/төгсгөлийн хэсэг/
Хаднаас зууран өвдөгөө чичрэхийг намдааж, бат чанга гишгэхийг чармайсаар Ичикүро дэвсэгээр гарав. Дараа нь цавчим цохиог дахин анхааралтай хармагц л сэтгэл дотор нь агуу том хүсэл эрмэлзэлээр булхаад ирэв. Үйлдсэн өдий төдий нүглээ аар саар буянаар ариглаж барахгүй байсан Ичикүро бүхнийг умартан амьдралаа аугаа их үйлст зориулах шийдвэр гаргах болоод ирлээ. Ичикүро ерөөсөө л хүнд бэрх сорилт шүүлтийг хүсч байсан билээ. Золгүйгээр амь үрэгдсэн талийгаач, жилд арваад хүн амиа алддаг энэхүү аюулт гармыг хараад Ичикүрод хүмүүсийг энэ их аюулаас ангижруулъя гэсэн их хүслэн оргилон ирэв. Хадан цохиог нүхэлж хоёр зуу гаруй кэн урт хонгил гаргая гэсэн зоримог санаагаа гүйцэлдүүлэхээр амь биеэ үл хайрлан тэмцэх андгай тангаргийг өөртөө хэлэв. Эцсийн эцэст, эрэн хайсаар хийх ёстой ажлаа оллоо. Хэрэв нэг жилд арван хүн аварвал арван жил зуу, зуун жил мянга, мянган жилд сая хүний амь аварна гэсэн үг.
Тэр өдрөөс эхлэн хамаг бие сэтгэлээ ажилдаа зориулж эхлэв. Ичикүро Раканжи сүмийн хошид сууж эхлэв. Хонгил байгуулахад зориулан хөрөнгө цуглуулахаар Яманкүни голын сав хөдийн тосгодоор явсан боловч үл таних хэрмэл бадарчны үгэнд хэн ч итгэсэнгүй.
-Энэ солиотой амьтан хоёр зуу гаруй урт хадыг нүхлэх юм гэнэ. Ха ха ха, гэж зарим нь доог тохуу хийнэ.
Энэ бол ч бүр наад захын хэрэг байв. Зарим хүн Ичикүрогийн учирлахыг сонсоод
-Ямар муухай луйварчин бэ? Ёстой л зүүний сүвэгчээр тэнгэр харж баясна гэгч болох нь л дээ. Ихээхэн мөнгө олох санаатай нөхөр байна, хөөе. Бас их зальтай этгээд байх нь ээ, хэмээн элдэв муу үгээр ярилцацгаана.
Ичикүро тариачдыг сар шахам ятгаад бүтсэнгүй. Тэгээд цөхрөнгөө барж, тэрхүү нүсэр ажилд ганцаараа орохоор сэтгэл шулууджээ.
Лантуу, хасуур барьсан Ичикүро асар том хадан цохионы хормойд зогсох нь шог зураг л гэлтэй. Голын усыг тохойрон хавчсан аварга хадыг хүн нүхлэх гэж байна. Тэр нь галт уулын харьцангуй зөөлөн чулуу хэдий ч тийм их ажлыг Ичикүро ганцаараа зөвхөн өөрийнхөө хүчинд найдан хийх гэж шийдсэн юм.
-Энэ хүн ч солиорч гүйцжээ, гэж хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө даажигнана.
Гэвч Ичикүро шантарсангүй. Ямакүни голын тунгалаг усанд орж, өөрийгөө нигүүлсэлийн охин тэнгэрт даатгаад, шууд ажлаа эхэлж хамаг хүчээрээ хадан цохиог лантуудахад аварга хадан цохионоос дөнгөж өчүүхэн хэсэг л эмтэрчээ. Ичикүро огтхон ч гутраагүй бөгөөд хүчээ шавхан дахин дахин балбана. Өлсөж ядарсанд ойр хавиасаа бадар барьж гэдэс гараад, дахиад л лантуугаа барин авч хадан цохиог нүдэж эхэлнэ. Хүч тэнхээ нь барагдахаар Шингон хэмээх залбирал гингэнэн унших ба сэтгэлийн хатуужил нь эргэн ирнэ. Тийнхүү амрахыг үл мэдэн хоёр гурван өдөр ажиллажээ. Хажуугаар нь өнгөрөх аянчид доог тохуу хийх боловч Ичикүро нэг ч хором зогсохгүй хөдөлмөрлөж лантуугаа улам ч чанга атган шамдан ажиллана.
Ичикүро бороо шорооноос толгой хоргодох овоохой барьж суужээ. Голын усанд оддын дүрс анивчин туссаар байх үүрийн цүүрээс зөвхөн ус цалгихаас өөр чимээгүй, хамаг амьд амьтан нойрссон шөнө дөл болтол эцэж ядрахыг үл анзааран хадан цохиог балбана.
Хүмүүс шоолж даажигнахаа зогссонгүй.
-Балай амьтан. Юу горьдож байгаа юм бол, гэлцэнэ.
Ичикүрогийн эхэлсэн ажлыг хэзээ нэгтээ дуусна гэдэгт хэн ч итгэхгүй байлаа. Харин Ичикүро хад нүдэх болгондоо л, ажилдаа сэтгэлээ шингээж байв. Ажиллах зуураа зовлонгоо мартаж, хүний амьдрал бусниулсандаа гэмшин шаналахаа больж, хойт насанд минь диваажинд төрүүлээч, гэж залбирахаа ч больжээ. Ичикүро одоо буянтай үйл бүтээе, гэсэн цорын ганц ариун эрмэлзэлээр амьдарч байлаа. Сахил санваар хүртсэнээс хойш бие сэтгэлийг нь тарчлаан шөнө унтуулахгүй зовоосон бузар дурсамжууд тамлах нь арай намдсан бололтой. Чин зоригт хөтлөгдсөн Ичикүро биеэ ажилдаа бүрэн зориулан цохиог шургуу балбана.
