2013/01/29

Акүтагава Рюүносүкэ-Хамар




                                                     

Зэнти ламын хамар ямар вэ гэдгийг Икээноод хүн болгон мэднэ. Ламтны хамар уртаашаа таваас зургаан сун буюу уруулаа өнгөрөөд доод эрүүнээсээ доош унжина.Үүний дээр хамрын нь уг үзүүр хоёрын өргөн ижилхэн палийж байдаг юм.Тийнхүү нүүрээ даган унжсан тэр сонин эд хиамархуу харагддаг гэхнээ ч болох билээ. Ламтан нас тавь гартлаа аль эртнээс өнөө болтол шашныхаа ёсыг сахиж өндөр хэргэм хүртсэн нэгэн болно. Түүний сэтгэлийг хөндүүрлүүлдэг цорын ганц зүйл байдаг нь дээрх хачин этгээд хамар нь юм. Тэгэхдээ тэр энэ хамар нь ч гэсэн түүний сэтгэлийг нэг их зовоогоод байгаа юм байхгүй маягийн дүр эсгэж явдаг байна. Ер нь ч тэгээд Амида бурхны төлөө хамаг оюун санаагаа зүглүүлэх ёстой бурхны шавь нэг муу хамрын төлөө тэгтлээ зовж шаналах нь түүний хэрэг биш ээ.Харин тэр хачин хамар нь эзнээ ямар их зовоож байгааг хэн нэг нь яагаад ч юм мэдчих вий гэдэг санаа л түүнийг бүгдээс илүүгээр шаналгадаг ажээ. Өдөр тутамд янз янзын хүн амьтантай ярьж хөөрч байхдаа хамрын талаар яриад эхлэх вий л гэж тун их айдаг юмсанж. Гол нь лам хоёр л зүйлээс болж хамрын тухайд сэтгэл нь тавгүйцдэг байна. Нэгд гэвэл, хэтэрхий урт хамар гэгч ерөнхийдөө аж төрөхөд саадтай аж. Жишээлээд хэлэхэд, ламтан ганцаараа ууж идэж чадахгүй юм. Өөр нэг хүн туслаж өгөхгүй бол хамрын нь үзүүр аягатай юманд нь тулчихаад болдоггүй билээ. Нэгэнт тийм болохоор ламтныг гүнцэгээ барих үед шавь нарын нь нэг ширээний нь өмнө сууж өргөөшөө нэг сун уртаашаа хоёр сяк хэмжээтэй тусгай бяцхан хавтангаар хамрын нь дороос өргөж тусладаг байна. 

                                                 


