2012/09/21

Мүкоода Күнико-Үггүй захидал


Оройн мэнд!
Зүүн Японд өнөөдөр их сэрүүхэн,хүйтэн бороотой байлаа.Монголд маань сайхан намар болж байна уу?Ганцхан үгээр илэрхийлэх бол та юу гэж хариулах вэ?
Өнөөдөр танд хол суугаа хэн нэгнээс хэл сураг ирсэн үү?
Сайхан мэдээ юу?
Сайн су
уж байгаа гэнэ үү?Таныг санаж гэнүү?Одоо цагт юм юм хөгжөөд,хэдий хол ч дэргэд байгаа юм шиг холбогддог болж дээ?Бас ч сайхан үе юмаа.
Гэхдээ нэг тийм гартаа бариад,цаас,бэхний үнэрээс нь дотно түүнийхээ гарын үнэрийг хайж үнэрлэн,ахин дахин,босон
суун уншмаар захиаг хүлээх,хүлээн авах сайхан шүү тиймээ?Гэтэл бид чухам захиаг жилдээ хэдийг бичиж,хэндээ явуулдаг билээ?

Сайн байгаагаа би ээждээ захиагаар мэдэгдэх дуртай ч,олон юм бодож, захиа бичих гэсээр байтал ээж минь санаа нь зовоод надруу утасдчихдаг билээ.хэхэ.
Өнөөдрийн танилцуулах өгүүллэг бол үсэг бичиж чадахгүй ч аавдаа захиа бичсэн бяцхан охины тухай өгүүлдэг билээ...Танд маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна.
эхийг дараахи хуудаснаас авав.→ http://surensuren.blogspot.jp/2011/12/blog-post.html 

 Мүкоода Күнико 
<<Үггүй захидал>>    (
орчуулсан Сүрэн)
Би өөрөө чалчаа болоод ч тэр үү, олон үггүй эр хүн болон захидалд дуртай.Ялангуяа эр хүний захиа үг цөөтэй бол бүр ч дуртай.
Эрт дээр цагт, хүмүүс бичиг үсэг мэддэггүй байхдаа хол байгаа амрагтаа сэтгэлээ чулуугаар дамжуулан илэрхийлж байсан гэдэг. Залуу эр өөрийнхөө сэтгэлд таарах чулуу олоод аянчин гийчнээр бүсгүйдээ хүргүүлнэ. Бүсгүй нь чулууг аваад нүдээ анин хоёр алгаараа барьж мэдэрнэ. Хурц өнцөгтэй бол өвдсөн биш байгаа, хэцүүхэн зүйл тохиолдсон болов уу, сэтгэлийг нь юу зовоож байгаа бол гэж санаа зовно. Гөлгөр, бөөрөнхий чулуу бол сайн явж байна даа хэмээн санаа амарна.“Чулуун захидал” гэгдэх энэ заншил сэргэж, нэгэн өдөр булиа эрчүүд “чамайг би гурвын гурван жил хүлээлээ” гэх бул чулуу гэрийн үүдэнд авчирвал хэцүүхэн байдалд орох боловч (үнэндээ хагартлаа баярлана) энэ “чулуун захидал” гэдэг нь хайрын захианы анхны хэлбэр байсан болов уу гэж бодогдоно.
Одоо үед үг ихдэж өгүүлбэр олширчээ. Үүний хариуцлагын хагасыг радиогийн нэвтрүүлэгч, зурагтын хөтлөгч, бас надад үүрүүлж болох ч хамгийн их буруутан нь зурагтаар өдөр болгон гардаг олон ангит кинонууд. Ямартай ч сүүлийн үед эрчүүдийн захидал, ялангуяа залуучуудын захидал дэндүү олон үгтэй “чалчаа” болж, бичсэн үг өгүүлбэрээр нь эр эмийг нь ялгах аргагүй болжээ. “Захидал бичих арга” зэрэг ном түүврээс хуулсан өгүүлбэр, эсхүл сэтгэл шингээгүй үхмэл өгүүлбэрийн дэргэд “бичиж” байгаа бус “ярьж” байгаа мэт захидал мэдээжийн хэрэг илүү. Илүү нь илүү боловч “хүүхэн шиг” сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ.Эсрэгээр сүүлийн үед бүсгүйчүүдийн захидал “эр хүн шиг хүчтэй” болж, ажлын газар, контор оффис бус тэс ондоо салбарт “хүйсийн эрх тэгш байдал” биеллээ олж буйг юу ч гэж ойлгомоор юм бэ.
Ил захидлаар мэнд хүргэх хэвшсэн үг, хэлбэр байдаг ч тухайн хүнээс өөр хэн ч бичиж үл чадах дүрслэл ч юм уу, ганц өгүүлбэр өөрийн эрхгүй үгүйлэгддэг.Европоор аялж байхдаа найз минь надад илгээсэн ил захидалдаа тэр өдөр идсэн өглөө, өдөр, оройн хоолны цэсээ л бичсэн байсан. Би нэлээд хугацаанд тэр ил захидлаар хоолны жорын номдоо хавчуурга хийж билээ. Ер нь сайн захиа, ялангуяа ил захидал нэг авиа илүү хайкү шүлэгтэй төстэй - тийм захидлын мөр хоорондоос нутаг байгалийн өнгө харагдаж, тухайн газрын үнэр үнэртэж, дуу сонсогдох шиг болдог.
Өдий болтол авсан захидал дундаас миний сэтгэлд хамгийн их хоногшсон нь дайн дуусах үед охин дүүгийн аавд бичсэн ил захидлууд байдаг. Токиогийн бөмбөгдөлт өдрөөс өдөрт ширүүсч байсан тул дөнгөж сургуульд орсон дүүгийн цүнхэнд нэрийг нь бичсэн цагаан будааны аяга хийж өгөөд бусад сурагчидтай хамт хөдөө рүү шилжүүлэх болсон юм (*). Ээж аав хоёр дүүд юм юм бэлдэж өгөх гээд завгүй байсан тул юун бичиг үсэг заахтай манатай. Тиймээс дүү зөвхөн нэрээ л чүү чамай бичиж чадах төдий. Бөмбөгдөлтөөс хамгаалах үүднээс шөнө гэрэл гаргах хориотой тул аав харанхуй өрөөнд, муухан чийдэнгийн гэрэлд уул мэт овоолоостой ил захидал дээр өөрийн нэр, манай гэрийн хаягийг бичиж суусныг санана. Дүүг хөдөө явахын урд орой аав боодол ил захидал жижиг цүнхэнд нь хийнгээ
- Миний охин сайн бол тойрог зураад өдөрт нэг ил захидал шуудангийн хайрцагт хийж байгаарай гэв.
Дөрөв, таван өдрийн дараа дүүгээс эхний ил захидал ирэв. Ил захидлаас хальж гарах дөхсөн томоо гэгчийн тойрог улаан харандаагаар зурсан байлаа. Токиогоос замдаа ядарч ирсэн хүүхдүүдэд орон нутгийн “Улсаа хамгаалах эмэгтэйчүүдийн холбооны” гишүүд хоол унд бэлдэн дайлж цайлсан тул дүүд хөдөө зугаалгаар явж байгаа мэт санагдсан нь гарцаагүй. Гэтэл маргааш нь ирсэн ил захидлын тойрог арай л жижгэрсэн байлаа. Аав тэр орой ажлаасаа ирээд ороолтоо гялс манс тайлсан болоод зочны өрөө рүү хурдлав (дайны үед жирийн ард иргэд ч цэргүүд шиг хөлдөө ороолт ороодог байсан). Бидний хоолны ширээн дээр тавьсан ил захидлыг аав аваад, харандаагаар сулхан зурсан тойргийг юу ч хэлэлгүй удаан харан зогсож байлаа.
Дүүгээс ирэх ил захидлын тойрог яваандаа багасаад, яваандаа чагт болоод, яваандаа чагттай ил захидал ч ирэхээ болив. Дүү минь хөхүүл ханиад тусаад хэвтэрт орсон байж л дээ. Ээж дүүг авчрахаар яваад, тэс өөр хүүхэд мэт яс арьс болтлоо турсан охиноо дагуулж ирэхэд аав зочны өрөөнөөс хөл нүцгэн үүд рүү гүйн гарч, дүүг тэврэн авч уйлж билээ. Том болсон эр хүн уйлахыг тэгэхэд би амьдралдаа анх удаа харсан юм.
        
Муугаа мэдэхгүй элдвийг бичигч надад захидлын тухай энэ тэр гэж бусдад сургааль айлдах эрх даанч байхгүй. Би өөрөө тэмээ таварцагласан юм шиг муухай бичигтэй.Тийм байж бас хирээ мэдэхгүй гоё захидал бичихийг санаархана. Бэлэн наагаад явуулчих марк байхгүй гэх мэт аахар шаахар шалтгаанаар залхуурч захианы хариу удаадаг над шиг хүн энэ тухай юу ч ярихав. Гэхдээ захидалд муу, сайн захидал гэж байдаггүй. Бичгийн хэв муухай ч бай, хариуг удаасан ч бай огт бичихгүй байснаас л хамаагүй дээр. Учир нь захидал мэндчилгээг бичих ёстой үед нь бичихгүй байна гэдэг нүдэнд үл үзэгдэх өр тавьж буйтай адил билээ.
--------------------------------------------------
*дайн дуусах алдад Токио хотын бага ангийн сурагчдыг Токиогоос хол, хөдөө газар ангиар нь шилжүүлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байв.
зургийг дараахи хуудаснаас авч ашиглав →http://nanapi.jp/18902/

2012/09/19

Гэнжийн дуулал. (Үргэлжлэл)


*Мүрасаки Шикибү манай эриний Х зуунд бичсэнийг Танабэ Сэйко орчин цагийн япон хэлэнд хөрвүүлж, О.Жаргалсайхан монгол хэлээр орчуулав.http://bmand.ikhzasag.mn/index.php//home/post/55


Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны бөлөг.     2-р хэсэг.