Шинэ он гарч, хавар зуны улирал өнгөрөв. Түүний хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Ичикүро нэг жёо гүн их нүх гаргасан нь ялимгүй зүйл боловч хүсэл зоригийнх нь биелэл болжээ.
Гэвч нутгийн улс элэг доог хийхээ зогссонгүй.
-Хараач! Энэ солиотой лам бүтэн жил малтаад юу ч хийсэнгүй шив дээ, гэлцэнэ.
Харин Ичикүро хөдөлмөрийнхөө үр дүнг хараад баярын нулимс унагана. Ухаж малтсан хонгил нь хэдийгээр өчүүхэн ч гэсэн буян үйлдэх эрмэлзэлийнх нь бодит биелэл юм.
Дахиад нэг жил өнгөрлөө. Ичикүро бүр л хүч гарган ажиллаж, пад харанхуй шөнө ч зогсолтгүй хөдөлмөрлөх болов. Агуйд өдөр ч харанхуй байх бөгөөд тувт сууж хөдөлмөрлөх хэрэг гарна. Итгэл найдвар дүүрэн хамаг амьдралаа шингээж ажиллаж, баруун гараа далайн хад чулууг лантуугаараа улайран нүдэх ажээ. Нар мандаж, сар гийн, бороо асгаран шороо шуурч байвч агуйд лантуу балбах чимээ үл тасарна.
Ичикүрогийн ажлаа эхэлсний хоёр дахь жилийн эцсээр хүмүүс дооглож элэглэсээр байсан боловч доог тохуугаа ил гаргахаа болиод далдуур инээдэг болов.
Бас нэг он улирахад лантууны цохилт Ямакүни голын усны цалгиа мэт тасралтгүй сонсогдсоор байжээ. Тариачид ч олон юм ярьж тавлахаа больж, элэг доог нь гайхашралаар аяндаа солигдов.
Ичикүро сахал самбайдаа дарагдан урт үс мөрийг нь бүрхэн, хир буртагтаа баригдав. Тэрбээр хүн төрхөө улам бүр алдан, ухсан нүхэндээ адгуус амьтан мэт мөлхөн хад чулууг ухаан солиотой хүн шиг лантуугаар нүднэ.
Орчны хүмүүс гайхан хачирхахын хажуугаар аажим аажмаар түүнийг өрөвдөх болсон байна. Урьд нь Ичикүро бадар барихаар ажлаа түр орхин явдаг байсан бол одоо хүмүүс агуйн амсар дээр аягатай идэх юм тавьдаг болов. Ичикүро ийш тийшээ яваад байх шаардлагагүй болсонд тэр хэмнэсэн цагаа ажилдаа зориулна.
Дөрөвдэх жилийн эцэс гэхэд агуйн гүн бүр таван чёо хүрчээ. Гэвч бас болоогүй, цохионы голч гурван чёо гаруй билээ.
Ичикүро ийнхүү шургуу ажиллаж байсанд тариачид яггүй гайхах атлаа нэг ч хүн тусалъя гэж бодсонгүй. Харин яаж ч чармайгаад бүтэхгүй дэмий юм хийж байгаа нь илэрхий мэт санагдана. Ичикүро ганцаараа ажилласаар. Лантуунаас бусад бүх зүйлийг огоорон, хамаг ухаан санаагаа ажилдаа зориулан, амьд яваа насандаа боломжоороо л уртхан нүх амжиж ухах гэж л санааширдаг сохор номин шиг л ажиллан, ер бусын хүч чармайлт гарган урагш ахисаар байлаа.
Хавар...Намар... Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож байгаль дэлхий цагаан өмсгөлөө нөмрөн дахин тайлж, дэлхий сэргэнэ. Харин агуйгаас дуулдах чимээ л огт өөрчлөгдсөнгүй.
Ажил хичнээн удаан ахиж байгааг хараад, хүмүүс Ичикүрог өрөвдөнө.
-Хөөрхий лам. Ингэж хад цохио нүхлэж байгааг бодоход ухаан санаа нь эрүүл биш дэг ээ. Насныхаа эцэст эхэлсэн ажлынхаа аравны нэгийг барахгүй л дээ гэлцэх болов.
Он жил улиран одсоор. Арав дахь жилийн нүүр үзэхэд агуйн урт хорин кэн хүрсэн байв. Ичикүрогийн эхэлсэн ажлыг найдваргүй юм биш гэдгийг хүмүүс эцсийн эцэст ойлгох шиг болжээ. Энэ хатингар ядуу лам арван жилийн дотор ганцаараа өчнөөн гүн ухчихаж байгаа юм чинь олон хүн хүч нийлүүлбэл хэдхэн жил болоход цохио хадыг цоолж болох юм, гэсэн итгэл баттай төрсөн бололтой. Есөн жилийн өмнө Ичикүро хонгил барихад тусламж үзүүлээч гэж гуйхад тэр хавийн долоон тосгоныхон нэгэн дуугаар татгалзсан билээ. Гэтэл одоо тэд өөрсдөө санаачлан мөнгө цуглуулж, Ичикүрод туслахаар хэдэн чулуучин хөлсөлжээ. Ичикүро одоо ганцаараа биш болж, түүний лантуутай зэрэгцэн олон лантууны жигд, хүчтэй цохилт агуйгаас дуулдах болов.
Хойтон жил нь тариачид ажил нь хэр ахисныг үзвэл замын дөрөвний нэгд ч хүрээгүй байжээ.
-За тэр, олон хүн ажиллаад ч нэмэр алга. Биднийг мэхэлжээ. Шал дэмий мөнгө үрлээ, хэмээн тариачид гасалж дахиад л итгэл алдарч эхлэв.
Төдөлгүй тариачид тэр ажилд сүжиггүй болж, Ичикүро ч туслах хүнгүй болов. Үнэхээр ч нэг чулуучин ажлаа хаян явахад нөгөө нэг нь барьцсаар эцэс сүүлдээ Ичикүро ганцаар үлдсэн билээ. Харин тэрбээр хэнийг нь ч "үлдээч" гэж гуйгаагүй бөгөөд үг яриа ч үл гарган нүхээ ухсаар л байжээ.
