Их сургуулийн тоосгон хашааг даган явсаар ахлах сургуулиийн өмнө очив. Сургуулийг тойруулж барьсан цагаан модон хашааны цаана цэцэг нь хагдарч навчилсан сакүра мод ургах агаад модон доорх бүдэг харанхуй өвс бутнаас шавжны дуу сонсогдоно.
Би шавжны дуунд алхаагаа сааруулж, чих тавин чагнаж явсаар үргэлжлүүлэн сонсохыг хүссэндээ сургуулийн талбайгаас холдохгүйг хичээн баруун тийш тойрч хэсэг яваад дараа нь зүүн тийш эргэтэл модон хашаа дуусч жүржийн мод суулгасан шороон далан эхэлж байлаа. Зүүн тийш эргэх агшинд би "Хөөх!" гэж уулга алдан, өмнөө харсан зүйлийг гайхан ширтэж, жижиг алхаагаар хурдлан гүйв.
Учир нь далангийн хормойд буйдхан хөдөөний баяр наадмын чимэглэл мэт таван өнгийн хөөрхөн дэнлүүнүүд хөдөлж байлаа. Хүүхдүүд далангийн өвснөө шавж барьж буйг ойртолгүй ойлгов. Дэнлүүний гэрэл хорь орчим. Улаан, ягаан, хөх ягаан, ногоон, шар өнгөөр гэрэлтэх олон дэнлүүний дунд таван өнгөөр солонгорон гэрэлтэх дэнлүү хүртэл байв. Дэлгүүрээс авсан бололтой жижигхэн улаан дэнлүү ч байна. Гэхдээ ихэнх нь хүүхдүүд ухаан бодлоо уралдуулж өөрсдийн гараар урласан хөөрхөн дөрвөлжин дэнлүүнүүд аж. Хүний хөлөөс зайдуу далан дээр хориод хүүхэд цугларч, энэ орой үзэсгэлэнт дэнлүүгээ барин зогсох хүртэл үлгэр тохиолдох ёстой доо.
Нэг хүүхэд нэгэн шөнө энэ далан дээр шавжны дуу сонсов. Маргааш нь улаан дэнлүү худалдаж аваад өнөөх шавж хаана байгааг хайв. Дараа шөнө хүүхдийн тоо хоёр болов. Шинэ хүүхэд дэнлүү худалдан авах боломжгүй байж. Тэрээр хатуу цаасан хайрцгийн ар, өвөр талыг хайчлан авч оронд нь цаас наагаад, хайрцагны ёроолд босоо лаа байрлуулж, оройд нь уяа зүүв. Хүүхдийн тоо тав болоод, долоо болов. Тэд хайрцгандаа өнгийн цаас нааж, зураг зурахыг сурцгаав. Мөн ухаант уран бүтээлчид маань цаасан хайрцагныхаа энд тэнд дугуй, гурвалжин, ромбо, навчин хэлбэрт цонх гаргаж хайчлаад, тэдгээр цонхоо өөр өөр өнгийн цаасаар бүрэхээс гадна, дугуй, ромб, улаан, ногоон зэрэг янз бүрийн хэлбэр, өнгө ашиглан утга санаа бүхий чимэг хээ сэтгэж урлав. Улаан дэнлүү авсан хүүхэд дэлгүүрийн онцгүй, ялгарах юмгүй дэнлүүгээ хаяв. Эхний дэнлүүг өөрийн гараар урласан хүүхэд ч энгийн хийцтэй хэмээн голж хаяв. Урд шөнийн гэрлийн угалз дараа өдөр сэтгэлд хүрэхээ больж, хүүхдүүд дахин хайрцаг, цаас, харандаа, хайч, хутга, цавуу гарган өмнөхөөсөө улам гоё дэнлүү урлахад зүрх сэтгэлээ зориулна. Шөнө болохуйяа "Дэнлүү минь! Хамгийн гоё нь байгаарай!" гэсэн хүсэл бяцхан цээжиндээ өвөртлөн хүүхдүүд шөнийн шавжны ангуунд гарах ажээ. Ийнхүү одоо миний өмнө хориод хүүхэд үзэсгэлэнт дэнлүүгээ барин зогсч буй ажээ.
