2012/12/08

Кикүчи Кан - Хайр хорслын дэнсэн дээр



 /төгсгөлийн хэсэг/


Хаднаас зууран өвдөгөө чичрэхийг намдааж, бат чанга гишгэхийг чармайсаар Ичикүро дэвсэгээр гарав. Дараа нь цавчим цохиог дахин анхааралтай хармагц л сэтгэл дотор нь агуу том хүсэл эрмэлзэлээр булхаад ирэв. Үйлдсэн өдий төдий нүглээ аар саар буянаар ариглаж барахгүй байсан Ичикүро бүхнийг умартан амьдралаа аугаа их үйлст зориулах шийдвэр гаргах болоод ирлээ. Ичикүро ерөөсөө л хүнд бэрх сорилт шүүлтийг хүсч байсан билээ. Золгүйгээр амь үрэгдсэн талийгаач, жилд арваад хүн амиа алддаг энэхүү аюулт гармыг хараад Ичикүрод хүмүүсийг энэ их аюулаас ангижруулъя гэсэн их хүслэн оргилон ирэв. Хадан цохиог нүхэлж хоёр зуу гаруй кэн урт хонгил гаргая гэсэн зоримог санаагаа гүйцэлдүүлэхээр амь биеэ үл хайрлан тэмцэх андгай тангаргийг өөртөө хэлэв. Эцсийн эцэст, эрэн хайсаар хийх ёстой ажлаа оллоо. Хэрэв нэг жилд арван хүн аварвал арван жил зуу, зуун жил мянга, мянган жилд сая хүний амь аварна гэсэн үг.
Тэр өдрөөс эхлэн хамаг бие сэтгэлээ ажилдаа зориулж эхлэв. Ичикүро Раканжи сүмийн хошид сууж эхлэв. Хонгил байгуулахад зориулан хөрөнгө цуглуулахаар Яманкүни голын сав хөдийн тосгодоор явсан боловч үл таних хэрмэл бадарчны үгэнд хэн ч итгэсэнгүй.
-Энэ солиотой амьтан хоёр зуу гаруй урт хадыг нүхлэх юм гэнэ. Ха ха ха, гэж зарим нь доог тохуу хийнэ.
Энэ бол ч бүр наад захын хэрэг байв. Зарим хүн Ичикүрогийн учирлахыг сонсоод
-Ямар муухай луйварчин бэ? Ёстой л зүүний сүвэгчээр тэнгэр харж баясна гэгч болох нь л дээ. Ихээхэн мөнгө олох санаатай нөхөр байна, хөөе. Бас их зальтай этгээд байх нь ээ, хэмээн элдэв муу үгээр ярилцацгаана.

Ичикүро тариачдыг сар шахам ятгаад бүтсэнгүй. Тэгээд цөхрөнгөө барж, тэрхүү нүсэр ажилд ганцаараа орохоор сэтгэл шулууджээ.

Лантуу, хасуур барьсан Ичикүро асар том хадан цохионы хормойд зогсох нь шог зураг л гэлтэй. Голын усыг тохойрон хавчсан аварга хадыг хүн нүхлэх гэж байна. Тэр нь галт уулын харьцангуй зөөлөн чулуу хэдий ч тийм их ажлыг Ичикүро ганцаараа зөвхөн өөрийнхөө хүчинд найдан хийх гэж шийдсэн юм.
-Энэ хүн ч солиорч гүйцжээ, гэж хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө даажигнана.

Гэвч Ичикүро шантарсангүй. Ямакүни голын тунгалаг усанд орж, өөрийгөө нигүүлсэлийн охин тэнгэрт даатгаад, шууд ажлаа эхэлж хамаг хүчээрээ хадан цохиог лантуудахад аварга хадан цохионоос дөнгөж өчүүхэн хэсэг л эмтэрчээ. Ичикүро огтхон ч гутраагүй бөгөөд хүчээ шавхан дахин дахин балбана. Өлсөж ядарсанд ойр хавиасаа бадар барьж гэдэс гараад, дахиад л лантуугаа барин авч хадан цохиог нүдэж эхэлнэ. Хүч тэнхээ нь барагдахаар Шингон хэмээх залбирал гингэнэн унших ба сэтгэлийн хатуужил нь эргэн ирнэ. Тийнхүү амрахыг үл мэдэн хоёр гурван өдөр ажиллажээ. Хажуугаар нь өнгөрөх аянчид доог тохуу хийх боловч Ичикүро нэг ч хором зогсохгүй хөдөлмөрлөж лантуугаа улам ч чанга атган шамдан ажиллана.

Ичикүро бороо шорооноос толгой хоргодох овоохой барьж суужээ. Голын усанд оддын дүрс анивчин туссаар байх үүрийн цүүрээс зөвхөн ус цалгихаас өөр чимээгүй, хамаг амьд амьтан нойрссон шөнө дөл болтол эцэж ядрахыг үл анзааран хадан цохиог балбана.
Хүмүүс шоолж даажигнахаа зогссонгүй.
-Балай амьтан. Юу горьдож байгаа юм бол, гэлцэнэ.
Ичикүрогийн эхэлсэн ажлыг хэзээ нэгтээ дуусна гэдэгт хэн ч итгэхгүй байлаа. Харин Ичикүро хад нүдэх болгондоо л, ажилдаа сэтгэлээ шингээж байв. Ажиллах зуураа зовлонгоо мартаж, хүний амьдрал бусниулсандаа гэмшин шаналахаа больж, хойт насанд минь диваажинд төрүүлээч, гэж залбирахаа ч больжээ. Ичикүро одоо буянтай үйл бүтээе, гэсэн цорын ганц ариун эрмэлзэлээр амьдарч байлаа. Сахил санваар хүртсэнээс хойш бие сэтгэлийг нь тарчлаан шөнө унтуулахгүй зовоосон бузар дурсамжууд тамлах нь арай намдсан бололтой. Чин зоригт хөтлөгдсөн Ичикүро биеэ ажилдаа бүрэн зориулан цохиог шургуу балбана.

Шинэ он гарч, хавар зуны улирал өнгөрөв. Түүний хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Ичикүро нэг жёо гүн их нүх гаргасан нь ялимгүй зүйл боловч хүсэл зоригийнх нь биелэл болжээ.
Гэвч нутгийн улс элэг доог хийхээ зогссонгүй.
-Хараач! Энэ солиотой лам бүтэн жил малтаад юу ч хийсэнгүй шив дээ, гэлцэнэ.
Харин Ичикүро хөдөлмөрийнхөө үр дүнг хараад баярын нулимс унагана. Ухаж малтсан хонгил нь хэдийгээр өчүүхэн ч гэсэн буян үйлдэх эрмэлзэлийнх нь бодит биелэл юм.
Дахиад нэг жил өнгөрлөө. Ичикүро бүр л хүч гарган ажиллаж, пад харанхуй шөнө ч зогсолтгүй хөдөлмөрлөх болов. Агуйд өдөр ч харанхуй байх бөгөөд тувт сууж хөдөлмөрлөх хэрэг гарна. Итгэл найдвар дүүрэн хамаг амьдралаа шингээж ажиллаж, баруун гараа далайн хад чулууг лантуугаараа улайран нүдэх ажээ. Нар мандаж, сар гийн, бороо асгаран шороо шуурч байвч агуйд лантуу балбах чимээ үл тасарна.
Ичикүрогийн ажлаа эхэлсний хоёр дахь жилийн эцсээр хүмүүс дооглож элэглэсээр байсан боловч доог тохуугаа ил гаргахаа болиод далдуур инээдэг болов.
Бас нэг он улирахад лантууны цохилт Ямакүни голын усны цалгиа мэт тасралтгүй сонсогдсоор байжээ. Тариачид ч олон юм ярьж тавлахаа больж, элэг доог нь гайхашралаар аяндаа солигдов.
Ичикүро сахал самбайдаа дарагдан урт үс мөрийг нь бүрхэн, хир буртагтаа баригдав. Тэрбээр хүн төрхөө улам бүр алдан, ухсан нүхэндээ адгуус амьтан мэт мөлхөн хад чулууг ухаан солиотой хүн шиг лантуугаар нүднэ.
Орчны хүмүүс гайхан хачирхахын хажуугаар аажим аажмаар түүнийг өрөвдөх болсон байна. Урьд нь Ичикүро бадар барихаар ажлаа түр орхин явдаг байсан бол одоо хүмүүс агуйн амсар дээр аягатай идэх юм тавьдаг болов. Ичикүро ийш тийшээ яваад байх шаардлагагүй болсонд тэр хэмнэсэн цагаа ажилдаа зориулна.
Дөрөвдэх жилийн эцэс гэхэд агуйн гүн бүр таван чёо хүрчээ. Гэвч бас болоогүй, цохионы голч гурван чёо гаруй билээ.
Ичикүро ийнхүү шургуу ажиллаж байсанд тариачид яггүй гайхах атлаа нэг ч хүн тусалъя гэж бодсонгүй. Харин яаж ч чармайгаад бүтэхгүй дэмий юм хийж байгаа нь илэрхий мэт санагдана. Ичикүро ганцаараа ажилласаар. Лантуунаас бусад бүх зүйлийг огоорон, хамаг ухаан санаагаа ажилдаа зориулан, амьд яваа насандаа боломжоороо л уртхан нүх амжиж ухах гэж л санааширдаг сохор номин шиг л ажиллан, ер бусын хүч чармайлт гарган урагш ахисаар байлаа.
Хавар...Намар... Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдож байгаль дэлхий цагаан өмсгөлөө нөмрөн дахин тайлж, дэлхий сэргэнэ. Харин агуйгаас дуулдах чимээ л огт өөрчлөгдсөнгүй.
Ажил хичнээн удаан ахиж байгааг хараад, хүмүүс Ичикүрог өрөвдөнө.
-Хөөрхий лам. Ингэж хад цохио нүхлэж байгааг бодоход ухаан санаа нь эрүүл биш дэг ээ. Насныхаа эцэст эхэлсэн ажлынхаа аравны нэгийг барахгүй л дээ гэлцэх болов.
Он жил улиран одсоор. Арав дахь жилийн нүүр үзэхэд агуйн урт хорин кэн хүрсэн байв. Ичикүрогийн эхэлсэн ажлыг найдваргүй юм биш гэдгийг хүмүүс эцсийн эцэст ойлгох шиг болжээ. Энэ хатингар ядуу лам арван жилийн дотор ганцаараа өчнөөн гүн ухчихаж байгаа юм чинь олон хүн хүч нийлүүлбэл хэдхэн жил болоход цохио хадыг цоолж болох юм, гэсэн итгэл баттай төрсөн бололтой. Есөн жилийн өмнө Ичикүро хонгил барихад тусламж үзүүлээч гэж гуйхад тэр хавийн долоон тосгоныхон нэгэн дуугаар татгалзсан билээ. Гэтэл одоо тэд өөрсдөө санаачлан мөнгө цуглуулж, Ичикүрод туслахаар хэдэн чулуучин хөлсөлжээ. Ичикүро одоо ганцаараа биш болж, түүний лантуутай зэрэгцэн олон лантууны жигд, хүчтэй цохилт агуйгаас дуулдах болов.
Хойтон жил нь тариачид ажил нь хэр ахисныг үзвэл замын дөрөвний нэгд ч хүрээгүй байжээ.
-За тэр, олон хүн ажиллаад ч нэмэр алга. Биднийг мэхэлжээ. Шал дэмий мөнгө үрлээ, хэмээн тариачид гасалж дахиад л итгэл алдарч эхлэв.
Төдөлгүй тариачид тэр ажилд сүжиггүй болж, Ичикүро ч туслах хүнгүй болов. Үнэхээр ч нэг чулуучин ажлаа хаян явахад нөгөө нэг нь барьцсаар эцэс сүүлдээ Ичикүро ганцаар үлдсэн билээ. Харин тэрбээр хэнийг нь ч "үлдээч" гэж гуйгаагүй бөгөөд үг яриа ч үл гарган нүхээ ухсаар л байжээ.
Нутгийн хүн ард Ичикүрог ч дурсахаа ч больжээ. Цохионы гүн рүү улам орох тусам лантуугаа дээш далайн хад чулуу тасралтгүй балбах тэр эрийг олж харах ч аргагүй болов. Хааяа хэн нэгэн тариачин "манай лам ажилласаар л байна уу" гэж харахаар агуйн амсраар өнгийдөг байжээ. Удалгүй тэгж харах хүн ч үгүй болж, Ичикүрогийн дүр төрх хүмүүсийн санаанаас аяндаа арилав. Тэдний хувьд Ичикүро үгүй болж, Ичикүрогийн хувьд хүмүүс үгүй болов. Ичикүрогийн хувьд энэ ертөнцөд цорын ганц зүйл оршиж байсан нь энэ аварга цохио юм. Ичикүро арав гаруй жил хад малтсан ба байнгын харанхуй үргэлж хүйтэн чулуун дээр суусаар царай нь саарал өнгөтэй болж, нүд нь хонхойн, нэг үгээр хэлбэл, хүн биш амьд сүг болсон байна. Ганц чин хүслээс өөр юуг ч мөрөөдөөгүй бөгөөд энэ мөрөөдөл нь баатарлаг зүрхэнд нь бөхөшгүй дөл болон асч, түүнийг "урагшаа" хэмээн зоригжуулж байв. "Байлдан" ахиулсан сөөм газар бүхэн түүнд хязгааргүй баяр баясгалан авчирч, урагш нэг алхам ахих бүр цээжний гүнээс хөөрөн дуу алдана.
Ичикүро дахиад гурван жил ганцаараа ажиллалаа. Хүмүүс түүнийг гэнэт санаж, ердөө л сониуч зангийн үүднээс ухсан агуйн гүнийг хэмжихээр шийдэв. Жаран таван кэн болжээ. Гол руу орсон гангын урт нийт замын гуравны нэгт хүрчээ. Ичикүро ганцаараа эцэнхий гараараа хичнээн урт нүхийг гаргаа вэ?
Тариачид дахин гайхан шагширч, ичиж зовохын хамт тэр хүнийг гүнээ хүндэтгэх сэтгэл төрөв. Төдөлгүй Ичикүрогийн лантуутай зэрэгцэн хэдэн арван чулуучны лантуу хад чулууг нүдэж эхэллээ.
Хүмүүс байсан ч байгаагүй ч Ичикүрогийн лантуу хад чулууг галзуу юм шиг бутална. Ичикүро биеэ хөвчлөн лантуугаа огцом далайж хамаг хүчээ хуримтлуулан чулуун дээр буулган, яг л машин шиг ажиллана. Ичикүро бүхнийг өөрөө энэ мөнх бус хорвоод амьдардаг хүн гэдгээ ч умартжээ.
Урьдын амьдрал, эзнээ алсан, дээрэм тонуул хийж явсан, хүний амь бусниулсан, зэрэг дурсамж ой тойноос нь алга болов.
Он жил улиран өнгөрсөөр. Зүдэргээнтэй хүнд ажилд Ичикүрогийн гар төмөр мэт хатуу чийрэг болов. Ичикүро ажлаа эхэлснээс хойш арван найм дахь жил шувтрах үе хадан цохионы тэн хагасыг ухчихсан байлаа. Энэхүү гайхалтай үр дүнг нутгийн ард түмэн хараад мэл гайхаж цэл хөхрөв. Ичикүрогийн сэдсэн ажлын амжилтанд эргэхлзэхээ болив. Хоёр ч удаа эхэлсэн ажлаасаа шантарч ухарсан нь тун ичгүүртэй байжээ, тэдний хувьд. Долоон тосгон нэгдэн, Ичикүрод дахин тусалж эхлэв.
Тэр жил Накацү овгийн хошуу захирагч тэр хавийн газраар явж үзээд, Ичикүрог магтан соёрхож өөрийн тойргийн суурингаас гучин чулуучин гаргаж, Ичикүрод туслуулахаар явуулжээ. Ажил ч тэдний гарч хуурай навч шатахтай адил хурдан нугарч эхлэв.
Тамирдаж ядарсан Ичикүрод "та чулуучдыг удирдаж ажиллуул. Таны хүч барагдсан байна шүү дээ" гэсэнд Ичикүро тэр үгийг огт халгаасангүй. Гучин хүн мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгааг мэдээгүй юм шиг улайран ажилласаар байв.
Хүмүүс Ичикүрог амрах хэрэгтэй гэж бодож байсан нь үндэсгүй зүйл биш байв. Агуйн гүнд бараг хорин жил сугаагаараа ажилласан учраас хөл нь өвдөж шархиран чөлөөтэй нугарч чадахгүй болжээ. Юм тулалгүй хоёр гурав ч алхаж чадахгүй болов. Мөн харанхуйд удаан байсны дээр нүдэнд нь байн байн чулууны үртэс ордог байснаас болж сохор номин мэт гэрэл ялгахгүй, юмны дүрсийг арайхийж ялгадаг болсон байна. Эцэстээ, төмөр биетэй Ичикүрог хүртэл нас дарж хүч тэнхээ нь доройтов. Амьд явахыг нэг их хүсэхгүй ч ажлаа дуусгалгүй үхнэ гэдэг түүнд даанч харамсалтай байлаа. Одоо ганц хоёрхон жил л тэсчих юмсан, гэж зүрх нь халаглавч харин бие нь хөгширч буйгаа мартахын тулд ажилд зүтгэнэ.
Ичикүрогийн замыг хаан сүндэрлэх хадан цохио, жавхлант биедээ халдахыг үл тэвчигч байгалийн хүчийг үзүүлсэн энэхүү цохиог ядуу өвгөн ламын төмөр зүрх зориг нэвт цоолжээ.
Хадан цохионы хэвлийд гарч буй энэ зам хонгил амьд амьтан мэт урагш ахисаар байлаа.
                                       
