2012/05/03

Какүта Мицүёо-Ашгүй,та ирэвүү?(Ⅱ)



Маргаашаас нь эмхтгэлээ тарааж эхэллээ.Уушийн газрын ажил маань таван цагаас байсан болохоор,барагцаагаар хоёр цаг болох үест гэрээсээ гараад,эхлээд ойр хавиар сэлгүүцэн алхаж,тойрч үзлээ.Шуудангийн хайрцаг руу нь шидлэх биш,гэрийн хүний гарт нь шууд атгуулах  ёстой.Тэр зэргийн юм ч амархан байнаа...гэж бодож явлаа.Ямар нэг зүйл хүчээр тулгаж зарах биш,гэртээ оруулаач гэж хэлэх биш,зүгээр л гарт нь дамжуулахад л болно.Гэвч санаснаас амаргүй байлаа.Хонх дараад ,
~дамжуулах зүйл байна! гэж хэллээ гээд хаалга,үүдээ нээгээд өгөх хүн барагтай олдсонгүй.

                   
                  


…~манайх наадахгүйгээр чинь болгоод байгаа!гэж ширүүхэн хариулах юмуу,чимээгүй хонхоо салгачихна.Хэд хэдэн айлаар ороод,хүлээж авахгүй болохоор нь яваандаа уур хүрч эхлэв.
~Юу өгөх гэж байгааг нь ч мэдээгүй байж, яаж болгоод байгаа гэж хэлдэг байнаа.Хаалгаа нээгээд жижигхэн товхимол авчихад чинь юу нь болохгүй байгаа юм бол?
Тэгээд би,``Шууданч байна``,``Буухиа үйлчилгээ байна``гэж худлаа ярьдаг боллоо.
Худлаа хэлэхээр  хаалгаа амархан онгойлгож өгдөг ч,товхимолоо сунгахаар худлаа ярьсан маань дорхноо баригдана.Янзгүй царайлан товхимолыг хүлээж авах нэг нь байх ч,худлаа гэдгийг мэдэнгүүт хаалгаа тас хаачих хүн нь илүү олон байв.Заримдаа бүр цагдаа дуудлаа шүү гэж сүрдүүлэх нь ч байлаа.Цагийн ажил маань эхлэх дөхчихөөд байхад,гар дээрхи товхимолууд бараг хорогдсонгүй.Бухимдаж ядаж байсан болохоор үлдсэн товхимолоо бүгдийг нь гэрлийн шонгийн доорхи хогын цэгт хаячихав.
Шөнө,арван хоёр цаг өнгөрөөгөөд уушийн газрын ажлаасаа тарж иртэл,хонгилд Күсакабэ зогсож байлаа.Ер нь л намайг хүлээж байсан шинжтэй шүү.Хажуугаар нь өнгөрөн гарч өрөөндөө ортол,араас дагаж орж ирээд ,
~Ингэх юм бол ёстой ярихгүй шүү!!гэж тэр хэлдгийм байна.
~Өнөөдрийнхийг төлж чадахгүй гэдгээ хэлчихье!Хаях юмуу ,шуудангийн хайрцаг руу нь чихээд  болчихно гэж бодоод байх шиг байна.Хөөе,бүгд баригддаг юм,за!?Дүрэм зөрчвөл цалин олгохгүй гэдгийг сайн санаж аваарай!!! гэж няхуур нь аргагүй нүдний шилээ өргөнгөө Күсакабэ хэллээ.
~Миний буруу л даа.
Бүр шал төвөгтэй санагдаж эхэлсэн ч,яалт ч үгүй мөнгөтэй болохын тулд дуулгавартайгаар уучлал гуйлаа.
~Маргаашаас эхэлж яг хийнээ.
Күсакабэ тэгж хэлэнгүүт санаа нь амарсан бололтой инээн,ичих ч үгүй тэр дороо тухлаж аваад,шүтдэг шашинаа дахиад л тайлбарлаж гарлаа.Сэрүүцүүлэгчгүй бүгчим халуун өрөөнд нэг ч хөлс дусаалгүйгээр их бурхадын үзэл л гэнэ,огторгуйн урсгалын хүчийг шингээхийн тулд...гээд л мэгзэм мэт хөврүүлж өглөө.


Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав


үргэлжлэл бий☆


зургийг дараахи хуудаснаас авав.→
http://froma.yahoo.co.jp/info/edit/oshigotoguide/301_106_146.html


☆үргэлжлэл бий

0 件のコメント:

コメントを投稿