Нутгийн хүн ард Ичикүрог ч дурсахаа ч больжээ. Цохионы гүн рүү улам орох тусам лантуугаа дээш далайн хад чулуу тасралтгүй балбах тэр эрийг олж харах ч аргагүй болов. Хааяа хэн нэгэн тариачин "манай лам ажилласаар л байна уу" гэж харахаар агуйн амсраар өнгийдөг байжээ. Удалгүй тэгж харах хүн ч үгүй болж, Ичикүрогийн дүр төрх хүмүүсийн санаанаас аяндаа арилав. Тэдний хувьд Ичикүро үгүй болж, Ичикүрогийн хувьд хүмүүс үгүй болов. Ичикүрогийн хувьд энэ ертөнцөд цорын ганц зүйл оршиж байсан нь энэ аварга цохио юм. Ичикүро арав гаруй жил хад малтсан ба байнгын харанхуй үргэлж хүйтэн чулуун дээр суусаар царай нь саарал өнгөтэй болж, нүд нь хонхойн, нэг үгээр хэлбэл, хүн биш амьд сүг болсон байна. Ганц чин хүслээс өөр юуг ч мөрөөдөөгүй бөгөөд энэ мөрөөдөл нь баатарлаг зүрхэнд нь бөхөшгүй дөл болон асч, түүнийг "урагшаа" хэмээн зоригжуулж байв. "Байлдан" ахиулсан сөөм газар бүхэн түүнд хязгааргүй баяр баясгалан авчирч, урагш нэг алхам ахих бүр цээжний гүнээс хөөрөн дуу алдана.
Ичикүро дахиад гурван жил ганцаараа ажиллалаа. Хүмүүс түүнийг гэнэт санаж, ердөө л сониуч зангийн үүднээс ухсан агуйн гүнийг хэмжихээр шийдэв. Жаран таван кэн болжээ. Гол руу орсон гангын урт нийт замын гуравны нэгт хүрчээ. Ичикүро ганцаараа эцэнхий гараараа хичнээн урт нүхийг гаргаа вэ?
Тариачид дахин гайхан шагширч, ичиж зовохын хамт тэр хүнийг гүнээ хүндэтгэх сэтгэл төрөв. Төдөлгүй Ичикүрогийн лантуутай зэрэгцэн хэдэн арван чулуучны лантуу хад чулууг нүдэж эхэллээ.
Хүмүүс байсан ч байгаагүй ч Ичикүрогийн лантуу хад чулууг галзуу юм шиг бутална. Ичикүро биеэ хөвчлөн лантуугаа огцом далайж хамаг хүчээ хуримтлуулан чулуун дээр буулган, яг л машин шиг ажиллана. Ичикүро бүхнийг өөрөө энэ мөнх бус хорвоод амьдардаг хүн гэдгээ ч умартжээ.
Урьдын амьдрал, эзнээ алсан, дээрэм тонуул хийж явсан, хүний амь бусниулсан, зэрэг дурсамж ой тойноос нь алга болов.
Он жил улиран өнгөрсөөр. Зүдэргээнтэй хүнд ажилд Ичикүрогийн гар төмөр мэт хатуу чийрэг болов. Ичикүро ажлаа эхэлснээс хойш арван найм дахь жил шувтрах үе хадан цохионы тэн хагасыг ухчихсан байлаа. Энэхүү гайхалтай үр дүнг нутгийн ард түмэн хараад мэл гайхаж цэл хөхрөв. Ичикүрогийн сэдсэн ажлын амжилтанд эргэхлзэхээ болив. Хоёр ч удаа эхэлсэн ажлаасаа шантарч ухарсан нь тун ичгүүртэй байжээ, тэдний хувьд. Долоон тосгон нэгдэн, Ичикүрод дахин тусалж эхлэв.
Тэр жил Накацү овгийн хошуу захирагч тэр хавийн газраар явж үзээд, Ичикүрог магтан соёрхож өөрийн тойргийн суурингаас гучин чулуучин гаргаж, Ичикүрод туслуулахаар явуулжээ. Ажил ч тэдний гарч хуурай навч шатахтай адил хурдан нугарч эхлэв.
Тамирдаж ядарсан Ичикүрод "та чулуучдыг удирдаж ажиллуул. Таны хүч барагдсан байна шүү дээ" гэсэнд Ичикүро тэр үгийг огт халгаасангүй. Гучин хүн мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгааг мэдээгүй юм шиг улайран ажилласаар байв.
Хүмүүс Ичикүрог амрах хэрэгтэй гэж бодож байсан нь үндэсгүй зүйл биш байв. Агуйн гүнд бараг хорин жил сугаагаараа ажилласан учраас хөл нь өвдөж шархиран чөлөөтэй нугарч чадахгүй болжээ. Юм тулалгүй хоёр гурав ч алхаж чадахгүй болов. Мөн харанхуйд удаан байсны дээр нүдэнд нь байн байн чулууны үртэс ордог байснаас болж сохор номин мэт гэрэл ялгахгүй, юмны дүрсийг арайхийж ялгадаг болсон байна. Эцэстээ, төмөр биетэй Ичикүрог хүртэл нас дарж хүч тэнхээ нь доройтов. Амьд явахыг нэг их хүсэхгүй ч ажлаа дуусгалгүй үхнэ гэдэг түүнд даанч харамсалтай байлаа. Одоо ганц хоёрхон жил л тэсчих юмсан, гэж зүрх нь халаглавч харин бие нь хөгширч буйгаа мартахын тулд ажилд зүтгэнэ.
Ичикүрогийн замыг хаан сүндэрлэх хадан цохио, жавхлант биедээ халдахыг үл тэвчигч байгалийн хүчийг үзүүлсэн энэхүү цохиог ядуу өвгөн ламын төмөр зүрх зориг нэвт цоолжээ.