                                                         

4.
Ажлын шувтарга ойртох тусам хүч хүрэмгүй бэрх хөдөлмөр Ичикүрогийн эрүүл мэндийг улам бүр сүйтгэж байлаа. Гэвч өвчнөөс илүү аюултай нэг дайсан байлаа.
Сабүробэ өөрийн зарц Ичикүрогийн гарт амь үрэгдсэн тул үр удам нь харъяат ноён байх найдвар тасарч, улмаар Накагавагийн удам мартагдах тийш ханджээ. Харин Сабүробэгийн гурван настай Жицүносүкэ хүүг хамаатан садан нь үрчлэн авсан юмсанж. Арван гурван нас хүрээд, эцгийнхээ хэрхэн амь үрэгдсэнийг тодорхой мэдсэн Жицүносүкэ эцгийг нь алсан хүн нэг зиндааных нь самүрай биш, харин тэднийд амь зууж байсан нэг муу зарц байсныг дуулаад залуу хөвгүүний зүрхэнд үзэн ядахын хилэн буцалж, сэтгэлийнхээ гүнд эцгийнхээ өшөөг авахаар санаа шулууджээ. Жицүносүкэ уд модны төгөл дотор тогтмол хичээнгүйлэн сургуулилж, сэлэм эзэмших эрдэм заалгаад, арван есөн насандаа "сэлмийн урлагийг бүрэн эзэмшсэн" гэсэн гэрчилгээ хүртэл авч, өс авах үүргээ биелүүлэхээр баяр хөөртэй морджээ. Эл үүргээ амжилттай биелүүлбэл өрх гэрийнхээ нэр төрийг сэргээхэд чинь тусална, хэмээн төрөл төрөгсөд нь ч ам алдан түүнийг үдсэн байна.

Жицүносүкэ дайснаа эрэн, өдий төдий газрыг хөндлөн гулд туулан явахдаа багагүй бэрхшээлтэй тулгарч байж. Жицүносүкэ Ичикүрогийн барааг насандаа ч хараагүй, ер нь тэгээд эрэл найдлагагүй шахам байсныг элсэнд хаясан зүүг эрж олохтой зүйрлэж болохоор байв. Кинай, Тоокай, Тоосан, Санъин, Санъёо, Хокүрикү, Нанкай гээд Хоншюү арлын бүхий л нутаг хошуудаар хэдэн жил бядан хэсэв. Ингэж бүтэлгүй эрсээр хорин долоон настайгаа золгожээ. Гачигдал зовлон амсан хэсүүчлэхдээ заримдаа Ичикүрог зүхэж заримдаа жигшихээ больсон юм шиг санагдана. Гэвч эцгийнхээ нэр төргүй үхлийг санан дурсаж, Накагавагийн удмыг сэргээх үүрэгтэйгээ санаад ирэхээр өс хонзон авах хүсэл нь дахин бадарна.

Жицүносүкэ Эдогоос гарсаар даруй есөн жил өнгөрчээ. Тэр жилийнхээ хавар Фүкүока цайзад хүрэв. Төв хэсгээр эрээд эрээд Ичикүрог олж чадаагүй тул Кюүшюү арлын гүн рүү очихоор шийджээ. Хоёр дахь сарын эхээр Фүкүокагаас Накацүд ирж, нандин хүслээ шалавхан биелүүлэхэд минь туслаач, хэмээн бурханаас мөргөн гуйхаар Үсахачимангү сүмд очжээ. Сүмийн хашаанд цайны газарт амрахаар ороод сууж байтал хажууд нь сууж байсан тариачин бололтой нэгэн эр мөргөлчид
-Тэр лам дээр үед Эдогоос ирсэн юм гэсэн. Залуудаа хүн алчихаад нүглээ наминчлахын тулд их буян хийе гэж шийдсэн юм гэнэ лээ. Тэгээд л Хида уулыг бараг ганцаараа нүхэлж байгаа юм даа, гэх яриа чихийг нь дэлсчээ.
Тэр яриаг сонсоод, Жицүносүкэ сүүлийн есөн жил үзээгүйгээр их догдолж
-Өршөөгөөрэй, танаас нэг зүйл лавлая. Тэр лам хэдэн настай вэ, гэж тэсгэлгүй асуув.
Яриаг нь самүрай анхааран болгоосонд маадайсан тариачин
-Би өөрөө хараагүй нь харамсалтай. Жараад настай гэлцдэг юм.
-Өндөр хүн үү?
-Мэдэхгүй юм. Тэр хүн агуйн гүнд байдаг болохоор мэдэх арга үгүй
-Жинхэнэ нэр нь хэн юм бол? Та мэдэх үү?
-Бас л мэдэхгүй дээ. Эчиго хошууны Кашивазаки овгийн хүн, залуудаа Эдод очсон гэсэн.
Үүнийг сонсмогц Жицүносүкэ баярлан хөөрөв. Эрэлд мордохынх нь өмнө байсан нь Эчигогийн Кашивазаки суурингийн хүн, тэнд нуугдаж байж магадгүй, гэж хамаатных нь нэг хүн хэлж, Эчигод сайн эрж сураарай гэж захиж байсныг санажээ.

