор дайлах мөнгө ч тэр алга.Юун тэр байтугай,киноны тасалбар хоёр хүнийхийг авч чадах эсэх нь ч эргэлзээтэй шахуу байлаа.Тэглээ ч би өөр ажил хайлгүй,товхимолоо ч тараалгүй,эмгэнийд очсоор л байв.Чикада Хирокотой болзох нь яваандаа ер сонин биш болж хувирав.Нэг л,түүнтэй болзохыг хүссэн өөрийгөө хачин нялх амьтанд тооцов.
 
           


Ярилцаж ч үзээгүй бүсгүйд татагдах сэтгэл минь яг л хөнгөн амьтан шиг санагдах юм.Найзуудад бүгдэд нь байгаа гэдэг шалтгаанаар хүсээ ч үгүй <<дугуйтай тэшүүр>>ийг авах гэж шалах хүүхэд адил...Чикада Хирокотой болзохоос илүү,эмгэний Япон өрөөний явган ширээнд,түүнтэй өөд өөдөөсөө хараад суухыг илүүд үзлээ.Тэрхүү хачирхалтай тайвшралдаа бүүвэйлэгдэж баймаар байсан юм.
Гэвч,наймдугаар сарын гучны тэр өдрөө би болзоонд ч явалгүй,эмгэнийд ч очилгүй,бүгчим өрөөндөө хэвтээд өгөв.Арав хоногийн өмнө,ердийнхөөрөө эмгэний хаалгыг нээтэл,үүдний хаалга хүчтэй онгойж,тайрмал үстэй ахимагдуу авгай үсрэн гарч ирдэг юм байна.~Чи юу!!!?гээд надруу хялалзаад,хашгичих мэт орь дуу тавилаа.
~Чи байсан байхнээ!!!?
Өдөр бүр...,өдөр бүр гал тогоонд хоосон лонх байхаар нь бүр гайхаад байсан юмаа.Ямар санаатай манайхаар орж ирээд байдаг юм!?Настай хүнд тал олж байгаад,мэхлэе гэвэл тэгж ч ярихгүй шүү!!!Ийм юмыг...,ийм юмыг...!!!!
Авгай цаанаасаа товхимол гаргаж ирээд,надруу цацлаа.Тэд нь хайш яайш сандайчин  хөлний дэргэд уналаа.~Настай хүнд тулгаж зарахыг хэрхэвч зөвшөөрөхгүй шүү!!!Чи ер нь, гэр чинь хаанав?Сургууль чинь аль вэ?Нэрээ хэлээч!!
...аймшигтай уцаарлаж байна.
Би дороо эргээд,байдаг чадлаараа зугатаалаа.
~Дахин бүү үзэгдээрэй!!Ирдэг л юм бол цагдаад бариад өгнө шүү!!
Ар нуруунаас авгайн хашгичих нь сонсогдоно.
Би зугатаангаа,~Эмгэн кимоно өмсөж,нүүрээ будаад,Япон өрөөндөө сууж байгаа байх даа?гэж бодлоо.Тэр авгайн дууг сонссон боловуу?Сонсоогүй л байгаасай.Тас тас хашгичих тэр дуу хоолой,өөр юмсын чимээ шиг Япон өрөөний энд тэндгүй тусах сүүдэрт сорогдоод алга болчихоосой.Галт тэрэгний буудалдээр иртэл хамаг биений хөлс асгарч байна.Автомат худалдагч машинаас ундаа аваад нэг амьсгаагаар залгилав.Тэнгэр өөд өлийлөө.<<Юу л хийгээд байна даа,би!!?Өдий болчихоод...!!?>>Амандаа тэгж бувтнаад инээж үзлээ.Тэгэхгүй бол уйлчих гээд болдоггүй шүү.Загнуулаад гэрээсээ хөөгдөж гарсан жоохон хүүхэд шиг л...
Зуны тэнгэр алсад,үүл нэгээхэн ч үгүй.Тэр өдрөөс хойш би эмгэний гэрт очсонгүй.Тэрчлэн,Чикада Хирокотой ч болзох хүсэл төрсөнгүй.Гучны орой,өрөөнд хураалттай цаасан хайрцгийг Күсакабэгийн өрөө рүү зөөлөө.Тэрээр төвөгшөөгөөд ч байх шиг,хөөрхийлөөд ч байх шиг царайгаар надруу харж байна.
~Үүнийг чинь буцаалаа!
~Зуны мралт дуусах дөхсөн ч,наадахаа тарааж дуустал нь үргэлжлүүлж болно шүү дээ гэж Күсакабэ аргадангуй хэллээ.
~Үгүй ээ,надад тохирохгүй юм шиг байна,буцаая!!
Тэгж хэлээд өрөөнд нь цаасан хайрцгаа орхилоо.Күсакабэ ёозгүйхэн надруу харж байснаа,дугтуйнаас хэдэн дэвсгэрт сугалж аваад надад өглөө.Төсөөлж байснаас хамаагүй цөөхөн байсан ч,мэдээж ажлаа сайн хийгээгүй юм чинь яаж гомдол гаргах вэ дээ!?Тэрийг нь автал Күсакабэ хэлж байна.~Маргааш цуглаантай,явах уу?
~Энэ товхимолын тухай илүү сайн мэддэг болно,аягүйд бол чамд тохирох ажил байх ч юм билүү?!Би хөдөлгөөнгүйгээр түүнийг ширтлээ.Цагаан дух,мөнгөлөг шил,хусалгүй үлдээсэн гэмээр сахал...~Итгэх юмтай байхаар хүчирхэг болдог байхдаа?гээд ганц үг унагачихсан чинь Күсакабэ хормын төдийд баярлавуу гэлтэй царайлсанд,бодсоноо тэр чигт нь ил гаргасандаа харамсав.Күсакабэ нүдний шилээ өргөнгөө нөгөө л огторгуй,их бурхан мэтээ ярихаар завдахад нь би сонсолгүй буруу харчихав.Түүний шүтдэг юманд нь итгэх хүсэл үнэндээ байгаагүй ч,ямар нэг зүйлд эргэлзэлгүй итгэж буйд нь л атаархмаар санагдлаа.Итгэх юмтай байна гэдэг бол тэрхүү бүүдгэр Япон өрөөнд мэдэрсэн хязгааргүй их тайвшралд эцэс төгсгөлгүй бүүвэйлэгдэн байгаа мэтээр надад буусанд оршиж байлаа.
Шал дэмий юм ярьж байх юм гэж бодсон уу?Ийм үед,юунд тийм тэнэг юм яриад байна вэ?Тэгж бодсон байх л даа...Гэхдээ би чамд сонсгохыг  хүссэн юм.