Хадан цохионы хэвлийд гарч буй энэ зам хонгил амьд амьтан мэт урагш ахисаар байлаа.
4.
Ажлын шувтарга ойртох тусам хүч хүрэмгүй бэрх хөдөлмөр Ичикүрогийн эрүүл мэндийг улам бүр сүйтгэж байлаа. Гэвч өвчнөөс илүү аюултай нэг дайсан байлаа.
Сабүробэ өөрийн зарц Ичикүрогийн гарт амь үрэгдсэн тул үр удам нь харъяат ноён байх найдвар тасарч, улмаар Накагавагийн удам мартагдах тийш ханджээ. Харин Сабүробэгийн гурван настай Жицүносүкэ хүүг хамаатан садан нь үрчлэн авсан юмсанж. Арван гурван нас хүрээд, эцгийнхээ хэрхэн амь үрэгдсэнийг тодорхой мэдсэн Жицүносүкэ эцгийг нь алсан хүн нэг зиндааных нь самүрай биш, харин тэднийд амь зууж байсан нэг муу зарц байсныг дуулаад залуу хөвгүүний зүрхэнд үзэн ядахын хилэн буцалж, сэтгэлийнхээ гүнд эцгийнхээ өшөөг авахаар санаа шулууджээ. Жицүносүкэ уд модны төгөл дотор тогтмол хичээнгүйлэн сургуулилж, сэлэм эзэмших эрдэм заалгаад, арван есөн насандаа "сэлмийн урлагийг бүрэн эзэмшсэн" гэсэн гэрчилгээ хүртэл авч, өс авах үүргээ биелүүлэхээр баяр хөөртэй морджээ. Эл үүргээ амжилттай биелүүлбэл өрх гэрийнхээ нэр төрийг сэргээхэд чинь тусална, хэмээн төрөл төрөгсөд нь ч ам алдан түүнийг үдсэн байна.
Жицүносүкэ дайснаа эрэн, өдий төдий газрыг хөндлөн гулд туулан явахдаа багагүй бэрхшээлтэй тулгарч байж. Жицүносүкэ Ичикүрогийн барааг насандаа ч хараагүй, ер нь тэгээд эрэл найдлагагүй шахам байсныг элсэнд хаясан зүүг эрж олохтой зүйрлэж болохоор байв. Кинай, Тоокай, Тоосан, Санъин, Санъёо, Хокүрикү, Нанкай гээд Хоншюү арлын бүхий л нутаг хошуудаар хэдэн жил бядан хэсэв. Ингэж бүтэлгүй эрсээр хорин долоон настайгаа золгожээ. Гачигдал зовлон амсан хэсүүчлэхдээ заримдаа Ичикүрог зүхэж заримдаа жигшихээ больсон юм шиг санагдана. Гэвч эцгийнхээ нэр төргүй үхлийг санан дурсаж, Накагавагийн удмыг сэргээх үүрэгтэйгээ санаад ирэхээр өс хонзон авах хүсэл нь дахин бадарна.
Жицүносүкэ Эдогоос гарсаар даруй есөн жил өнгөрчээ. Тэр жилийнхээ хавар Фүкүока цайзад хүрэв. Төв хэсгээр эрээд эрээд Ичикүрог олж чадаагүй тул Кюүшюү арлын гүн рүү очихоор шийджээ. Хоёр дахь сарын эхээр Фүкүокагаас Накацүд ирж, нандин хүслээ шалавхан биелүүлэхэд минь туслаач, хэмээн бурханаас мөргөн гуйхаар Үсахачимангү сүмд очжээ. Сүмийн хашаанд цайны газарт амрахаар ороод сууж байтал хажууд нь сууж байсан тариачин бололтой нэгэн эр мөргөлчид
-Тэр лам дээр үед Эдогоос ирсэн юм гэсэн. Залуудаа хүн алчихаад нүглээ наминчлахын тулд их буян хийе гэж шийдсэн юм гэнэ лээ. Тэгээд л Хида уулыг бараг ганцаараа нүхэлж байгаа юм даа, гэх яриа чихийг нь дэлсчээ.
Тэр яриаг сонсоод, Жицүносүкэ сүүлийн есөн жил үзээгүйгээр их догдолж
-Өршөөгөөрэй, танаас нэг зүйл лавлая. Тэр лам хэдэн настай вэ, гэж тэсгэлгүй асуув.
Яриаг нь самүрай анхааран болгоосонд маадайсан тариачин
-Би өөрөө хараагүй нь харамсалтай. Жараад настай гэлцдэг юм.
-Өндөр хүн үү?
-Мэдэхгүй юм. Тэр хүн агуйн гүнд байдаг болохоор мэдэх арга үгүй
-Жинхэнэ нэр нь хэн юм бол? Та мэдэх үү?
-Бас л мэдэхгүй дээ. Эчиго хошууны Кашивазаки овгийн хүн, залуудаа Эдод очсон гэсэн.
Үүнийг сонсмогц Жицүносүкэ баярлан хөөрөв. Эрэлд мордохынх нь өмнө байсан нь Эчигогийн Кашивазаки суурингийн хүн, тэнд нуугдаж байж магадгүй, гэж хамаатных нь нэг хүн хэлж, Эчигод сайн эрж сураарай гэж захиж байсныг санажээ.
"Мөн л байх даа. Үсахачинмангүгийн бурхан миний залбирлыг сонссон болж таарах нь ээ" гэж бодно.
Баярлаж хөөрсөн Жицүносүкэ өвгөн ламын нэрийг асууж, Ямакүни хөндий орох замыг заалгаж аваад, алсын замд гарахад нь өдрийн хоёр цаг болчихсоныг ч үл хайхран дайснаа зорин галзуу юм шиг л давхисаар оройн есөн цагийн алдад Хида тосгонд хүрэв. Шууд агуйд очъё гэсэн бодлоо орхиж, тайван байсан нь дээр гэж шийджээ. Дэн буудалд шөнийг сэтгэл дэнслэн өнгөрөөж, өглөө эртлэн босч, тулалдахад эвтэйг бодон хөнгөн хувцаслаад нөгөө хадан цохио руу явав.
