2012/12/06

Акүтагава Рюүносүкэ-Рашёмон хаалга


Японы нэрт зохиолч Акүтагава Рюүносүкэ(1892-1927)гийн  өгүүллэгүүдээс орчуулан эмхтгэсэн<<Намрын уулс>>хэмээх орчуулгын номыг Монголын Психотроникийн хүрээлэнгээс 2012онд эрхлэн гаргасан байна.Миний бие 8сард Монголдоо хариад,Интер номын дэлгүүрээс энэхүү номыг авч сонирхсон билээ.Тэгээд хараахан уншиж амжаагүй бусад уншигчиддаа багахан танилцуулах үүднээс орчуулагч Б.Батаагийн хөрвүүлгээр<<Рашёмон хаалга>> ыг үсэг,үгийг өөрчлөлгүй хүргэж байна.Уг номд Акүтагава Рюүносүкэгийн 16 өгүүллэг,мөн богино эссэ,хэлсэн үг,бичиж тэмдэглэсэн зүйлсээс орчуулан танилцуулжээ.Ямартай ч түүний зохиол бүтээлээс Акүтагава гэдэг зохиолчын дотоод ертөнц,үзэл санаа,тухайн үеийн Япон зохиолч хүний бодол,Японы амьдралын хэв маяг,Япон төдийгүй дэлхийд үнэлэгдсэн Акүтагавагийн уран зохиол гэж юу вэ гэдгийг багахан ч болтугай мэдэх боломжтой болжээ.

Дашрамд дурдахад 1915онд нэрд гараагүй байхдаа бичсэн<<Рашёмон>>болон 1925онд бичсэн <<Шугуйд>> (Ябү-но-нака)хэмээх богино өгүүллэгээс сэдэвлэн хожим нь1950онд Японы кино урлагын нэрт төлөөлөгч,найруулагч,Күросава Акира <<Рашёмон>>гэдэг кино бүтээж,уг зохиолыг дэлхийд улам алдаршуулсан билээ.