"Мөн л байх даа. Үсахачинмангүгийн бурхан миний залбирлыг сонссон болж таарах нь ээ" гэж бодно.
Баярлаж хөөрсөн Жицүносүкэ өвгөн ламын нэрийг асууж, Ямакүни хөндий орох замыг заалгаж аваад, алсын замд гарахад нь өдрийн хоёр цаг болчихсоныг ч үл хайхран дайснаа зорин галзуу юм шиг л давхисаар оройн есөн цагийн алдад Хида тосгонд хүрэв. Шууд агуйд очъё гэсэн бодлоо орхиж, тайван байсан нь дээр гэж шийджээ. Дэн буудалд шөнийг сэтгэл дэнслэн өнгөрөөж, өглөө эртлэн босч, тулалдахад эвтэйг бодон хөнгөн хувцаслаад нөгөө хадан цохио руу явав.
Чулууны хэлтэрхий зөөн гаргаж байгаа нэг хүн агуйн амсарт тааралдахад
-Энд Рёокай гэгч даяанч лам байх ёстой. Тийм хүн бий юү, гэж асуухад
-Байхгүй хаачих вэ дээ. Хүндэт Рёокай гуай энэ агуйн нэг ёсны эзэн нь юм шүү дээ, гэж чулуучин инээмсэглэн хариулав.
-Агуй ганцхан л орцтой юу, гэж Жицүносүкэ асуугаад, "Рёокай зугтаачих болов уу" гэж боджээ.
-Тийм ээ. Тэгэлгүй яахав дээ, ганцхан орцтой. Тэгээд л гарах нүх хийх гэж л Рёокай гуай ингэж тамаа цайж байгаа юм шүү дээ.
Эцсийн мөчид өчнөөн жил хайсан атаат дайснаа олсондоо Жицүносүкэ учиргүй ихээр баярлажээ. Ичикүро энэ хавханд орсон хулгана шиг байна. "Хөндлөнгийн хүн байвал байж л байг. Нэг их төвөг болохгүй биз" хэмээн залуу самүрай өөрийгөө зоригжуулна.
-Би чамаас нэг өчүүхэн зүйл хүсье. Рёокай гуай дээр очоод алс холоос зориуд хүн ирсэн байна. Уулзъя гэж байна, гэж хэлээдхэ.
Чулуучин агуйд орж бараа тасрахад Жицүносүкэ илдээ ишинд нь бат суулгах гэж шөргөө норгов. Дайснаа ямаршуухан хүн болохыг төсөөлөх гэж оролдоно. Анх удаа нүүр учрах гэж байна шүү дээ. "Рёокай тавь гарсан байх гэх боловч нэгэнт ийм лут ажил удирдаж байгаа хойно сүрхий чийрэг хүн биз. Бас залуудаа зэвсэг яггүй сайн эзэмшсэн гэх тул хянуур байх юм шүү" гэж бодно.
Гэтэл Жицүносүкэ юу харав аа? Агуйгаас хувцасны тамтаг нөмөрсөн нэг лам гарч ирсэн нь үнэндээ явж ч чадахгүй, бах мэт мөлхсөн хүн байлаа. Хүн гэхэд бэрх, араг яс ажээ. Тэрхүү яс арьс болсон хүний шилбэ яр шарханд баригдсаныг хараад Жицүносүкэ өөрийн эрхгүй нүд халтирна. Өвгөний нооронхой хувцас лам хүн гэдгийг илтгэх боловч үрчлээтэй духыг нь өтгөн сэгсгэр үс унжин бүрхжээ. Өвгөн лам галгүй нүдээ анивчин Жицүносүкэг ажиглаад
-Миний нүд муудсан болохоор таныг танихгүй л байна шүү, гэв.
Энэ өвгөнийг хараад Жицүносүкэ эргэлзэж эхлэв. Угийн харах царайнаасаа л учиргүй их зэвүүцэл төрүүлэм өөдгүй этгээдтэй учирна гэж сэтгэлийнхээ гүнд итгэж явтал хүн гэхэд хэцүү үхэх дөхсөн хөгшин хүн өмнө нь сөхрөн сууна. Жицүнүсүкэ аргаа барж, няцахад бэлэн байгаа ч шийдвэрээсээ ухрахгүйг хичээнэ.
-Рёокай гэж та юу?
-Тийм ээ. Би байна. Харин та хэнсэн билээ, гээд өвгөн лам залуу самүрайг гайхан ширтэнэ.
-Тэгэхээр Рёокай гэгч та болох нь ээ. Санваартны хувцас өмссөн ч гэсэн намайг мартах учиргүйсэн. Та залуудаа Ичикүро гэдэг нэртэй байсан. Та эзнээ, Накагава Сабүробэг алчихаад зугтаж, зүс буруулсан. Би Сабүробэгийн хүү Жицүносүкэ байна. Чи хаашаа ч зайлж чадахгүй. Бэлтгээрэй, гэж өгүүлэхдээ өвгөнийг өрөвдөж буйгаа мэдэгдүйлэхгүйн тулд аймшиггүй ярихыг мэрийв.
Ичикүро яриаг нь тайван сонсоод
-Жицүносүкэ гуай, та Накагава гуайн хүү юм уу? Үнэхээр таны эцгийг алаад нуугдсан хүн би биеэрээ байна, гэв. Ийн өгүүлэхдээ өвгөн лам эзнийхээ хүүтэй уулзсандаа баярлаж, өс хонзон авах аюул заналхийлж буй гэмт хэрэгтэн гэж өөрийгөө огт үзэхгүй байгаа юм шиг л ярих ажээ.
Энэ өвгөн өөрийг нь хөөрхөн дөнгөчих санаатай байна, гэж Жицүносүкэ бодож байв.
-Эцгийг минь алсан этгээдийн толгойг авах гэж би зовлон зүдгүүрийг туулан арван жилийн турш чамайг хайлаа. Эцсийн эцэст бид учраашив. Тэгэхээр одоо жам ёсоор хоёул шударгаар үзэлцье.
Ичикүро сандарч тэвдсэнгүй. "Амьдралаа бүхэлд нь зориулсан ажлынхаа төгсгөлийг үзэхгүй үхвэл харамсалтай л юм. Уг нь ажил дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн дээ. Гэвч цээрлэлийн цаг иржээ" гэж бодно. Ичикүро үхэхэд бэлэн байлаа.
-Эрхэм Жицүносүкэ! Намайг алагтун! Өөдгүй муу Рёокай нүглээ наминчлахын тулд хад цохио нүхлэн хонгил гаргаж байгааг та дуулсан нь лавтай. Би энэ ажилд амьдралынхаа арван есөн жилийг зориулж, одоо ажлын маань зөвхөн аравны нэг хэсэг нь үлдээд байна. Таны гарт үхэхээр энэ хонгил гаргах ажлыг бүтэмжтэй дуусгахын тулд миний биеэр тахил өргөөрэй гэж л танаас гуйя. Миний цорын ганц хүсэл гэвэл энэ л байна, гэж Ичикүро муудсан нүдээ анивчин байж өгүүлжээ.
Нүглээ гэмшин бие сэтгэлээрээ зовон тарчилж буй сайхь лам Жицүносүкэ өөрийгөө танилцуулсан тэр мөчид амьнаасаа хагацахад бэлэн байжээ. Дайснаа үзэн ядах сэтгэл нь ул мөргүй алга болохыг залуу самүрай мэдэрч байлаа. Энэхүү үхсэн амьдын хооронд байгаа өвгөнийг албал өс хонзонгоо авсан хэрэг болж чадах уу даа, гэсэн эргэлзээнд Жицүносүкэ автсан боловч өч төчнөөн жилээр хэсүүчилчихээд зорилгоосоо няцаж Эдод буцаж очвол утга учиргүй хэрэг болохсон. Түүнээс гадна, өрх гэрийнхээ нэр төрийг сэргээх санаагаа орхино гэсэн хэрэг байлаа. Өс хонзонгийн биш юм аа гэхэд хариугаа авч, энэ хүний амийг таслах хэрэгтэй, гэж Жицүносүкэ бодно. Гэтэл тэгтлээ үзэн ядаагүй мөртлөө заавал хариугаа авна гээд хүн ална гэдэг бол юутай болчимгүй, жигшүүртэй зүйл болох вэ? Тэгэхээр өөдөөс нь үл эсэргүүцэгч энэхүү дайснаа зэвүүцэх сэтгэлээ сэргээж, энэ этгээдийг алах ёстой.
Гэвч тэр хооронд хэрэг бишдэх нь гэж хар авсан чулуучид агуйгаас гүйн гарч ирцгээн, өвгөнийг хүрээлэн хааж, Жицүносүкэг зэмлэн
-Та энэ хүнээс юу хүсээ вэ, гэж асуув.
Ажилчдын царайд Ичикүрог хамгаалахад бэлэн, шийдмэг байдал тодорно.
-Энэ хүний амийг авах ултай шалтгаан надад байна. Би удаан хайж эрсний эцэст энэ этгээдийг оллоо. Өнөөдөр миний ариун хүслэн биелэх болно. Надад саад болоогүй нь дээр шүү, та нар. Хөндлөнгийн улс надад хамаагүй, гэж Жицүносүкэ шазруунаар өгүүлжээ.
Бас хэд хэдэн ажилчин нэмэгдэж, тэр хавиар явж байсан улс ч цуглав. Тэд Жицүносүкэг тойрч бүчээд, Ичикүрод гар хүрэх аргагүй болгожээ.
-Ална, алахгүй гэж хар бор бидний тухай ярьж болох л юм. Харин Рёокай гуай сахил санваар хүртсэн лам хүн гэдгийг та нүдээрээ харж байгаа биз. Ямакүни хөндийн долоон тосгоны хүн ард бид Рёокай гуайг энэ хорвоод эргэж заларсан Бодисатва мэт ихэд дээдлэн хүндэтгэдэг билээ, гэж хүмүүс сэтгэл догдлон өгүүлнэ. Зарим хүн өвгөнийг ална гэдэг бол доромжлол, биелэгдэшгүй мөрөөдөл, гэж ч хэлж байлаа.
Ламыг ийнхүү хамгаалахыг хараад Жицүносүкэгийн уур хорсол шатав. Биеэ тоосон нэрэлхүү зангийн улмаас Жицүносүкэ зүгээр явчихаж чадсангүй.
-Сахил санваар хүртсэнийг харж л байна л даа. Гэхдээ энэ хүн бол эзэн ноёноо алж хороосон хүн. Гэм хийсэн нүгэл нь арилшгүй. Алагдсан эцгийнхээ өшөөг авахад минь саад хийсэн этгээдийг би өршөөхгүй шүү, гэж хэлээд, мань хүн илдээ сугалан гаргаж ирэв.
Эргэн тойрны хүмүүс хариу бэлтгэж эхэлтэл Ичикүро сөөнгө дуугаар
-Хүмүүс ээ! Уур хилэнгээ дарцгаа! Намайг алах ёстой гэдгийг би сайн мэдэж байна. Нүгэл хилэнцээ наминчлахын тулд би энэ цохиог нүхлэн зам гаргах гэсэн билээ. Миний эцсийн хүсэлт бол миний бие эцгийнхээ дурсгалыг хүндэтгэн хайрладаг хүний гарт ёсоороо үхэх байна. Та бүхэн саад хийх хэрэггүй, гэлээ.
Ийн өгүүлээд Ичикүро хамаг хүчээ шавхан Жицүносүкэ рүү мөлхөн очив.
Ичикүрогийн хэлснээрээ зүтгэдэг занг нь андахаа байсан тариачид энэ хүнийг хориглоод хэрэггүй гэдгийг ойлгож байлаа. Гэвч энэ мөчид чулуучдын ахлагч олны дундаас гарч ирэн, Жицүносүкэгийн өмнө очоод
-Эрхэм ээ! Рёокай гуай бараг хорин жил энэ хадан цохиог нүхэлж аугаа их тангарагтаа эзэн болохын тулд бие сэтгэлээ үл хайхран зүтгэж байгааг танд сонсох завшаан тохоилдсон биз. Урьд үйлдсэн нүгэл нь хичнээн их байлаа ч гэсэн амьдралаа зориулсан хэргийг дуусгаж чадахгүй бол туйлын их харамсах нь мэдээж билээ. Энд цугласан хүмүүс танаас нэг зүйл гуйж байна. Хонгил дуустал Рёокай гуайг амьд байлгаач, бидэнд итгэ. Харин хонгил барьж дуусмагц та тааллаараа болохтун, гэжээ.
-Зүйтэй, зүйтэй, гэж бүгдээрээ ам амандаа шуугицгаана.
Байдал төлөвийг ажиглаад, уг хүсэлтээс татгалзах аргагүй гэдгийг Жицүносүкэ ойлгожээ. "Одоо энд алчихвал хүмүүс саад хийж магадгүй. Тэгвэл би нэр төрөө л гутаах болно. Тэгэхээр ажилаа дуусгахыг нь хүлээсэн минь дээр. Ичикүро өөрөө одоо "намайг алаач " гэж гуйж байгаа хүн. Өртэй гэдгээ мартахгүй хожим өөрөө миний илдэнд толгойгоо тавьж өгөхөөс зайлахгүй. Гэвч хэргийн учир зөвхөн үүнд байгаа юм биш. Ам тангаргаа хэрэгжүүлэх боломж дайсандаа олгож өршөөвөл миний нэрд ч муугүй юм болно" гэж Жицүносүкэ боджээ. Жицүносүкэ, Ичикүро болон бусдыг ээлжэн хараад
-Рёокайн сахал санваарыг хүндэтгэн та бүхний хүслээр болъё. Гэвч би үгнээсээ буцахгүй, гэж хашгирав.
-Санаа бүү зов. Хадан цохионы нөгөө талд өчүүхэн төдий л нүх гармагч та Рёокай гуайгаас өшөөгөө аваарай. Тэр болтол манай энд бай л даа, гэж ахлах чулуучин нухацтай нь аргагүй өгүүлэв.
Мөргөлдөөн тэгсгээд шувтарсанд Ичикүро дэмий алдсан цагаа нөхнө гэсэн мэт агуйн гүн рүү яаран орлоо.
Хамгийн чухал мөчид саад тотгор учирсанд Жицүносүкэ ихэд уурсана. Уур хилэнгээ даран байж нэг чулуучныг даган суух байр руугаа явлаа. Тэгж их зовж олсон дайсантайгаа зөрж зүтгэж байгаад тооцоогоо хийчих минь ч яав даа, хэмээн ганцаараа үлдсэн хойноо биеэ зэмлэж эхлэв. Гэнэт тэсвэр алдаж, хонгил дуустал хүлээнэ гэж амласан ууч сэтгэл нь ор мөргүй арилжээ. "Ерөөсөө шөнө дөлөөр агуйд орж, Ичикүрог алчихаад зугтья" гэж залуу самүрай хатуу шийдэв.
Гэвч Жицүносүкэ Ичикүрог отож харуулдаж байхад тариачид Жицүносүкэгээс хараа салгахгүй байв.
Эхний хэд хоног Жицүносүкэ хийх юмгүй өнгөрөөв. Зургаа дахь хоногийн шөнө хоёр цагийн орчимд ажилдаа тамирдаж нойр алдсанаас яадарсан чулуучид бөх унтаж орхижээ. "За, өнөө шөнө л алж орхиё" хэмээн Жицүносүкэ шулуудан босч, дэрэн доороосоо илдээ аваад сэмхэн гарав.
Усны ойлд хөөсрөн цутгах Ямакүни голын усыг хаврын тэнгэрт мэлтийх саран хөхөлбөр туяагаараа гийгүүлнэ. Гэвч Жицүносүкэ юуг ч эс ажиглан агуйн зүг гэтнэ. Агуйн амаар овойлсон чулууны хэлтэрхий гишгэх бүрт хөлийг нь өвдтөл хатгах ажээ.
Харанхуй агуйн амаар орж ирсэн бүүдгэр гэрэлд Жицүносүкэ баруун гараараа агуйн хананаас зуурсаар хоёр чёо хэртэй газар яваад, ямар нэгэн юмны жигд цохилтыг сонсчээ. Эхлээд Жицүносүкэ юун чимээ болохыг ойлгосонгүй. Урагш ахих тусам нөгөө чимээ тодорч, цуурай нь шөнийн нам гүмийг эвдэх ба тэр бол хад чулуу нүдэх төмөр лантууны чимээ болох нь ойлгомжтой байв. Эл гаслантай бөгөөд аймшигтай дуу Жицүносүкэгийн зүрхийг шимшрүүлжээ. Цаашлах тусам лантууны хүнд цохилт чангаран цуурайтсаар чих дөжрөм болж, энэхүү нижигнэсэн дуу лам руу аваачихыг мэдсэн Жицүносүкэ цааш мөлхлөө. Өвгөнд ойртож очоод илдээ сугалахыг завдтал лантууны цохилтын чөлөөнд хүн ёолж гүнгэнэхийг гэнэт сонсчээ. Рёокай залбирал уншиж байлаа. Өвгөний сөөнгө хоолой Жицүносүкэгийн зүрхийг мөсөөр хайраад авах шиг болов. Анир чимээгүй, шөнийн түнэрхаранхуйд сөхрөн суугаад лантуу далайх энэ хүний өнчин биеийг тодхон харав. Алхнаас үл салах энэ өвгөний сэтгэл баярлах, уурлах, гуних, алив бүхнээс ангижирсан, муу санааны үнэр ч үгүй, сайн сайхны төлөө аймшигт зовлон амсаж буй ариун сэтгэлт хүний аминд халдахаар өшөө хорслын илд барин дээрэмчин буюу зэрлэг араатан мэтээр шөнийн харанхуйд дулдуйдан гэтэж буйгаа ойлгоод, Жицүносүкэ цочин давхийжээ.
Агуйг донсолгосон лантууны цохилт, гунигтайяа залбирах өвгөний дуу зүрхийг нь шимшрүүлнэ. Хонгил барьж дуусахыг тууштайгаар хүлээж, хэлсэн үгэндээ эзэн болохоос өөр аргагүй болов. Учиргүй их догдолсон Жицүносүкэ сарны гэрэлд хад чулууг тэмтэчсээр агуйгаас гарав.
Жицүносүкэ хад нүхэлж дуусах мөчийг тэсвэртэй хүлээн цохионы ойролцоох нэгэн овоохойд өдөр хоногийг өнгөрөөх болов. Өвгөн ламыг алж зугтах санаагаа бүрэн орхиж, Рёокай хаашаа ч зайлахгүй гэдэгт бат итгэсэн самүрай өгөөмөр сэтгэл гарган, цаг хугацааг хүлээнэ.
Жицүносүкэ өдөр хоногийг хийх юмгүй өнгөрөөж байхад чулуучид мөч бүрийг эрхэмлэн хөдөлмөрлөнө. Биеэ үл хайрлах сэтгэл тэдэнд Рёокайгаас халдсан байлаа.
Ажилчид Жицүносүкэтэй эелдэг харьцана. Гэвч "эрхэм самүрай өнөөдөр юу хийх вэ" гэж асуух бүрд ямар ч хэрэггүй цаг өнгөрөөж байгаагаа ухаарах болжээ. Тэгтэл оргилуун сэтгэлээр ажиллах хүмүүсийн дунд ганцаархнаа ямар ч зорилгогүй цаг хороож байгаадаа сэтгэл зовох нь ихэсч, дэмий суусан хоёр сарын дараа "ингэж хоосон хүлээснээс хонгил ухаж ажилд оролцвол ажил хурдан дуусахад нэмэр болох бус уу. Тэгээд ч өшөө авах хугацаа маань ч ойртоно" гэж гэнэт бодоод, тэр өдрөө чулуучидтай хамт хадан цохиог нүхлэх ажилд гарчээ.
Тийнхүү хоёр дайсан мөр зэрэгцэн хөдөлмөрлөх боллоо. Жицүносүкэ нандин хүслээ биелүүлэх өдрийг ойртуулахын тулд уйгагүй зүтгэнэ. Харин Рёокай ам тангаргаа шалавхан хэрэгжүүлж хожим хэнд ч хэрэггүй амиа хүүгийн үүрэгт үнэнч энэ самүрайд өгөхсөн, хэмээн Жицүносүкэг ажиллаж эхэлснээс хойш өвгөн лам хадан цохиог улам л эрчимтэй солиорсон мэт балбах болжээ.
Хоног сар өнгөрөх тусам энэ нүсэр их ажил хичнээн чухал болохыг Жицүносүкэ ойлгож авчээ. Нугаршгүй хатан тэвчээр гарган, хад нүхлэхээр зүтгэж буй дайсныхаа тууштай занг Жицүносүкэ бишрэн гайхлаа.
Чулуучид өдрийн хүнд ажлын дараа унтаж амарч байхад хоёр дайсан амсхийх завгүй зэрэгцэн ажиллах удаа ч байлаа.
Рёокай хад цохиотой үзэлцэх тулалдаанд орсноос хойш хорин нэгэн жил, Жицүносүкэ дайснаа олж уулзснаас хойш даруй бүтэн хагас жил өнгөрчээ.
Энкёо эриний 3-р он (1746 он)-ы 9-р сарын 10-ны өдөр. Ажлын өдөр дуусч чулуучид овоохойдоо буцсан байлаа. Рёокай, Жицүносүкэ хоёр л ядарснаа үл хайхран ажилласаар үлдэв. Есөн цагийн орчимд Рёокай лантуугаа хүчтэй далайн цохитол чулуу биш өмхөрсөн модонд хүрэх мэт лантуу барьсан гар нь хаданд шигдэн орох шиг боллоо. Лам цээжний гүнээс дуу алдлаа. Рёокайн бараг сохорсон нүд ч эндүүрэхийн аргагүй байжээ. Дөнгөж сая гаргасан тэр нүхээр сарны гэрэлд туяарах голын ус тодхон үзэгдэнэ. "Ай хөөрхий!" хэмээн Рёокай байдаг хүчээрээ хашгираад, энэхүү ухаангүй хашгирсан дууны дараа баярлан инээх уйлах дуу агуйгаар нэг хадав.
-Жицүносүкэ гуай, хараач! Өнөө шөнө хорин нэгэн жилийн турш тэмүүлсэн хүсэл минь биеллээ, гээд Рёокай Жицүносүкэгийн гарыг барьж, бяцхан нүхээр үзэгдэх голын усыг заав. Тэрхүү нүхний яг доор нь газар харлана. Эргэлзэх юм байсангүй. Тэр бол Ямакүно голын эрэг даган уруудсан зам байжээ. Хоёр дайсан гараа атгалцан баярын нулимс унагав. Гэтэл Рёокай гэдэргээ ухарч
-За аа, Жицүносүкэ гуай! Хүлээсэн өдөр ирлээ. Намайг алагтун! Энэ аугаа их баярын мөчид миний амийг тасалбал би хойд насандаа диваажинд төрж магадгүй. За,алаач дээ! Маргааш болохоор чулуучид саад болж магадгүй. Алаач дээ! гэв.
Агуйд өвгөний сөөнгө дуу цуурайтна. Гэвч Жицүносүкэ өвгөний өмнө тэнхээ тасран сөхөрч, хацрыг нь даган нулимс тасралтгүй урсана. Сэтгэлийн угаас баярлан гийсэн Рёокайн үрчлээт царайг хараад ийм хүнийг алж болохгүй, гэж боджээ. Энэхүү зовж зүдэрсэн өвгөний гараар бүтсэн гавъяа, гайхамшгийг бахдан бишрэх сэтгэл Жицүносүкэг эзэмдэн авч, сэтгэл зүрхэнд нь үзэн ядах зай завсар үлдсэнгүй. Жицүносүкэ өвгөн лам руу мөлхөж очоод гарыг нь атгав. Баярлаж хөөрсөн өвгөн залуу хоёр бүхнийг умартан, удтал асгартал уйлцгаажээ.


Япон хэлнээс орчуулсан Дэлэгийн Төмөрбаатар

эх сурвалжийг→http://www.shurikenteam.com/blog/2009-04-25-6
 хуудсаас авав.


2012/12/07

Кикүчи Кан - Хайр хорслын дэнсэн дээр

Нэрт зохиолч Кикүчи Каны зохиол Хайр хорслын дэнсэн дээр(恩讐の彼方に) зохиолыг Япон хэл,Японы утга зохиолын орчуулагч,нэрт хөрвүүлэгч Дэлэгийн Төмөрбаатар гуай орчуулсан байдаг юм байна.Уншиж үзээд сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.Өнөөх алдарт зохиолч Достоевскийн<<Гэм,зэм>> зохиолтой төстэй мэдрэмж төрснөө нуух юун.Гэмт хүн гэлбэлзээд зогсдоггүй юм байна.Гэм хийсэндээ зовж шаналдаг юм байна.Хийснээсээ ихийг сэтгэлдээ үүрдэг юм байна....Маш сонирхолтой,үнэхээр сонирхолтой шүү!!Заавал уншаад үзээрэй.

Кикүчи Кан - Хайр хорслын дэнсэн дээр
(эхний хэсэг)

Албат самүрай Ичикүро эзэн ноёныхоо урт илдэнд өртөн зүүн хацартаа бас эрүүндээ ялигүй шарх авах нь тэр. Уг нь өөрийг нь өдөөд ирсэн гэх эзнийхээ татвар эмтэй дурлалын харьцаанд орсон хэмээх амь дүйсэн гэмт үйлдлийнхээ төлөө Ичикүро эзнийхээ залхаан цээрлүүлэх мэснээс зайлахыг оролдсон хэдий ч мултарч бултах зүрх сэтгэл өчүүхэн төдий ч байсангүй. Тэглээ гээд энэ явдлаас болж амь насаа алдах нь тун харамсалтай тул болж өгвөл бултаад гарчих санаална. Шалиг садар занд нь хорссон эзэн нь илдээ сугалан дайрахад Ичикүро гартаа таарсан лааны суурийг барин өөрийгөө хамгаална. Нас тавь гарсан гэх боловч булчин шөрмөс чанга эзэн нь урт сэлмээ барин уухайлан довтлоход өөрийгөө өмөөрөх эрхгүй Ичикүро эвийг нь тааруулан бултан зугтаж байсан хэдий ч эхний дайралтанд өртөн ийнхүү зүүн хацартаа шарх олжээ. Цусаа урсахыг харсан Ичикүро тэр дороо л омогшин уурсаж, "нэгэнт л үхэхээс хойш" гэсэн бодлын хажуугаар өөрийг нь хөнөөхөөр довтлох эзэн ноён нь адгууснаас өөрцгүйгээр харагдаж, юун эзэн албатдаа тулж иржээ. Улайрч уурссан Ичикүро гартаа барьсан лааны суурийг эзэн рүүгээ чиглүүлэн нүүлгэж орхисонд ингэнэ чинээ санаагүй байсан эзэн Сабүробэгийн нүдэн дээр буух нь тэр. Энэ мөчид барьц алдсан Сабүробэ рүү Ичикүро илдээ сугалан дайрлаа.