Чулууны хэлтэрхий зөөн гаргаж байгаа нэг хүн агуйн амсарт тааралдахад
-Энд Рёокай гэгч даяанч лам байх ёстой. Тийм хүн бий юү, гэж асуухад
-Байхгүй хаачих вэ дээ. Хүндэт Рёокай гуай энэ агуйн нэг ёсны эзэн нь юм шүү дээ, гэж чулуучин инээмсэглэн хариулав.
-Агуй ганцхан л орцтой юу, гэж Жицүносүкэ асуугаад, "Рёокай зугтаачих болов уу" гэж боджээ.
-Тийм ээ. Тэгэлгүй яахав дээ, ганцхан орцтой. Тэгээд л гарах нүх хийх гэж л Рёокай гуай ингэж тамаа цайж байгаа юм шүү дээ.
Эцсийн мөчид өчнөөн жил хайсан атаат дайснаа олсондоо Жицүносүкэ учиргүй ихээр баярлажээ. Ичикүро энэ хавханд орсон хулгана шиг байна. "Хөндлөнгийн хүн байвал байж л байг. Нэг их төвөг болохгүй биз" хэмээн залуу самүрай өөрийгөө зоригжуулна.
-Би чамаас нэг өчүүхэн зүйл хүсье. Рёокай гуай дээр очоод алс холоос зориуд хүн ирсэн байна. Уулзъя гэж байна, гэж хэлээдхэ.
Чулуучин агуйд орж бараа тасрахад Жицүносүкэ илдээ ишинд нь бат суулгах гэж шөргөө норгов. Дайснаа ямаршуухан хүн болохыг төсөөлөх гэж оролдоно. Анх удаа нүүр учрах гэж байна шүү дээ. "Рёокай тавь гарсан байх гэх боловч нэгэнт ийм лут ажил удирдаж байгаа хойно сүрхий чийрэг хүн биз. Бас залуудаа зэвсэг яггүй сайн эзэмшсэн гэх тул хянуур байх юм шүү" гэж бодно.
Гэтэл Жицүносүкэ юу харав аа? Агуйгаас хувцасны тамтаг нөмөрсөн нэг лам гарч ирсэн нь үнэндээ явж ч чадахгүй, бах мэт мөлхсөн хүн байлаа. Хүн гэхэд бэрх, араг яс ажээ. Тэрхүү яс арьс болсон хүний шилбэ яр шарханд баригдсаныг хараад Жицүносүкэ өөрийн эрхгүй нүд халтирна. Өвгөний нооронхой хувцас лам хүн гэдгийг илтгэх боловч үрчлээтэй духыг нь өтгөн сэгсгэр үс унжин бүрхжээ. Өвгөн лам галгүй нүдээ анивчин Жицүносүкэг ажиглаад
-Миний нүд муудсан болохоор таныг танихгүй л байна шүү, гэв.
Энэ өвгөнийг хараад Жицүносүкэ эргэлзэж эхлэв. Угийн харах царайнаасаа л учиргүй их зэвүүцэл төрүүлэм өөдгүй этгээдтэй учирна гэж сэтгэлийнхээ гүнд итгэж явтал хүн гэхэд хэцүү үхэх дөхсөн хөгшин хүн өмнө нь сөхрөн сууна. Жицүнүсүкэ аргаа барж, няцахад бэлэн байгаа ч шийдвэрээсээ ухрахгүйг хичээнэ.
-Рёокай гэж та юу?
-Тийм ээ. Би байна. Харин та хэнсэн билээ, гээд өвгөн лам залуу самүрайг гайхан ширтэнэ.
-Тэгэхээр Рёокай гэгч та болох нь ээ. Санваартны хувцас өмссөн ч гэсэн намайг мартах учиргүйсэн. Та залуудаа Ичикүро гэдэг нэртэй байсан. Та эзнээ, Накагава Сабүробэг алчихаад зугтаж, зүс буруулсан. Би Сабүробэгийн хүү Жицүносүкэ байна. Чи хаашаа ч зайлж чадахгүй. Бэлтгээрэй, гэж өгүүлэхдээ өвгөнийг өрөвдөж буйгаа мэдэгдүйлэхгүйн тулд аймшиггүй ярихыг мэрийв.
Ичикүро яриаг нь тайван сонсоод
-Жицүносүкэ гуай, та Накагава гуайн хүү юм уу? Үнэхээр таны эцгийг алаад нуугдсан хүн би биеэрээ байна, гэв. Ийн өгүүлэхдээ өвгөн лам эзнийхээ хүүтэй уулзсандаа баярлаж, өс хонзон авах аюул заналхийлж буй гэмт хэрэгтэн гэж өөрийгөө огт үзэхгүй байгаа юм шиг л ярих ажээ.
Энэ өвгөн өөрийг нь хөөрхөн дөнгөчих санаатай байна, гэж Жицүносүкэ бодож байв.
-Эцгийг минь алсан этгээдийн толгойг авах гэж би зовлон зүдгүүрийг туулан арван жилийн турш чамайг хайлаа. Эцсийн эцэст бид учраашив. Тэгэхээр одоо жам ёсоор хоёул шударгаар үзэлцье.
Ичикүро сандарч тэвдсэнгүй. "Амьдралаа бүхэлд нь зориулсан ажлынхаа төгсгөлийг үзэхгүй үхвэл харамсалтай л юм. Уг нь ажил дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн дээ. Гэвч цээрлэлийн цаг иржээ" гэж бодно. Ичикүро үхэхэд бэлэн байлаа.