Эцэг хаан түүнд горьдлого тээхийг бодоход тэр бүсгүй гоо үзэсгэлэнтэй   байсан биз ээ. Харамсалтай нь сайхан хүүхэн хуримгүйн үлгэр... гэх зэргээр Гэнжи бодож суулаа. Нэгээс нөгөө рүү бодол нь улам бүр бэлчиж байлаа. Үзэсгэлэнт зуны шөнийн харанхуй түнэрч эхлэв. Бараа бологч хүү хөөрхөн хүү тул түүнийг ажиж суутал Киноками “хойд эхийн төрсөн дүү билээ” гэв. “Нялх багадаа эцэгт маань хүргэгдэж ирсэн тул эгчийгээ дагаж энд байгаа юм. тэнжёоварава / голдуу түшмэдийн хүү байх ба ордны хууль ёсонд суралцахын тулд гэнфүкү ёслол үйлдэхийн өмнө тэнд дагалдан суралцахаар зөвшөөрөгдсөн хүүхдийг хэлнэ/хүсэмжлэх боловч эцэг байхгүй, арга ухаанаа ч олохгүй, амаргүй байгаа бололтой дог оо”.
-“Ээ хөөрхий дөө, энэ хүүгийн эгч таны хатан эх байна гэхэд арай л таарамгүй залуу бүсгүй буй за.Түүний эцэг охиноо албан ёсны хатан суудалд суулгамаар байна гэж хэлж байсан удаатай бус уу. Тийм хүн чиний залуу хойд эх болжээ гээд бодохоор эр эмийн хувь тавилан гэдэг таашгүй ажээ” гэж Гэнжи залуу хүн мөртлөө ахмад хүн шиг буурь зааж хэлэв.
-“Үнэхээр таны айлдсан зөв. Санаж бодох юмгүй эцэгтэй минь гэрлэж суусан нь үнэн билээ. Хорвоо гэдэг оньсого шиг үйлээр дүүрэн байх юм даа, хөөрхий. Үнэндээ эм хүн гэдэг голын ус урсан одох шиг хувь заяатай тул бодож байхнаа хөөрхийлөлтэй амьтад юм даа”
-“Иёоносүкэ түүнийг халамж хайраар дутаадаггүй биз дээ. Гэрийн хүн минь хэмээн асарч тойлж байдаггүй гэж үү” .
-“Тэр талаар ёстой хэлэх үг байхгүй” гэж Иёоносүкэ дургүйлхсэн өнгөөр хэлэв.
-“Дотроо бол хатныгаа гэрийн хүн гэж дээдэлж л  байдаг бололтой. Нас дээр гараад биеэ захирахад бэрх тул надаас эхлээд үр хүүхдүүд нь бүгд л хориглох юм даа”.
-“Гэсэн ч та нар шиг нас ойролцоо орчин үеийн залуучуудад найр тавиад  өгнө гэж үү дээ. Иёоносүкэ гайгүй элдэвтэй, дунд насны эр хүн  шүү дээ” гэж Гэнжи хэлээд нэг мэдэхэд “... тэд нар хаана байна вэ” гээд асуучихав.
-“Доод өрөөнд буусан юм, одоо зарим нь байж магадгүй” гэж Киноками хэллээ. Архи нэгэнт тойруулж барьсан тул хамт байсан хүмүүс цөм л өргөөнд залгуулан барьсан борооны саравч дор унтахаар хэвтэцгээв.
Гэнжи тайван унтаж чадсангүй. Арай ч дээ, арай хийж олдсон шөнийг ганцаараа өнгөрөөх гэж үү гэж бодохоор нүд нь онгойгоод ирнэ.
Хойд талын гүймэн хаалганы тэндээс хүний чимээ сонсогдсон тул догдлон босч чагналаа. Тэр хавь тийм гэхийн аргагүй харанхуй газар байв.
-“Эгч минь та хаана байна” гэж өнөөх хүүгийн хэлэх нь сонсдов.
-“Энд байна аа, гийчин амарсан уу” гэж бүсгүй цээлхэн дуугаар өгүүлэх нь хүүгийн дуутай төсөөтэй байх тул өнөөх бүсгүй байна гэж Гэнжи дотроо бодлоо.
Хүү аяархнаар,
“Тийм ээ, гадаа саравчинд унтаж байгаа, хүмүүсийн ярьдгаар ёстой л гэрэлтсэн үзэсгэлэнтэй сайхан хүн байна лээ”.
- “Аа тийм үү, өдөрсөн бол хараад авах л байсан байх даа” гээд бүсгүй шөнийн хувцсаа өмсөж байна уу гэлтэй амьсгаа дээрхэн өгүүлэв.
-“Аа яасан харанхуй юм бэ, эгчээ би энд унтъя” гэж хүү хэлээд дэнлүүг босгон асааж буй бололтой нэлсхийтэл гэрэл гаргалаа.
-“Чюүжёо(ордны албат) хаачсан юм бол” гэж бүсгүй нэрийг асуутал цаад талын харанхуйд унтаж байсан бололтой эмэгтэй “халуун усанд орохоор явсан, одоохон ирнэ гэж байсан” гэж нойрмог дуугаар хариулж байна.
Харанхуй улам өтгөрч, тэр хавь нам гүм болон өргөөг түнэр харанхуй нөмөрчээ.
Гэнжи гүймэн хаалганы түгжээг тайлж үзэв. Тэр өрөөний хаалгыг  золоор түгжээгүй байлаа. Хөшигний өлгүүр модноос дэнлүүг холхон байрлуулсан байв.
Мухлаг авдар бололтой зүйл хэд хэд, дээр нь бүсгүйн кимоно, жижиг сажиг эд зүйлс байхын дээр жаахан цаашилбал нэгэн жижигхэн шүхрээр биеийг бүтээсэн эмэгтэй байлаа. Бүсгүй зүүрмэглэн унтаж байв. Нимгэн бөсөөр нүүрээ бүтээснийг нь авбал эмэгтэй чюүжёог гэж санасан уу биеийг татсангүй.
“Чюүжёогоо дуудсан бус уу, миний бодол санаа хүрчээ гэж бодохоор баярлаад баршгүй...” гэж Гэнжи аяархан хэлэв.
Бүсгүй зүүдлээд байна уу, зүүрмэглээд байна уу ойлгохгүй байгаа бололтой.
Дуу гаргая гэсэн ч мөнөөх гийчин эрийн ханцуй нүүрийг нь бүрхээд дуу гарч өгсөнгүй. Гэнжи дуугаа намсган “хар муу санаа гэж бодогдож магадгүй ч ... тийм биш шүү,  энэ хэдэн жил таныг үргэлж л бодож ирлээ. Ховорхон  учрал гэж  бодохоор тэсвэрлээд суухад бэрх байна. Зүгээр нэг гүймэгхэн сэтгэл гэж битгий бодоорой доо” гэж шивнэн хэллээ.Бүсгүй тийчлэн эсэргүүцэж чадалгүй , дороо холбирон -“Та хүн андуураад байгаа бус уу” гэж аргасан хоолойгоор хэлэх нь аятайхан сонсдоно.
-“Андуурсан байх учиргүй бус уу... дурласан хүн зөн бэлгээрээ ойлгож байна. Тангараглая би,  ёсгүй үйлдэл хийхгүй ээ. Олон хоног өдрийн бодол сэтгэлийг минь сонсоод өгөөч гэж гуйж байгаа төдий” ...
Гэнжи аяархан  дуугаар шивнэж, турьхан Үцүсэмигийн биеийг чангаар тэвэрч гүймэн хаалга руу зүглэв. Гэтэл цаад талаас өнөө чюүжёо ирэхтэй яг таарч орхилоо. “Аа яа “ хэмээх Гэнжийн дуу алдалт хийгээд Үцүсэмигийн хувцасны танил үнэрээр чюүжёо тэр дороо хэрэг явдлыг мэдэж орхилоо.
“Энэ юу болж байгаа юм бэ” хэмээн тэрээр ихэд гайхаж, эгэл хар хүнсэн  бол эзэгтэйнхээ төлөө хүч үзэн зогсоож чадах авч өндөр дээд язгууртай Гэнжид элдэв авирыг гаргаж чадсангүй. Хүмүүст мэдэгдэх нь ч эзэгтэйнх нь хувьд тийм ч таатай хэрэг биш билээ. Дэмий л барьц алдан араас нь дагавал Гэнжи чимээгүйхэн хатан эхийн өрөөнд ороод бүсгүйг буулгаж, гүймэн хаалгыг хааж, чюүжёо руу эргэж ч харалгүй
- “Өглөөгүүр  тосч аваарай даа” гэв.
Үцүсэми гадаа байгаа чюүжёо юу гэж бодож байгаа бол гэж бодохоос бие нь хэдэн хэсэг болох шиг болж, аргагүйдэн ичиж байлаа.
Гэнжигийн ийнхүү сурамгай байдал өнөөг хүртэл хэд хэдэн удаа ийн үйлдэж байсан туршлагатай хүн болохыг нь харуулах ажээ. Намайг дэл сул бүсгүйчүүдийн нэг гэж бодсон байх даа гэж Үцүсэми бодон сэтгэлийг шархлуулан суувай.
Гэнжи янз бүрийн чихэнд чимэгтэй үгийг түүж урсгаж байлаа.