                        ファイル:Miniature Model of Rajomon.jpg


Рашёмон хаалга

Энэ явдал үдэш болсон юм.Нэгэн зарц Рашёмонн хаалганы нөмөрт бороо зогсохыг хүлээн зогсоно.Их хаалганы дэргэд түүнээс өөр хэн ч харагдсангүй.Улаан чий будаг нь халцарсан бүдүүн багана дээр нь л ганц хүрэлзгэнэ суух ажээ.Рашёмон хаалга Сүзакү гудманд олны хөлийн газар байх учир энд ичимэгаса ,момиэбошитэй хэд хэдэн залуус,хүүхнүүд ч бороо хүлээж зогсоход өлхөн багтана.Гэвч мөнөөх зарцаас өөр хэн ч байсангүй.Ийм болсоны учир гэвэл Киотод сүүлийн хоёр,гурван жил нэг бол газар хөдөлж,эсвэл хар шуурга дэгдэн,дээр нь гал түймэр өлсгөлөнд нэрвэгдсэнээс болсон ажээ.Ийнхүү нийслэл ер бусын эл хуль болсон байв.Эртний цаг тооны бичгээс үзвэл байдал бүр буддын сэрэг дүр,ариун эд зүйлсийг ч эвдэж,замын дэргэд чийдэж алтадсан модыг нь овоолон түлээ болгож зарахдаа хүрчээ.Хотод байдал ийм байв.Тиймээс Рашёмон хаалгыг тордож додомдох тухай хэн ч бодохоо больсон нь тодорхой.Ийн хаягдсаных нь завсар үнэг,дорго ч орогнох болжээ.Элдэв хулгай зэлгий хүмүүс ч амьдрах нь бий.Ингээд эцэст нь бүр үхдэлцөгцөс хаях болжээ.Нар шингэсэн хойно энд нэг л аймшигтай,тиймээс хаалга руу хэн ч ойртож зүрхлэхээ болив.
Харин зүг бүрээс хэрээ шувуу олноороо цуглана.Өдөр нь дээврийнх нь асартаж махиралдсан дээгүүр эргэлдэж,гуагчин нисэх ба орой нь тэнгэрт улаан туяа татах үед эгнэлдэн бууж сууцгаасан нь гүнжидийн үр асгасан мэт товруутаж харагдана.Хэрээ хүний хүүр тонших гэж цугласан нь тодорхой.Гэхдээ энэ удаад цаг орой болсноос ч тэр үү нэг нь ч харагдсангүй.Зөвхөн эвдэрч хэмхэрсэн чулуун шатных нь завсраар өндөр өвс ургаж,энд тэнд хатсан сангас цайрч харагдана.Угаасаар хуучирсан хувцастай зарц хамгийн дээд талын,долоодох гишгүүр дээр суугаад,хааяахан баруун хацар дээрх хатигаа оролдон бороо орохыг тоомсоргүй харна.Зохиогч дээр өгүүлэхдээ<<Зарц бороо зогсохыг хүлээж зогсоно>>гэсэн билээ.Гэвч бороо зогслоо ч зарцад үнэндээ очих газар байсангүй.Энгийн үе байсан бол тэрээр эзнийдээ очих ёстой.Гэвч эзэн нь түүнийг хэдэн өдрийн өмнө ажлаас нь халжээ.Киотод тэр үед ер бусын эль хуль болсон тухай нэгэнтээ өгүүлсэн.Тэгэхээр эзэн нь олон жил зүтгэсэн зарцаа ч халсан нь нийтээрээ эзэнгүйрч хоосорсны л жишээ байлаа.Тиймээс<<зарц бороо зогсохыг хүлээсэн>>гэлгүй<< бороонд хөөгдөж хаалганы нөмөрт ирсэн зарц хаашаа явахаа мэдэхгүй сууж байв>>гэсэн бол зохих байсан болов уу.Түүнээс гадна Хэйаны(1) энэ зарцын гундуу байдалд цаг агаар нөлөөлсөн нь ч багагаүй.бас дээр нь бич цагийн сүүлээс асгарсан бороо зогсох шинжгүй байжээ.Сайхь зарц бүгдийг умартан ядаж маргаашийг өнгөрөөчих гэсэн учир холбоогүй түмэн бодлоо дахин дахин цэгнэж,өөрөөр хэлбэл яагаад ч бүтэхгүй байгаа энэ байдлыг яавал засчихсан билээ гэдгээ эрэгцүүлэн Сүзакү гудманд бороо шаагихыг тоомсоргүй сонсоно.
Тэр хавийг бүхэлд нь нөмөрсөн бороо алсаас зүсэрчээ.Үдшийн гэрэл гэгээ буурч,улам харуй бүрий болох нь хэрэв дээш харвал их хаалга вааран дээврийнхээ булангаар харанхуй хүнд үүл тулчихсан мэт санагдана.