-Эрхэм Жицүносүкэ! Намайг алагтун! Өөдгүй муу Рёокай нүглээ наминчлахын тулд хад цохио нүхлэн хонгил гаргаж байгааг та дуулсан нь лавтай. Би энэ ажилд амьдралынхаа арван есөн жилийг зориулж, одоо ажлын маань зөвхөн аравны нэг хэсэг нь үлдээд байна. Таны гарт үхэхээр энэ хонгил гаргах ажлыг бүтэмжтэй дуусгахын тулд миний биеэр тахил өргөөрэй гэж л танаас гуйя. Миний цорын ганц хүсэл гэвэл энэ л байна, гэж Ичикүро муудсан нүдээ анивчин байж өгүүлжээ.
Нүглээ гэмшин бие сэтгэлээрээ зовон тарчилж буй сайхь лам Жицүносүкэ өөрийгөө танилцуулсан тэр мөчид амьнаасаа хагацахад бэлэн байжээ. Дайснаа үзэн ядах сэтгэл нь ул мөргүй алга болохыг залуу самүрай мэдэрч байлаа. Энэхүү үхсэн амьдын хооронд байгаа өвгөнийг албал өс хонзонгоо авсан хэрэг болж чадах уу даа, гэсэн эргэлзээнд Жицүносүкэ автсан боловч өч төчнөөн жилээр хэсүүчилчихээд зорилгоосоо няцаж Эдод буцаж очвол утга учиргүй хэрэг болохсон. Түүнээс гадна, өрх гэрийнхээ нэр төрийг сэргээх санаагаа орхино гэсэн хэрэг байлаа. Өс хонзонгийн биш юм аа гэхэд хариугаа авч, энэ хүний амийг таслах хэрэгтэй, гэж Жицүносүкэ бодно. Гэтэл тэгтлээ үзэн ядаагүй мөртлөө заавал хариугаа авна гээд хүн ална гэдэг бол юутай болчимгүй, жигшүүртэй зүйл болох вэ? Тэгэхээр өөдөөс нь үл эсэргүүцэгч энэхүү дайснаа зэвүүцэх сэтгэлээ сэргээж, энэ этгээдийг алах ёстой.
Гэвч тэр хооронд хэрэг бишдэх нь гэж хар авсан чулуучид агуйгаас гүйн гарч ирцгээн, өвгөнийг хүрээлэн хааж, Жицүносүкэг зэмлэн
-Та энэ хүнээс юу хүсээ вэ, гэж асуув.
Ажилчдын царайд Ичикүрог хамгаалахад бэлэн, шийдмэг байдал тодорно.
-Энэ хүний амийг авах ултай шалтгаан надад байна. Би удаан хайж эрсний эцэст энэ этгээдийг оллоо. Өнөөдөр миний ариун хүслэн биелэх болно. Надад саад болоогүй нь дээр шүү, та нар. Хөндлөнгийн улс надад хамаагүй, гэж Жицүносүкэ шазруунаар өгүүлжээ.
Бас хэд хэдэн ажилчин нэмэгдэж, тэр хавиар явж байсан улс ч цуглав. Тэд Жицүносүкэг тойрч бүчээд, Ичикүрод гар хүрэх аргагүй болгожээ.
-Ална, алахгүй гэж хар бор бидний тухай ярьж болох л юм. Харин Рёокай гуай сахил санваар хүртсэн лам хүн гэдгийг та нүдээрээ харж байгаа биз. Ямакүни хөндийн долоон тосгоны хүн ард бид Рёокай гуайг энэ хорвоод эргэж заларсан Бодисатва мэт ихэд дээдлэн хүндэтгэдэг билээ, гэж хүмүүс сэтгэл догдлон өгүүлнэ. Зарим хүн өвгөнийг ална гэдэг бол доромжлол, биелэгдэшгүй мөрөөдөл, гэж ч хэлж байлаа.
Ламыг ийнхүү хамгаалахыг хараад Жицүносүкэгийн уур хорсол шатав. Биеэ тоосон нэрэлхүү зангийн улмаас Жицүносүкэ зүгээр явчихаж чадсангүй.
-Сахил санваар хүртсэнийг харж л байна л даа. Гэхдээ энэ хүн бол эзэн ноёноо алж хороосон хүн. Гэм хийсэн нүгэл нь арилшгүй. Алагдсан эцгийнхээ өшөөг авахад минь саад хийсэн этгээдийг би өршөөхгүй шүү, гэж хэлээд, мань хүн илдээ сугалан гаргаж ирэв.
Эргэн тойрны хүмүүс хариу бэлтгэж эхэлтэл Ичикүро сөөнгө дуугаар
-Хүмүүс ээ! Уур хилэнгээ дарцгаа! Намайг алах ёстой гэдгийг би сайн мэдэж байна. Нүгэл хилэнцээ наминчлахын тулд би энэ цохиог нүхлэн зам гаргах гэсэн билээ. Миний эцсийн хүсэлт бол миний бие эцгийнхээ дурсгалыг хүндэтгэн хайрладаг хүний гарт ёсоороо үхэх байна. Та бүхэн саад хийх хэрэггүй, гэлээ.
Ийн өгүүлээд Ичикүро хамаг хүчээ шавхан Жицүносүкэ рүү мөлхөн очив.
Ичикүрогийн хэлснээрээ зүтгэдэг занг нь андахаа байсан тариачид энэ хүнийг хориглоод хэрэггүй гэдгийг ойлгож байлаа. Гэвч энэ мөчид чулуучдын ахлагч олны дундаас гарч ирэн, Жицүносүкэгийн өмнө очоод
-Эрхэм ээ! Рёокай гуай бараг хорин жил энэ хадан цохиог нүхэлж аугаа их тангарагтаа эзэн болохын тулд бие сэтгэлээ үл хайхран зүтгэж байгааг танд сонсох завшаан тохоилдсон биз. Урьд үйлдсэн нүгэл нь хичнээн их байлаа ч гэсэн амьдралаа зориулсан хэргийг дуусгаж чадахгүй бол туйлын их харамсах нь мэдээж билээ. Энд цугласан хүмүүс танаас нэг зүйл гуйж байна. Хонгил дуустал Рёокай гуайг амьд байлгаач, бидэнд итгэ. Харин хонгил барьж дуусмагц та тааллаараа болохтун, гэжээ.