“Яагаад ингэж танд сэтгэл алдарч орхисноо миний сэтгэл зүрх мэдэхгүй байна... энэ хорвоод энд тэндгүй байх урт дурын хүний тогтсон үг яриа гэж битгий бодоорой доо” гэх мэт үгс үнэндээ үнэн болов уу даа? гэж бодогдом шүүрс алдам  аяс сонсдоно.
Тэр бүхэн Үцүсэмигийн сэтгэлийг баглаж орхив. Үнэр үнэртэм, өнгө ялгарам Гэнжигийн үзэсгэлэн төгс байдал, чин үнэнээс худал хуурмаг руу солонго адил өнгө татуулан одох нүд харанхуйлам учирлал үгсийн догдлуулал, алс газар нутаг захиран суугаа эр нөхрөө сэтгэлийн мухартаа бодож, учирсан нүглийг эмзэглэн байгаа Үцүсэмигийн эмзэглэл, цаашлаад эр нөхөрт нь байдаггүй зоргоор орших Гэнжигийн залуу халуун, ёсгүй дүр төрх ... энэ бүхэнд бүсгүй бүхэлдээ барьц алдан яг л илбэ жатгад  автагдсан  мэт мэлэрч суувай.
Гэхдээ тэр эрийн увидас хүчтэй байхын хэрээр Үцүсэмигийн дотор өөрийгөө хүндлэх сэтгэл огшиж  байлаа.
-“Өршөөж болгооно уу ... хэдий бээр угсаа язгуур, хэргэм зэрэг эрхэм танаас дорд хэдий боловч иймэрхүү байдлаар хүлээж авч буйг тань зөвшөөрөх арга үгүй билээ”
-“Угсаа язгуур үүнд хамаагүй ээ. Таныг ойлгоосой гэж хүсч байгаа зүйл бол танд би өдий зэрэгтэй хайртай юм шүү гэдгийг харуулж байгаа нь энэ юм”.
Бүсгүй хар үсэндээ нүүрээ буруулж, яах аргагүй л таагүй байгаа бололтой ч арсалдан тэмцэлдэх янз үзүүлэхгүй хэрнээ ямагт зөөлнөөр тогтоон хориглох байр байдалтай байлаа.
Үцүсэми нэвт шувт хөлрөн, үл ялиг чичирсхийж, яг л туяхан хулс модон салхинд найган ганхавч үл хугарах лугаа адилаар Гэнжигийн санаа бодлыг дагахгүй байлаа.
Гэнжигийн идэр сэтгэл цорсхийж зад тавьлаа.
“Хүний сэтгэлийг жаахан ч атугай ойлгох хүн гэж бодсон юмсан...”
Үцүсэми түүний цээжинд хүчээр гуд татагдан, дараа дараалан үргэлжлэх эр хүний үйл аягт үгүй би үхэх нь үү дээ гэж бодлоо.
Гэнжигийн түүнд халдаж буй аяг байдал нь сэтгэлийн тэмүүлэл, хайрын хүлээсийн төлөө гэхээс илүү түр зуурын дурласан сэтгэлийн сүр хүчин гэхээс өөрөөр ер бодогдомгүй байлаа.
Ийм тавилантай учирсандаа Үцүсэми ихэд шаналж, ичиж, энэлэн нулимсаа асгаруулж суулаа. “Юунд ингэтлээ хайлна вэ, хүний амьдрал гээч тааж мэдэшгүй, баяр хөөртэй хувь зохиол заримдаа хүлээж байдаг  гэж  иймэрхүү байдлаар тунгааж үзвэл яасан юм бэ дээ? Та эр эмийн сэтгэлийн явдлыг нэгэнт анзаарч мэдэх насан дээрээ яваа хүн шүү дээ. Ингэж уйлан хайлна гэдэг юуг ч үл ухах тэнэг бага охины хэрэг явдал бус уу...”
Гэвч Үцүсэмигийн уйлах нь сэтгэлийн явдлыг мэдэхгүй дээ бус байлаа. Энэ явдалтай сацуу өөрийн биеийнхээ туулж өнгөрүүлсэн хувьгүй тавилангаа бодсоноос тэр ажээ.
-“Миний бие төрсөн гэртээ байгаа бага жаал охин байсансан бол энэ шөнийн явдалд арай өөр байхсан... гэвч би нэгэнт хань нөхөртэй хүн. Ямар ч хүсэл зүүд үл биелэх билээ. Тийм болохоор намайг мартаж үзээрэй дээ...”
Үцүсэмигийн энэхүү тасалдангуй ярианд үнэн сэтгэлийн үгний цуурай байсан тул Гэнжи зогтусав. Тэрээр Үцүсэмигийн уян зөөлөн мөртлөө шаргуу мэтгээн, чанд байдалд  сэтгэл дахин татагдах шиг боллоо.
Гэнжид сэтгэл авталгүй нэгэн шөнийг өнгөрөөсөндөө Үцүсэми ихэд хайлан, зовж шаналж байгаад нь хүртэл сэтгэл соронз адил татагдаж  байлаа.
Тэр бүсгүйд сэтгэлийн зовлон болсон ч энэ хүүхэнтэй нэгэн шөнийг өнгөрүүлэхгүй аваас хожим харамсаад барахгүй гэж бодогдуулам зүйл Үцүсэмид байсан билээ.
 -“Танд захидал бичиж баймаар байна. Эндээшээ тантай яаж холбогдож байхсан бол оо... мартаж боломгүй хүн боллоо та” гээд Гэнжи бүсгүйн гарыг атгалаа.
Тахиа донгодож, хүмүүс боссон бололтой өргөөнд хөл хөдөлгөөн болж эхлэв.
-“Эрхмийн тэргийг” гэх дуу сонсдлоо.
Одох ёстой цаг нэгэнт болсон тул  хүний эхнэр Үцүсэмитэй дахин учрах  учрал ер гарах болов уу гэдгийг хэн ч үл мэдэх бүлгээ.
Гэнжи бүсгүйд сэтгэлээ булаалгаж, түүнийг мартаж ер чадсангүй. Арга чарга хайж нэг мэдэхэд Кинокамиг дуудаж ийн хэлж үзэв ээ.
-“Нөгөө хөөрхөн жаал хүүг надад өгнө үү. Хажуу хавиргадаа байлгамаар байна. Өргөөнд шадарлуулдаг ч юм бил үү”.
-“Тэгвэл сайн л байна. Эгчид нь одоохон хэлье дээ” гэж Киноками юу ч бодолгүй баярлан хэллээ.
Хүүгийн эгч өөрөөр хэлбэл Кинокамигийн хойд эх болох Үцүсэми бүлгээ.
Гэнжи яг л бага жаахан хүү шиг сэтгэл нь гийж догдолж байлаа. Тэр нэгэн шөнийн бүсгүйн цөхөрсөн сэтгэлийн үймрэл, Гэнжид  татагдах сацуу өөрийгөө хүндэтгэн бас нүгэл хилэнцийн айдсанд автагдан дайвалзан шаналж байсан үзэсгэлэнт дүр төрхнөөс нь Гэнжи хэзээ ч юм жинхэнэ хайрыг мэдрэх болжээ.Гэнжи ийм сэтгэл гүн бүсгүйд дурлан тачаадах болжээ.
Тав, зургаа хоносны дараа хүү ирлээ. Чамбай байрын хүү байлаа. Гэнжи өхөөрдөж, ойр хавьдаа байлган, элдвийг хэлэлцэх ба түүгээр үл барам Үцүсэмиг санагдуулна. Хүүг Когими гэх бүлгээ.
 Юу ч мэдээгүй Когими Гэнжигийн захидлыг аваад эгчийнх рүүгээ одлоо. Үцүсэми Гэнжигийн хэл чимээг сэтгэлийн мухартаа хүлээж байсан авч Когимид “Хүн андуурсан байна гэж мэдүүлээрэй. Захидлыг нь хүлээж авах хүн байхгүй гэдгийг хэлээрэй” гэж хатуухан өгүүлэв.
“... Гэвч яах аргагүй л та эгчдээ өгөөрэй гэсэн билээ” гэж Когими зовинов.
Гэнжи Үцүсэмигээс хариу хүлээж байсан ч  Когими гар хосон буцаж иржээ.
-“Бүтэл муутай хүү бол доо... чиний эгч ахайтан үнэндээ Иёоносүкэгээс өмнө надтай хайр сэтгэлийн холбоотой байсан юм шүү дээ”
Когими нүдээ дүрлийлгэн сонсч байлаа.
“Тийм атлаа намайг залуу зандан, нөөлөг муутай хэмээсэн үү, тэр түшигтэй хижээл эр лүү л явж одсон юм даг. Хүн боддоггүй л хүн дээ. Харин чи л миний талд орж байгаарай даа”...
Когими Гэнжигийн үгэнд чин санаанаасаа итгэсэн тул толгой дохиж “За” гэв ээ.
Гэнжи Когимигээр дахин дахин Үцүсэмид чимээ сонсгох боловч нэг ч удаа хариу ирсэнгүй.
Харин бүсгүй тэр нэгэн шөнийн Гэнжигийн ёсгүй авирлал  хайр дурлалын нэгэн төрөл байсан гэж боддог болжээ.
Тэр бол тэр үед, тэр газарт зангидагдсан хайр байлаа. Үцүсэми ухаалгаар хайрын тавилангаа таамаглаж байлаа.
Тэр шөнийн хайрыг нандигнан хадгалж чадахын хэрээр дахин дахин   учрал нэмэх санаа түүнд огтхон ч төрөхгүй байлаа.
Дурласан сэтгэлдээ ташууран уулзаж учрах нь амар хялбар зүйл хэдий ч тэр хайрыг улам үзэсгэлэн төгс болгоно гэдэг итгэл түүнд төрөхгүй байлаа.
Хайр сэтгэлийг өнгөөр чимнэ гэдэг байж боломгүй зүйл...
Чимэглэх тусам өнгө алдах зүйл бус уу”.
Түүгээр үл барам эр хүн нэгэнтээ хайр дурлалдаа улам бүр автан, түүнийхээ улмаас бүсгүйн тухай сайн сайхнаар төсөөлөх нь гүнзгийрсээр байгаа нь барим тавим мэдрэгдэх болов. Үцүсэми тэрхүү үзэсгэлэнтэй хуурмаг хайрыг тэр хэвээр нь өөрийн биеэ чимээд  орхихыг хүсч байлаа. Тэр нэгэн шөнөөс хойш Гэнжи хичнээн удаа үг дайлгасан ч Үцүсэми эрс хатуугаар татгалзаж ирвэй.
Гэнжи бас л кататагаэгээр түрий барьж Кинокамигийн өргөөнд ирлээ. Когимиг шаардан байж уулзахаар оролдсон ч хүн олонтой, хаалгаа сайтар түгжсэн тул ердөө боломж гарсангүй.
-“Ямар нэг юм хий л дээ, дахиад ганцхан удаа уулзмаар байна шүү дээ” гэх Гэнжигийн шалаанд Когими ихэд түгшиж зогслоо.
-“За тэгвэл оролдъё, урагштай болох эсэхийг мэдэхгүй л байна...” гэсээр харанхуйд чихэлдсээр өргөөний гүн рүү дагуулаад орж явчихлаа. Өмнө талын өнцгөөс дааман хаалгыг цохиж Когими “Онгойлгоно уу, би буцаж ирлээ” хэмээн хашгирав.
“Яагаад ийм халуун байхад хаалга буулгаа вэ” гэж Когимиг асуухад Нёобоо бололтой эмэгтэй “Баруун ахайтан морилоод. Го наадаж байгаа тул” гэв. Гэнжи Когимигийн орсон нүхээр шурган орлоо. Дэнлүү ассан тул цаад тал сайн харагдаж байлаа.
Эх хатны өргөөний багана налаад цэмцгэрхэн, үзэсгэлэнтэй, жижгэвтэрхэн биетэй эмэгтэй хүн сууж байлаа. Үзмэн ягаан өнгөт хитоэгээр (язгууртан хатан хүний өмсдөг хувцас) биеийг хулдаж, нүүр нь хугас харагдана.
Байр байдал төрх нь эртээдийн шөнийн дурласан бүсгүй мөн бололтой байлаа. Гэнжигийн зүрх булгилж, нүдээ дүрлийлгэн ажлаа. Зовхи нь цэлхгэр, хамрын хянга тод бус, даруу эгэл байрын эмэгтэй байлаа. Юутай ч амгалан, аятайхан төрх байдалтай, биеэ эвтэйхэн авч явдаг хүн ажээ.
Аан, энэ эмэгтэй байжээ. Харанхуйн дунд гарт мэдрэгдсэн байдал хийгээд гэрэлд харах дурлам төрх байдал хоёр яг давхцаж буй мэт сэтгэл төрнө.
Үцүсэмиг тийм ч царайлаг гэхгүй ч биеэ авч буй байдал нь туйлын сэтгэл татам агаад Гэнжигийн санаанд нийцэж байлаа.
Бас нэгэн эмэгтэйн царай сайн харагдаж байв. Тэрээр орчин үеийн маягийн, нүдэнд шууд тусахаар царайлаг эмэгтэй байлаа. Цайвар өнгийн хитоэкасанэ(!)дээр цайвар цэнхэр өнгийн коочиги(!) аятай зүйлийг эгэлдэрч, улаан өнгөтхакамагийн дотуур бүсээ харагдтал энгэрээ задгайлж цагаан цээж нь нүдэнд тусах авай.

Гэнжийн дуулал

Мянган жилийн тэртээ бичигдсэн Японы алдарт Гэнжийн дуулал зохиолыг орчин цагийн Япон хэлэнд Танабэ Сэйкогийн хөрвүүлэг, орчуулагч О.Жаргалсайханы орчуулгаар Монголчууддаа хүргэснийг энд танилцуулж байна.

эх сурвалжийг дараахи хуудсаас авав.→Yokoso http://bmand.ikhzasag.mn/index.php//home/post/50

   



Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны бөлөг

                                                                                                (1-р хэсэг)