Хайр сэтгэл гэдэг итгэл,хүндлэл,санаа тавих,халамжын зогсолтгүй хөдөлгөөн ч юмуу даа(орч.)



Чамтай амьдралаа холбоод би тэрхүү үл таних айлд өнгөрүүлсэн цагаа дурсдаг байлаа.Тиймэрхүү хором,мөчүүд бидний амьдралд урсан өнгөрөөсэй гэж боддог байлаа.Тэр дороо биш байсандаа хамаа алга.Арван жил,хорин жил,тавин жилийн дараа ч болно.Үерхэлийн эхэн үеийн хайр дурлалын хүчтэй мэдрэмж бүдгэрсэн байлаа ч,тэр нь хэлбэрээ өөрчилж,дадал зуршилд шингэн,түүндээ би ч,чи ч гүн тайвшралыг олдог,нэг л өдөр тиймэрхүү болоосой гэж хүсдэг байсан.Итгэж болох зүйлээ биечлэн бүтээмээр байсан юм болов уу даа.Тэр нь хайр дурлалын сэтгэл хөдлөл гэдэг бүрхэг зүйл байлаа ч,хурим гэдэг хэлбэр биш гэлээ ч,бүр нэг тийм өчүүхэн ,жоохон зүйл.~Өө,ашгүй та ирэв үү?~За,сайн яваад ирээрэй!! гэх элэгдтэл давтагдах үгс...Өөрийнхөө нэрийг мартчихсан байлаа ч,ганц түүнийг л мартаагүй байх хөдлөшгүй зан үйл...Тийм л юмыг чамтай бүтээхийг хүссэн юм.Хальс шиг нимгэн цаасаа аваад дүүргийн захиргаан дээр очсон тэр өдөр бодож байсан зүйл минь гэвэл тийм л юм байсныг энд яадаг ч байсан чамд сонсгохыг хүслээ.
Чи минь хэдийнэ бүлээдсэн шар айраг аягандаа хийж,минийхэд ч нэмж дүүргэнэ.Бид биенээ харалгүй түүнийгээ ууна.Чи минь зэрвэсхэн надруу хараад,үл ялиг инээвхийлнэ.~Тийм шүү,би ч адил тэгж боддог байлаа.
...шивнэх мэт чи минь хэлнэ.Өрөөн дотор овоо дулаан орж,шар айраг хоолойгоор аятайхан гулсан урсана.Бүлээдсэн шар айргаа ууж барангуут хоосон лонхоо бариад би өндийнө.Чи минь нэрэлхэнгүй нимгэн цаасаа сунгана.Ямар нэг зүйлийг хамтдаа бүтээнэ гэж итгэж явсан чи бидэн,дүүргийн захиргаанд авч очсон цаастай нэлээд төстэй боловчиг,бүр эсрэг агуулгатай түүнээ аваад би унтлагын өрөөнөөс гарна.Гал тогоонд очиж ,шилэн аягаа угаана.Угааж дуусаад,чамаас авсан цаасыг дэлгэж үзнэ.Одоо ганцхан нэрээ бичих л үлдэж...Тэр агшинд би бодно.Аягүйд бол бүтээгээгүй биш,үнэн хэрэг дээрээ бүтээчихсэн ч байж мэдэх итгэж болох ямар нэг өчүүхэн зүйлийг...
Маргаашаас эхлэн тус тусын амьдралаа хөөх байлаа ч,тэр нь арилалгүй зүрх сэтгэлд минь оршиж,тэрчлэн хэдэн арван жилийн хойно,нэг л өдөр гэнэт эргэн санах мэт биднийг амар амгаланд хөтлөх бизээ.Хоолны ширээнд суугаад,би анх удаа үсэг эхлэн сурж буй хүүхэд шиг болгоомжлон,аяарханаар нэрээ бөглөлөө.


(*Жинжа-Япон үндэсний Шинто шашны сүмийн нэр)

Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав



зургуудыг →http://pics.livedoor.com/u/ndaz/7485970,http://oda999.tea-nifty.com/blog/хуудаснаас авав.


0 件のコメント:

コメントを投稿