-Зүйтэй, зүйтэй, гэж бүгдээрээ ам амандаа шуугицгаана.
Байдал төлөвийг ажиглаад, уг хүсэлтээс татгалзах аргагүй гэдгийг Жицүносүкэ ойлгожээ. "Одоо энд алчихвал хүмүүс саад хийж магадгүй. Тэгвэл би нэр төрөө л гутаах болно. Тэгэхээр ажилаа дуусгахыг нь хүлээсэн минь дээр. Ичикүро өөрөө одоо "намайг алаач " гэж гуйж байгаа хүн. Өртэй гэдгээ мартахгүй хожим өөрөө миний илдэнд толгойгоо тавьж өгөхөөс зайлахгүй. Гэвч хэргийн учир зөвхөн үүнд байгаа юм биш. Ам тангаргаа хэрэгжүүлэх боломж дайсандаа олгож өршөөвөл миний нэрд ч муугүй юм болно" гэж Жицүносүкэ боджээ. Жицүносүкэ, Ичикүро болон бусдыг ээлжэн хараад
-Рёокайн сахал санваарыг хүндэтгэн та бүхний хүслээр болъё. Гэвч би үгнээсээ буцахгүй, гэж хашгирав.
-Санаа бүү зов. Хадан цохионы нөгөө талд өчүүхэн төдий л нүх гармагч та Рёокай гуайгаас өшөөгөө аваарай. Тэр болтол манай энд бай л даа, гэж ахлах чулуучин нухацтай нь аргагүй өгүүлэв.
Мөргөлдөөн тэгсгээд шувтарсанд Ичикүро дэмий алдсан цагаа нөхнө гэсэн мэт агуйн гүн рүү яаран орлоо.
Хамгийн чухал мөчид саад тотгор учирсанд Жицүносүкэ ихэд уурсана. Уур хилэнгээ даран байж нэг чулуучныг даган суух байр руугаа явлаа. Тэгж их зовж олсон дайсантайгаа зөрж зүтгэж байгаад тооцоогоо хийчих минь ч яав даа, хэмээн ганцаараа үлдсэн хойноо биеэ зэмлэж эхлэв. Гэнэт тэсвэр алдаж, хонгил дуустал хүлээнэ гэж амласан ууч сэтгэл нь ор мөргүй арилжээ. "Ерөөсөө шөнө дөлөөр агуйд орж, Ичикүрог алчихаад зугтья" гэж залуу самүрай хатуу шийдэв.
Гэвч Жицүносүкэ Ичикүрог отож харуулдаж байхад тариачид Жицүносүкэгээс хараа салгахгүй байв.
Эхний хэд хоног Жицүносүкэ хийх юмгүй өнгөрөөв. Зургаа дахь хоногийн шөнө хоёр цагийн орчимд ажилдаа тамирдаж нойр алдсанаас яадарсан чулуучид бөх унтаж орхижээ. "За, өнөө шөнө л алж орхиё" хэмээн Жицүносүкэ шулуудан босч, дэрэн доороосоо илдээ аваад сэмхэн гарав.
Усны ойлд хөөсрөн цутгах Ямакүни голын усыг хаврын тэнгэрт мэлтийх саран хөхөлбөр туяагаараа гийгүүлнэ. Гэвч Жицүносүкэ юуг ч эс ажиглан агуйн зүг гэтнэ. Агуйн амаар овойлсон чулууны хэлтэрхий гишгэх бүрт хөлийг нь өвдтөл хатгах ажээ.
Харанхуй агуйн амаар орж ирсэн бүүдгэр гэрэлд Жицүносүкэ баруун гараараа агуйн хананаас зуурсаар хоёр чёо хэртэй газар яваад, ямар нэгэн юмны жигд цохилтыг сонсчээ. Эхлээд Жицүносүкэ юун чимээ болохыг ойлгосонгүй. Урагш ахих тусам нөгөө чимээ тодорч, цуурай нь шөнийн нам гүмийг эвдэх ба тэр бол хад чулуу нүдэх төмөр лантууны чимээ болох нь ойлгомжтой байв. Эл гаслантай бөгөөд аймшигтай дуу Жицүносүкэгийн зүрхийг шимшрүүлжээ. Цаашлах тусам лантууны хүнд цохилт чангаран цуурайтсаар чих дөжрөм болж, энэхүү нижигнэсэн дуу лам руу аваачихыг мэдсэн Жицүносүкэ цааш мөлхлөө. Өвгөнд ойртож очоод илдээ сугалахыг завдтал лантууны цохилтын чөлөөнд хүн ёолж гүнгэнэхийг гэнэт сонсчээ. Рёокай залбирал уншиж байлаа. Өвгөний сөөнгө хоолой Жицүносүкэгийн зүрхийг мөсөөр хайраад авах шиг болов. Анир чимээгүй, шөнийн түнэрхаранхуйд сөхрөн суугаад лантуу далайх энэ хүний өнчин биеийг тодхон харав. Алхнаас үл салах энэ өвгөний сэтгэл баярлах, уурлах, гуних, алив бүхнээс ангижирсан, муу санааны үнэр ч үгүй, сайн сайхны төлөө аймшигт зовлон амсаж буй ариун сэтгэлт хүний аминд халдахаар өшөө хорслын илд барин дээрэмчин буюу зэрлэг араатан мэтээр шөнийн харанхуйд дулдуйдан гэтэж буйгаа ойлгоод, Жицүносүкэ цочин давхийжээ.
Агуйг донсолгосон лантууны цохилт, гунигтайяа залбирах өвгөний дуу зүрхийг нь шимшрүүлнэ. Хонгил барьж дуусахыг тууштайгаар хүлээж, хэлсэн үгэндээ эзэн болохоос өөр аргагүй болов. Учиргүй их догдолсон Жицүносүкэ сарны гэрэлд хад чулууг тэмтэчсээр агуйгаас гарав.