Гэрэлт Гэнжи, Гэрэлт Гэнжи хэмээн хавь ойрын хүмүүс хэрэг болгон нэр зүүж, сэтгэл дэнслэм дур булаам залуу гэж ам амандаа шагшихыг Гэнжи тоодоггүй, ер юман чинээ ч санадаггүй авай. Тэрээр бодь, төв хичээнгүй залуу бөлгөө.
Хаа сайгүй л байдаг хээнцэр эрчүүдтэй адил энд тэндгүй дэлгэрсэн элдэв хөнгөмсөг явдал сэлт нүүр улайм зүйлийг үл хийх ажгуу.
Эзэн хааны хүү хунтайж хэмээх угсаа язгуур хийгээд чюүжёо  хэмээх хэргэм, дээр нь Садай сайдынхны хайр, итгэл хүртэл байх тул хөнгөн сэлбүүр явдлаас ихэд биеэ барьдаг байлаа.
Садай сайд Гэнжигийн Аойно хатных нь эцэг бөлгөө. Гэнжи хүмүүсийн хэл амны бай болон шуугиулах зүйлээс аль болох биеийг сэргийлдэг байв. Залуу ханхүү ухаан сийрэг, сэтгэлийн байдал гүн авай. Тийм атал л хавь ойрынхон яагаад ч юм эрхэмсэг гоо залуу лугаа адилаар хандах нь хүмүүсийн /ялангуяа эмс хүүхнүүдийн/ шохоорхол, мөрөөдлөөс улбаатай буй за.
Түүний үзэсгэлэн гоо төрх, яруу шүлэг лугаа амьдрал, Кирицүбо хаан хийгээд хаантны тэнгэрт хальсан амраг залуу бүсгүй хоёрын энэлэм хайрын дундаас төрж,  борив нь тэнийж  амжаагүй байхдаа эхээсээ хагацсан зэрэг золгүй хувь заяа нь хэн бүхний сэтгэлийг сэнсрүүлдгээс үүдэлтэй бололтой. Хаантанд бас нэгэн нёого буюу ордны ахайтан, хатан эх байсан боловч хэн хүнээс илүүтэй халуун хайрыг нь мөнөөх шивэгч бүсгүй эзэмддэг байлаа. Өдөр ч, шөнө ч хажуунаасаа салгана гэж үгүй, хавь ойр ордныхон Гэнсоо хаан /Тан Улсын буюу 685-762 онд амьдарч байсан зургаадугаар хаан/ Ёоки хатантан /719-756 онд буюу хятадын Тан улсын Гэнсоо хааны хатан/ нартай адилтгадаг  цуутай хосууд байжээ. Тийм тул  ордны бусад хатагтай, эмс нарын хар хор хийгээд атаа жөтөө хэлэх юм биш байв.
Кирицүбо хаантны сэтгэл уян шивэгч амраг  хаантныхаа дан ганц хайрыг түшиж амьдарч ирсэн боловч сэтгэлийн чилээ зүдүүр нь хуримтлагдсаар өвчнийг олж яах ийхийн завдал өгөлгүй тангарт хальж одсон билээ.
Хаантны энэллийг үгээр илэрхийлэх аргагүй.
Амраг бүсгүйн хайр сэтгэл хичнээн үнэнч, юутай элгэмсүү байсан хийгээд гоо үзэсгэлэнт дүр төрх, эеврүү эелдэг зан, эрхэмсэг агаад намба төгс байсныг нь нэгд нэгэнгүй санахаар одоо хүртэл хажууд нь зогсох шиг болох тул хүмүүний нүдний хорыг ингэтлээ татах хүртлээ шивэгч бүсгүйд таалалтай байсан маань эцсийн бөлөгт ийм л богинохон хувь байж дээ гэхээс хаантны самсаа нь шархирах  бүлгээ.
Шивэгч бүсгүйн үлдээсэн хан хүү тэр үед дөнгөж гурван ойтой, гэр дүүрэн гэрэл цацраасан үзэсгэлэнт хөвүүн байлаа. Эхийгээ хальсныг мэдэх биш, нүд дүүрэн нулимстай суугаа хаан эцгийгээ гайхан мэлтийж харах бүлгээ.
Хаантан хайрт бүсгүйгээ санагалзуулам энэ хүүд Гокидэн /Кирицүбо хааны авааль хатны орд өргөө/ ордонд залрах авааль хатантнаас төрсөн ууган хунтайжаасаа илүү хайртай байлаа. Кирицүбо хаантан сэтгэлийн мухартаа угсаа залгамжлах ууган хүү хунтайжаа алгасуулан байж удаахь энэ ханхүүг тоогүү буюу өөрийг нь залгамжлах хунтайжийн орд өргөөнд суулгах санаа зүүвч, чанд асрах хүн бас ч ховор, төрийн зүгээс ивгээл дэмжлэг үгүйн дээр хүмүүс хүлээн зөвшөөрөхийн учир нэгэнт үгүй байжээ. Энэ явдал мэдэгдэх аваас тэр байтугай хан хүүгийн биенд аюулыг урин дуудах лугаа адил хэрэг хэмээн хаантан сэтгэх тул  хунтайжийг ил гаргах дургүй байлаа. Ханхүү төрсөн эхийнхээ төрхөмд, эмэг эхийнхээ халамжинд хүргэгдэж байгаад зургаан нас сүүдэр зооглох үед нь буурал эх нь ч ертөнцийн мөнх бусыг үзэв гэнэ.
Энэ үед ханхүүгийн бие сэтгэл бас ч чангарч байсан тул эмэг эхээсээ уйлан байж хагацаж үджээ. Цусан төрлийн заяа нимгэн, хөөрхийлөлтэй хан хүүгээ өрөвдөж, хаантан өөрийнхөө орд өргөөнд татан авч, өөрийн гараар өсгөн хүмүүжүүлэх болов. Эрдэм чадал төгс, урлахуйн ухаанд авьяастай, бие сэтгэл чанга, үзэсгэлэн гоо энэ хүү ордныхны хайрыг татсан хүн болж өсч өндийжээ.
Тэр үед Гуулин Улсын төлөгч хан хүүг хараад толгой сэгсрэн гайхсан удаатай.
“Гайхаад үл бармой. Энэ хан хүү тэнгэрийн тааллаар хаан ширээнд залрах хувьтай гэж төлөгт буух мөртөө тийн хэмээн үзэхүл хаан төр нь хямарч, хамаг ард нь зүдрэх нигууртай аж. Харин төр улсын мэргэн түшээ болж улсын эрхийг барилцах аваас арай өөрөөр бодогдмой” гэжээ.
Хаантанд сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн зүйл байвай. Ханхүүг угсаа залгамжлах хун тайжид өргөмжлөөгүй нь ч урьдаас бодож тунгаасан гүн санаанаас үүдэлтэй ажээ. Эзэн хааны овог гэдэг нэр төдий зүйл агаад, арын хамгаалалт ч, түшиж тулах амьтан ч байхгүй тайван бус амьдралаас илүүтэй дээдсийн доор байж, орон улсынхаа засаг төрд оролцож явах нь ирээдүйн хувь зохиол нь ч нээгдэж, авъяас билэг нь ч хөгжинө гэж тунгааснаас үүдэлтэй ажээ.
             
                 


Гэнфүкү ёс /дээдсийн эрэгтэй хүүхэд нас биенд хүрсний тэмдэг болгож анхлан канмүри малгай өмсөх ёслолыг хэлж байна. Уг ёслолыг голдуу 11-20 насны хооронд хийдэг./- ыг үйлдсэний дараа хан хүү Гэнжи овгийг авч хунтайж бус жирийн хүмүүн болжээ. Боосон үсээ өөрөө задгайлж, отго малгай хүлээн авсан Гэнжи “гэрэлт хүү” хэмээх нэр ёсоороо гэрэлтсэн үзэсгэлэнтэй сайхан залуу боллоо.
Хагацаж одсон хайрт Кооэ минь /кооэ гэдэг нь шивэгч гэсэн утгатай/ энийгээ харсансан бол юутай баяртай байхсан бол гэхээс хаантан тэвчиж чадалгүй нууцгайхан нулимсаа бөмбөрүүлж суужээ. Хаантан шивэгч бүсгүй хоёрын гал цогтой амраг хайр, Кооэгийн хагацал үхэл зэрэг эртний хэрэг явдлыг мэдэх хэн бүхэн өсч товирсон Гэнжигийн ахуй дүрийг харахаараа өөрийн мэдэлгүй нулимс унагаах бүлгээ. Бусдад байдаггүй нөлөө Гэнжид байдаг гэдэг нь энэхүү өнгөрсөн цагийн үүх түүхээс үүдэлтэй ажээ. Амьд домог болсон эцэг эх хоёрынх нь гал халуун дурлалын цог одоо ч түүний биеийг тойрон эргэлдэх бүлгээ.
Тэрээр биеийг хөдөлгөх бүртээ бусдын чивхэн уурыг түрүүлмой.
Хүн түүнд согтож, тачаадах бүлгээ.
Түүний дээр Гэнжигийн нэвт ханхлах лугаа адил үзэсгэлэн төгс залуу төрх өчүүхэн зэрэг гар хөлийг хөдөлгөх төдийд л хязгаарыг хальсан цуу яриа далайн давалгаа лүгээ адил одохгүй гэх газаргүй бүлгээ.
Гэнжи биеэн барьж, зохис төвийг хичээж, сэтгэлийг нягталж байлаа. Харин түүний үнэн сэтгэлийг хэн ч үл ойлгоно. Тэр залуу гуниг тээн сэтгэлийн мухартаа өр өвтгөм, нууцгайхан хайрыг хадгалж байлаа.
Тиймийн тул өнгө төдийхнөөр биеийг золих сэтгэл түүнд ер үгүй байлаа.
Гэсэн хэдий ч аргагүй л байдал бишдэж, муруйж гажсан хайрын явдалтай учруут сэтгэлийг долгилуулахгүй гэж хэлж болдоггүй ажээ.
Үцүсэми хэмээх эхнэр хүнтэй сэм учирсан нь  бодож байхад бодгал биеийнхээ хувь чанарын  мөнөөх ялгаа зөрүүг сонжин боддог байснаас үүдэлтэй  буюу.
Зун цаг шөнө бөгчим, тэсэж тэвчихэд бэрх байлаа.
Гэнжи Садай сайдын ордонд очихоор гарлаа.
Голдуу л өргөөндөө шигдэж байдаг агаад түүний хувийн өрөө хоёр давхарт байдаг ажээ.
Аойно ахайтны буюу Садай сайдын ордон руу зүглэх нь гэргийтэйгээ хамт байх гэхээс илүү хадам эцэг  болох Садай сайдын ивээл хайранд хариу барихын тулд ажээ.
“Уйтгартай байна шүү” гэж Гэнжи хэзээ нэгэн цагт нууцгайхан хайрын нь нэгэн эзэн болох Рокoүжёоно Мияасүн докоро ахайтанд сэм өгүүлсэн явдал бий билээ. /Рокүжёоно Мияасүн докоро нь уг зохиолын баатруудын нэг бөгөөд Гэнжигийн дурлалт бүсгүйчүүдийн нэг юм. Акикономү хунтайжийн эх/Мияасүн докоро ахайтан өнгөрсөн жил нас нөгчигсөн хун тайж агсаны  гэргий бөгөөд хорвоо ертөнц хорвоо л ертөнц юм хойно хаантны орд өргөөнд байх л ёстой хүмүүний нэгэн болж үлджээ. Хунтайж хальж, бүсгүй хорвоогоос уйдан, аядуухан нам гүм амьдрах болсон бөгөөд өндөр дээд язгууртай энэ  бүсгүйтэй Гэнжи нэг л мэдэхэд амьтны нүдийг сэм хариулан учирдаг болсон билээ.Гэнжи хөнгөн долгин зам мөр, өнгөний тачаалд нүдээ үл унагаж ирсэн нь иймэрхүү ертөнцөөс эмээж, хүний нүд хариулахаас аргагүй амаргүй хайр л түүний сэтгэлд таатай байдгаас үүдэлтэй буй за.
            -“Эхнэр маань жаахан ч атугай эгэл жирийн эхнэр нөхөр лүгээ адил сэтгэлийг нээж, инээх цагтаа инээж, уйлах цагтаа уйлж, атаа хорын үг ч атугай чулуудаж  байдагсан бол энэ өргөө рүү морилох нь зугаатай хэрэг байхсан билээ”.
            -“Тийм гэж үү дээ, та л сээмгэнүүр сэтгэлийнхээ хөвхөлзөөнөөр морилж байгаа хэрэг биш гэж үү ” гээд эрхэм хатантан инээвхийлэн хэллээ.
            -“Тийм хөөрхийлөлтэй тал харин ч байхгүй шүү. Сайн гэр бүлд мэндэлж, хүмүүсээр арчлуулж тойлуулж дасаад, бүсгүй хүнийг гэх сэтгэлийг гээсэн байж магадгүй л юм... гэхдээ өндөр дээд угсаа гаралтай төрөвч тань лугаа адил мэдрэмж гүн хүмүүн бас байдаг л юм байна. Аливаа хүмүүний өөрийх нь л хувь чанарын төрмөл шинж буй за... “
            -“Харин л дээ, миний бие хадам талаа мэдэхгүй ээ, эм хүн эм хүнийхээ хэрэг явдлыг ийм тийм энээ тэрээ гэж ярих  нь ёсгүй доорд хэрэг бус уу”.
Гэнжи гэргийнхээ орд өргөөнд ирсэн хойноо амраг бүсгүйтэйгээ ийн амтархан ярилцсан яриагаа нууцгайхнаар эргэцүүлэн бодож суулаа. Энэхүү эгчмэд, эрхэмсэг, тунгаамал хатантай нэгэн шөнийг өнгөрүүлэх эр хүн юутай золтой вэ гэдгийг таашгүй...
Гэнжи хатан Аойногоо амар эрж ёслол үйлдэхийг нь л эс тооцвол бахь байдгаараа орд өргөөндөө шигдэн суух тул хийх юмгүй,  дэмий л ордны аятайхан залуу эмс хүүхнүүдэд хошин яриа ярьсан шигээ цаг нөхцөөж байлаа.Нар ороод өнөө шөнө ордон хавь муу зүг чигт байх тул кататагаэ үйлдэхээс /Хэйаны үеэс хойш бий болсон зүг гаргах заншил юм. Гадагш явах үед очих газар нь цээртэй чиглэлд байвал урьд орой нь зүгээ гаргаж, өөр газар хоноглож, зүг чиг өөрчлөгдсөний дараа цааш явдаг байжээ./ аргагүй боллоо гэж хавь ойр ордны эмс хүүхнүүд шуугилдаж байлаа. Үнэндээ бол Гэнжи үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан тул Садай сайдын ордонд ирсэн бүлгээ.
Эхнээсээ л кататагаэ хийж аль нэг газар сэм очих юм  биш биз гэж Садай сайдынхан ч сэтгэлээ чилээхээс сийхгүй , сэжиг дамжигтай бодогдож суух нь ч  сэтгэлд сэвтэй тул “ядарч байна, больё больё яршиг” гэх зэргээр цааргалаад Гэнжи хэвтлээ.
-“Яаж болох билээ, алдас болох биш үү. Кинокамигийн өргөө ордон ямар вэ, сэрүүхэн бололтой гэсэн...”   хэмээн гуйлган байж Гэнжи “яршигтай юм” гэж амандаа үглэсээр явахаар боллоо.
Киноками түүнийг ихэд хөл алдан, ихээхэн сэтгэл гарган тосч авлаа.
Голын усыг шуудуулж урсгасан сэрүүхэн байрын өргөө байлаа. Хөдөө маягаар зүймэл өвсөөр хашаалаад, халиурсан өвсөн дээгүүр галт цох нисэлдэн, голын эрэг хавь юутай сэрүүхэн. Архи бага зэрэг хүртээд, түр морилоход зориулж хийсэн унтлагийн өрөөний нэг буланд хажуулдаж байтал цаад талын мухраас хүүхнүүдийн шивэр авир хийх чимээ сонсдов.
Киноками “ садангийн бүсгүйчүүд ирсэн байгаа тул гээд цааргалах  маягтай байсан эд байх нь ээ...” гэж Гэнжи бодлоо.
Кинокамигийн эцэг Иёоносүкэгийн бага хатан ч бас морилж буй  бололтой.
Хүүхнүүдийн өмссөн кимоногийн хормойн сүр сар хийх чимээ сонсдож, тэд аяархан инээлдэж байна.
Гэнжи зогтусан зогсоод гүймэн хаалганд чих тавин чагналаа. Бүсгүйчүүд их хатан эхийн өргөөнд байх агаад нууцгайхан ярилцаж байх ажээ. “Төв хичээнгүй байрын хүн юм, залуу хүн мөртлөө,  сайн айлын язгууртан хатныг эхнэрээ болгочихсон болохоор тийм л юм даа” . “Ойлгоход бэрх л юм, сэм хайрын эзэн түүнд хэд хэд бий гэдэг яриа ортой гэсэн  шүү ...”
Миний тухай ярьцгааж байна гэж Гэнжи шууд л ойлгов. Хүүхнүүд “нууц хайрын эзэн”ий  нэрийг нь хүртэл хэлж байна.
Таарч байгаа нь ч байна, таарахгүй байгаа нь ч байлаа.
Тэр байтугай Гэнжийн Шикибү Кёогийн ордны эрхэмсэг хатанд дуулсан дууг бага зэрэг буруу хэлж байх хүн ч тэдэн дотор байлаа.
Гэнжи “тэр хүн”-ий нэр гарах нь уу гэж зогтусан байж зүрхээ догдлуулан бодож зогсов.
Тэр бол Рокүжёоно Мияасүн докоро биш байлаа. Гэнжи өөрөө хүртэл түүний нэрийг амандаа хэлэмгүй, эрхэмсэг нэгэн бүсгүй ажээ.
Хүүхнүүд Иёоносүкэгийн хатан, эмс бололтой агаад иймэрхүү хов живийн яриаг баясгалантай нь аргагүй ярьж суухыг бодоход гэрийн эзэгтэй хатантанд ч эм хүний дорд араншин байхгүй гэх газаргүй болой. Гэвч Гэнжи тэрхүү хатантныг охин байхад эцэг нь бэр буулгах санаатай байсан яриаг сонссон тул ямар бүсгүй юм бол харъя байз гэж бодлоо.
Бүсгүйн эцэг нь залуудаа нас нөгчиж, эцэг хүү хоёр шиг насны зөрүүтэй Зүрёо /орон нутагт төвөөс томилогдон ирсэн захирагч/ -гийн бага хатан болсныгоо тэр бүсгүй юу гэж боддог юм бол доо.