- Үгүй, энэ чинь юу вэ ээ! Бүүр, надтай арсалдах нь ээ, энэ чинь! хэмээн эзэн ноён Сабүробэ нь уушиг зүрх нь сагсайтлаа уурлана. Сабүробэ гурван шякү хэрийн урттай сэлмээрээ богино сэлэм барьсан Ичикүротой хоёр гурван ч удаа цавчилдан дайтав. Харин түүний урт сэлэм хэд хэдэн удаа намхан таазанд тулан зоогдож, тун төвөг удаж байх зуур Ичикүро харин ч овжин довтолж байв. Сабүробэ өөрт нь тун хэцүү байсан тул зайлж зугтах санаалан ухарсаар гадагшиллаа. Энэ хооронд Ичикүро улам довтолсоор байсанд яахаа мэдэхээ байсан Сабүробэ илдээ шидсэнд шуудхан хаалганд зоогдчих нь тэр.

-Аа, чөтгөр, хэмээн хараал урсгасаар Сабүробэ илдээ сугалж авахыг оролдох зуур Ичикүро үсрэн ирж, эзэн ноёныхоо суган тус газар илдээрээ хатгачих нь тэр.
Тулалдагч дайсан нь хөсөр унах тэрхэн агшинд Ичикүро нэг юм "ухаан орж" улангасан дайрч уулгалан довтолж байсан зориг зүрх нь шалдаа буун, тэрбээр, эзэн ноёноо хороосон их хэрэг өдөөснөө сая л нэг юм ойлгон, "би юу хийчих нь энэ вэ" хэмээн айдас хүйдэс, гэмшил ухаарлаар чичирч эхлэв. Аль хэдийнээ харуй бүрий болжээ. Эзэн ноёны өргөө албатуудынх нь байрнаас хол байдаг болохоор ноён албат хоёрын цус урсгасан ширүүн тулааны талаар ноёны өргөөнд байрладаг зарц шивэгч нараас өөр хүн мэдээгүй бололтой. Зарц шивэгчид болсон явдалд ухаан алдатлаа айцгаан, дагжин чичирсэн чигээрээ.

Ичикүро гэмшихийн дээдээр гэмшинэ. Тэрбээр ердийн нэгэн хөнгөн шингэн самүрай байсан бөгөөд хааяадаа зодоон нүдээнд нэр холбогдчихоод байдаг хэдий ч ийм балмад үйл хийчихээр хүн биш байжээ. Эзнийгээ хорооно гэдэг бол уучилж өршөөхийн аргагүй найман хүнд гэмт хэргийн нэг байсан ажгуу. Ичикүрогийн илднээс цус шүүрэн урсана. Эзний татвар эмтэй нөхцөсний ял шийтгэлийг хүлээх ёстой байтал ийм хэрэг өдүүлчихдэг. Энэ бол үнэнхүү таагүй явдал билээ. Ярвалзан татганах эзний биеийг харах тэр агшинд Ичикүро "ерөөсөө л амиа егүүтгэхээс өөр аргагүй боллоо" гэсэн бодолд автаад байв.
Харин хажуу өрөөнөөс нэгэн эмэгтэйн хашгирах сонсогдов. Бүсгүй эгээ л дөнгө хүлээснээс мултарсан лугаа адил л чичирсэн дуу хоолойгоор
-Ер нь яах бол доо, гээд л айж л байлаа шүү. Эхлээд чамайг хоёр ч удаа цавчуулахад чинь, за тэгээд миний ээлж ч одоо ингээд ирэх вий, гээд л хөшигний араас амьсгаа даран айж сандран харж зогслоо шүү дээ. Ёстой л аз таарлаа. Одоо нэгэнт ийм юм болсон болохоор удаад хэрэггүй. Байгаа мөнгийг нь аваад зугтацгаая. Хүмүүсийг мэдээгүй дээр нь бушуухан оргон зайлъя. Эх хатан, шивэгчид бүгд л гал тогоо хавиар сандарч мэгдэцгээж байгаа биз. Би очоод тэднийг тайвшруулаадахъя. Тэр хооронд чи мөнгийг нь хайж эрж бай! хэмээн бүсгүй Ичикүрод хэлнэ. Бүсгүйн дуу хоолой ийн чичирч байвч үүнийгээ эмэгтэй хүний "авъяасаараа" нуун дарж байлаа. Яахаа мэдэхээ байсан Ичикүрог бүсгүйн яриа тайвшруулж, сэхээ авахууллаа. Тэрбээр бүсгүйн үгэнд орон, утсан хүүхэлдэй аятай найгаж ганхан том өрөөгөөр орон, энд тэндээс мөнгө хайж эхлэв. Хайрцаг сав, таарсан бүхнээ онгичон сандааж, дээгүүр нь цусан толбо үлдээж байлаа. Мөнөөх татвар эм Оюмиг эргэн ирэхэд Ичикүро дөнгөж л 10 рёогийн олзтой байж байв.
- Энэ хэдээр юу хийх вэ дээ, гээд Оюми байгаа бүхнийг онгойлгон, сэгсэрч байсан хэдий ч алтан зоос энээ тэрээг нь олсонгүй.
- Харамчийн хар тулам, хамаг байдгаа хаа нэгтээ булаа л биз, хэмээн үглэсээр бүсгүй эм тан, хувцас хунар хийсэн хайрцгийг нь авлаа.
Асакүса дүүргийн Табара хороолол дахь дөнгөж саяхан нэгэнтээ нөгөө ертөнцөд морилооч болсон Хамамото Накагава Сабүробэгийн гэрээс нүгэлт эр эм хоёр гарч явсан цаг үе бол Анъэй? эриний 3-р оны намрын эхэн үе байлаа. Аав ньамиа алдах энэ үеэс Сабүробэгийн цорын ганц хүү 3 настай Жицүносүкэ аавынхаа энэ үхлийн талаар төсөөлөх ч юмгүй өрлөг эхийнхээ өвөр дээр амгалан тайван унтаж хэвтэж байсан аж.

2
Ичикүро Оюми хоёр Эдо хотоос гарч, хүн амьтнаас нуугдаж бултан Тоокайдо замаас дайжин, Тоосандо замаар явсаар Кёото орохоор шийдэв. Цайны газар, ер нь л хаа сайгүй л шивэгчлэн садарлаж явсан Оюми эзнээ хороосондоо гутарч гунин, алийгаа алдаж яваа Ичикүрог хараад, "нэгэнт л ийм хэрэг хийсэн хойно урвайж унжийгаад юугаа хийнэ. тайван амгалан бай" хэмээн хорон муу санааг зааж сурган өдөржин үглэсээр. Тэр хоёр Шиншюүгээс Кисо Ябүхара хошууны буудалд ирэх үедээ мөнгө санга юу ч үгүй болжээ. Хоол ундаа олохын төлөөнөө Оюми эрчүүд залуусыг хоргоон, үүнийг нь Ичикүро далимдуулан тэдний мөнгийг дээрэмдэн авах хос дээрэмчдийн бузар ажлыг эрхлэх болцгоов. Ошюүгаас Шиншюү орох зам зуурын буудлуудыг амдан, аян замын хотынхон, тариачдын мөнгийг хуурч мэхлэн салгадаг байж. Ичикүро анхандаа Оюмигийн хатгаас заавраар хөдөлдөг байсан бол яваандаа энэ ажилдаа гаршин амтших болж гэнэ. Хотынхон, тариачид ажил хөдөлмөргүй хохь самүрай нар мөнөөх дээрэмчдэд нэг их төвөг бололгүй мөнгө төгрөгөө өгчихдөг байв. Оюми дээр ирдэг харчууд залуусын мөнгө төгрөгийг Ичикүро эвтэйхэн салгаад авчихдаг байснаа сүүлдээ дээрэмдэж эхлэх нь тэр.
- Ичикүро Оюми хоёр Шинаногоос Кисо руу явах замд байх ,,Шувуун үүр,, хэмээх хавцлын бэлд сууршин, өдөрт нь цайны газар ажиллуулан, шөнөдөө дээрэм тонуулын ажлаа эрхлэх болжээ. Ичикүро энэхүү ажилдаа сэтгэл санааны ямар ч зовлон бэрхшээлийг мэдэрдэггүй байв. Мөнгө хөрөнгөтэй аянчдыг отож байгаад л алж хороогоод, хувцас хөрөнгийг нь аваад, хүүрийг нь сурамгай гэгч нь нууж зайлуулдаг болжээ. Гурав дөрвөн удаагийн ийм үйлдлээр олсон орлогоороо нэг жил амьдарч болдог байв.
Мань хоёр Эдогоос зугтан дайжсанаас хойш даруй гурав дахь хавраа угтах жил байв. Барьцааны албанд  өргөхөөр Шёогүний ордныг зорих хойд нутгийн даймёо самүрай ноёдын цуваа хоёронтоо үргэлжлэн, Кисо нутгийн дэн буудлууд хавь ойрд үзэгдээгүй ихээр бужигнаантай байв. Бас хажуугаар нь Шинано, Эчиго, Эччюү нутгаас Исэ сүмд мөргөл үйлдэхээр цувагчид тасарсангүй. Тэдэн дотор бас Кёотогоос Оосакаг зорих зугаа цэнгэл эрэгч жуулчид ч олноор байв.
Ичикүро "ганц хоёр хүн хороож" жилийнхээ хүнс хоолыг базаахыг санаална. Кисо нутгаар агар, майлс холилдсон ой шугуйд сакүра модны цэцэгс унан хийсэх яг л тэр өдрүүдийн нэгэнд. Харуй бүрий болох үеэс нэгэн гэр бүл бололтой залуу бүсгүй хоёр Ичикүрогийн цайны газарт орж иржээ. Шиншюүгийн чинээлэг тариачид бололтой, аян замын зугаа цэнгэлд их л баяр хөөртэй явцгаана. Нөхөр нь нас нь гуч гараа юу гэмээр, харин эхнэр нь хорин гурав дөрөвтэй бололтой.
Ичикүро мань хоёрын хувцас хунарыг шинжингээ "энэ жилийн хүнс хөрөнгө маань энэ хоёр юм биз дээ" хэмээн бодно.
- Ябүхарагийн буудал хүртэл хэр бол оо?
Залуу цайны газрын өмнө зогсоод, ийн асуунгаа дэрсэн сандаалныхаа үдээсийг засч уяна. Ичикүро ам нээж амжаагүй байтал Оюми гал зуухны өрөөнөөс цухуйн
- Нэг их холгүй шүү. Энэ давааг л давчихад бараг оччихлоо л гэсэн үг, гэв. Түүний үгийг сонсоод Ичикүро хорон санаат авгай нь аль хэдийнээ өөрт нь аймшигт төлөвлөгөөгөө "хэлээд" байгааг мэдэрлээ.
Ябүхара хүртэл үнэндээ бол хоёр ри гаруй зайтай боловч Оюми ингэж худал хэлсэн нь учиртай байв. Ичикүро түнэр харануйд нууц замаар амдан очоод, хүлээн отож байгаад аян гийчдэд халддаг юмсанжээ.
Тэдний энэхүү муухай санааг огт гадарлаагүй аянчид
- Өө, тэгвэл жаахан цай ууж сууж байгаад хөдөлье, гэцгээв.
Залуу хоё ийнхүү эхний урхинд оров. Бүсгүй нь бүрх малгайныхаа улаан бүчийг тайлж, нөхрөө түшин сууна. Тэр хоёр алжаалаа тайлан амарч, хагас цаг орчим болоод мөнгөө төлж,,Шувуун үүр,, хөндийг чиглэн алхацгаалаа. Үдшийн бүрэнхий хөндийг бүрхсээр.
Залуу хосыг бараа тасармагц эхнэрийнхээ дохиог ойлгосон Ичикүро бүсэндээ илдээ зүүн, олзныхоо мөрийг мөшгөх анчин лугаа адил нөгөөх хоёрын араас Кисо голын эрэг даган явахад хүнд хэцүү замаар хурдлан гүйлээ.
Ичикүро Ябүхарагийн буудлын өмнөх модод зэрэгцэн ургасан замд ирэхүй хаврын урт өдөр харуй бүрийгээр аль хэдийнээ солигдон, дугариг саран Кисо уулын тэртээгээс дээшлэн, сарны цагаан гэрэл уулсыг үл ялиг гэрэлтүүлж эхэллээ.
Ичикүро замын дагуу ургасан бөөн уд модны нөмөрт суун, нөгөө хоёрын ойртон ирэхийг хүлээнэ. Гэм хоргүй хоёр залууг, тэгээд бас ийм аз жаргалтай яваа хоёрыг алж хорооно гэдэг бол машид хэрцгий хэрэг болохыг Ичикүро бодоогүй биш бас бодож байж. Нэгэнт сэдсэн хэргийг гүйцээлгүй харьж очвол Оюмид юу гэж хэлэхэв. Гэхдээ болж өгвөл цус урсгахгүй дуусгачих санаалж байлаа. "Дэмий цус урсгавал хэрэггүй л юмсан. Өөрсдөө мөнгө, хувцсаа өгчихвөл ч би тэднийг алахгүй л дээ" хэмээн Ичикүро бодно. Тэр зуур нөгөө хоёр ойртон ирж буй бололтой, дүрс нь тодорсоор. Залуу хос очих газар нь ойрхон гэж бодож байгаа болохоор бие биедээ туслан, яарсаар. Тун их ядарч байгаа нь мэдэгдэнэ.
Тэднийг ойртон ирмэгц Ичикүро ил гаран, хүн амьтныг айлгаж сүрдүүлдэг нөгөө л хэдэн үгсээ тэдэнд ч зориулан хашгирлаа. Харин түүний найдвар талаар болж залуу эр айж сандарсангүй, эхнэрээ биеэрээ хамгаалан, илдээ сугалан авч тулалдаанд бэлтгэв. Ичикүро байдал ингэж өрнөсөнд жаахан сандарсан ч
- За аа, хөө, аянчид минь, эсэргүүцэх л юм бол аминаасаа хагацна гэж мэд, харин та нарын амь надад хэрэггүй, хэмээн сүртэй нь аргаггүй хашгирлаа.
Залуу эр дээрэмчний царайг нэлээн ажигласнаа
- Өө, та чинь цайны газрын эзэн байна шүү дээ, хэмээн зэвүүцэв.
"За даа, хороохоос өөр аргагүй боллоо доо. Энэ хоёр нэгэнт намайг таньсан болохоор амьд үлдээж болохгүй. Тэгвэл бид баларна" гэж Ичикүро бодлоо.
Залуу Ичикүро руу уурлан дайрсан боловч Ичикүро шалмагхан нь аргагүй зайлан, дагз руу нь цохиход залуу орь дуу тавин гэдрэг саван уналаа.
Эхнэр нь айснаасаа болж ухаан нь балартав уу гэлтэй, замын хажууд явган суучихаад, дагжин чичирч байлаа. Ичикүро хүүхэнд гар хүрч зүрхэлсэнгүй. Гэхдээ л "энүүгээр амиа солих гэж үү" гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Эр нөхрийг нь алсан сэтгэлийн хөөрөл нь намдаагүй байлаа. Цусанд будагдсан илдээ далайсаар бүсгүй рүү ойртоход бүсгүй алга хавсран өршөөл эрж буйг нь хараад шуудхан алж бас зүрхэлсэнгүй. Гэлээ ч "энэ хүүхнийг заавал алах ёстой" гэсэн бодолдоо хөтлөгдөн, хувцас хунарыг нь цус нөжтэй нь хутгахгүй юм шүү, гэж бодсоор бүсгүйн араас нь очиж бүснээсээ алчуур авч тэр алчуураараа боож аллаа.
Тэр хоёрыг алсны дараа Ичикүро гэнэт жигтэйхэн ихээр айж балмагдан, тэнд удаан байж чадахгүйгээ ухаарлаа. Алагдсан хоёрын хувцасыг хурдхан тайлж аваад зугтаахдаа араас нь хүн дагаад байх шиг санагдан айдас хүйдэст автан байв. Ичикүро арваад хүний амийг хороочихоод байгаа хүн. Хөгшчүүд, худалдаачид голдуу байсан. Харин Ичикүро залуу хүнд, тэгээд бүр залуу хосод гар хүрсэн удаа үгүй. Нүгэл үйлдсэндээ гэмшиж гутарсан тэрбээр олзны хувцас, мөнгийг бузар булайг хаях мэт л Оюми рүү чулуудлаа. Оюми хэзээ язааны л байдлаар олж ирсэн мөнгийг тоолно. Горьдож байснаас нь бага, дөнгөж л арваадхан рёо байжээ. Дараа нь алагдсан бүсгүйн хувцасыг авч үзэв. "Үгүй ээ, энэ чинь хачизүэ торгоор хийсэн кимоно, бас торгон хивтэй дотортой юм гээч. Ингэхэд үснийх нь гоёл хаана байна аа" гэв.
-Гоёл оо? Ичикүро ойлгож ядна.
-Тийм ээ, тийм тийм. Ийм кимоно өмссөн хүнд сам, хатгуур зүү заавал байх ёстой. Тэр хүүхнийг сүлжмэл бүрх малгайгаа өмсч байхад нь харсан юмдаг. Яст мэлхийн хуягаар хийсэн гоёл байсан.
Гоёл зэргийн талаар бодох сөхөөгүй байсан Ичикүро юу гэхээ ч мэдэхгүй байлаа.
-Үгүй ээ, чи чинь тэрнйг нь авахаа мартчихсан юм биш биз дээ? Бараг л долоо намайн рёо болно дог шүү. Ямар анх удаа дээрэм хийж байгаа биш дээ. Юуны тулд хүний амь хороосон юм бэ? Толгойных нь гоёлыг хараагүй байж гэнэ. Тэгээд бас дээрэмчин гээд байгаа шүү
гээд л Оюми Ичикүрог толгой түрүүгүй загнав. Үг хэл нь дээрэнгүй.
Залуу хосыг хороосондоо гуниж гутарсан Ичикүрогийн сэтгэлийг Оюмигийн үг улам л шархлуулж байлаа. Алуулсан хүүхний толгойны гоёлыг авч ирээгүйдээ загнуулж байгаадаа нэг их юмд бодсонгүй. Тэр хоёрын амийг хороож байхдаа "булай нүгэл үйлдэж байгаадаа" харамсан, юун толгойны гоёлыг авахтай манатай байжээ. Тэр гоёлыг аваагүйдээ одоо ч харамссангүй. Хулгай дээрмийн замд орон, ховдог хомхой сэтгэлийн үүднээс хүний амийг хороож явсан ч цөөвөр чоно лугаа адил ясыг нь цайтал "мөлждөггүйдээ" Ичикүро харамсаж явсангүй. Харин Оюми өөртэй нь адил бүсгүй хүн зэрлэгээр хөнөөгдчихөөд байхад үсэнд нь зүүлтээстэй байсан гоёлд шуналтан байгааг хараад Ичикүро түүнийг улам бүр жигшинэ.
Ичикүро сэтгэлийн угт ийнхүү гүнзгий хямран байгааг огт анзаараагүй Оюми
-Алив хөө, чи хөдлөхгүй юү? Бараг л арван рёогийн үнэд хүрнэ дээ, хэмээн Ичикүрог хатгана.
Уг нь бол Оюмиг нэг үг хэлэхэд ухасхийдэг Ичикүрогийн дотор элдвийн бодол эргэлдэн, Оюмигийн үгийг сонсохтой үгүйтэй байлаа.
-Яаж ч хэлээд миний үгэнд орохгүй нь л дээ, энэ. Тэгвэл би өөрөө гүйгээд ирье л дээ. Нөгөө л газраа биз дээ, хэмээн Оюмиг хэлэхэд Ичикүро шуудхан
-Тийм ээ. Нөгөө л газраа. Ябүхарагийн нарст ойн замд
-За за, би явлаа. Гадаа сартай, гэрэлтэй байна...Энэ дээрэмчний байж байгааг, үгүй бас юу гэхэв дээ, хэмээн үглэсээр кимонгийнхоо хормойг шуун, улавчаа углаад гүйн одох нь тэр. Түүий хойноос харж зогсох Ичикүрогийн сэтгэл жигшил зэвүүцлээр дүүрнэ. Амь насаа алдсан бүсгүйн үсний гоёлыг салгаж авахаар хөлийн хурдаар харайлгаж яваа энэ бүсгүйг хэзээ нэгтээ хайрлаж явсан гэж бодохоор ой нь гутна. Ичикүро аль муу муухай бүхнийг хийж явахдаа, хүмүүсийг алж талж явахдаа, мөнгө хөрөнгийг нь дээрэмдэж явахдаа, энэ бузар булай явдал тэгтэл ичгүүртэй санагдаж байсангүй. Харин одоо Оюмиг ажиглаж байхдаа үйлдэж байсан бузар булай бүхнээ даанч ихээр ойлгох болжээ. Хүний амийг хороон байж өөрийн болгож авсан бүсгүй ь одоо ингээд яст мэлхийн ясаар хийсэн зүүлт, тав арван рёо мөнгөний төлөө эмэгтэй хүний нандин зөөлөн бүхнээ хөсөр хаян, амьтны сэг руу улайрах чоно адил уулгалахыг хараад ийм эмтэй хормын төдий цуг байж чадахгүй болсноо ухаарчээ. Ичикүро үйлдсэн бүх нүглээ санан дурсахаар зүрх нь шимширнэ. Боож алсан хүний нүд, цусандаа хутгалдсан худалдаачны ёолох дуу, илдэнд өртөн унах буурал үст өвгөний гинших дуу, бүгд холилдон сонсогдож, хачин жигтэй болж байлаа. Энэ бүхний аймшгийг мэдэрч дагжин чичирнэ. Туулж ирсэн бүхнээсээ хурдхан шиг салах юмсан. Өөрөөсөө ч дайжъя. Бузар эмээс ч бушуухан холдъё.
Ичикүро шалавхан босч, хэдэн хувцасаа баадагнан, түрүүний залуугаас дээрэмдэн авсан мөнгийг замд хэрэглэх зорилгоор бүсэндээ ороон, хар эрчээрээ гүйн одов. Харин хэсэг гүйж явснаа авч яваа бүхэн нь дээрмээр олсон гэдгээ санамагц гэртээ буцаж ирэн, авч явсан эд зүйлсээ босгон дээрээсээ дотогш чулуудлаа.
Оюмитэй таарчихгүйн тулд замаар явсангүй. Кисо голын эргээр хаашаа явахаа үл мэдэн хандсан зүгтээ хурдалж явлаа. Яаж ийгээд л өөрийн бузар гэмт хэргийн үүр уурхай болсон газраас бушуухан л холдохын түүс болж байлаа.