Тийм янзаар хооллож ундаалахад туслаж байгаа шавьдаа ч туслуулж байгаа багшдаа ч яаж аятайхан байх вэ. Нэгэнтээ сурагчийн нь оронд өөр нэг жаал хүү хамрыг нь өргөж байсан юмсанжээ.Хооллож байсан лам гэнэт найтаасанд хамар барьсан хүүгийн гар чичирснээс болоод хамар нь цагаан будаатай аягандаа дүрчих нь тэр! Энэ тухай цуу үг яв явсаар бүр тэртээ холын нийслэл хотыг хүрчихсэн гэдэг юм.Гэхдээ энэ нь хөөрхий лам хамраасаа болоод хэрхэн их зовж байгаа тухай биш харин өөрийн нь нэр төрд ямар муухай юм болов гэж харамссан тухай яриа байжээ.Икээноогийн оршин суугчид Зэнти лам нэгэнт ийм хамартай хүнийхээ хувьд бол их азтай юм, эгэл хар хүн байсан бол одоо яанаа, түүнтэй суух бүсгүй яасан ч олдохгүй байсан биз гэж бодно. Тэр байтугай зарим нь ер нь энэ Зэнти лам тийм хамартайгаасаа болоод лам болчихсон байх шүү ер нь гэж хүртэл цэцэрхсэн удаа бий. Гэвч ламын хувьд өөрөө гэгээн давхаргад хамааралтай нь түүний сэтгэлийн шаналгааг ямар нэг хэмжээгээр багасгадаг боловч энэ талаар хамраа холбогдуулан бодсон нь хэзээ ч үгүй юмаа. Гэрлэж бараалах тухай бодохлоор л нөгөө нэр төрөө хичээх бодол нь улам сэдэрч зовооно. Тэгээд цаашаа бодох бүр өөрийн нь эрхэмсэг ахуй төрхөнд суусан толбыг болж өгвөл эрс шийдмэг, үгүй ядахдаа аль нэг зөөлөн аргаар арилгахсан гэж хичээнэ. Тэр нь юув гэвэл, нэгд, хамраа одоо байгаагаас нь богино болгохын тулд ямар арга байдгийг эрж хайна. Дэргэдээ ямар ч хүнгүй үед хамраа байдаг бүх хүчээрээ татаж чангааж толинд тал талаас нь янз бүрээр харна. Гэвч толгойгоо хааш нь ч яаж ч эргүүлээд, сэтгэл амармаар аятайхан харагдаж өгсөнгүй ээ. Хацраа алгаараа хавчиж, эрүүгээ гараараа тулж толинд туссан дүрсээ сайн гэгч нь харна. Яагаад ч хамар нь түүний санаа амармаар богинохон харагдаж өгсөнгүй ээ. Үүнээс болоод сэтгэлдээ хичнээн гуниглах тусам хамар нь төдий чинээ урт болсон юм шиг санагдана. Ингээд лам маань толио саванд нь хийгээд, гүн санаа алдсанаа урамгүйхэн буцаж суудалдаа суугаад судраа уншиж эхэлдэг байжээ. Ламын бас нэг байнгын ажил гэвэл өөрөөсөө бусад хүмүүсийн хамрыг ажин шинжих явдал байв. Икээноо нь элдэв ёслол, уншлага бусад ажил байнга болж байдаг сүмүүдийн нэгэн билээ. Сүм дотроо лам нарын тус тусдаа суух олон бяцхан өрөөтэй, сүмийн халуун ус өдөр болгон ажилладаг байв. Сүмд ирдэг лам, эгэл сүсэгтэн ер бусын олон ажээ.Манай ламбугай тэр олон хүний царайг зориуд нэгд нэгэнгүй цөхрөлтгүй ажиглана. Учир нь, тэр өөртэй нь адилхан хамартай хүн эрхбиш ганц ч болсон байх биз гэж найддаг байна. Тийм хүн үнэхээр байвал сэтгэл нь жаахан ч атугай хөнгөрөхсөн билээ. Энэ зангаасаа болоод тэр хүмүүс хөх хүрэм өмсч үү, цагаан кимоногоор гоёж уу, эсвэл эгэл хүрэн бүрхтэй явна уу, үгүй юу гэдгийг огтхон ч ажигладаггүй байв. Тэр байтугай эздийнх нь царайг ч харахгүй хамрыг нь л заавал ажиглана. Ингэж хичнээн харавч гайгүй сайндаа монхойсон махир нь юу юм гэхээс өөрийнх шиг нь урт хамар нэг ч үгүй. Үүнээс болоод лам өдөр ирэх бүр улам сэтгэлээр унах болжээ.Тэр хэн нэгэнтэй ярилцаж зогсохдоо өнөөх унжганасан хамрынхаа үзүүрээс сав санаадгүй барьж авчихаад дүрсгүйтэн ямар нэг юм хийж байгаад томчуулд харагдчихсан хүүхэд шиг тэвдэж царай нь улайн яах ийх учраа олохгүй тэвдэж гүйцдэг байлаа.