Сано Ёоко-Сая сая жил амьдарсан муур


 Сано Ёокогийн
 <<Сая сая жил амьдарсан муур>>өгүүллэгийг
Ёорокоби-Б-гийн орчуулснаар толилуулж байна.
http://japaneseculture-yorokobi-b.blogspot.jp/2009/04/blog-post.html

*Энэ зохиолыг уншаад ихэд сэтгэл хөдлөж, орчуулаад үзье гэж бодсон юм. Та бүхэн хайр дурлал, үнэнч сэтгэл, эрх чөлөөний тухай боддог бол уншаад үзээрэй.
                                                                   Ёорокоби-Б






Сая сая жил амьдарсан муур


Сая сая удаа үхэж, сая сая удаа амьдарсан ер бусын муур байжээ. Сая сая хүмүүс муурыг хайрлан энхрийлж, сая сая хүмүүс муурыг үхчихлээ хэмээн гашуудан уйлжээ. Харин муур өөрөө нэг ч удаа уйлаагүй юм. Нэгэн удаа муур их хааны тэжээмэл муур болон төржээ. Муур хаад ноёдыг үзэн яддаг байжээ. Тэр хаан дайн тулаанд дуртай, үргэлжид дайн хийдэг байв. Нэг удаа муурыг тансаг сагсанд хийгээд дайнд авч явжээ. Тэгтэл муур тэнэсэн суманд оногдоод үхчихжээ. Хаан тулаан ид дундаа орж байхад муурыг тэврэн уйлж, дайныг зогсоогоод, цайздаа буцан очиж, цайзын хашаанд муураа оршуулжээ. Нэгэн удаа муур далайчны муур болж төржээ. Муур далай тэнгист тун дургүй байлаа. Далайчин олон далай тэнгисээр мууртай хамт аялж, олон боомтуудаар түүнийг дагуулан явжээ. Нэгэн өдөр муур усан онгоцноос уначихжээ. Муур сэлж чаддаггүй байж. Завьчин яаран түүнийг тороор татаж гаргасан боловч, муур усанд живээд үхчихсэн байжээ. Завьчин нойтон алчуур шиг болсон муурыг тэврэн чанга дуугаар уйлжээ. Тэгээд алс холын эргийн цэцэрлэгт нэгэн модны доор түүнийг оршуулжээ. / товчлов/ Нэгэн удаа муур хэний ч муур биш золбин муур болж төржээ. Муур анх удаа өөрийхөө муур болжээ. Муур өөртөө их хайртай байлаа. Тэр их сайхан эрээн муур байсан учир гайхалтай сайхан золбин муур болжээ. Ямар ч эм муур түүнтэй хамт байхыг хүсдэг байв. Том загас бэлэглэх муур ч байлаа. Зарим нь түүний сайхан эрээн арьсыг нь илбэн таалж өгдөг байв. Муур “Би бол сая сая удаа үхэж үзсэн. Одоо л нэг сайхан байна” гэж сайрхдаг байлаа. Муур хэнээс ч илүү зөвхөн өөртөө л хайртай байжээ. Тэр муур луу хялам ч хийдэггүй цорын ганц үзэсгэлэнтэй цав цагаан муур байдаг байлаа. Муур цагаан муурны хажууд очоод “Би сая сая удаа үхэж үзсэн шүү ” гэж хэлэхэд, Цагаан муур “Тиймүү” гэж л хэлэв. Муур өөртөө маш их хайртай байсан учир уур нь жаахан хүрчээ. Дараагийн өдөр нь ч түүний дараагийн өдөр нь ч муур цагаан мууран дээр очоод “Чи бол ганц удаагийхаа амьдралыг ч дуусгаж үзээгүй дээ” гэж хэлжээ. Цагаан муур “Тиймээ” гэж л хариулжээ. Нэгэн өдөр муур, цагаан муурны өмнө зогсоод, гурван удаа агаарт үсрэн биеэрээ эргээд ийн хэлэв. “Би циркийн муур байж үзсэн шүү” Цагаан муур “Тиймүү” гэхээс өөр юу ч хэлсэнгүй. “Би сая сая удаа. . .” гэснийгээ дуусгалгүй, “Чиний хажууд байж болох уу” гэж цагаан муурнаас асуулаа. Цагаан муур “Тэг тэг” гэж хэлэв. Муур цагаан муурны хажууд цаг үргэлж байх боллоо. Цагаан муур хөөрхөн зулзаганууд төрүүллээ. Тэр цагаас хойш муур “Би сая сая удаа. . .” гэж огтхон ч хэлсэнгүй. Муур цагаан мууранд бас хөөрхөн зулзаганууддаа өөрөөсөө илүү хайртай болжээ. Зулзаганууд том болж бүгд тус тусдаа гарцгааж, хаашаа ч юм явцгаажээ. “Тэд ч нар сайхан золбин муурнууд болцгоожээ.” хэмээн муурыг сэтгэл хангалуун хэлэхэд цагаан муур “Тиймээ” гэж хэлээд хоолойгоо гүр гүр гэж зөөлнөөр дуугаргалаа. Цагаан муур хөгшрөөд эмгэн болжээ. Муур түүний дэргэд зөөлнөөр хоолойгоо дуугаргасаар. Муур цагаан мууртайгаа үүрд хамт байх юмсан хэмээн боддог байлаа. Нэгэн өдөр цагаан муур эр муурынхаа дэргэд чимээгүйхэн хөдлөхөө болилоо. Муур анх удаагаа уйллаа. Үдэш болоод өглөө боллоо. Дахиад үдэш болж, бас өглөө боллоо, муур сая сая удаа уйлсаар. Өглөө, үдэш солигдсоор, нэгэн өдрийн үд дунд муур уйлахаа болилоо. Муур цагаан муурныхаа дэргэд чимээгүйхэн хөдлөхгүй боллоо Муур хэзээ ч дахин төрөөгүй юм. .

зургийг дараахи хуудсаас авав→http://freud.cocolog-nifty.com/blog/2009/03/index.html

2012/09/18

Тажима Ясүэ-Аварга яст мэлхий



Өглөө сэртэл дэрний хажууд нэгэн яст мэлхий
Өөдөөс минь цоргитол ширтэн сууж байлаа. 
Аргагүй санамсаргүй тохиолдол боловч
Ай, ямархан учиртайг нь бүү мэд ээ.
Том биетэй тэр яст мэлхийг
Толгойн тушаа байхад нь огтхон ч эвгүйцсэнгүй ээ.