Би хүүхдүүдийг ажиглан, ойрхноос харж зогсов. Хүүхдүүдийн дөрвөлжин дэнлүүний цонх нь хуучны хээ угалз, цэцгэн хээтэй байхаас гадна зарим нь Ё-ши-хи-ко, А-я-ко гэх мэт өөрийнхөө нэрийг катакана(*1) үсгээр хайчилж урласан байлаа. Дэлгүүрийн зурагтай улаан дэнлүүнээс ялгаатай нь, цаасан хайрцгийн хананд хэлбэр, хээ гарган хайчилсныхаа дараа дотроос нь өнгийн цаасаар бүрсэн тул тэрхүү цонхоор дэнлүүний гэрэл өнгөт хээ болж тусна. Ийнхүү урласан хориод дэнлүү бут өвсийг гэрэлтүүлэх ахуйд бяцхан эзэд нь шавжны дуу чагнан далан дээр явган суугаад хайгуул хийнэ.
Бусдаасаа долоо, найман метрийн зайнд өвс ширтэж суусан хүү гэнэт өндийгөөд
- Царцаа авмаар байна уу? Царцаа! гэв.
- Би авъя! Би авъя! гээд зургаа, долоон хүүхэд даруй гүйн очиж царцаа олсон хүүгийн ард шавааралдан өндөр өвс рүү өнгийн харцгаав.
Гэвч жаалхүү хүүхдүүдийн сунгасан гарыг зайлуулж, царцаа буй өвсийг хамгаалах мэт хоёр гараа сунган зогсох агаад баруун гар дахь дэнлүүгээрээ дохин долоо, найман метрийн цаана байгаа хүүхдүүдийг дахин дуудав:
- Царцаа хэн авах вэ? Царцаа!
-Авъя! Авъя! гээд дөрөв, таван хүүхэд гүйлдэж ирэв.
Хүүхдүүд царцааг хүртэл хүснэ гэдэг шавжны ангуу амжилт муутай байгаа бололтой. Жаалхүү гурав дахь удаагаа дуудав:
-Царцаа авмаар байна уу?
Энэ удаад гурван хүүхэд дөхөж очив.
- Надаа өгчих, тэгэх үү? - сүүлд дөхөж очсон охин жаалхүүгийн ардаас хэлэв. Жаалхүү эргэж харангуутаа шууд газар явган суугаад дэнлүүгээ зүүн гартаа шилжүүлж бариад баруун гараараа өвсний дундуур тэмтрэв.
- Царцаа шүү!
- Өг л дөө!
Жаалхүү босоод атгасан гараа "Май!" гэж буй мэт охины өмнө сунгав. Охин зүүн гартаа байсан дэнлүүгээ бугуйндаа зүүгээд хоёр алгаа жаалхүүгийн атгасан гар дээр тавилаа. Жаалхүү алгаа аяархан дэлгэхэд шавж охины эрхий, долоовор хурууны хооронд шилжив.
-Хөөх! Хүрэлзгэнэ байна! Царцаа биш хүрэлзгэнэ байна! гэж уулга алдан охин бор өнгийн шавжийг харан нүдээ гялалзуулна.
-Хүрэлзгэнэ! Хүрэлзгэнэ! гэх хүүхдүүдийн атаархлын өнгө аястай дуу хадна. Охин ухаалаг сэргэлэн нүдээрээ шавж өгсөн жалхүүг зэрвэс харснаа бүснээсээ уясан шавжны жижиг шилэн саваа тайлж хүрэлзгэнийг дотор нь хийв. Түүнийг
- Хүрэлзгэнэ байна шүү дээ гэхэд хүрэлзгэнэ барьсан жаалхүү,
- Тийм, хүрэлзгэнэ гэж бувтнав.
