Маргааш нь галт тэргэнд суугаад,танихгүй хотод буулаа.Эмхтгэлээр дүүрэн цаасан тороо санжуулсаар,хорооллыг нэлд нь тойрлоо.Хөлс зайгүй урсаж,замын цаад тал балран арилах мэт туяалзан долгиотоно.Хэдэн айл хаалгаа нээж өгч,хэдэн айл ширүүхэн шиг үүдний харилцуураа(дотуур холбоо) салгав.Тэр өдөр эмхтгэлээ хаясангүй.Хэд хоногийн дараа гэхэд хаалгыг нь онгойлгуулах шилдэг арга оллоо.
~***дээд сургуулын нийгэм судлалын тэнхимийн Кавасаки байна”гэж тэнхимээ л өөрчлөөд,нэрээ үнэнээр нь хэлэхэд бүр илүү шаламгай болж байлаа.~Зуны даалгаварын сэдэвээр санал асуулга цуглуулж явна.Нийгэм судлалын семинарын судалгаа хийж байгаа юм л даа.Араас нь цуврах тайлбар нь юу ч байсан хамаа алга,гол нь нэрээ хэлэхдээ аль болох шударга,төв шулуун,дасал болоогүй маягтай ярих л чухал байлаа.Үүд нь онгойнгуут~Энийг гуйж байна гээд гүнээ мэхийж эмхэтгэлээ гарт нь атгуулаад арилж өгвөл болох нь тэр.
Цааснууд хорогдох тусам гар,нүүр,шилэн хүзүүгээр пад харлан наранд түлэгдэж байв.Хагас ханцуйтай нимгэн цамцны дүрсээр цагааран үлдсэн биеэ хараад Чикада Хирокотой тавьсан болзоондоо санаа зовнилоо.Хувцасаа тайлахгүй бол борлосон байдал гоё харагдана л даа.Харин тайлчихвал шоолуулах байхдаа?Тэгэх л байх.Тэгээд заримдаа үдээс өмнө гэрээсээ гарч,үл таних хотоор эргэлдэж,тэр хоорондоо хэдэн цаг цамцаа тайлаад цэцэрлэгт хүрээлэн дотор хажуулдаж ч үзлээ.Нэлд нь бүх биеэ борлуулах гэж тэр шүү дээ.
Нарны хурц туяан дор ар нуруугаар час час хатгалах соргог өвсийг мэдрэнгээ,нэг л мэдэхэд Чикада Хироко биш Күсакабэг бодож буйгаа анзаарлаа.Мэдээж тийм балай юм биш л дээ.Күсакабэ тэрнээс хойш хааяад манайхаар орж ирж,өнөөх янзаараа огторгуйн долгионы хэлбэлзлийн тухай номлож,их бурханыхаа гайхамшгийн тухай бурлаа.Хөөж гаргаж ч үзнэ,цаг нөгцөөх гэж яриулаад орхих үе ч байлаа.Түүний ярианд итгэх ямар ч сонирхол байгаагүй хэрнээ,гайхалтай нь түүний хувиршгүй сүсэг бишрэлд байлаа.Надтай нас чацуу байж хэдийд,хэрхэн тэрхүү хачирхалтай шинэ урсгалын шашин номлолтой учирч,ямар шалтгаанаар итгэн биширч,юу бодоод ингэтлээ чин сүсгээр шүтэж байгаа юм болоо?Итгэж,бишрэх юмтай байна гэдэг ямар байдаг бол?Күсакабэг хараад байхад охидод ч,хичээлдээ ч,ажилд ч,мөнгөнд ч сонирхолгүй мэт...Тэр нь хэдий худал хуурмаг байлаа ч итгэх юмтай байна гэдэг маш хүчирхэг юм байдаг юм боловуу?Юу ч үгүй байлаа гээд ер сэтгэл зовнихгүй байхаар дагаа?Ид зуны цэцэрлэгт хүрээлэн дотор цээжин бие нүцгэн амьтан нэг тийм л юм бодож хэвтлээ.
Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав
☆үргэлжлэл бий
зургийг дараахи хуудаснаас авав.→
http://daxiazzz.ti-da.net/e1634148.html
0 件のコメント:
コメントを投稿