Яаран босож хувцасаа өмсөөд
Угаалтуурын толины өмнө зогстол
Яг өнөөх мэлхийн дүр зурсхийгээд
Эргээд харахад арилсан байлаа
Янаг дасал хүн шиг минь санагдсан болохоор
Яахав, буцаад ирэх биз дээ гэж бодлоо

Оройн мэдээгээр дэлхий дээрх хамгийн сүүлчийн
Аварга яст мэлхий үхсэнийг мэдлээ.
Өмнийн арал Гарапаст нутагладаг байжээ.

Гариг дэлхий дээр орь бие хоцроод
Ганцаардмал Жорж гэж нэр зүүсэн тэр аварга амьтан
Ижил сүрэгтэйгээ хэзээ ч уулзахгүйгээ мэдэж байсан биз ээ
Үхэх хүртэлээ тийн ганцаар амьдарсан ажээ.

Тэгээд л өнөөх яст мэлхий ахиж үзэгдсэнгүй.
Тэгэвч намайг ширтэж байсан
Тэр харц нь дотроос арилсангүй.

Япон хэлнээс орчуулсан 
Аюурзанын Дайрийжав,Батсуурийн Баясгалан

зургийг 
дараахи хуудаснаас авав.
http://photoppi.com/s/%E3%82%AC%E3%83%A9%E3%83%91%E3%82%B4%E3%82%B9%E3%82%BE%E3%82%A6%E3%82%AC%E3%83%A1/    




2012/09/17

Какүта Мицүёо-Ашгүй та ирэв үү?(Төгсгөл)

Күсакабэгаас авсан товхимол яагаа ч үгүй атал тараахаа больчихов.Харин оронд нь би аравнаас бусад өдөр бүр эмгэнийх рүү очлоо.Шар айрагтай хачир,цагаан будаатай дарсан ногоо байнга бэлдсэн байдаг байв.Эмгэн ямагт энгэсэг түрхэж,Япон хувцас өмсөнө.Намайг савхаараа ногоон шошыг сурамгай авч чадахгүй байвал тэрээр наг наг инээнэ.Арын жинжа*-д орогнодог  муур зулзагалсныг ярих үе ч байлаа.Эмгэнийхээр орсоны дараа яагаад ч юм бүр нэг ажилдаа очих дур алга болж,уушийн газар дахь цагийн ажилаа хэдэн өдөр дур мэдэн тасалснаасаа болоод хусагдчихваа.Күсакабэгийн авчирч өгсөн товхимолуудыг тэр чигт нь оролдсонгүй.Мөнгө ч арвижаагүй нь мэдээж.Чикада Хирокод зориулж барьцааны тэрэг хөлслөх мөнгө ч тэр,Франц хоолоор дайлах мөнгө ч тэр алга.Юун тэр байтугай,киноны тасалбар хоёр хүнийхийг авч чадах эсэх нь ч эргэлзээтэй шахуу байлаа.Тэглээ ч би өөр ажил хайлгүй,товхимолоо ч тараалгүй,эмгэнийд очсоор л байв.Чикада Хирокотой болзох нь яваандаа ер сонин биш болж хувирав.Нэг л,түүнтэй болзохыг хүссэн өөрийгөө хачин нялх амьтанд тооцов.
 
           


Ярилцаж ч үзээгүй бүсгүйд татагдах сэтгэл минь яг л хөнгөн амьтан шиг санагдах юм.Найзуудад бүгдэд нь байгаа гэдэг шалтгаанаар хүсээ ч үгүй <<дугуйтай тэшүүр>>ийг авах гэж шалах хүүхэд адил...Чикада Хирокотой болзохоос илүү,эмгэний Япон өрөөний явган ширээнд,түүнтэй өөд өөдөөсөө хараад суухыг илүүд үзлээ.Тэрхүү хачирхалтай тайвшралдаа бүүвэйлэгдэж баймаар байсан юм.
Гэвч,наймдугаар сарын гучны тэр өдрөө би болзоонд ч явалгүй,эмгэнийд ч очилгүй,бүгчим өрөөндөө хэвтээд өгөв.Арав хоногийн өмнө,ердийнхөөрөө эмгэний хаалгыг нээтэл,үүдний хаалга хүчтэй онгойж,тайрмал үстэй ахимагдуу авгай үсрэн гарч ирдэг юм байна.~Чи юу!!!?гээд надруу хялалзаад,хашгичих мэт орь дуу тавилаа.
~Чи байсан байхнээ!!!?
Өдөр бүр...,өдөр бүр гал тогоонд хоосон лонх байхаар нь бүр гайхаад байсан юмаа.Ямар санаатай манайхаар орж ирээд байдаг юм!?Настай хүнд тал олж байгаад,мэхлэе гэвэл тэгж ч ярихгүй шүү!!!Ийм юмыг...,ийм юмыг...!!!!
Авгай цаанаасаа товхимол гаргаж ирээд,надруу цацлаа.Тэд нь хайш яайш сандайчин  хөлний дэргэд уналаа.~Настай хүнд тулгаж зарахыг хэрхэвч зөвшөөрөхгүй шүү!!!Чи ер нь, гэр чинь хаанав?Сургууль чинь аль вэ?Нэрээ хэлээч!!
...аймшигтай уцаарлаж байна.
Би дороо эргээд,байдаг чадлаараа зугатаалаа.
~Дахин бүү үзэгдээрэй!!Ирдэг л юм бол цагдаад бариад өгнө шүү!!
Ар нуруунаас авгайн хашгичих нь сонсогдоно.
Би зугатаангаа,~Эмгэн кимоно өмсөж,нүүрээ будаад,Япон өрөөндөө сууж байгаа байх даа?гэж бодлоо.Тэр авгайн дууг сонссон боловуу?Сонсоогүй л байгаасай.Тас тас хашгичих тэр дуу хоолой,өөр юмсын чимээ шиг Япон өрөөний энд тэндгүй тусах сүүдэрт сорогдоод алга болчихоосой.Галт тэрэгний буудалдээр иртэл хамаг биений хөлс асгарч байна.Автомат худалдагч машинаас ундаа аваад нэг амьсгаагаар залгилав.Тэнгэр өөд өлийлөө.<<Юу л хийгээд байна даа,би!!?Өдий болчихоод...!!?>>Амандаа тэгж бувтнаад инээж үзлээ.Тэгэхгүй бол уйлчих гээд болдоггүй шүү.Загнуулаад гэрээсээ хөөгдөж гарсан жоохон хүүхэд шиг л...
Зуны тэнгэр алсад,үүл нэгээхэн ч үгүй.Тэр өдрөөс хойш би эмгэний гэрт очсонгүй.Тэрчлэн,Чикада Хирокотой ч болзох хүсэл төрсөнгүй.Гучны орой,өрөөнд хураалттай цаасан хайрцгийг Күсакабэгийн өрөө рүү зөөлөө.Тэрээр төвөгшөөгөөд ч байх шиг,хөөрхийлөөд ч байх шиг царайгаар надруу харж байна.
~Үүнийг чинь буцаалаа!
~Зуны мралт дуусах дөхсөн ч,наадахаа тарааж дуустал нь үргэлжлүүлж болно шүү дээ гэж Күсакабэ аргадангуй хэллээ.
~Үгүй ээ,надад тохирохгүй юм шиг байна,буцаая!!
Тэгж хэлээд өрөөнд нь цаасан хайрцгаа орхилоо.Күсакабэ ёозгүйхэн надруу харж байснаа,дугтуйнаас хэдэн дэвсгэрт сугалж аваад надад өглөө.Төсөөлж байснаас хамаагүй цөөхөн байсан ч,мэдээж ажлаа сайн хийгээгүй юм чинь яаж гомдол гаргах вэ дээ!?Тэрийг нь автал Күсакабэ хэлж байна.~Маргааш цуглаантай,явах уу?
~Энэ товхимолын тухай илүү сайн мэддэг болно,аягүйд бол чамд тохирох ажил байх ч юм билүү?!Би хөдөлгөөнгүйгээр түүнийг ширтлээ.Цагаан дух,мөнгөлөг шил,хусалгүй үлдээсэн гэмээр сахал...~Итгэх юмтай байхаар хүчирхэг болдог байхдаа?гээд ганц үг унагачихсан чинь Күсакабэ хормын төдийд баярлавуу гэлтэй царайлсанд,бодсоноо тэр чигт нь ил гаргасандаа харамсав.Күсакабэ нүдний шилээ өргөнгөө нөгөө л огторгуй,их бурхан мэтээ ярихаар завдахад нь би сонсолгүй буруу харчихав.Түүний шүтдэг юманд нь итгэх хүсэл үнэндээ байгаагүй ч,ямар нэг зүйлд эргэлзэлгүй итгэж буйд нь л атаархмаар санагдлаа.Итгэх юмтай байна гэдэг бол тэрхүү бүүдгэр Япон өрөөнд мэдэрсэн хязгааргүй их тайвшралд эцэс төгсгөлгүй бүүвэйлэгдэн байгаа мэтээр надад буусанд оршиж байлаа.
Шал дэмий юм ярьж байх юм гэж бодсон уу?Ийм үед,юунд тийм тэнэг юм яриад байна вэ?Тэгж бодсон байх л даа...Гэхдээ би чамд сонсгохыг  хүссэн юм.

Хайр сэтгэл гэдэг итгэл,хүндлэл,санаа тавих,халамжын зогсолтгүй хөдөлгөөн ч юмуу даа(орч.)



Чамтай амьдралаа холбоод би тэрхүү үл таних айлд өнгөрүүлсэн цагаа дурсдаг байлаа.Тиймэрхүү хором,мөчүүд бидний амьдралд урсан өнгөрөөсэй гэж боддог байлаа.Тэр дороо биш байсандаа хамаа алга.Арван жил,хорин жил,тавин жилийн дараа ч болно.Үерхэлийн эхэн үеийн хайр дурлалын хүчтэй мэдрэмж бүдгэрсэн байлаа ч,тэр нь хэлбэрээ өөрчилж,дадал зуршилд шингэн,түүндээ би ч,чи ч гүн тайвшралыг олдог,нэг л өдөр тиймэрхүү болоосой гэж хүсдэг байсан.Итгэж болох зүйлээ биечлэн бүтээмээр байсан юм болов уу даа.Тэр нь хайр дурлалын сэтгэл хөдлөл гэдэг бүрхэг зүйл байлаа ч,хурим гэдэг хэлбэр биш гэлээ ч,бүр нэг тийм өчүүхэн ,жоохон зүйл.~Өө,ашгүй та ирэв үү?~За,сайн яваад ирээрэй!! гэх элэгдтэл давтагдах үгс...Өөрийнхөө нэрийг мартчихсан байлаа ч,ганц түүнийг л мартаагүй байх хөдлөшгүй зан үйл...Тийм л юмыг чамтай бүтээхийг хүссэн юм.Хальс шиг нимгэн цаасаа аваад дүүргийн захиргаан дээр очсон тэр өдөр бодож байсан зүйл минь гэвэл тийм л юм байсныг энд яадаг ч байсан чамд сонсгохыг хүслээ.
Чи минь хэдийнэ бүлээдсэн шар айраг аягандаа хийж,минийхэд ч нэмж дүүргэнэ.Бид биенээ харалгүй түүнийгээ ууна.Чи минь зэрвэсхэн надруу хараад,үл ялиг инээвхийлнэ.~Тийм шүү,би ч адил тэгж боддог байлаа.
...шивнэх мэт чи минь хэлнэ.Өрөөн дотор овоо дулаан орж,шар айраг хоолойгоор аятайхан гулсан урсана.Бүлээдсэн шар айргаа ууж барангуут хоосон лонхоо бариад би өндийнө.Чи минь нэрэлхэнгүй нимгэн цаасаа сунгана.Ямар нэг зүйлийг хамтдаа бүтээнэ гэж итгэж явсан чи бидэн,дүүргийн захиргаанд авч очсон цаастай нэлээд төстэй боловчиг,бүр эсрэг агуулгатай түүнээ аваад би унтлагын өрөөнөөс гарна.Гал тогоонд очиж ,шилэн аягаа угаана.Угааж дуусаад,чамаас авсан цаасыг дэлгэж үзнэ.Одоо ганцхан нэрээ бичих л үлдэж...Тэр агшинд би бодно.Аягүйд бол бүтээгээгүй биш,үнэн хэрэг дээрээ бүтээчихсэн ч байж мэдэх итгэж болох ямар нэг өчүүхэн зүйлийг...
Маргаашаас эхлэн тус тусын амьдралаа хөөх байлаа ч,тэр нь арилалгүй зүрх сэтгэлд минь оршиж,тэрчлэн хэдэн арван жилийн хойно,нэг л өдөр гэнэт эргэн санах мэт биднийг амар амгаланд хөтлөх бизээ.Хоолны ширээнд суугаад,би анх удаа үсэг эхлэн сурж буй хүүхэд шиг болгоомжлон,аяарханаар нэрээ бөглөлөө.