Охин шавжны шилэн саваа нүүрэндээ дөхүүлэн доторх хүрэлзгэнийг ажиглан харахад жаалхүү таван өнгийн үзэсгэлэнт дэнлүүгээ өндөрт өргөн гэрэлтүүлж, охины царайг үе үе зэрвэс харна.
"Ийм учиртай байж!" Би жаалхүүд жаахан атаархан, бас түүний үйлдлийн учрыг одоо л ойлгож буй өөрийнхөө тэнэгийг гайхав. Байз! Хар даа! Охины цээжийг хар даа! Үүнийг хүрэлзгэнэ өгсөн хөвгүүн ч, хүрэлзгэнэ авсан охин ч, энэ хоёрыг харан зогсох хүүхдүүдийн хэн нь ч анзаарсангүй.
Гэхдээ охины цээжин дээр тусах бүдэг ногоон гэрэл "Фүжио" гэж тод уншигдах бус уу? Шавжны савыг гэрэлтүүлэх хөвгүүний дэнлүү охины цагаан юкатад(*2) ойрхон учир "Фүжио" гэж хайчлан гаргаж ногоон өнгийн цаас наасан үсэг нь хэлбэр, өнгө яг тэр чигээрээ охины цээжинд тусч гэрэлтэнэ. Охины дэнлүүг харвал, зүүн гарынхаа бугуйд өлгөсөн чигтээ унжих тул "Фүжио" шиг тод биш ч гэлээ, хөвгүүний гэдсэн дээр бүрэлзэх улаан гэрэл "Киёко" гэж уншигдана. Ногоон, улаан гэрлийн санаандгүй энэ тоглоомыг - тоглоом болов уу даа - Фүжио ч, Киёко ч мэдэхгүй ажээ.
Фүжио хүрэлзгэнэ өгч, Киёко хүрэлзгэнэ авсныг үүрд хоюулаа мартахгүй ч гэлээ, өөрийнх нь нэр Киёкогийн цээжинд ногоон гэрлээр бичигдэж, Киёкогийн нэр улаан гэрлээр гэдсэнд нь бичигдсэнийг Фүжио хөвгүүн зүүдэндээ ч таашгүй, эргэн хэзээ ч санашгүй. Киёко ч цээжинд нь Фүжиогийн нэр ногоон өнгөөр тодорч, Фүжиогийн гэдсэнд өөрийнх нь нэр улаан гэрлээр бүрэлзэж байсныг хэзээ ч мэдэшгүй.
Фүжио хөвгүүн! Чи том болоод бүсгүйд "Царцаа" гэж хэлэн хүрэлзгэнэ өгч "Хөөх!" гэж гайхан баярлахыг нь харж бахдан инээмсэглээрэй. Мөн "Хүрэлзгэнэ" гэж хэлэн царцаа өгч "Өө" гэж гуниглахыг нь харж өхөөрдөн инээмсэглээрэй.
Хөвгүүн чи бусад хүүхдээс зайдуу, ганцаараа шавж хайх ухаантай ч хүний амьдралд хүрэлзгэнэ тийм ч элбэг тохиолддоггүй юм шүү. Тиймээс царцаа шиг бүсгүйтэй учраад хүрэлзгэнэ гэж итгэх л болов уу даа.
Эцэст нь чиний үүлс хурж, харанхуйлж шархдсан зүрхэнд жинхэнэ хүрэлзгэнэ царцаа шиг харагдаж, дэлхий царцаагаар дүүрсэн мэт санагдах тийм өдөр ирэх аваас, чиний үзэсгэлэнт дэнлүүний ногоон гэрэл өнөө шөнө охины цээжнээ хэрхэн наадан байсныг чи санан дурсах аргагүйд би харамсана.
-------------------------------------------------------------------------------------------------------------------
*1 катакана - цагаан толгой. Япон улсын орчин цагийн бичиг үсэг хирагана, катакана цагаан толгой, ханз үсэг гурваас бүрдэнэ.
*2 юката - зуны дан давуун кимоно
орчуулсан Сүрэн
эхийг →http://surensuren.blogspot.jp/2013/09/blog-post_5.html хуудсаас авав.
0 件のコメント:
コメントを投稿