Яагаад ч болохгүй болсон байдлыг яаж ийгээд шийдчих арга чарга байсангүй.Хэрвээ бодоод үзвэл хашааны ёроолд,эсвэл гудманд өлсөж үхэх л үлджээ.Үхсэн хойно нь өөрийнх нь хүүрийг энэ хаалган дээр авчраад л нохойд хаяж өгч байгаа юм шиг чулуудчихна.Хэрвээ бодохгүй бол...ийнхүү элдвийг сүвэгчилсэн зарцын бодол санаа яван явсаар нэг л зүйлд хүрнэ.Гэхдээ энэ <<хэрвээ>>эцсийн эцэст нөгөө л<<хэрвээ>>хэвээрээ үлдэнэ.Бодохгүй байх нь нэг арга юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн зарц үнэндээ энэ<<хэрвээгээс>> урган гарч байгаа ганц замыг хүлээн зөвшөөрөх зориггүй байгаа ажээ.Тэр зам нь хүссэн ч,хүсээгүй ч”хулгайч”болох.
Зарц чанга гэгч нь найтаагаад ядрангуй босов.Киотод орой үдшийн цагаар галын дэргэд  л ээж зогсохыг хүсэм сэрүүн ажээ.Салхи,харанхуй хаалганы баганууд хооронд хүйт татуулан орж ирэв.Улаан чий будагтай багана дээр сууж байсан хүрэлзгэнэ хэдийнэ нэг тийшээ алга болжээ.Зарц ханцуйгүй шар дотуур цамцан дээр өмссөн цэнхэр кимонотой мөрөө өргөсхийн хүзүү сунгасаар эргэн тойрноо харав.Тэрээр энэ хав&даа уснаас нөмөртэй,хүний нүднээс далд тайван унтчих газар байвал эндээ хоног төөрүүлчих нь дээр юм гэж боджээ.Ингээд хаалганы дээд хэсэг асар руу гарсан улаан чий будагтай өргөн шат байгааг харав.тэнд хүн байгаа бол үхдэл л байгаа.Зарц ташаандаа зүүсэн сэлмээ хуйнаасаа сугараад уначихаж магадгүй хэмээн барьсаар сүрлэн зори угласан хөлөө шатны доод гишгүүр дээр тавив.Хэдэн минут өнгөрөв.Тэрээр Рашёмон хаалганы дээд асраад гарсан өргөн шатны дунд хэсэгт амьсгаа даран муур мэт атиран гэтсээр дээд давхар руу шагайв.Асраас туссан гэрэл баруун хацрыг нь бүдэгхэн гэрэлтүүлжээ.Богинохон хэдэн ширүүн үсэн дунд идээтэй батга улайсан тэр л хацар дээр нь бүдэгхэн гэрэл тусжээ.Тэрээр эхэндээ дээр зөвхөн үхсэн хүмүүсийн хүүр л байгаа гэдэгт итгэлтэй байлаа.Гэтэл хоёр гурван гишгүүр өгсөөд нэг хүн гэрэл асаачихсан байгааг харав.Түүнээс гадна гэрэл ийш тийшээ хөдлөөд байлаа.Энэ нь шууд л нүдэнд тусав.Бүдэгхэн шар гэрэл бөхөлзсөөр аалзны шүлс болсон булантай адар даган хөдөлнө.Бороотой ийм орой Рашёмон хаалганы асарт гэрэл гарах бол жирийн хэрэг биш.Мөнөөх зарц гүрвэл мэт чимээгүй бараг л мөлхсөөр шатны дээд гишгүүрт хүрэв.Дараа нь бүхий л биеэ шатанд наагаад чадах чинээгээрээ хүзүү сунган асрын доторхыг зориггүйхэн шагайв.Энэ асарт хүний хүүр эмх замбараагүй хаячихсан байдаг тухай сонсогддог.Гэвч гэрэлгүйд доторх байдал санаснаас ч муухай харагдах учир зарц хичнээн хүний хүүр хэвтэж байгааг ч харж чадсангүй.Бүдэг бадагхан ч цорын ганц харж чадсан зүйл гэвэл хүмүүсийн хүүр хувцастай,хувцасгүй,бүр нүцгэн ч харагдав.Бас мэдээж эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн хүүр замбараагүй холилджээ.Бүгд л шалан дээр хаясан чигээрээ ийшээ тийшээ харчихсан,ам нь ангархай,гар нь шидэгдсэн ер нь урьд нь амьд байсан юм болов уу гэж эргэлзмээр шавар хүүхэлдэйнүүд шиг юм байв.Хүүрийн мөр,цээж зэрэг ёрдойж дээшээ гарсан хэсэгт бүдэгхэн гэрэл тусаж сүүдэртсэн хонхорууд нь яагаад ч юм бүр л харанхуй мөнхийн аниргүй мэт нам гүм санагдана.Хүүрийн үнэр танарт зарц өөрийн эрхгүй хамраа дарав.Гэвч дараахан нь тэрээр хамраа дарахаа ч мартаж орхив.