(*Жинжа-Япон үндэсний Шинто шашны сүмийн нэр)

Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав



зургуудыг →http://pics.livedoor.com/u/ndaz/7485970,http://oda999.tea-nifty.com/blog/хуудаснаас авав.


2012/09/14

Какүта Мицүёо-Ашгүй та ирэв үү(Ⅶ)


Маргааш нь ч,нөгөөдөр нь ч би тэднийд товхимолоо цаасан уутанд чихээд,ходоодоо хонхолзуулсаар очлоо.Эхэндээ эмгэнийг дахин ирээрэй гэсэн болохоор гэж шалтгалдаг байв.Гэтэл тэр нь хэдхэн хоногт орвонгоороо эргэлээ.Товхимолоо тэр айлд орхиод ирвэл өдөржингөө тойрч сэлгүүцэх шаардлагагүй болно,үнэгүй хоол иднэ.Тэр л шалтаг болов.Шалтаг хайхгүй бол болохгүй болтлоо тэр айлруу явахсан гэж бодох өөртөө ойлгомжгүй байлаа.Аягүйд бол өнөөдөр,~хаанахын хэн бэ чи...!?гээд ам асууж мэднэ гэсээр цэцэрлэг рүү  үргэлжлэх нарийн зөрөг замаар алхахдаа заалттай сандардаг хэдий ч,эмгэн намайг харангуутаа~Өө,ашгүй дээ,та ирэв үү?гээд инээмсэглэж байлаа. Гэртээ оруулснаасаа хойш эмгэн өдөр бүр зоог бэлдэж өгөв.Үдээс өмнө нь хийдэг юмуу,урд өдрийнх нь хоолны үлдэгдэл юмуу бүү мэд,ямартай ч явган ширээний ард суухаар хүйтэн,хөргөсөн шар айраг,төрөл бүрийн хоол өрнө.



       




Эмгэн барагтай юм ярихгүй,миний хооллохыг чимээгүй ажиглан сууна.Харц мөргөлдчихвөл яаран доош харна.Бүдэг ягаан энгэсэг нь зохимжтой гоо охин адил...
Бямба гариг.
Сурсанаараа эмгэнийд очоод,үүдний харилцуур хонхыг даралгүй цэцэрлэгээр нь тойрох гэтэл,байшин дотроос дуу сонсогдож би сандран хаалгаар гадагш гарлаа.Дуу шуугиантай зурагтын шууд нэвтрүүлэг(ахлах сургуулын бэйсболл гарч байлаа),аяга таваг угаах чимээ,хоёр давхараас Рок(Red chilly Peppers) хөгжим хангинаж,дээрээс нь нэмээд<<Хүүе Юүүжи,буугаад ирээч дээ!!>>гэх настай авгайн чанга хашгирах нь ч сонсогдоодохлоо.Нэг байшингаас гарах тэрхүү их дуу чимээ,өнөөх эмх замбараагүй гал тогоотой ёстой нүг дүйсэн мэт санагдавч, чухал зүйлээ саваагүй юманд эвдүүлж орхисон юм шиг уур хүрэхийг мэдэрлээ.Хашаатай байшинг ардаа орхин би гүйж одлоо.Тэгээд тэр өдрөө цагийн ажлаа хийсэнгүй.Яагаад ч юм хийх хүсэл төрдөггүй ээ.Агааржуулагчгүй өрөөнд газраар өнхөрч,адар ширтэн,хэт халуунд тэсгэл алдан шар айраг авахаар явлаа.Худалдааны урт гудамжны архины мухлагаас лаазтай шар айраг,бүгд зуун иэн*(иэн*=Японы мөнгөн тэмдэгт)-ий үнэтэй загасны
махан таташаас авч өрөөндөө буцаж ирээд тагыг нь мулталлаа.
Эмгэний үргэлж гаргадаг шар айрагтай ижил шошготойг авсан атал,гайхалтай нь амт нь шал өөр юм гээч.Нялх,түүхий амт мэдрэгдэж байв.Лаазтай сайр загас ч адил авах юм алга.
Даваа гаригт дахин эмгэнийд очлоо.Бямба гаригийн дуу шуугиан,худлаа мэт чимээ аниргүй байх юм.Санаа амрлаа.Өөрийнхөө юмыг эргүүлж олж авсан юм шиг л санагдав.Тийнхүү тэр өдөр ч эмгэн намайг хүлээж байлаа.Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгийн өвчтөн өмсөж баймаар Юүката (Япон үндэсний зуны нимгэн хувцас,кимоно)тай байсан бол,эл өдөр сэрүү оргим  Япон хувцас өмсчээ.
~Аян замд гараад ирээ юу?гэж өнөө л шар айргаа авч ирэнгээ тэрээр асуулаа.Эхлээд юу асууж байгааг нь ойлгоогүй ч,түрүү долоо хоногын явдлыг хэлж байгааг ухаарлаа.~Өчнөөн хүлээгээд байхад чинь...гээд эмгэн хорсонгуйгаар надруу хялайн харлаа.Уруул,хацраа ч тэр өдөр яс будсан байлаа.Түүний тархин дотор юу болж байгааг надад үнэндээ мэдэх юм алга.Намайг хэн нэгэнтэй андуурталаа аригчихсан юмуу... гэхээр хоёр хоног ирээгүйг яг таг санаж байдаг...Юу нь зураас,юу нь цэг болж байгаа юм бол доо.Явган ширээн дээр өнгөрсөн долоо хоногийнхтой ижил хоолнууд өрөөстэй.Шарсан өндөгний хуйлсан ороомог,нунтаглан үрсэн цагаан луувантай шарсан загас,амтат төмсний нимбэгтэй чанамал,ногоон шош, хатааж нунтагласан гүнжитийн үрний холимог,зүйл бүрийн ногоотой дүүфүүний нухаш,хэрээн нүд (Аспарагас) гэдэг ногоог гахайн маханд хуйлан шарсан ороомог...Савхаа гартаа аваад  урьдынх шигээ түүнийг нь идэж эхлэв.Шилэн аяга сулрангуут эмгэн хоёр гараараа лонхыг өргөн бариад чухал царайлан нэмж дүүргэлээ.Хөргөсөн шилэн аягаар гулсан урсах болор дуслын чимээ нь сонсогдохуйц нам гүм...Амтат төмсийг амандаа хийгээд,шар айраг ууна.
Шошыг зажилж залгиад,шар айраг ууна.Секундын зүүний чимээ,сэрүүцүүлэгчийн эргэлдэх дуун ч хадахгүй...Эвхдэг ор,явган ширээнээс ургасан сүүдэрт дуу чимээ гэгдэх бүх л авиа ууссан  мэт байлаа.Эргээд харвал шилэн хаалганы цаад талд цэцэрлэг цайран гялтганана.Эмгэн шилэн аяганд шар айраг сөгнөв.Цагаан хөөс оргилон бялхах гээд тогтлоо.Тэрхүү шигүүрэн оргилж тогтсон хөөсийг ширтэн гэнэт би ухаарлаа.Эмгэн намайг хэнтэй андуурч байгааг...Бурхан тахилын дээхнүүр өлийн харав.Хэт төлөв царайгаар надруу харж буй эрийн  хар,цагаан зураг...Урт шөвгөр нүүр,давхраагүй онигор нүд, жимбийтэл жимийсэн уруул.Надтай ямар ч төс алга.Үгүй ээ,зураг дээрхи эр яг мөн эсэхийг мэдэхгүй л дээ.Гэхдээ тэрээр урьд нь хайрлаж явсан хэн нэгэнтэйгээ андуураад байгаа нь гарцаа алга.Урьд нь хайрлаж явсан эр хүн...Магад амьдралдаа ганц л удаа,эхний бөгөөд эцсийн удаа хайрласан эр хүн...Тэрээр түүнийхээ өмнө ч адил хайр сэтгэлээ үгээр илэрхийлээгүй л боловуу?Түүндээ өгсөн хайр,сэтгэлээ ойлгоогүй ч байж мэднэ.Гагцхүү тэрээр,түүнийгээ хооллохоор тухлан суух бүрт шилэн аяга,шилтэй шар айраг авчирч,жижиг тавганд дүүргэн овоолсон хачирыг эгнүүлээд, залуу эрийн ууж барсан шар айрагны хоёр лонхыг ажин,хоол болон дарсан ногоогоо бэлтгэнэ.Ээлжлэн давтагдах тэрхүү үйлдэл нь түүний хайр болоод сэтгэлийн илрэл байсан бизээ.Тэгсээр,одоо чинь хэзээ билээ,би чинь хэдтэй билээгээ мартчихсан байлаа ч дадал зуршил л түүний гүнд тодхон үлджээ.Хэн нэгнийг хайрласан дурсамж болон....
Бүүдийж,хүйт даасан өрөөн дотор миний ухаарсан юм гэвэл тэр л байлаа.
Эмгэн савхаа хөдөлгөхийг минь хөдөлгөөнгүй ширтэнэ.Харц мөргөлдчихвөл харцаа бууруулж,тэгсээр аажмаар инээмсэглэнэ.Мэдээж би түүний хайрласан эр биш,танил нь ч биш авч,тэрхүү  үл таних айлын Япон өрөөнд өдийг хүртэл мэдэрч яваагүй гэмээр сэтгэлийн амар амгаланг олж байлаа.Сүүлд нь авчирч өгсөн агшаасан цагаан будааг дарсан ногоогоор даруулан идэнгээ хальт орны доогуурхыг хараад авав.
Өнгөрсөн долоо хоногт орхиод явсан товхимол маань эгнээ багцаараа тэнд байлаа.Тэр өдөр авчирсан товхимолоо гаргаж ирсэнгүй.
~Харилаа...-гээд  өндийтэл,~Дахиад ирэх юм байгаа биз дээ?гэж эмгэн асуув.
~Дахиад ирнээ!гэж би хариулав.Сэрүүн тавцан дээр суугаад гутлаа углахыг минь эмгэн ар нуруунаас хараа салгалгүй ширтэнэ.~Дайлсанд баярллаа гээд босож мэхийтэл,эмгэн улаан уруулаа жуумалзуулан,~Сайн яваарай!гэж аяархан хэллээ.


Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав.


☆үргэлжлэл бий.