3

Ичикүро уул талаар амарч зогсолгүй хорин ри газар гүйсээр маргааш орой нь Мино хошууны Оогакизай суурингийн Шёоганжи хийдэд ирэв. Тэрбээр зориуд энэ хийдэд ирсэн хэрэг биш л дээ. Сандарч мэгдэн гүйж байхдаа санаандгүй энэ хийдийн өмнүүр өнгөрөх үеэс оволзож үймэрсэн ухаарал гэмшлийн сэтгэлээ итгэл бишрэлийн гэрлээр гэгээрүүлэхсэн гэсэн хүсэл төржээ.
Шёоганжи хийд бол Мино хошууны Шингон урсгалын гол дугана юм. Ичикүро энэ хийдэд алба өргөж буй хамба ламтантай уулзан ухаарал гэмшлийнхээ үнэн мөнийг өчин наминчлахад ламтан
-Айхтар булай хэрэг ар араас нь үйлдсэн чамайг засаг захиргаанд тушаан, тэд чиний толгойг авч модонд шорлон гэсгээх ёстой байсан биз. Ингэсэн бол хорвоод гэм нүглээ цагаатгахад чинь тус болох байсан байх даа. Гэлээ ч хойд насандаа зовлон зүдгүүрийг амсч л таараа. Бурханы сургаалыг сүсэглэн бусдын нүглийг өршөөн явбал өөрийн чинь нүгэл ч арилан нимгэрэх болно, гэжээ.
Ламтаны үгийг сонсоод Ичикүрогийн гэмшлийн сэтгэл улам бадран, сахил хүртэн мөнөөх сүмд шавилан сууж, Рёокай хэмээх нэрийг хүртэн ариуслын замд оров. Рёокай бурханы ариун сургаал номыг амь бие үл хайрлан хичээллэн уншиж, өглөө бүр гурван нууц номыг ухааран судалж, үдэш болмогц буддын нууц тариныг ухаан бодолдоо шингээсээр, хагас жил ч өнгөрөөгүй байхад үйлс сэтгэл нь цэлмэг тэнгэр адил гэгээрч иржээ. Өглөө бүр гурван нууцын номд шамдан, үдэш өвдөг сөхрөн сууж өч төчнөөн мөргөл залбирлыг үйлдэнэ. Үнэн сэтгэлийн замд эргэлт буцалтгүй орохын тулд бусдын тусын тулд багш ламтаныхаа зөвшөөрөл хүслээр нутаг орноор бядан хэсүүчлэхээр замд гарчээ.
Мино хошуунаас гарч, Кёото нутгийг зорив. Одоо Ичикүро бадарчин болчихсон, амьд сэрүүн явж байна. Харин түүний гарт хичнээн ч хүний амь үрэгдэв дээ. Ингэж бодохоор л зүрх нь шимширнэ. Хүмүүст тус хүргэж, хийсэн нүглээ өчүүхэн ч болов нимгэлэхийг хүсч байсан бөгөөд үүний төлөөнөө энэ биеэ эвдэн буталсан ч бэлэн болсон байлаа. Урьд өмнө нь Кисо нутагт амьдарч ахуйдаа харгис догшин байснаа цаг үргэлж санана, одоо бол таарч учрах хүн бүрийн өмнө  өөрийгөө буруутай гэж бодож явна. Хийсэн гэм нүглээ арилгаж баршгүй мэтээр төсөөлөн явлаа.
Ичикүро одоо алхам тутамдаа л хүний төлөө санаа зовон явах болжээ. Урт замд эцэж ядарсан аянчдад туслан тэднийг хөтлөх буюу араас нь түшин явна. Өөрийгөө хайхралгүй өвдөж зовсон хүүхдийг үүрээд хэдэн ри газар ч явж байжээ. Хөдөөний замд эвдэрсэн гүүр тааралдвал Ичикүро ойгоос мод огтлон чирч авчраад нөгөө гүүрийг засч янзалдаг байлаа. Зам эвдэрч муудсаныг харвал шороо элс авчирч засна. Кинай нутгаас эхлэн Чюүгокү мужаар бядан явахдаа мөч бүрт сайн сайхан үйл бүтээх чин эрмэлзэлээр дүүрэн явжээ.
Кёохогийн эриний 9-р он (1724) -ны намар байв. Ичикүро Акамасэкигээс гарч Үсахачимангү сүмд очив. Ямакүни голоор дээшлэн Кишякүсэцүнран хийдэд мөргөл хийчихээд, Ёкканчингээс өмнө зүгт улаан хөрст их талыг гатлан Ямакүни голын навчит хөндийг хаяалан явав.
Цүкиши нутгийн намар, өртөө замын дэн буудлууд холимог модот ойн хажи мод улайран ягаарч, тутрагын талбай дахь тутрага шаргалтан боловсорч тариачдын орон байшин хавиар улаан илжгэн чих жимс улам л улайрч унжийн харагдана.
8-р сар дөнгөж эхлээд байсан ажгуу.
Ичикүро намрын өглөө гэрэлтэн гялалзах Ямакүни голын цэвэр тунгалаг усны чулууг ажсаар Микүчи болон Хотокэсакаг холбосон замыг гатлан, үдийн алдад Хида өртөөнд ирлээ. Хөл хөдөлгөөн багатай энэхүү өртөөнд үдийн хоол идчихээд дахиад л Ямакүно голын хөндийн хаяаг барин өмнө зүгийг зорив. Хида өртөөнөөс холдмогц зам дахиад л Ямакүни голоор хаяалан, чулуурхаг эргээр өнгөрнө.
Алхаж явахад тун бэрх замаар Ичикүро таяг тулан явж байтал замын хажуухнаа энэ нутгийн тариачид болов уу гэмээр дөрөв таван хүн хэрэлдэн маргалдаж байх ажээ.
Ичикүрог ойртон ирэхэд тэдний нэг нь:
-За мөн ч цагаа олж ирлээ дээ, та. Энд нэг хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Нэгэнт л энд та морилж байгаа болохоор хойтохыг нь уншиж тус буянаа хайрлаач, гэх нь тэр.
Харамсалтайгаар амиа алдлаа, гэхийг сонсоод Ичикүро "дээрэмчний гарт үрэгдээгүй байгаа даа" гэсэн бодол төржээ. Өнгөрсөн түүхээ дурсахаар л өр нь өвдөж, гэмшил харамслын сэтгэл өөрийн эрхгүй булгилан ирнэ. Хамаг бие нь хөшиж хөрч орхих шиг болсон боловч харин нөгөөх хүн бол живж үхсэн нь үнэн байжээ.
-Нээрээ л , живж үхсэн юм шиг байна.
Гэхдээ л , яасан олон шархтай юм бэ дээ?
-Ламтаан, та анх удаагаа л энд морилон ирж байгаа болов уу? Энд тун аюултай гинжин гарам байдаг юм. Эндээс холгүй, гол дээгүүр татсан байдаг юм л даа. Энэ бол манай уулархаг нутгийн хамгийн хэцүүхэн газар. Тэр гармаар голын хоёр эргээс хүмүүс морьтойгоо гаталдаг юм. Тун ч олон хүн осолдсон доо. Энэ талийгаа ч бас...
Голын эхээр байдаг Какизака нутгийн хүн, адуучин. Өнөө өглөө гол гарч явтал морь нь үргэж бусгаад уначихсан юм. Таван жёо хэрийн өндрөөс шүү, харахаас ч аймаар. Аймшигтайгаар л өнгөрсөн дөө, хэмээн нөгөө хүн ярив.
-Гинжин гарам гэнэ ээ? Тэр аюултай газрын тухай дуулсан юм байна шүү. Золгүй явдал байнга тохиолддог хэрэг үү?
-Жилдээ хэд хэдэн удаа, бүр арваад хүн үхдэг. Муур ёрын газар даа. Үүнээс өөр ийм аймшигтай газар гэж байхгүй биз. За тэгээд бас бороо, салхи эвдээд хаячихна аа, гэх зуур тариачин талийгаачийн шарилыг засч янзална. Ичикүро талийгаачийн хойтохыг уншчихаад гинжин гарам руу яаран очив. Дөнгөж нэг чёо газар явтал том хадан цохио дүнхийх бөгөөд тас цавчсан хана мэт баруун хэсэг нь голын дээгүүр арав гаруй жёо сүндэрлэх ба голын эрэг цайвар бор гадаргатай, хурц цавчим нугалаатай аж. Тэрхүү цохио хад хормойг нь долоон цахран давалгаалсаар цалгилах хар ногоон усыг сорон авах мэт. Тэгш зам байцыг шууд чиглэсэн байна. Усны эргийн дунд хэрд цохио хад тойруулан нарсыг өөр модтой холбон дэвсчээ. Үнэхээр зэвүүн үзэгдэнэ. Нөгөө гарам нь энэ аж. Дэр дэвсэг дээр гараад доош харвал ус таван жёогийн тэртээд хуйлран урсах ба дээш харвал лут том байц сүртэй өнгийнө. Түүгээр явахад зөвхөн зүрх муутай эмэгтэйчүүд хүүхэд байтугай хэн ч айж салганахаар билээ...


Япон хэлнээс орчуулсан
Дэлэгийн Төмөрбаатар

эх сурвалжийг→http://www.shurikenteam.com/blog/2009-01-14-1 хуудсаас авав.

2012/12/06

Акүтагава Рюүносүкэ-Рашёмон хаалга


Японы нэрт зохиолч Акүтагава Рюүносүкэ(1892-1927)гийн  өгүүллэгүүдээс орчуулан эмхтгэсэн<<Намрын уулс>>хэмээх орчуулгын номыг Монголын Психотроникийн хүрээлэнгээс 2012онд эрхлэн гаргасан байна.Миний бие 8сард Монголдоо хариад,Интер номын дэлгүүрээс энэхүү номыг авч сонирхсон билээ.Тэгээд хараахан уншиж амжаагүй бусад уншигчиддаа багахан танилцуулах үүднээс орчуулагч Б.Батаагийн хөрвүүлгээр<<Рашёмон хаалга>> ыг үсэг,үгийг өөрчлөлгүй хүргэж байна.Уг номд Акүтагава Рюүносүкэгийн 16 өгүүллэг,мөн богино эссэ,хэлсэн үг,бичиж тэмдэглэсэн зүйлсээс орчуулан танилцуулжээ.Ямартай ч түүний зохиол бүтээлээс Акүтагава гэдэг зохиолчын дотоод ертөнц,үзэл санаа,тухайн үеийн Япон зохиолч хүний бодол,Японы амьдралын хэв маяг,Япон төдийгүй дэлхийд үнэлэгдсэн Акүтагавагийн уран зохиол гэж юу вэ гэдгийг багахан ч болтугай мэдэх боломжтой болжээ.