Жицүносүкэ хад нүхэлж дуусах мөчийг тэсвэртэй хүлээн цохионы ойролцоох нэгэн овоохойд өдөр хоногийг өнгөрөөх болов. Өвгөн ламыг алж зугтах санаагаа бүрэн орхиж, Рёокай хаашаа ч зайлахгүй гэдэгт бат итгэсэн самүрай өгөөмөр сэтгэл гарган, цаг хугацааг хүлээнэ.
Жицүносүкэ өдөр хоногийг хийх юмгүй өнгөрөөж байхад чулуучид мөч бүрийг эрхэмлэн хөдөлмөрлөнө. Биеэ үл хайрлах сэтгэл тэдэнд Рёокайгаас халдсан байлаа.
Ажилчид Жицүносүкэтэй эелдэг харьцана. Гэвч "эрхэм самүрай өнөөдөр юу хийх вэ" гэж асуух бүрд ямар ч хэрэггүй цаг өнгөрөөж байгаагаа ухаарах болжээ. Тэгтэл оргилуун сэтгэлээр ажиллах хүмүүсийн дунд ганцаархнаа ямар ч зорилгогүй цаг хороож байгаадаа сэтгэл зовох нь ихэсч, дэмий суусан хоёр сарын дараа "ингэж хоосон хүлээснээс хонгил ухаж ажилд оролцвол ажил хурдан дуусахад нэмэр болох бус уу. Тэгээд ч өшөө авах хугацаа маань ч ойртоно" гэж гэнэт бодоод, тэр өдрөө чулуучидтай хамт хадан цохиог нүхлэх ажилд гарчээ.
Тийнхүү хоёр дайсан мөр зэрэгцэн хөдөлмөрлөх боллоо. Жицүносүкэ нандин хүслээ биелүүлэх өдрийг ойртуулахын тулд уйгагүй зүтгэнэ. Харин Рёокай ам тангаргаа шалавхан хэрэгжүүлж хожим хэнд ч хэрэггүй амиа хүүгийн үүрэгт үнэнч энэ самүрайд өгөхсөн, хэмээн Жицүносүкэг ажиллаж эхэлснээс хойш өвгөн лам хадан цохиог улам л эрчимтэй солиорсон мэт балбах болжээ.
Хоног сар өнгөрөх тусам энэ нүсэр их ажил хичнээн чухал болохыг Жицүносүкэ ойлгож авчээ. Нугаршгүй хатан тэвчээр гарган, хад нүхлэхээр зүтгэж буй дайсныхаа тууштай занг Жицүносүкэ бишрэн гайхлаа.
Чулуучид өдрийн хүнд ажлын дараа унтаж амарч байхад хоёр дайсан амсхийх завгүй зэрэгцэн ажиллах удаа ч байлаа.
Рёокай хад цохиотой үзэлцэх тулалдаанд орсноос хойш хорин нэгэн жил, Жицүносүкэ дайснаа олж уулзснаас хойш даруй бүтэн хагас жил өнгөрчээ.
Энкёо эриний 3-р он (1746 он)-ы 9-р сарын 10-ны өдөр. Ажлын өдөр дуусч чулуучид овоохойдоо буцсан байлаа. Рёокай, Жицүносүкэ хоёр л ядарснаа үл хайхран ажилласаар үлдэв. Есөн цагийн орчимд Рёокай лантуугаа хүчтэй далайн цохитол чулуу биш өмхөрсөн модонд хүрэх мэт лантуу барьсан гар нь хаданд шигдэн орох шиг боллоо. Лам цээжний гүнээс дуу алдлаа. Рёокайн бараг сохорсон нүд ч эндүүрэхийн аргагүй байжээ. Дөнгөж сая гаргасан тэр нүхээр сарны гэрэлд туяарах голын ус тодхон үзэгдэнэ. "Ай хөөрхий!" хэмээн Рёокай байдаг хүчээрээ хашгираад, энэхүү ухаангүй хашгирсан дууны дараа баярлан инээх уйлах дуу агуйгаар нэг хадав.
-Жицүносүкэ гуай, хараач! Өнөө шөнө хорин нэгэн жилийн турш тэмүүлсэн хүсэл минь биеллээ, гээд Рёокай Жицүносүкэгийн гарыг барьж, бяцхан нүхээр үзэгдэх голын усыг заав. Тэрхүү нүхний яг доор нь газар харлана. Эргэлзэх юм байсангүй. Тэр бол Ямакүно голын эрэг даган уруудсан зам байжээ. Хоёр дайсан гараа атгалцан баярын нулимс унагав. Гэтэл Рёокай гэдэргээ ухарч
-За аа, Жицүносүкэ гуай! Хүлээсэн өдөр ирлээ. Намайг алагтун! Энэ аугаа их баярын мөчид миний амийг тасалбал би хойд насандаа диваажинд төрж магадгүй. За,алаач дээ! Маргааш болохоор чулуучид саад болж магадгүй. Алаач дээ! гэв.
Агуйд өвгөний сөөнгө дуу цуурайтна. Гэвч Жицүносүкэ өвгөний өмнө тэнхээ тасран сөхөрч, хацрыг нь даган нулимс тасралтгүй урсана. Сэтгэлийн угаас баярлан гийсэн Рёокайн үрчлээт царайг хараад ийм хүнийг алж болохгүй, гэж боджээ. Энэхүү зовж зүдэрсэн өвгөний гараар бүтсэн гавъяа, гайхамшгийг бахдан бишрэх сэтгэл Жицүносүкэг эзэмдэн авч, сэтгэл зүрхэнд нь үзэн ядах зай завсар үлдсэнгүй. Жицүносүкэ өвгөн лам руу мөлхөж очоод гарыг нь атгав. Баярлаж хөөрсөн өвгөн залуу хоёр бүхнийг умартан, удтал асгартал уйлцгаажээ.
Япон хэлнээс орчуулсан Дэлэгийн Төмөрбаатар
эх сурвалжийг→http://www.shurikenteam.com/blog/2009-04-25-6
хуудсаас авав.