Ингээд сүүлдээ ямар ч л гэсэн сэтгэлээ амраах санаатай өөр шиг нь хамартай хүн урьд хожид байсан эсэхийг олж мэдэхээр бурханы шашны ном судар эргүүлэн эрж эхэлдэг байв. Тэгээд тэгээд Мандгаляна болоод Шарипутрагаас эхлээд бурхад урт хамартай байсан гэж нэг ч сударт үгүй.Нагаржунай, Асвагхоша гээд их мэргэд цөм л олны адил эгэл жирийн хамартай байсан гэнэ. Харин хятад улсын тухай нэгэнтээ ярилцаж байгаад Шухань улсын хаан Лю Сюаньдэ гэгч ер бусын урт чихтэй байсан тухай сонсож мэджээ. Тэгээд, хэрэв тэр хаанд би хамрынхаа тухай ярьсансан бол хаан лав над шиг зовлонт сэтгэлтэй явдагаа мэдрэх байсан буй за гэж бодсон удаатай.Хамраа аятайхан болгочих санаатай лам яаж сэтгэлээ зовоож, элдэв аргаар үздэг тухайгаа хэнд ч хар цагаан дуугардаггүй хэвээрээ л байлаа. Гэхдээ тус болж магадгүй арга чарга бүхнээ хэрэглэсээр л байв. Хулууны үнс хандалж ууж ч үзэв.Хамраараа оготнын шээс татуулж хүртэл туршив. Ингээд ингээд яаж ч оролдоод тусыг олсонгүй хамар нь том гэгчийн хиам шиг уруулаа даван унжсаар.Тэгтэл нэгэнтээ шавь нарын нь нэг ламын заавраар нийслэл хот орохдоо түүний найз эмч нь урт хамрыг богиносгодог аргатай юм гэнээ гэж хэлж ирэв. Тэр эмч нь хятад улс руу яваад буцах замдаа Тёраку сүмийн гол шүтээн бурхан багшийн дүрийн өмнө тэдний шавь болов гэнэ.Лам энэ үед түүний хамар ямар байх нь өөрт нь огт ялгаагүй гэж үздэг царай гаргаж, хамар богиносгодог тухай дээрх аргыг аль болох хурдхан туршиж үзэх бодлоо өчүүхэн ч цухуйлгасангүй. Гэвч хоол унд хэрэглэх бүртээ шавиа таагүй байдалд оруулсаар байх нь ээ гэдгийг аяндаа мэдэж байв. Тэр тусмаа шавь нь дээрх аргыг хэрэглээд үзье гэдэг саналаа тавих биз гэж дотроо хүлээж байлаа. Шавь нь ч бас багш ламынхаа бяцхан овыг сайнаас сайн мэдэж байжээ. Тэр тусмаа багш нь зайлшгүй өөрт нь хандана байх гэсэн бодол улам хүчтэй төрөх болов. Багш дуугүйхэн хүлээж байтал нөгөө аргаараа үзээд алдах саналаа шавь нь ч шургуу тавилаа. Шавийн бодож байсанчлан багш нь ч түүний ятгалганд өөрийн эрхгүй оржээ. Яригдаад байгаа арга гэдэг нь тун ч энгийн зүйл байсан юмсанжээ. Ердөө хамрыг нь буцламгай усанд дүрээд дээрээс нь нүцгэн хөлөөрөө удтал гишгэчих төдийд болох зүйл гэлээ. Ингээд сүмийн халуун усны газарт өдөр болгон ус буцалгаж байх болов. Шавь нь хуруу дүрэхэд шалзалмаар хав халуун усаар дүүргэсэн дашмаг авч ирлээ. Лам хамраа дашмаганд шууд дүрвэл нүүрийг нь түлэх аюултай байжээ. Тэгэхлээр нь модон тавган дээр цоорхой тавгаа таглах маягаар тавиад тавагныхаа цоорхойгоор хамрыг нь дүрэх болов. Буцламгай усанд хамраа дүрвэл ер өвдөж мэдэгдсэнгүй. Нэлээд хугацаа өнгөрсний хойно шавь нь, -одоо хангалттай чанагдаа биз хэмээсэнд лам сэжиглэнгүй инээмсэглэж суулаа.Хангалттай чанагдах… энэ үгийг хэн нэгэн хүн хөндлөнгөөс сонсож гэмээнэ хамрын тухай ярьж байна гэж лав санагдахгүй биз гэж тэр бодож байв. Буцламгай усанд түлэгдэж жигнэгдсэн хамар нь бясаанд хазуулж хазуулчихсан юм шиг загатнаж эхэллээ. Лам тавагны нүхээр шургуулсан хамраа татан авлаа. Шавь нь түүн дээр хоёр хөлөөрөө байдаг бүх хүчээрээ ээлжлэн гишгэчиж дэвсэлж эхэллээ.Банзан шалан дээр хамраа тавиад хэвтэж буй ламын нүднээ шавийн нь хоёр хөл дээр доор орон гялалзан үзэгдэнэ. Шавь нь цаг өнгөрөх бүр ламын халзан толгой руу өрөвдөнгүй хараад, -их өвдөж байна уу багш аа? Эмч уг нь их хүчтэй гишгэлээрэй гэсэн юм л даа. Танд хэцүү байна уу? гэлээ. Лам өвдсөн юм алгаа гэдгийн дохио болгон толгойгоо сэгсрэх гэнэ. Гэвч түүний хамар шавийн хоёр хөл доор гишгэгдэн байсан учир толгой нь хөдөлж өгсөнгүй.