Цочирдож алмайрснаас үнэрлэх чадвар нь бараг л алга болжээ.Тэрхэн мөчид хүүрүүд дунд нэг явган хүн суучихсан байгаа дүрс нүдэнд нь ялгарав.Тэр дүрс нь жижигхэнбөлөв.,туранхай,сармагчинтай төстэй цагаан үстэй эмгэн байлаа.Тэрээр хиноко(2)модны үндэс шиг өнгөтэй кимоно өмсжээ.Эмгэн гартаа нарсны зомгол шатааж бариад хүүрийн нэгнийх нь нүүрийг сүрхий ширтэн харна.Үс нь урт байгааг харахад хүүр эмэгтэй хүнийх бололтой.Айж,бас сонирхолдоо автсан зарц бүр амьсгалахаа мартчих шиг болов.Он цагийн тэмдэглээчийн эртний нэгэн хэллэгээр бол<<хуйхных нь арьс хөөрчих>>шиг болов.Энэ хооронд эмгэн нарсны зомголоо шалны завсар чихээд хоёр гараа хүүрийн толгой руу сунган зулзаганыхаа үсэн дэх  бөөсийг хайсан сармагчин шиг хүүрийн урт үсийг ширхэг ширхэгээр нь зулгааж эхлэв.Үс нь үгтээхэд амархан сугараад байгаа бололтой.Зарцын айдас ч эмгэнийг ингэж суух хооронд аяндаа гарчээ.Түүнээс гадна эмгэнийг хүчтэй үзэн ядаж эхлэв.Үгүй ээ<<эмгэнийг>>гэх нь тийм ч зөв биш юм байна.Хугацаа өнгөрөх тусам хорон муу бүхнийг жигшиж зэвүүцэх нь улам хүчтэй болж байв.Хэрэв энэ үед хэн нэг нь түүнээс доор хаалганы шатан дээр суугаад бодож байсан”өлсөж үхэх үү,эсвэл хулгайч болох уу”гэдэг асуултыг дахиж асуусан бол тэрээр ямар ч эргэлзээгүй өлсөж үхэхийг сонгох байсан болов уу.Хорон мууг үзэн ядах нь шалны завсар чихсэн зомголын гал адил бүр ч хүчтэй болов.Зарц мэдээж эмгэн яагаад хүүрийн үснээс сугалж байгааг ойлгосонгүй.Тиймээс шалтгааныг нь бодоод ч энэ сайн уу,муу юу гэдгийг мэдсэнгүй.Гэвч бороотой шөнө Рашёмон хаалганы асарт хүүрийн үс зулгааж байгаа нь л байж болшгүй муухай зүйл байв.Тэрээр саяхан л өөрөө ч хулгайч бочих тухай бодож байснаа таг мартжээ.Ингээд зарц хөлөө чангалж шатнаас ухасхийн дотогш ороод сэлэмнийхээ бариулаас атган том том алхсаар эмгэн рүү дөхөв.Эмгэний ямар их цочсоныг хэлэх ч юм биш.Зарцыг олж хармагцаа л эмгэн дүүгүүрт шидэгдсэн мэт гэдэргээ үсрэв.
-Зогс хаачих нь вэ!?хэмээн хашхираад зарц хүүрэн дунд бүдчин зугтах гэсэн эмгэний замыг хааж зогсов.Эмгэн ямартай ч түүнийг түлхэх гэж үзжээ.Зарц эмгэнийг гаргасангүй харин буцааж түлхэв.Тэр хоёр хэсэг хугацаанд зууралдан хүүрэн дунд чимээгүй ноцолдов.Гэвч хэн нь дийлэх нь эхнээсээ л тодорхой.Эцэст нь зарц эмгэний гарыг мушгиж шалан дээр унагав.Эмгэний гар гэж яг л тахианы савар шиг яс арьс ажээ.-Юу хийж байснаа хэл!Үгүй бол битгий гомдоорой!
Ингэж хэлээд зарц эмгэнийг түлхэн сэлмээ сугалж гялалзсан ирийг нь нүдэнд нь тулгав.Гэвч эмгэн дуугарсангүй.Гар нь салганаж,нүд нь бүлтрэх нь үү гэлтэй бүлтгэнэсэн ч хэлгүй аятай огт дуугарсангүй.Энэ үед л зарц эмгэний амь бүхэлдээ түүний гарт байгааг ухаарчээ.Энэ ухаарал нь яагаад ч юм буцалсан уур хилэнг нь намжааж,ердийн л ажлыг амжилттай дуусгасны дараа байдаг шиг санаа амарсан мэдрэмж үлдэв.Эмгэнийг толгой хөлгүй харсан тэрээр арай л зөөлнөөр:
-Би хотыг хамгаалах албанд ажилладаггүй зүгээр л хаалган доогуур гарч явсан замын хүн байна.Тиймээс таныг хүлэх гээгүй.Та сая энэ асарт юу хийж байснаа л хэлчих?гэжээ.Эмгэн улайсан зовхитой бүлтийсэн нүдээ бүр ч бүлтийлгэн зарцын нүүр рүү гөлрөв.Махчин шувуу шиг л хурц гөлрөх ажээ.Дараа нь ямар нэг юм зажлах мэт үрчгэр уруулаа өмөлзүүлэв.Үрчгэр уруул нь бараг хамраасаа ялгарахгүй болжээ.Шөвгөр төвөнх нь нарийхан хүзүүндээ нааш цааш гүйж харагдана.Эмгэний хоолойноос хэрээ шиг хяхтнасан,бүдэгхэн тасалданги дуу гарав.
-Үсээр....үсээр нь....хиймэл үс л.
Эмгэний хариулт бодож байснаас ийм энгийн байсан нь зарцын урмыг бараг л хугалав.Үүний зэрэгцээ бага зэргийн үзэн ядалттай нь холилдсон уур хилэн ч сэтгэлд нь буцаад ирэв.Эмгэн ч үүнийг анзаарсан бололтой гартаа хүүрийн  толгойноос сугалсан урт үс барьсан чигээрээ:
-Үхсэн хүний үс зулгаах муу байж болох л юм.Гэхдээ энэ үхсэн хүмүүс бүгд л ингээд хэвтэж байвал таарсан.Миний сая үснээс нь сугалж авсан эмэгтэй л гэхэд могой алж дөрвөн сун нарийхан хэрчиж хатаагаад дараа нь ордны харуулуудад хатаасан загас гэж зардаг...Түүгээрээ л амь зууж байсан.Тахлаар үхээгүй бол одоо ч тэгээд л явж байх байсан.Хүмүүс түүний хатаасан загас амттай гээд л,харуулууд байнга зууш гээд худалдаж авдаг.Гэхдээ би түүнийг муу юм хийсэн гэж бодохгүй.Тэгээгүй бол өлбөрөөд л үхнэ.Тиймээс аргагүйдээ л тэгсэн хэрэг.Би ч гэсэн өөрийгөө муу юм хийж байгаа гэж бодохгүй байна,үгүй!Ингэхгүй бол би ч өлбөрч үхнэ.Тэгэхээр би ч гэсэн аргагүй эрхэнд л ингэж байна.Энэ эмэгтэй ч гэсэн,аргагүйн эрхэнд гэж юу байдгийг тэр сайн мэдэж байгаа шүү дээ.Тэр намайг ч гэсэн буруутгахгүй байсан гэлээ.
Эмгэний хэлсэн зүйл ийм байв.
Зарц сэлмээ хуйнд нь буцааж хийн зүүн гараараа бариулаас нь атгаад эмгэний яриаг хүйтнээр сонсож байжээ.Мэдээж баруун гараараа хацар дээрх батгаа л оролдож байв.Харин эмгэнийг сонсож байх хугацаанд сэтгэлд нь эр зориг төржээ.Доор,шатан дээр сууж байхад нь дутаад байсан эр зориг.Энэ эр зориг нь саяхан л энэ асар руу үсэрч орж ирээд эмгэнийг шүүрч авсан урам зоригийнх нь яг эсрэг чиглэсэн байв.Тэр одоо өлсөж үхэх үү,эсвэл хулгайч болох уу гэдэгтээ огт эргэлзсэнгүй.Түүгээр ч зогссонгүй одоо бол өлсөж үхэх тухай бодлоос холджээ.Толгойд нь огт ийм зүйл орж ирсэнгүй.Эмгэнийг үгээ хэлж дуусмагц тэрээр:
-Тийм байдаг вий?хэмээн доогтоу нь аргагүй хэлэв.Дараа нь урагш алхсанаа гэнэт эргэн батганаасаа гараа авч,эмгэнийг заамдаж аваад:-Тийм юм бол намайг өөрийг чинь дээрэмдлээ гэж битгий гомдоорой!Үгүй бол би ч гэсэн өлбөрч үхэх нь байна хэмээн чангахан хэлэв.Ингээд эмгэний кимоног хуу татан тайлав.Дараа нь хормойтойгоо зууралдсан эмгэнийг хүүрэн дээр ширүүхэн өшиглөж унагажээ.Шат хүртэл таван алхам.Эмгэнээс тайлж авсан хиноко модны үндэс шиг өнгөтэй кимоногоо сугандаа хавчуулаад зарц эгц шатнаас нүд ирмэхийн зуур бууж шөнийн харанхуйд далд болов.Үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэж үлдсэн эмгэн хүүрэн дунд нүцгэн өндийв.Амандаа үглээд ч байгаа юмуу,эсвэл уйлаад ч байгаа юмуу эмгэн арай унтраагүй байгаа зомголын гэрэлд хаалга руу мөлхөв.Ширэлдсэн богинохон буурал үс нь дух руу нь унжиж бөхийсөн эмгэн доош тонгойн харна.Хаалганы эргэн тойрныг шөнийн харанхуй нөмөрчээ.
Тэр цагаас хойш зарц сураггүй алга болов.


орчуулсан Б.Батаа


0 件のコメント:

コメントを投稿