2013/10/26

Акүтагава Рюүносүкэ-Барын тухай үлгэрүүд



Шинэ жилийн өмнөх нэгэн орой аав таван настай бяцхан хүүтэйгээ тулганы өмнө сууж байлаа.
Хүү. Аав аа та надад ямар нэг юм ярьж өгөөч.
Аав. Юу ярьж өгөх вэ?
Хүү. Юу дуртайгаа… Барын тухай бол гоё.
Аав. Барын тухай ий? Ярих юм ёстой олдохгүй дээ.
Хүү. Хамаагүй ээ. Барын тухай л бол юу ч хамаагүй.
Аав. Барын тухай гээд байдаг… яая гэхэв ярихаас л биш. Дээр үед солонгост нэг бүрээчин цэрэг архи ууж навс согтоод уулын замаар тэнэж явжээ. Тэгээд унтмаар санагдахаар нь зам дээр хэвтээд өгчээ. Гэв гэнэт нойтон юм нүүрэнд нь хүрээд л байхыг мэдрээд сэрж гэнэ. Юу ч ойлголгүй нүдээ нээгээд хартал аварга том бар сүүлнийхээ нойтон үзүүрээр цэргийн нүүрийг арчиж байжээ.


Хүү. Яах гэж?
Аав. Цэрэг их согтуу байж л дээ. Харин бар цэргээс ханхлах архины муухай үнэрийг арилгаж байгаад идэхээр шийдээд цэвэрлэж байсан нь тэр юмсанж.
Хүү. Тэгээд яасан бэ?
Аав. Цэрэг тэр даруй ухаан орж бүрээгээ шүүрч аваад барын хошного руу шаачихжээ. Бар ч өвдсөндөө болоод хот хүрээ рүү давхиад орчихжээ.
Хүү. Тэр үхсэн үү?
Аав. Хотод ормогц нь хүмүүс түүнийг бүслээд авчээ. Бар ч үхсэн л дээ. Гэхдээ түүнийг үхэн үхтэл бөгсөнд нь зоолттой бүрээ гашуудлын ая шиг хангинаад л байсан юм гэнэлээ.
Хүү. /инээж/ Бүрээчин цэрэг яасан бэ?
Аав. Бүрээчин цэргийг бүгдээрээ иэхэд магтан сайшааж, тэр ч барыг дарсны төлөө шагнал хүртжээ… Ингээд л боллоо доо…
Хүү. Дахиад нэг юм ярьж өгөөч. Энэ чинь сонирхолгүй юм байна.
Аав. Тэгвэл баргүй юм ярья.
Хүү. Үгүй ээ. Дахиад барын тухай ярьж аль.
Аав. Зөвхөн барын талаар л яриад байж болохгүй шүү дээ. Өөр юу ярьдаг юм билээ…? За яахав, өөр нэг түүх ярьж өгье. Бас л солонгост болсон явдал. Нэг удаа анчин ууланд гараад доор хөндийд бар явж байхыг үзжээ.
Хүү. Том бар уу?
Аав. Тийм ээ. Аварга том бар. Ямар таатай учрал вэ гэж анчин бодоод түргэхэн шиг буугаа цэнэглэж гэнэ.
Хүү. Тэгээд алсан уу?
Аав. Анчинг хариугүй гохоо дардагийн даваан дээр бар бүх биеэ хурааж байгаад л өндөр хадан цохио руу үсэрчээ. Их л өндөр үсэрсэн боловч бар цохион дээр гарч чадсангүй газарт унажээ.
Хүү. Тэгээд яасан?
Аав. Бар буцаж зогсож байсан газраа ирээд дахиад л өндөр хадан цохионы орой дээр үсрэн гарахыг оролдож гэнэ.
Хүү. Энэ удаа гарч чадсан тийм ээ?
Аав. Үгүй ээ, энэ удаа бас уначихсан. Тэгээд бар ичсэндээ урт сүүлээ хавчаад хаашаа ч юм бэ сэмхэн яваад өгчээ.
Хүү. Анчин барыг агнаагүй хэрэг үү?
Аав. Бар их гунигтай, яг л хүн яаж ичиж зовдог билээ, түүн шиг харагдсан учраас анчин түүнийг өрөвдөөд буудаагүй юм гэнэ билээ.
Хүү. Өөдгүй үлгэр байна. Бартай өөр ямар нэгэн юм дахиад ярьж өгөөч.
Аав. Дахиад уу? Мууртай үлгэр ярья л даа. Гуталт муурын үлгэр.
Хүү. Үгүй … Дахиад бартай үлгэр л ярьж аль.
Аав. За яая гэхэв, тэгэхээс л биш.. Эрт дээр цагт аварга том бар амьдардаг байсан бөгөөд гурван бамбартай юмсанжээ. Нар гармагц л тэр бамбаруудтайгаа тоглож эхэлдэг байж. Шөнө болохоор агуйдаа орж унтана… Хөөе чи унтаад байгаа юм уу?
Хүү. /нойрмог/ Тэгээд…?
Аав. Гэтэл намар нэг удаа нар жаргасан хойно бар анчны суманд өртөн шархаджээ. Үхлүүт шархадсан бар агуйдаа ирэв. Харин гурван бамбар нь юу ч сэжиглэлгүй томоогүйтэн түүн үрүү ноцон тогложээ. Бар ердийнхөөрөө үсэрч харайн тэдэнтэй тоглож нааджээ. Харин шөнө болоход тэд заншил ёсоор агуйдаа орж унтахаар хэвтэв. Өглөө болоход бамбаруудтайгаа зэрэгцэн хэвтсэн бар үхжээ.  Хөөрхий гурван бамбар цөхрөн ганихарчээ… Чи унтаагүй байна уу?
Хүү. /Унтаад юу ч эс хариулана/
Аав. Хөөе хүн байна уу? Хүү маань унтчихлаа.
Зэргэлдээ өрөөнөөс «За одоохон» гэсэн дуу гарав.


"Мунхаг хүний үгс" номноос орос хэлнээс орчуулсан Д.Дашмөнх


эхийг →http://www.ubboys.blogspot.jp/2012/07/blog-post_09.html#moreхуудсаас авав

0 件のコメント:

コメントを投稿