Дашрамд дурдахад 1915онд нэрд гараагүй байхдаа бичсэн<<Рашёмон>>болон 1925онд бичсэн <<Шугуйд>> (Ябү-но-нака)хэмээх богино өгүүллэгээс сэдэвлэн хожим нь1950онд Японы кино урлагын нэрт төлөөлөгч,найруулагч,Күросава Акира <<Рашёмон>>гэдэг кино бүтээж,уг зохиолыг дэлхийд улам алдаршуулсан билээ.

                        ファイル:Miniature Model of Rajomon.jpg


Рашёмон хаалга

Энэ явдал үдэш болсон юм.Нэгэн зарц Рашёмонн хаалганы нөмөрт бороо зогсохыг хүлээн зогсоно.Их хаалганы дэргэд түүнээс өөр хэн ч харагдсангүй.Улаан чий будаг нь халцарсан бүдүүн багана дээр нь л ганц хүрэлзгэнэ суух ажээ.Рашёмон хаалга Сүзакү гудманд олны хөлийн газар байх учир энд ичимэгаса ,момиэбошитэй хэд хэдэн залуус,хүүхнүүд ч бороо хүлээж зогсоход өлхөн багтана.Гэвч мөнөөх зарцаас өөр хэн ч байсангүй.Ийм болсоны учир гэвэл Киотод сүүлийн хоёр,гурван жил нэг бол газар хөдөлж,эсвэл хар шуурга дэгдэн,дээр нь гал түймэр өлсгөлөнд нэрвэгдсэнээс болсон ажээ.Ийнхүү нийслэл ер бусын эл хуль болсон байв.Эртний цаг тооны бичгээс үзвэл байдал бүр буддын сэрэг дүр,ариун эд зүйлсийг ч эвдэж,замын дэргэд чийдэж алтадсан модыг нь овоолон түлээ болгож зарахдаа хүрчээ.Хотод байдал ийм байв.Тиймээс Рашёмон хаалгыг тордож додомдох тухай хэн ч бодохоо больсон нь тодорхой.Ийн хаягдсаных нь завсар үнэг,дорго ч орогнох болжээ.Элдэв хулгай зэлгий хүмүүс ч амьдрах нь бий.Ингээд эцэст нь бүр үхдэлцөгцөс хаях болжээ.Нар шингэсэн хойно энд нэг л аймшигтай,тиймээс хаалга руу хэн ч ойртож зүрхлэхээ болив.
Харин зүг бүрээс хэрээ шувуу олноороо цуглана.Өдөр нь дээврийнх нь асартаж махиралдсан дээгүүр эргэлдэж,гуагчин нисэх ба орой нь тэнгэрт улаан туяа татах үед эгнэлдэн бууж сууцгаасан нь гүнжидийн үр асгасан мэт товруутаж харагдана.Хэрээ хүний хүүр тонших гэж цугласан нь тодорхой.Гэхдээ энэ удаад цаг орой болсноос ч тэр үү нэг нь ч харагдсангүй.Зөвхөн эвдэрч хэмхэрсэн чулуун шатных нь завсраар өндөр өвс ургаж,энд тэнд хатсан сангас цайрч харагдана.Угаасаар хуучирсан хувцастай зарц хамгийн дээд талын,долоодох гишгүүр дээр суугаад,хааяахан баруун хацар дээрх хатигаа оролдон бороо орохыг тоомсоргүй харна.Зохиогч дээр өгүүлэхдээ<<Зарц бороо зогсохыг хүлээж зогсоно>>гэсэн билээ.Гэвч бороо зогслоо ч зарцад үнэндээ очих газар байсангүй.Энгийн үе байсан бол тэрээр эзнийдээ очих ёстой.Гэвч эзэн нь түүнийг хэдэн өдрийн өмнө ажлаас нь халжээ.Киотод тэр үед ер бусын эль хуль болсон тухай нэгэнтээ өгүүлсэн.Тэгэхээр эзэн нь олон жил зүтгэсэн зарцаа ч халсан нь нийтээрээ эзэнгүйрч хоосорсны л жишээ байлаа.Тиймээс<<зарц бороо зогсохыг хүлээсэн>>гэлгүй<< бороонд хөөгдөж хаалганы нөмөрт ирсэн зарц хаашаа явахаа мэдэхгүй сууж байв>>гэсэн бол зохих байсан болов уу.Түүнээс гадна Хэйаны(1) энэ зарцын гундуу байдалд цаг агаар нөлөөлсөн нь ч багагаүй.бас дээр нь бич цагийн сүүлээс асгарсан бороо зогсох шинжгүй байжээ.Сайхь зарц бүгдийг умартан ядаж маргаашийг өнгөрөөчих гэсэн учир холбоогүй түмэн бодлоо дахин дахин цэгнэж,өөрөөр хэлбэл яагаад ч бүтэхгүй байгаа энэ байдлыг яавал засчихсан билээ гэдгээ эрэгцүүлэн Сүзакү гудманд бороо шаагихыг тоомсоргүй сонсоно.
Тэр хавийг бүхэлд нь нөмөрсөн бороо алсаас зүсэрчээ.Үдшийн гэрэл гэгээ буурч,улам харуй бүрий болох нь хэрэв дээш харвал их хаалга вааран дээврийнхээ булангаар харанхуй хүнд үүл тулчихсан мэт санагдана.
Яагаад ч болохгүй болсон байдлыг яаж ийгээд шийдчих арга чарга байсангүй.Хэрвээ бодоод үзвэл хашааны ёроолд,эсвэл гудманд өлсөж үхэх л үлджээ.Үхсэн хойно нь өөрийнх нь хүүрийг энэ хаалган дээр авчраад л нохойд хаяж өгч байгаа юм шиг чулуудчихна.Хэрвээ бодохгүй бол...ийнхүү элдвийг сүвэгчилсэн зарцын бодол санаа яван явсаар нэг л зүйлд хүрнэ.Гэхдээ энэ <<хэрвээ>>эцсийн эцэст нөгөө л<<хэрвээ>>хэвээрээ үлдэнэ.Бодохгүй байх нь нэг арга юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн зарц үнэндээ энэ<<хэрвээгээс>> урган гарч байгаа ганц замыг хүлээн зөвшөөрөх зориггүй байгаа ажээ.Тэр зам нь хүссэн ч,хүсээгүй ч”хулгайч”болох.
Зарц чанга гэгч нь найтаагаад ядрангуй босов.Киотод орой үдшийн цагаар галын дэргэд  л ээж зогсохыг хүсэм сэрүүн ажээ.Салхи,харанхуй хаалганы баганууд хооронд хүйт татуулан орж ирэв.Улаан чий будагтай багана дээр сууж байсан хүрэлзгэнэ хэдийнэ нэг тийшээ алга болжээ.Зарц ханцуйгүй шар дотуур цамцан дээр өмссөн цэнхэр кимонотой мөрөө өргөсхийн хүзүү сунгасаар эргэн тойрноо харав.Тэрээр энэ хав&даа уснаас нөмөртэй,хүний нүднээс далд тайван унтчих газар байвал эндээ хоног төөрүүлчих нь дээр юм гэж боджээ.Ингээд хаалганы дээд хэсэг асар руу гарсан улаан чий будагтай өргөн шат байгааг харав.тэнд хүн байгаа бол үхдэл л байгаа.Зарц ташаандаа зүүсэн сэлмээ хуйнаасаа сугараад уначихаж магадгүй хэмээн барьсаар сүрлэн зори угласан хөлөө шатны доод гишгүүр дээр тавив.Хэдэн минут өнгөрөв.Тэрээр Рашёмон хаалганы дээд асраад гарсан өргөн шатны дунд хэсэгт амьсгаа даран муур мэт атиран гэтсээр дээд давхар руу шагайв.Асраас туссан гэрэл баруун хацрыг нь бүдэгхэн гэрэлтүүлжээ.Богинохон хэдэн ширүүн үсэн дунд идээтэй батга улайсан тэр л хацар дээр нь бүдэгхэн гэрэл тусжээ.Тэрээр эхэндээ дээр зөвхөн үхсэн хүмүүсийн хүүр л байгаа гэдэгт итгэлтэй байлаа.Гэтэл хоёр гурван гишгүүр өгсөөд нэг хүн гэрэл асаачихсан байгааг харав.Түүнээс гадна гэрэл ийш тийшээ хөдлөөд байлаа.Энэ нь шууд л нүдэнд тусав.Бүдэгхэн шар гэрэл бөхөлзсөөр аалзны шүлс болсон булантай адар даган хөдөлнө.Бороотой ийм орой Рашёмон хаалганы асарт гэрэл гарах бол жирийн хэрэг биш.Мөнөөх зарц гүрвэл мэт чимээгүй бараг л мөлхсөөр шатны дээд гишгүүрт хүрэв.Дараа нь бүхий л биеэ шатанд наагаад чадах чинээгээрээ хүзүү сунган асрын доторхыг зориггүйхэн шагайв.Энэ асарт хүний хүүр эмх замбараагүй хаячихсан байдаг тухай сонсогддог.Гэвч гэрэлгүйд доторх байдал санаснаас ч муухай харагдах учир зарц хичнээн хүний хүүр хэвтэж байгааг ч харж чадсангүй.Бүдэг бадагхан ч цорын ганц харж чадсан зүйл гэвэл хүмүүсийн хүүр хувцастай,хувцасгүй,бүр нүцгэн ч харагдав.Бас мэдээж эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн хүүр замбараагүй холилджээ.Бүгд л шалан дээр хаясан чигээрээ ийшээ тийшээ харчихсан,ам нь ангархай,гар нь шидэгдсэн ер нь урьд нь амьд байсан юм болов уу гэж эргэлзмээр шавар хүүхэлдэйнүүд шиг юм байв.Хүүрийн мөр,цээж зэрэг ёрдойж дээшээ гарсан хэсэгт бүдэгхэн гэрэл тусаж сүүдэртсэн хонхорууд нь яагаад ч юм бүр л харанхуй мөнхийн аниргүй мэт нам гүм санагдана.Хүүрийн үнэр танарт зарц өөрийн эрхгүй хамраа дарав.Гэвч дараахан нь тэрээр хамраа дарахаа ч мартаж орхив.Цочирдож алмайрснаас үнэрлэх чадвар нь бараг л алга болжээ.Тэрхэн мөчид хүүрүүд дунд нэг явган хүн суучихсан байгаа дүрс нүдэнд нь ялгарав.Тэр дүрс нь жижигхэнбөлөв.,туранхай,сармагчинтай төстэй цагаан үстэй эмгэн байлаа.Тэрээр хиноко(2)модны үндэс шиг өнгөтэй кимоно өмсжээ.Эмгэн гартаа нарсны зомгол шатааж бариад хүүрийн нэгнийх нь нүүрийг сүрхий ширтэн харна.Үс нь урт байгааг харахад хүүр эмэгтэй хүнийх бололтой.Айж,бас сонирхолдоо автсан зарц бүр амьсгалахаа мартчих шиг болов.Он цагийн тэмдэглээчийн эртний нэгэн хэллэгээр бол<<хуйхных нь арьс хөөрчих>>шиг болов.Энэ хооронд эмгэн нарсны зомголоо шалны завсар чихээд хоёр гараа хүүрийн толгой руу сунган зулзаганыхаа үсэн дэх  бөөсийг хайсан сармагчин шиг хүүрийн урт үсийг ширхэг ширхэгээр нь зулгааж эхлэв.Үс нь үгтээхэд амархан сугараад байгаа бололтой.Зарцын айдас ч эмгэнийг ингэж суух хооронд аяндаа гарчээ.Түүнээс гадна эмгэнийг хүчтэй үзэн ядаж эхлэв.Үгүй ээ<<эмгэнийг>>гэх нь тийм ч зөв биш юм байна.Хугацаа өнгөрөх тусам хорон муу бүхнийг жигшиж зэвүүцэх нь улам хүчтэй болж байв.Хэрэв энэ үед хэн нэг нь түүнээс доор хаалганы шатан дээр суугаад бодож байсан”өлсөж үхэх үү,эсвэл хулгайч болох уу”гэдэг асуултыг дахиж асуусан бол тэрээр ямар ч эргэлзээгүй өлсөж үхэхийг сонгох байсан болов уу.Хорон мууг үзэн ядах нь шалны завсар чихсэн зомголын гал адил бүр ч хүчтэй болов.Зарц мэдээж эмгэн яагаад хүүрийн үснээс сугалж байгааг ойлгосонгүй.Тиймээс шалтгааныг нь бодоод ч энэ сайн уу,муу юу гэдгийг мэдсэнгүй.Гэвч бороотой шөнө Рашёмон хаалганы асарт хүүрийн үс зулгааж байгаа нь л байж болшгүй муухай зүйл байв.Тэрээр саяхан л өөрөө ч хулгайч бочих тухай бодож байснаа таг мартжээ.Ингээд зарц хөлөө чангалж шатнаас ухасхийн дотогш ороод сэлэмнийхээ бариулаас атган том том алхсаар эмгэн рүү дөхөв.Эмгэний ямар их цочсоныг хэлэх ч юм биш.Зарцыг олж хармагцаа л эмгэн дүүгүүрт шидэгдсэн мэт гэдэргээ үсрэв.
-Зогс хаачих нь вэ!?хэмээн хашхираад зарц хүүрэн дунд бүдчин зугтах гэсэн эмгэний замыг хааж зогсов.Эмгэн ямартай ч түүнийг түлхэх гэж үзжээ.Зарц эмгэнийг гаргасангүй харин буцааж түлхэв.Тэр хоёр хэсэг хугацаанд зууралдан хүүрэн дунд чимээгүй ноцолдов.Гэвч хэн нь дийлэх нь эхнээсээ л тодорхой.Эцэст нь зарц эмгэний гарыг мушгиж шалан дээр унагав.Эмгэний гар гэж яг л тахианы савар шиг яс арьс ажээ.-Юу хийж байснаа хэл!Үгүй бол битгий гомдоорой!
Ингэж хэлээд зарц эмгэнийг түлхэн сэлмээ сугалж гялалзсан ирийг нь нүдэнд нь тулгав.Гэвч эмгэн дуугарсангүй.Гар нь салганаж,нүд нь бүлтрэх нь үү гэлтэй бүлтгэнэсэн ч хэлгүй аятай огт дуугарсангүй.Энэ үед л зарц эмгэний амь бүхэлдээ түүний гарт байгааг ухаарчээ.Энэ ухаарал нь яагаад ч юм буцалсан уур хилэнг нь намжааж,ердийн л ажлыг амжилттай дуусгасны дараа байдаг шиг санаа амарсан мэдрэмж үлдэв.Эмгэнийг толгой хөлгүй харсан тэрээр арай л зөөлнөөр:
-Би хотыг хамгаалах албанд ажилладаггүй зүгээр л хаалган доогуур гарч явсан замын хүн байна.Тиймээс таныг хүлэх гээгүй.Та сая энэ асарт юу хийж байснаа л хэлчих?гэжээ.Эмгэн улайсан зовхитой бүлтийсэн нүдээ бүр ч бүлтийлгэн зарцын нүүр рүү гөлрөв.Махчин шувуу шиг л хурц гөлрөх ажээ.Дараа нь ямар нэг юм зажлах мэт үрчгэр уруулаа өмөлзүүлэв.Үрчгэр уруул нь бараг хамраасаа ялгарахгүй болжээ.Шөвгөр төвөнх нь нарийхан хүзүүндээ нааш цааш гүйж харагдана.Эмгэний хоолойноос хэрээ шиг хяхтнасан,бүдэгхэн тасалданги дуу гарав.
-Үсээр....үсээр нь....хиймэл үс л.
Эмгэний хариулт бодож байснаас ийм энгийн байсан нь зарцын урмыг бараг л хугалав.Үүний зэрэгцээ бага зэргийн үзэн ядалттай нь холилдсон уур хилэн ч сэтгэлд нь буцаад ирэв.Эмгэн ч үүнийг анзаарсан бололтой гартаа хүүрийн  толгойноос сугалсан урт үс барьсан чигээрээ:
-Үхсэн хүний үс зулгаах муу байж болох л юм.Гэхдээ энэ үхсэн хүмүүс бүгд л ингээд хэвтэж байвал таарсан.Миний сая үснээс нь сугалж авсан эмэгтэй л гэхэд могой алж дөрвөн сун нарийхан хэрчиж хатаагаад дараа нь ордны харуулуудад хатаасан загас гэж зардаг...Түүгээрээ л амь зууж байсан.Тахлаар үхээгүй бол одоо ч тэгээд л явж байх байсан.Хүмүүс түүний хатаасан загас амттай гээд л,харуулууд байнга зууш гээд худалдаж авдаг.Гэхдээ би түүнийг муу юм хийсэн гэж бодохгүй.Тэгээгүй бол өлбөрөөд л үхнэ.Тиймээс аргагүйдээ л тэгсэн хэрэг.Би ч гэсэн өөрийгөө муу юм хийж байгаа гэж бодохгүй байна,үгүй!Ингэхгүй бол би ч өлбөрч үхнэ.Тэгэхээр би ч гэсэн аргагүй эрхэнд л ингэж байна.Энэ эмэгтэй ч гэсэн,аргагүйн эрхэнд гэж юу байдгийг тэр сайн мэдэж байгаа шүү дээ.Тэр намайг ч гэсэн буруутгахгүй байсан гэлээ.
Эмгэний хэлсэн зүйл ийм байв.
Зарц сэлмээ хуйнд нь буцааж хийн зүүн гараараа бариулаас нь атгаад эмгэний яриаг хүйтнээр сонсож байжээ.Мэдээж баруун гараараа хацар дээрх батгаа л оролдож байв.Харин эмгэнийг сонсож байх хугацаанд сэтгэлд нь эр зориг төржээ.Доор,шатан дээр сууж байхад нь дутаад байсан эр зориг.Энэ эр зориг нь саяхан л энэ асар руу үсэрч орж ирээд эмгэнийг шүүрч авсан урам зоригийнх нь яг эсрэг чиглэсэн байв.Тэр одоо өлсөж үхэх үү,эсвэл хулгайч болох уу гэдэгтээ огт эргэлзсэнгүй.Түүгээр ч зогссонгүй одоо бол өлсөж үхэх тухай бодлоос холджээ.Толгойд нь огт ийм зүйл орж ирсэнгүй.Эмгэнийг үгээ хэлж дуусмагц тэрээр:
-Тийм байдаг вий?хэмээн доогтоу нь аргагүй хэлэв.Дараа нь урагш алхсанаа гэнэт эргэн батганаасаа гараа авч,эмгэнийг заамдаж аваад:-Тийм юм бол намайг өөрийг чинь дээрэмдлээ гэж битгий гомдоорой!Үгүй бол би ч гэсэн өлбөрч үхэх нь байна хэмээн чангахан хэлэв.Ингээд эмгэний кимоног хуу татан тайлав.Дараа нь хормойтойгоо зууралдсан эмгэнийг хүүрэн дээр ширүүхэн өшиглөж унагажээ.Шат хүртэл таван алхам.Эмгэнээс тайлж авсан хиноко модны үндэс шиг өнгөтэй кимоногоо сугандаа хавчуулаад зарц эгц шатнаас нүд ирмэхийн зуур бууж шөнийн харанхуйд далд болов.Үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтэж үлдсэн эмгэн хүүрэн дунд нүцгэн өндийв.Амандаа үглээд ч байгаа юмуу,эсвэл уйлаад ч байгаа юмуу эмгэн арай унтраагүй байгаа зомголын гэрэлд хаалга руу мөлхөв.Ширэлдсэн богинохон буурал үс нь дух руу нь унжиж бөхийсөн эмгэн доош тонгойн харна.Хаалганы эргэн тойрныг шөнийн харанхуй нөмөрчээ.
Тэр цагаас хойш зарц сураггүй алга болов.