Дэмий л нүдээ томруулан, шавийнхаа хүйтэн хөлийн өсгий доор алжаан хэвтэж,-Үгүй ээ, юу нь өвддөг юм гэжээ.Үнэндээ ч шавийнхаа дэвсэлж байхад ламын загатнасан хамар өвдөх байтугай, ламд харин ч тун таатайхан санагдаж байжээ.Хэсэг хугацааны дараа хамарт нь хар будааны үрийг санагдуулсан ямар нэг бөндгөр юм шургууллаа. Тахиаг ид зулгаагаад шарахад хэрэглэдэг бөндгөр төмөрөрхүү л юм санагджээ.-Хамрын үс зулгаах хямсааны оронд үүнийг хэрэглээрэй гэсэн юмаа.Лам сэтгэл таагүйхэн, юу гэх, яахыг нь дагасан шиг хэвтлээ. Гэхдээ энэ бүхэн шавийнхаа өөрт нь туслах гэсэн сайн сэтгэлийг ойлгохгүй байгаадаа бус юм. Харин ч тэр бүгдийг гүнээ ойлгож, гэм нь түүний хамрыг хөндлөнгийн ямар нэг эд зүйлээр оролдож байгаа юм шиг дураараа аашилж байгаа нь баахан таагүй санагдсан хэрэг юм. Өвчтөн хүн итгээгүй эмчээ хэрхэн хардаг шигээр сэжигтэйхэн харсаар хамрын нь нүхнээс шувууны өд хэлбэртэй дөрвөн бу хэрийн өөхөрхүү юм гарган ирэх зэргийг ажиж байлаа. Ингэж дуусаад шавь нь одоо л нэг санаа амарсан янзтай,-Одоо дахиад чанах хэрэгтэй байна гэж хэлжээ. Ламын нүүрэнд аанай л нэг их таалахгүй байгаа янз илрэнэ. Гэвч хоёр дахь удаагаа халуун уснаас хамраа гаргаад ажвал урьд нь хэзээ ч тийм байж үзээгүй ахархан болсон байлаа. Одоо ерийн л нэг бүргэд хамартай болсон үзэгдэнэ. Лам нэгэнт тайрагдсан хамраа барьж үзээд шавийнхаа авчирч өгсөн толинд санд мэнд харав. Хэзээ нэгтээ эрүүгээ өнгөрөн савлаж байсан хамар нь дээд уруулаасаа ч дээр ном ёсоороо байж байх нь тэр ээ.Хамрын энд тэнд улайсан нь шавийнх нь хөлийн ул мөр биз ээ. Ийм аятайхан хамрыг шоолж инээх хүн цаашдаа яаж байх вэ. Лам толиндоо нүүр царайгаа сэтгэл дүүрэн харсаар л… Гэхдээ тэр жаахан айсаар л хожим хамар маань дахиад урт болчихгүй байгаа гэж бодсоор байжээ.Ариун ном цээжээрээ дүнгэнүүлж суухдаа эсвэл гүнцэгээ барьж байх зэрэг зав чөлөөтэй үедээ сав л хийвэл хамрынхаа үзүүрийг барилан шалгаж байв. Тэр болгонд хамрын нь үзүүр дээд уруулынхаа дээхнэ яг байрандаа, доош болсон юм ер үгүй байх аж. Маргааш өглөө нь болоход лам аанай л хамраа барьж үзэв. Хамар нь ч зохих байрандаа байж л байна. Тэхэд ламын санаа ихэд сайхан болж “Ариун лянхуаны аварга хөлгөн судар”-ыг хуулан бичээд дуусгаж байгаа мэт сэтгэл амардаг байлаа. Гэвч ламтан хоёр гурван өдрийн дараа нэгэн зүйлийг олж мэджээ.Тэр үеэр Икээноо сүмд өөрийн ажлаар ирсэн нэгэн самурай хамрыг нь нүд салгалгүй харж өөртэй нь юу ч ярихгүй атлаа инээд нь тун их хүрсэн байдалтай байхыг ажиглажээ. Энэ яахав гэхэд нөгөө дээр үед ламтны хамрыг санаандгүй алдан цагаан будааны зутан дотор алдаж орхидог банди уншлагын өрөөнд ламыг сууж байхад хажуугаар нь өнгөрч явахдаа харчихаад бушуухан доошоо харж, инээдээ барьж ядаж байснаа цаашаа хэд алхсанаа тэсэлгүй пирхийтэл инээд алдчих нь тэр. Үүний дээр лам сүмийнхээ ажилтнуудад үүрэг тушаал өгч байхад цаадуул нь түүний нүүрэн дээр хүндэлсэн янзтай зүв зүгээр байвч өөрийг нь эргээд явмагц жиг жуг инээлдэж эхлэхийг хэд хэдэн удаа ажиглалаа.