*Тодотгол
өмнөх нийтлэлдээ дурдсанчлан уг өгүүллэгийг зохиогчын эрхийн хуулийг зөрчихгүйн үүднээс бүрэн эхээр нь орчуулж,та бүхэнд хүргэх боломжгүй тул <<Ашгүй та ирэвүү-6-7>>-г  эх зохиолоос гурван хуудас алгасаж орчуулан,нийтэлж байгаа билээ.



2012/09/11

Какүта Мицүёо-Ашгүй та ирэв үү(Ⅵ)



Маргааш нь үд хэвийх алдад,би ой тогтоомжоороо баримжаалан дахин эмгэний гэрт очив.~Дахиад ирэх юм байгаа биз дээ?гэсэн болохоор нь тэр...Тэгж өөртөө хэлсэн боловч тэр нь ердөө зүгээр л нэг шалтгаан байлаа.Би бүр цаасан уутандаа ахин товхимол чихээд,өдрийн хоолоо ч идэлгүй галт тэргэнд суусан юм чинь...
Хашаатай байшингийн хонхыг дартал ,дахиад л хашааны цэцэрлэгийн зүгээс аяархан хариулах нь сонсогдлоо.Өчигдөрийн маягаараа зам даган алхаж,хашаа руу орлоо.Цэцэрлэгт  угаасан хувцас тохсон байв.Биеийн алчуур,цамц,жинсен өмд,дотоож...Тавцан  талын  гүйдэг модон цонх ч онгойгоод зай гарчихсан,цонхны урт хулсан унжлагыг дээш нь  ороомоглон сойжээ. .
Тийнхүү явган ширээний өмнө эмгэн чимээгүйхэн сууж байв.
~Сайн байна уу?
Гадаахи сэрүүн тавцан дээр суугаад,өрөөн доторхыг хараад цочирдлоо.Бүүдгэр Япон өрөөнд сууж буй эмгэний уруул нь ув улаанаар будагдсан байсанд тэр.






~Хүүе ээ,ашгүй та харьж ирэв үү?
Эмгэн суусан чигтээ өчигдөрийнхтэй  адил амны уншлагаа уншлаа.~Алив,та дотогшоогоо...,гэж үргэлжлүүлнэ.
~Ёооx.Би сэмхэн санаа алдан гутлаа тайлаад шавдуулангуйд нь хөтлөгдөн тавцангаас өрөө рүү орлоо.Чанаж агшаасан ногоо,хүж,угаасан хувцасны холимогдуу үнэр сэнхийлээ.Хүйт даасан хулсан шалны сэнгэнэх нь оймсоор дамжин мэдрэгдэнэ.Суух газар олдохгүй,тувт зогсоо надруу эмгэн олбог дөхүүлэв.Би эмгэнийг эгцлэн харж суулаа.Бүүдгэр өрөөнд нүд дасаад ирэхээр өөдөөс минь харж суугаа тэрээр ганц уруулаа ч биш,хацрандаа түрхсэн болохыг нь анзаарлаа.Бүдэг ягаан хацрын энгэсэг...
~Одоо...гэж ганц нэг үг бувтнаад,эмгэн зүдэрч байж өндийж аван дахиад л тэнтэр тунтар хийн мухартаа бүгчихэв.Нам гүм.Гаднах тавцангаас харахаар мухар булан болчихоод анзаарагдахгүй байсан боловч,өрөөний өнцөгт бурхан тахил байлаа.Тод шар удвал цэцгийг өмнө нь засчээ.Мизүгаши (гэдэг дотроо усан цэлцэгнүүртэй боорцогорхуу идэх юм) өргөлд нь тавьсан байв.Талийгчийн нэртэй пайз их,дунд,бага гэсэн гурван янз байна.
Бэлдсэнээ бариад буцаж ирсэн эмгэн гэнгэнэх адил бувтнаад явган ширээн дээр өчигдөрийнхтэй адил хундага,ижил шошготой лонх шар айраг тавилаа.Хундагаа хөлдөөгчинд хийгээд хөргөсөн янзтай,сүүн цагаан өнгөөр цантаж,хяруу тогтжээ.Эмгэн зогссон чигтээ нуруугаа бөхийлгөөд хундагаа шар айргаар дүүргэнгүүт,~алив нэг...-гэж амандаа гүвтнээд дахин мухар руугаа алга болчихлоо.
Бурхан тахилын дээхнэ, таазны хавийн хананд хар ногоон жаазанд хийсэн хар,цагаан зураг өлгөжээ.Хуучны байрын төрхтэй эр,хуучны байрын төрхтэй эм,түүнээс гадна арай л шинэхэн гэр бүлийн өнгөт зураг байлаа.Арай залуухан эр,эм хоёр,жимбийтэл амаа жимийгээд надруу харна.Тэр эр эмгэний эцэг нь юмуу,эр нөхөр нь юмуу,мөн залуу бүсгүй эмгэн өөрөө юмуу,ээж нь ч юмуу мэдсэнгүй.Гэр бүлийн зурганд нь одоогийнхоос ялимгүй залуухан эмгэн,ахимаг насны гэр бүлийн хоёр,бас бага ангийн сурагч боловуу  хүүхдүүд гарчээ.Хашаанд тохсон угаасан хувцасыг оруулаад бодох юм бол эмгэн хүүгийнхтэйгээ юмуу хүргэнийхтэйгээ хамт амьдардаг бололтой.Зурган дахь хүүхдүүд одоо бол ахлах сургууль юмуу их сургуулын оюутан орчмын боловуу даа.Хувцас тохдог төмөр урт саваанд өлгөсөн жинсен өмд,поло цамц,хээтэй өргөн дотоож лав тэднийх бизээ.


Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав

☆үргэлжлэл бий.

*Жич:Японы зохиолч Какүта Мицүёогийн <<Ашгүй та ирэв үү>> богино өгүүллэг нь 2005онд <<Сүүлчийн хайр>>номын нэг хэсэг болон хэвлэгдсэн бөгөөд,зохиогчын эрхийн хуулийн дагуу орчуулах эрхийг дүрэм ёсоор нь худалдан аваагүй тул цаашид бүрэн эхээр нь орчуулах боломжгүй болсондоо та бүхнээсээ чин сэтгэлийн хүлцэл өчье.Гэвч,уг өгүүллэгийн гол санаа хамгийн сүүл хэсэгтээ илрэн гардаг тул,тэрхүү хэсгийг нь л орчуулж  хүргэхээр шийдсэн билээ.






2012/09/05

Тажима Ясүэ-Намрын урт өдөр 



Гудамжны эсрэг талын дэлгүүрийн 
Гүйдэг төмөр хаалга тожигносоор 
Хяхтнах чимээ нь дээш хөөрнө.
Сонсож дасаад олон жил болж дээ.

Зун бол эхлээд
Дэлгүүрийн өмнөх цементэн шал руу ус цацах чимээ гарна.
Намар бол
Шөнөдөө унаж хунгарласан навчсыг шүүрдэх нь дуулдана.
Тэр эрийн өдрийн хэмнэлийг
Би цонхныхоо тавцан дээр суугаад ажиглана
Тэр нь ч миний өдрийн хэмнэл болно.

Гүйдэг төмөр хаалганы дуунаар тэр эрийн өдрийн хэмнэл эхлэж
Гүйдэг төмөр хаалганаас хөөрөх дуун
Миний нэгэн өдрийг түлхэн онгойлно
Өглөө бүр давтагдах, тожигносоор өргөгдөн хөөрөх
Миний л өдөр хоногууд аа...

Хар шөнөөр төмөр хаалга өргөгдөхөд
Халамцуу харьж буй бололтой мөнөөх эртэй
Хань ижил нь л бололтой эмийн хэрэлдэх дуу гарч
Тэр дууг нь дарах гэсэн мэт гэнэтхэн
Төмөр хаалга нь доош унахад
Тэгээд л орчин нам гүм болно.
Уг нь тэр эр архины мухлаг ажиллуулдаг боловчиг
Уух юм сугавчлаад гарч буй нэг ч хүн харагдахгүй.
Цаанаа өөр юм эрхэлдэг байх аа гэсэн
Цуурхал яриа үнэмштэл дэгдэх үест
Эхнэр хүүхдийнх нь бараа ч үзэгдэхээ больж
Эвхэгддэг хаалганых нь чимээ ч тасарлаа.

Тэр мөчөөс хойш
Хор харын ад зэтгэр
Хоёр биеийг минь заагласан хана болсон мэт
Хорсон түлэгдэх мэдрэмжийг сэдрээж
Хөхрөх хөгцөнд бүрүүлэх болсонд
Өглөө болсон ч зогсдоггүй бороо..,
Өнөөх төмөр хаалга гурван хоног онгойсонгүй
Өдөр хоногийг би бухимдан, дэнсэлж өнгөрүүллээ.

Яг таг дөрвөн хоног..,
Харуй болтол хүлээгээд тэсэлгүй мухлагынх нь өмнө хүрч
Хэсэг тээнэгэлзсэний эцэст
Дуудах хонхыг дарлаа
Хуруунд зэвэрсэн шаантагны үнэр үлдэж
Хаалганы цаана тэрийн унасан дүр төрх нь төсөөлөгдөнө.
Ялимгүй баргар царайлсан би
Ярилцах хүнгүй хаалганы өмнө эргэцэн тэвдэж
Явган бороонд баахан суув.

Буулттай төмөр хаалган дээр үдийн нар туслаа
Яг тэр мөчид
Өнөөх эрийн бие цогцосны
Өмхөрч муудсан хэвтээ дүр нүдэнд харагдлаа.
Бүлээн амьсгал халуун агаараар солигдох агшин лугаа
Буулттай хаалганы дотогш
Нэвтрэн уурших миний л бие ээ. ..

Орчуулсан Аюурзанын Дайрийжав,Батсуурийн Баясгалан.

Тажима Ясүэ-Алсын Саванна  



Үдшийн наран цуурч
Хээр талд аянга гялбана
Аянга цахилгаан галыг ноцоож
Нүд алдам тал галын дөлд автана
Дараа нь тэгээд яалтай билээ,
Өвс соёолж модод нахиалтал хүлээхээс өөрцгүй
Өлбөрч үхэх үү?
Хүлээж тэсэх үү?     


Хормын төдийд нар шингэж
Өвс ногоо хөрснөөсөө соёолж
Хээр тал ахиад л ногоорох нь гарцаагүй атал
Өвөр зуурын ялимгүй нугачааг тэсэлгүй
Холхийн замд гарах амьтад,
Өнө холын Саванна  

Өнийн замд алгуур урагшлах нь зөв,
Өгсүүр бэрхийг туулахдаа ч
Хайс хашаанаас зууран
Хаман одох салхийг өнгөрөөгөөд
Цааш алгуурхан мацна.
Хуй салхи тэртээх далайгаас гэнэтхэн л
Хуйлран туугдсаар ирдэг болохоор
Хөхрөх далайн алсрах хаяаг бариад
Сажлан гэлдрэх нэг өдөр
Сарниж өгдөггүй нэг өдөр



Аяа, миний Саванна
Шөнөөр агаар нь хөрөн цавцайна.
Дэвэн бүжсээр газардсан жигүүр хурц шувуу нь
Дэвхрэн цойлж ар нуруун дээр бууна.
Хамаг яс минь нужигнаж
Цааш явах хүчийг олно.

Аяа, холын Саванна,
Одоо хүлээж дийлшгүй нь.
Холхинодог гутлаа тайлж хаяад
Хөлдөө яг таарсныг углаад
Араатан амьтадын туулдагаас ч хол
Алсын замд гарахыг хүснэм.


Орчуулсан Аюурзанын Дайрийжав,Батсуурийн Баясгалан.