орчуулсан Б.Батаа


2012/10/12

хамгийн их уншихыг хүсэж буй нь хэний ямар ном бэ?


Докүшёо мээтаа(読書メーター) буюу Уншлагын тоолуур гэдэг нэртэй Японы ном уншигчидын санал бодол,номын мэдээлэл солилцох боломжыг олгодог интернет хуудас байдаг.
Фэйсбүүкт ч тусгай хуудас нь байрладаг тул Япон хэлээр мэдээлэл авах хүсэлтэй нэгэн нь 読書メーターг
аар хайгаад,бүртгүүлээрэй.
Энэ удаад уг хуудаснаас явуулсан сонирхолтой судалгааг хүргэе,
http://book.akahoshitakuya.com/ →home page
https://www.facebook.com/bookmeter →Facebook page
Сүүлийн үед хамгийн их уншихыг хүсэж буй номын нэрсдээ эрхэм уншигчид хэрхэн хариулсаныг үзээрэй.

1.Мияабэ Миюүки Нэргүй хор(2011)Бүнгэй шюнжю хэвлэл
 
2.Какүта Мицүёо Нөгөө эргийн бүсгүй(2007)Бүнгэй шюнжю хэвлэлion
3.Сакаки Цүкаса Вагаши урлаач Анн(2010)Кообүнша хэвлэл
                                                 
4.Экономист(7хоног тутмын сэтгүүл)2011он12/6 дугаар Майничи шинбүнша хэвлэл
              
       5.Уолтер Айзексон Стив ЖобсⅡ(2011)Кооданша хэвлэл
 6.Paulo Coehlo The Alchemist(1988)Bestseller
7.Хигашино Кэйго Ид зуны тэгшитгэл(2011) Бүнгэй шюнжю
                            
8.Цүжимүра Мизүки Хичээлийн дараахи нэрний эрэлд(2008) Кооданша хэвлэл
     ба бусад...



☆зураг болон эхийг→ 
https://www.facebook.com/bookmeter  хуудсаас авав.


2012/10/10

Эдогава Ранпо-Хүн сандал



Детектив зохиолд дуртай уншигчиддаа нэгэн зохиолыг сонирхуулъя.
Орчуулагч Д.Дашмөнх ахын орчуулсан Японы алдарт детектив зохиолч Эдогава Ранпо-гийн <<Хүн сандал>>хэмээх маш сонирхолтой богино өгүүллэгийг толилуулж байна.

1925онд бичигдсэн уг өгүүллэгээс сэдэвлэн хожим нь 1997,2007онд кино бүтээж,манга зурагт ном хэвлэгдэн гарчээ.

Жич:Хүн Сандал кино нь PG12 (Parental guidance suggested)буюу 12наснаас доош насныхан үзэхийг хориглодог юм байна.


Эдогава Ранпо
                                       
Зохиолч Эдогава Ранпо(жинхэнэ нэр Хирай Таро) нь 1894оны 10сарын24нд төрж,1968оны 7сарын 28нд насан эцэслэжээ. Тэрээр Васэдагийн их сургуулын улс төр,эдийн засгийн ангийг төгсөж ,олон арван ажил хийж байсны дотор Японы хамгийн эртний мөрдөх товчоодын нэг болох Ивай Сабүрогийн товчоонд ажиллаж байсан байна.Дайны дараа Эдогава Ранпо нь зохиол бүтээл туурвихаас гадна детектив зохиолын шүүмжээр мэргшин ажиллажээ.
өгүүллэгийн эхийг дараахи хуудсаас авав.→http://www.ubboys.com/2011/06/blog-post_30.,

html://www.ubboys.com/2011/07/blog-post.html


Эдогава Ранпо

Хүн сандал

Ёшико өглөө бүр нөхрөө ажилд нь үдчихээд европ засал бүхий бичгийнхээ өрөөнд цор ганцаар сууж “N” хэмээх багагүй нэр хүндтэй сэтгүүлд зунаас хэвлүүлэхээр тохирсон шинэ романаа “нухдаг” бүлгээ. Тэр үзэсгэлэн гоо, авъяаслаг төдийгүй гадаад явдлын яамны түшмэл нөхрөөсөө хэдэн хувь илүү нэр алдартай юм.
Иймд түүнд өдөр бүр үй олон шүтэн бишрэгчид нь захидал ирүүлнэ. Энэ өдөр ч тэрбээр заншил ёсоор шуудангаар ирсэн захидлуудыг эхлэн сонирхов. Эдгээр захиануудын дийлэнх нь хоосон магтаал байх хэдий ч Ёшико нэгд нэгэнгүй нямбайлан уншдаг авай.
Хоёр багавтар захиаг эхлэн уншаад гар бичмэл баймаар бандгар дугтуйг авлаа. Зохиол оролдогсод, залуу зохиолч нар түүнд өөрсдийн гар бичмэлээ илгээх нь олонтоо агаад ихэнх нь уйтгар төрүүлэм урт нуршуу романархуу юм байдаг авай. Бүсгүй дугтуйг задлав. Гарцаагүй гар бичмэл мөн. Гэвч нэр гарчиггүй бөгөөд шууд л “эрхэмсэг хатагтай…” хэмээн эхэлжээ. Хүүхэн алмайдуу маягаар эхний хэдэн мөрийг уншсанаа балмагдаж орхив. Гэвч төрөлхийн сониуч зан нь дийлж тэрбээр бүгдийг нь уншихаар шийдэв.
“Эрхэмсэг хатагтай…?
Та намайг үл таних агаад дэндүү ёсон бус эрээ цээргүй хандаж байгааг минь уучлан соёрхоно уу? Би танд өөрийн үйлдсэн хэргийг мэдүүлж туйлын аймшигтай нууцаа задлахыг зориглолоо. Би ертөнцөөс хөндийрч, чөтгөрийн гэмээр амьдралаар амьдарсаар хэдэн сар болов. Намайг хэрхэн амьдарч байгааг нэг ч хүн төсөөлөхгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөөгүйсэн бол хүмүүсийн дунд эргэж очих учир огтоос үгүй байхсан… Сүүлийн үед болсон элдэв явдлууд сэтгэл зүрхийг минь урвуулчихжээ. Би цаашид үнэнээ хэлэхгүй дуугүй сууж чадахгүй нь. Захидлын маань эхний хэдэн мөр л таныг балмагдуулна гэж мэдэж байгаа ч бурханыг санаж хойш нь тавилгүй дуустал уншихыг хичээнгүйлэн гуйя. Тэгэх ахул та миний цөхрөнгөө барсан тавиланг ойлгож заавал танд энэхүү нууцыг тайлан болсон учрыг мэднэ.
Юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. Танд өгүүлэхээр завдсан энэ түүх дэндүү болхи хийгээд хүний санаанд оромгүй юм. Гэхдээ юу ч болсон хамаагүй, бүгдийг нь бичихээр би бат нот шийдэв.
Бүгдийг дэс дараагаар нь өгүүлье. Би гэдэг хүн харахад ой гутмаар муухай царайтай. Үүнийг сайтар тогтоогоорой. Хожим миний хүсэлтийг биелүүлэхээр шийдэж надтай нүүр тулан уулзахдаа айн цочирдуузай гэж бодсоноос зориуд ийн анхааруулж байна. Миний хувь тавилан даанч хатуу ширүүн байв. Эрэмдэг зэрэмдэг нүүр царайтай намайг хэн ч эс тооно. Баян айлд төрсөн бол зугаа цэнгэл хөөж зовлонгоо мартахсан. Авъяастай бол шүлэг бичиж золгүй хувь тавилангаасаа бага ч болов нимгэлэхсэн. Гэвч бурхан надад даанч хатуу хандсан бөгөөд би жирийн нэгэн мужаан билээ…
Би сандал хийх талаар сайтар мэргэшсэн юм. Иймээс хавь ойрд цууд гарч үнэтэй ховор чамин сандал хийх захиалга тасралтгүй ирдэг байлаа. Хээ хуар, гоёл чимэг, өдөн жинтүүнээс авхуулаад этгээд чамин хийц хэлбэртэй хүртэл янз бүрийн сандалны захиалга ирнэ. Ийм захиалгыг биелүүлэхэд хэр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддагийг нүдээр л эс үзвэл төсөөлж чадахгүй. Сандал хийчихээд би суут бүтээлээ туурвисан зураач шиг догдлон хөөрч гуниг зовлонгоо мартдаг байв. Сандалдаа тухлан сууж аятайхан болсон эсэхийг нь үзнэ. Ингэхэд бие минь өөрийн эрхгүй салгална. Би өөрийнхөө урласан сандал дээр хэрхэн суухыг төсөөлж, баян язгууртан юм уу, үзэсгэлэнт авхай сууж байна гэж бодоход, уран сэтгэмж тансаг шилтгээний хөл далдармаар зузаан хивс чийдэнгийн болор бүрхүүл, нэртэй зураачийн зурсан үнэ цэнэтэй зураг бүхий өрөөнд хүрдэг юм… Сандлын минь хажууд бяцхан ширээн дээр тансаг үнэр анхилсан өнгийн цэцэгс бүхий өрнө зүгийн ваар тавиастай…