Эхэн үедээ лам энэ бүхэн аргагүй ээ, миний нүүр царай гэнэтхэн өөрчлөгдчихсөн хойно инээд нь хүрээ биз гэж боддог байсан юм. Гэвч учрыг ингэж тайлсан нь нэг л биш ээ. Дээрх шалтгаанаар ажилтнууд, хийдийн банди нар тийнхүү инээлддэг байж болох нь болно л доо. Гэм нь одоогийн тэдний инээд ламбугайн хамар урт байсан тэр үеийн инээднээс эрс ялгаатай инээд байжээ. Хэзээний урт хамартай байхаас нь одоогийн харж дасаагүй оготор хамар бүүр ч илүү инээдтэй харагддаг байж болно. Гэхдээ энэ бүхэн дээр инээдтэй өөр бас юу ч юм байх бололтой дог оо.Эд нар урьд нь хэзээ ч ийм тохуу доогтой инээж шоолж байгаагүй дээ хэмээн халзан толгойгоо далжийлган гайхаж цаг үргэлж амандаа үглэж байх болов. Ингээд царай зүсээ гоёулсан хүн маань дэргэдээ байх Вишвабхадар бурхны дүрсийг залхуутайгаар түшиж зогсоод хэдхэн хоногийн өмнө өөрөө ямар сонин урт хамартай байснаа санан, “Би ер нь одоогийн байдлаар өөрт заяасан хамаг сүр жавхаагаа үгүй хийж, дорой донгио болсон заяа муутны байдалтай болчихоод байгаа хэрэг юмаа даа” гэж гуниглан бодоход хүрнэ. Энэчлэн бодоод бодоод чухам юу болчихоод байгааг нэвт харах хүч манай ламтанд дутсан хэвээрээ байлаа.…Аливаа хүний зүрх сэтгэлд эсрэг тэсрэг хоёр чанар зэрэгцэн оршдог буюу. Ойр дотныхоо хэн нэгнийг гуниж зовоход хамтад зовдоггүй хүн орчлонд үгүй. Тэгсэн мөртлөө цаад шаналсан этгээдийн зовлон хөнгөрөөд ирвэл өөрт нь ямар нэг юм дутагдаад эхлэх шиг санана. Ялигүй өсгөөд хэлэхэд, арай гэж салж байгаа түрүүчийн таагүй явдлыг ойр дотнын гээд байгаа тэр хүндээ нэгхэн удаа ч гэсэн буцаагаад үүрүүлчихмээр байх аж. Хэдийгээр улайм цайм биш ч гэсэн энэ минь тэр минь гэсэн нөгөөхдөө багахнаар ч болов дайсагнаад эхэлнэ.Яагаад ингэж байгааг лам ойлгохгүй боловч хөндлөнгөөс ажиглан харагсадын амиа бодох үзэл, илт муухай санааг чамлалтгүй мэдэрч Икээноо сүмийн лам, ажилтнуудын өөртөө хэрхэн хандах болсныг бага багаар ч болов сэжиглэж эхэллээ.Сэтгэл санаа нь өдөр ирэх бүр муудав. Тэр нүдэндээ өртсөн бүгдэд догшин ширүүнээр уурлах болжээ. Энэ ааш нь сүүлдээ улам сэдэрч өөрийн нь хамрыг эмчилсэн шавиа хүртэл хэтэрхий зөөлөн дуугаар ярив, шашин бурхны явдалд хайхрамжгүй хандаж нүгэл хийв гэж хилэгнэхдээ хүрэв. Ядахнаа ламын нэгэн шавийн дүрсгүй явдал уцаарыг нь гойд их хүргэжээ.Нэгэнтээ цонхны цаана нохой гаслах дуу гарахаар нь гарч харвал хийдийн шавь хүү гартаа мод барьчихсан нэг муу туранхай нохойг хөөж явна гэнэ. Зүгээр нэг хөөж явсан бол ямар хамаа байх билээ. Тэгсэн гэж санана уу, тэр нохойг туулгангаа цаанаа их л учиртай гээч нь,-Чамайг яг хамраар чинь татаад өгьеө гайгүй. Хамар дундуур чинь буулгаад өгье!гэж хөгжилтэй нь аргагүй хашгирч явжээ.Лам хүүгийн гараас модыг нь угз татан аваад нүүрэн дундуур нь татаж орхилоо.Тэгээд харахнаа хүүгийн барьсан мод урьд нь ламын хамрыг дэмнэж өгдөг байсан нөгөөх мод байсан юмсанжээ.Лам сүүлд нь би юунд тэгж бодлогогүйтэн хамраа богиносгуулав даа гэж харамсах болов.Хожим нэгэнтээ орой болж байв. Нар шингээд удаагүй, салхи сэвэлзэн сүмийн дээврийн хонхны чимээ чихнээ чийртэй хангинаж байлаа. Энэ үес яггүй сэрүү орсон тул өвгөн гэлэн таг унтаж амрахыг хүссэн авч нойр нь хүрч өгдөггүй ээ.Өвгөн тийнхүү хараастай хэвээр хэвтэж байсан чинь хамар нь сүйдтэй их загатнаж эхэлжээ. Гараа явуулаад үзэхнээ хамар нь усан хаван гүйсэн мэт пэмбийж, бас халуун ч болчихсон юм шиг санагдаж гэнэ.

Лам бурхан багшийн өмнө тавих цэцэг атгаж яваа юм шиг хамраа болгоомжтой гэгч нь барьсан хэвээр. –Шавь гэдэг бүтэлгүй амьтан буруу богиносгосноос өвчилж эхлэх нь энэ дээ гэж амандаа бувтнаж хэллээ.

Маргааш өглөө нь заншил ёсоороо эрт сэрлээ. Цонхоор харвал өнгөрсөн шөнийн дотор нэл алтаар бүрчихсэн мэт хашаан доторх юмс туулайн бөөр модод цөм гялалзан гялтагнаж үзэгдэнэ. Дээвэр дээр хяруу унажээ. Бүрэн цайгаагүй үүрийн гэгээнд сүмийн хамаг л чимэг зүүлт улам ч гоёор гялалзана. Зэнти ламтан нээсэн цонхны хажууд энэ бүгдийг харан зогссоноо гүнзгий гэгч нь санаа алдав.

Энэ мөчид нь түүнд бараг мартагдсан нэгэн зүйл гэнэт өөрт нь мэдрэгдлээ. Ламын сэтгэл гэнэтэд догдлон хамраа барьж авлаа. Гарт нь ердөө өчигдөрхөн байсан оготор хамар тааралдсангүй.

Эрүүгээ өнгөрч унжсан тав зургаан сун орчим урьдын урт хамар нь байрандаа байж байх нь тэр. Өнгөрсөн шөнө түүний хамар хуучин янзандаа оржээ гэж лам ойлгов.Хамрыг нь анх богиносгож өгөхөд яаж баярласан билээ яг л түүн шиг баярлах сэтгэл энэ мөчид дахиад төржээ.

Үүнээс хойш та нар надаар дооглох чинь ингээд өнгөрөх нь энэ дээ гэж ламтан амандаа шивэгнээд ер бусын урт хамраа намрын салхи өөд гунзайтал тавих нь тэр дээ.

1916 оны нэгдүгээр сар


Орос хэлнээс Д.Цоодол орчуулав.

эхийг The Wheatherman http://weathermanmn.blogspot.jp/2012/05/blog-post_03.htmlхуудаснаас авав.

2 件のコメント:

  1. Дайрий, хэн орчуулсныг асууж байсан уу? Орос хэлнээс Д.Цоодол гуайн орчуулсан өгүүллэг байна.

    返信削除
  2. Тиймүү,баярллаа,Би дээрхи блогын админаас асуусан боловч энэ талаар хариу аваагүй,таныг юм боловуу?гэж блогоос тань шигшээд,Намрын уулс номноос үзээд байхгүй болохоор нь тэр чигт нь тавьсан юмаа.За тэгвэл нэрийг нь нэмээд тавъя.Маш их баярллаа.

    返信削除