Миний мөрөөдөлд хил хязгаар, хорио цээр байсангүй. Би эрхэмсэг тайж болчихоод амраг гоо хүүхнээ өвөр дээрээ суулган янагийн үгс шивнэхэд тэр ялдам сайхан инээмсэглээд… Гэтэл хүүхдийн уйлаан, айлын авгайчуудын хашгиралдаан хадаж мөрөөдлийг маань үлдэн хөөж бүүдгэр, дүнсгэр амьдралд эргүүлж авчирна. Мөрөөдлийн бүсгүй минь утаа адил замхарч өнөөх сандал маань үлдсэн байх. Түүнийг мөн удалгүй надад оногдохгүй ариун дагшин орон руу аваад явчихна. Ажилгүй үедээ би ихэд гуньж гиюүрдэг байсан бөгөөд “Ингэж амьдрахаар үхэх юмсан гэж хүсдэг байлаа. Өрөвдүүлэх гэсэн юм биш ээ, үнэндээ тийм байсан юм даа. Гэнэт нэг удаа “Үхээд яах юм бэ? Өөр арга олдохгүй гэж үү?” хэмээн бодлоо. Тэр үед би Иокогамагийн том зочид буудлын эзэн нэгэн европ эрхэмийн захиалсан ширэн бүрээстэй том гэгч зөөлөн сандал хийж байв. Шинэ загварын буйдан тул эхлээд гадаадаас авчрах гэж байснаа танилаас маань миний тухай дуулаад захиалга өгсөн байжээ. Би бүхий л мэддэг чаддагаа ашиглан хэд хоног нойргүй ноцолдож байж урлав. Сурсан зангаараа наранд ээвэр газар тавьж тухлан сууж үзэхдээ л ямар хосгүй сандал урласнаа биеэр мэдрэв. Ингэж суухаас илүү жаргал үгүй ч юм шиг… Зөөлөн ч бус, хатуу ч бус суудал нь бамбалзан, түшлэг нь налаад суухад эвтэйхэн байв. Сандал бүрсэн арьсны өнгө ч сэтгэл татахуйц болжээ. Ийм сайхан сандлыг дээд зэргийн төгс зохицол, нарийн ур ухаанаар бүтээдэг юм даа. Би сандалдаа тухлан суугаад мөрөөдөж эхлэв. Энэ удаагийн мөрөөдөл маань үнэхээр болж бүтээд буй мэт тодхон байлаа. Гэв гэнэт гайхалтай санаа толгойд орж ирэв. Үгүй бол чөтгөр л түүнийг надад шивнэсэн байх. Дэндүү адал санаа байсан болоод ч тэр үү би түүнийг мартаж эс дөнгөлөө. Хосгүй сайхан сандал хийснээ хүнээс харамласан миний сэтгэлээс энэ санаа төрсөн нь гарцаагүй. Би түүнийг харамласандаа ертөнцийн хязгаар хүртэл явахад бэлэн байсан ба мөрөөдөл маань энэ сэтгэгдэлийг хөөргөн адын бодолд хүргэсэн биз. Утга учиргүй санаа боловч бодитой үйлс болгохоор бат шийдэв.
Би даруйхан босож сандлаа задлан өөрийн бодлоор бага зэрэг өөрчлөөд угсрав. Жирийн сандлаас хэд дахин том учир дотор нь хүн багтах зай өлхөн бий. Сандлын зөөлөвч пүрш, хөндлөвч зэргийг ур чадварынхаа хүчээр өөрчлөн урлаж хөндлөвчинд өвдгөөрөө тулан нурууных нь ард их бие толгойгоороо налан суугаа маягаар саадгүй багтахаар янзалж бэлтгэв. Тав тухтай байхаар бодож агаар орж дуу чимээ сонсогдох нүдэнд үл өртөх хэдэн жижиг нүх өрөмдөн толгойнхоо тушаа ус, хуурай идэх юм нөөцлөх сав байрлуулав. Мөн ойр зуурын хэрэгцээний юмаа агуулсан хүүдий авав. Ингээд л хэдий ч хамаагүй хугацаагаар амьдарч болох ганц хүний оромж маань бэлэн болсон юм.
Би гадуур нөмрөгөө тайлж тавиад сандал дотроо эвхрэн орж суулаа. Бунханд амьдаараа орчихсон юм шиг хачин мэдрэмж төрөх нь тэр… Авсан дотор хэвтэх л ийм байдаг биз… Ийнхүү би далдын хар малгай өмсөн энэ ертөнцөөс алга болов…
Төдөлгүй сандал авах ачигч нар ирлээ. Дагалдан сурагч маань түүнтэй ярилцаж байгаа нь бүдэг бадаг дуулдана. Намайг тэргэн дээр ачихаар өргөсөн нэгэн ачигчийн “Яасан хүнд хог вэ?” хэмээн хараахыг сонсуут ухаан алдах дөхөв. Гэвч сүйдтэй юм болсонгүй, тэрэг донслон замдаа гарав. Унаад хэмхрэх вий гэж ихэд айж түгшиж явсан боловч ашгүй эсэн мэнд явсаар зочид буудалд ирэв. Зочид буудлын хаалгаар оруулж нэлээд хол зөөсний эцэст нэг өрөөнд оруулж тавьсныг хожим мэдвэл тусгай өрөө бус хонгилын мухар байсан авай. Зочид буудалд ирээд шөнө болонгуут сандлаасаа гарч нүдэнд туссан үнэтэй эд юмсыг хулгайлах болов.
Сандал дотор хүн бий гэж тэд яахин таах билээ? Би өрөөнөөс өрөө дамжин сүүдэр мэт гэтэж элдэв чимээ шуугиан гармагц сандалдаа нуугдаж орхино. Тэгээд амьсгаа даран хүмүүс хулгайчийг хэрхэн эрж хайж байгааг сонсоно. Та бодвол агуй маягийн нүхэнд амьдардаг даянч хавчны тухай сонсоо байлгүй. Аварга аалзтай төстэй энэ амьтан эргэн тойрон нам гүм бол далайн эргээр зугаалж өчүүхэн төдий чимээ гарвал нүхэндээ шурган том хавчуураа цухуйлган дайснаа отдог амьтан даа. Би яг л түүн шиг болсон юм. Ганцхан нүхэнд бус сандалд нуугдаж, далайн эргээр бус зочид буудал дотуур хэсүүчилдэг байлаа. Би ингэж жаал баяжъя гэж бодсон юм л даа. Хүний санаанд оромгүй арга болохоор аюул багатай. Зочид буудалд очисон эхний гурав хоногт л гэхэд би овоо юм цуглуулж амжсан байлаа. “Анд” явж байхдаа учиргүй айж, тэгсэн хирнээ хөөрөн догдлох агаад хэргээ гүйцээсэн хойноо энэ зочид буудлынхныг араар тавьсандаа бах ханана. Харамсалтай нь одоо өөрийн адал явдлаа ярьж цэнгэх цаг биш юм л даа. Цааш нь үргэлжлүүлэхийг зөвшөөрнө үү…
Тун санамсаргүй би ер бусын амттай нүгэлт цэнгэлийг олж нээв. Одоо л сайтар анхаарч үзээрэй, энэ хамгийн гол нь шүү. Гэхдээ намайг хонгилийн мухарт тавьсан тэр үе рүү эргэж очъё.
…Хонгилын мухарт намайг оруулж тавиад зочид буудлынхан бүгд ээлж дараагаар сууж үзэцгээв. Удалгүй дэргэд нэг ч хүнгүй болж удтал нам гүм байснаа хэн нэгэн хүнд нүсэр алхаа ойртон ирж аахилж уухилан өвөр дээр минь лагхийтэл суув. Лагс том биетэйг нь бодвол европ хүн гэдэг нь илт. Тухлан налайснаа тонтгонон дээш доош болж үзэж байна. Цээж бяцрах шахан, татаж буй хатуу тамхиных нь үнэрт дотор муухайрав. Хатагтай та өөрийгөө миний оронд тавиад төсөөл дөө. Ямар хэцүү байсныг та хэрхэвч ургуулж бодож дөнгөхгүй. Модон рам хэмх үсэрчих вий гэж айснаас хамаг хөлс асгарч, амьсгаа боогдон тархи толгой дүйнгэтэж орхисон байв. Түүнээс хойш олон хүн миний өвөр дээр суусан. Тэдний хэн нь ч сандлын зөөлөвчин дотор амьд хүн байгаа гэж бодоогүй нь лавтай. Өчүүхэн ч хөдлөх зайгүй миний бяцхан харанхуй орчлон минь. Аймшигтай ч гайхамшигтай… Энд далд орчлонгийн эзэн надад гадаад ертөнц, хүн гэдэг бие галбир, үнэр, хөлийн чимээ, дуу хоолой, амьсгалаар төсөөлөгдөнө. Би тэднийг зүс царайгаар нь бус бие галбираар нь мэддэг боллоо. Тэд шалхайсан бүдүүн, хатаасан загас шиг хорчгор, эсвэл учиргүй ясархаг эцэнхий байх ажээ. Нурууны галбир, гарын чац, гуяны нь бүдүүн хүртэл янз бүр байх. Гадаад хэлбэр нь ижил, бүгд хоёр хөл хохимой толгойтой хэдий ч бие махбод нь тоо томшгүй олон шинжээр ялгагдана. Хүмүүсийг нүүрний хэлбэр, зүс царай, хурууны хээгээр нь ялгаж танихаас гадна бие махбодийх нь галбир төрхөөр ялгаж болно гэдгийг би батлан хэлж чадах байна. Энэ давчуухан ертөнцөд маань эмэгтэй хүн ч зохих байр сууриа эзэлж байв. Тэднийг ердийнхөөрөө бол үзэсгэлэн гоо, тэнэг дүйнгэдүү гэж хоёр ангилж болох юм. Харамсалтай нь сандалд нуугдсан хөөрхий эрд энэ юуны хамаа байх билээ. Миний энэ ертөнцөд торгон зөөлөн арьс, уянгалаг хоолой, анхилам үнэр, гоолиг бие цогцос нь л мэдрэгдэнэ…
Эрхэмсэг хатагтай минь, таныг би өөрийн илэн далангүй өгүүллээр балмагдуулаагүй гэж найдъя.
…Ингээд нэгэн удаа над дээр зүрхэнд минь хүслийн дөл асаах учиртай нэгэн өвөрмөц бие цогцос суусан юм. Хоолойг нь сонсвол тэрбээр харь хэлний бяцхан охин байсан бөгөөд дуу аялан хоосон хонгилоор салхи мэт дэгдэн бүжиглэж явснаа гэнэт үсрэн өвөр дээр минь унаж орхисон билээ. Юу ч юм инээдийг нь хүргэсэнд торонд орсон загас шиг баахан тийчлэн хөхрөв. Хагас цаг хиртэй өвөр дээр минь суухдаа тэрбээр миний сэтгэлийг дэндүү их донслоож орхив. Би ямагт эм хүнээс айж дөлж явсан. Эрэмдэг зэрэмдэг нүүр царайнаасаа болоод нүүр өөд нь ч хардаггүй байсан. Гэтэл одоо би зэрэгцээд байтугай давхарлаад суучихсан төдийгүй дулаахан гоолиг бие цогцсыг нь мэдрэн байдаг. Харин тэр юу ч мэдсэн шинжгүй хөгжин тоглосоор байх нь тэр. Би ч харанхуйд суун түүнийг илбэн таалсаар… Миний мөрөөдөл биелж ч байх шиг… Энэ явдлын дараа би анх санасан элдэв юм хулгайлж баяжих санаагаа орхиж өөрийн гайхамшигт цэнгэлийн амтанд эргэлт буцалтгүй орлоо. “Хачирхалтай хувь тавилангийн минь аз жаргал нь энэ байжээ. Эрэмдэг зэрэмдэг надад амьдралаа сандал доторх нууцлаг ертөнцөөр солисон нь аз болжээ. Энд би амсаагүй жаргалаа эдлэх юм” хэмээн бодном би. Сандал доторх дурлал. Надаас өөр нэг ч хүн ийм солиотой юм үзээгүй биз. Харанхуйн дурлал…Тамын мэт…Үнэртэж, тэмтэрч мэдэрдэг ийм дурлал байх гэж. Үнэндээ бол хүний ертөнцөд бидний нүднээс далд газар өчнөөн аймшигтай явдал болдог шүү дээ. Эхэндээ би нэлээд юм хулгайлж аваад эндээс зугтъя гэж бодож байсан юм. Гэтэл одоо хаачих вэ? Энэхүү хүмүүн бус жаргал цэнгэлээ орхиод зугтаахын оронд эндээ л мөнх амьдрах, хүсэх болсон байх юм. Гадагш гарахдаа болгоомжтой байх талаар багагүй туршлагатай болсон учир илрэх аюул бараг үгүй. Байнга суугаа байдгаас миний эрхтнүүд хөшиж булчин шөрмөс чангарч чивчрэн хатингиршаад хөдөлгөхөд ч хэцүү боллоо. Шөнө гал тогооны өрөө энэ тэрүүгээр хэсүүчлэхдээ явах бус, дөрвөн хөллөж мөлхдөг болов. Над шиг тэнэг хүн үгүй байх. Гэлээ ч би хүмүүн бус жаргалаасаа хагацахыг ер хүссэнгүй. Зочид буудалд үргэлж хүн ирж очих тул дурлалт бүсгүйчүүд минь өдөр сараар солигдоно. Би тэднийг бие галбираар нь ялгахаас бус зүс царайгаар нь үл мэднэ. Залуу байдас мэт гоолиг туяхан бэлхүүстэй, эсвэл могой мэт шувтан гулжгар бөгстэй, хийлсэн бөмбөг мэт эв хавгүй биетэй цутгаад шавчихсан юм уу гэмээр булчинлаг биетэй хүүхнүүд ч дайралдана. Гэхдээ хүн бүхэнд өөрийн өвөрмөд гоо сайхан орших ажээ. Энэчлэн би “туршлага”-аа зузаалсаар байв. Нэгэнтээ зочид буудалд маань европын нэгэн том гүрний элчин сайд ирснийг хүмүүсийн ярианаас дуулав. Тэр сайд ч өвөр дээр минь хэсэгхэн сууж юуны ч тухай юм бэ ярилцаад босож одсон билээ. Би мэдээж түүний ярианаас юу ч ойлгоогүй. Гэхдээ түүний бусдынхаас хавьгүй илүү илчтэй биеийг мэдэрсэн юм. Түүнийг явсны хойно нэгэн хачин бодол төрсөнсөн. Тэр сайдын зүрхэнд нь хутга шааж орхивол яадаг бол?
Ямар ч хүн миний өвөр дээр суувал түүний хувь заяа гарт минь орох нь. Сая миний гарт дэлхийн хувь заяа байсан байж болох юм шүү. Нэгэн удаа огт санамсаргүй учирлаар цуутай бүжигчин бүсгүй манай буудалд буулаа. Түүнийг өвөр дээр минь суухад эмэгтэй хүний жинхэнэ гоолиг бие цогцсыг мэдэрч үзлээ. Би хорвоод ийм бие цогцос байдаг аа гэж бодсон агаад балмагдсандаа салгалан чичирч юу болж байгааг мэдрэх сөгөөгүй болсон байсан юм даа. Ингээд тоочоод байвал сайхан муухай олон учралыг ярьж болох ч энэ нь миний захианы үндсэн агуулгад хамаагүй төдийгүй цаг ч ихээхэн үрэх авай. Иймээс дэл сул үгээ орхиж гол зүйлээ өгүүлье.
… Хэдхэн сар өнгөртөл миний хувь заяанд томоохон эргэлт гарлаа. Зочид буудлын эзэн нутаг буцаж буудлыг маань Японы нэгэн пүүс эзэмших болжээ. Шинэ эзэн маань хямгач хүн байсан тул илүү эд хогшлоосоо салахаар шийдэж миний сандал тэргүүтэй олон эд хогшлийг дуудлагаар худалдахаар завдав. Үүнийг сонсмогц сэтгэлээр уналаа. Би дахиад л хүмүүсийн дунд орж амьдрах нь. Энэ хэдэн сард овоо юм хулгайлж амжсан тул ядуу амьдрах учир байсангүй. Оюун бодол маань энэ бол хамгийн зөв шийд гэж хэлэв. Гэтэл сандалдаа үлдмээр ч юм шиг. Хэрэвзээ зочид буудлын “түүхийг” санавал нэг талаар сэтгэл хангалуун үлдэж чадсангүй. Миний дурласан хүүхнүүд чинь харийхан шүү дээ. Тиймээс зүрх сэтгэлд ойр япон хүүхэнд дурлахыг хязгааргүй хүсэж байв. Би сандалдаа үлдэв...Намайг дуудлагын худалдаанд аваачихад би япон айл л аваасай хэмээн залбирах боллоо. Хэдэн өдөр дэмий хэвтэхдээ горьдлого ер тасрахгүй байсан учир сандлаа орхисонгүй. Сандал маань хийц сайтайгийн хүчээр Иокогамагаас холгүй орших нэгэн түшмэлийнд очив. Ачааны тэрэгний тэвшин дээр замын турш сэгсрэгдэхдээ золтой л амь тавьчихаагүй боловч одоо эргэн санахад тэр бүхэн цаг зуурын зовлон төдий байжээ. Намайг худалдаж авсан хүн том гэгч харштай агаад европ маягаар янзалсан өрөөндөө намайг оруулж тавилаа. Миний аз болоход намайг нөхөр нь төдийгүй түүний гоо эхнэр нь эзэмших болсон юм. Энэ өдрөөс хойш бүтэн сар би түүнд үйлчлэв. Хоолны цаг, шөнө хоёрыг эс тооцвол бүсгүйн бие миний өвөр дээр өнжинө.
Ухаангүй дурласнаа хэлэх ч хэрэг байна уу даа? Биенд нь хүрсэн анхны япон бүсгүй байсан төдийгүй маш гоолиг сайхан биетэй эмэгтэй байв. Энд л би жинхэнэ хайр сэтгэлийг амссан. Миний зочид буудлын “дурлал” үүний дэргэд жинхэнэ хүүхдийн зугаа л гэсэн үг. Нууцлаг жаргал маань намайг хачирхуулахаа аль эрт больсон ч өмнө үзэж өнгөрүүлсэн бүхэн юу ч биш. Жинхэнэ тамын зовлон өмнө минь байжээ. Би түүнд сандал дотор байгаагаа мэдрүүлж, түүнийг өөртөө дурлаасай гэж тэчъяадан хүсэх боллоо. Солиотой, утга учиргүй, гэнэн санаа хэдий ч сэтгэл түвдсэнгүй. Хэрэв гэв гэнэт үүнийг хийвэл тэр айж цочирдоод нөхөр болон зарц нараа дуудчихна. 
Үнэндээ ялтай биш ч би нэг төрлийн гэмт хэрэгтэн шүү дээ.


Эцэст нь би нэгэн ер бусын арга олов. Би түүнийг өвөр дээр минь суухад аль болохоор эвлэгхэн тохитой, таатай байлгахаар хичээх ёстой. Эмзэг уяхан сэтгэлтэй мэдрэмтгий бүсгүй хүн үүнийг дор нь анзаарч сандлаа хайрлаж эхэлнэ. Ингэж түүний хайрыг татаж болно. Түүнийг өвөр дээр минь суух болгонд би хөлөө хөдөлгөж биеийнх нь галбирт тааруулан эвтэйхэн болгодог байсан бөгөөд ядраад зүүрмэглэхэд нь өвдгөө үл мэдэг ганхуулан бүүвэйлдэг. Үнэхээр гайхалтай юм болов. Сүүлийн үед бүсгүй сандалдаа улам бүр дурлах болсон нь илт мэдрэгдэнэ. Залуу бүсгүй хайртыгаа тэвэрч буй мэт, эс бөгөөс нялх хүүхэд ээждээ эрхлэх адил өвөрт минь улам бүр шигдэн тухлах боллоо. Хөдөлгөөн бүр нь хайрыг илэрхийлээд ч байх шиг. Гэвч үүгээр сэтгэл минь ханасангүй. Гэнэт надад ер бусын зэрлэг бодол төрлөө. Би түүнтэй учирч зүс царайг нь харж ганц үг солихын төлөө амиа ч гэлээ өгөхсөн.
Эрхэмсэг хатагтай таныг энэ захианы учрыг ойлгосон байх гэж найдаж байна. Миний золгүй хайрыг бадраагч нь та юм шүү дээ. Эрээ цээргүй хандаж буйг минь өршөөн хэлтрүүлнэ үү? Нөхөр тань намайг /сандлыг/ худалдан авчирсан тэр цагаас хойш би дурлалдаа шатлаа. Би танаас надтай ганцхан удаа уулзахыг л хичээнгүйлэн гуйж байна. Надад өөр юу ч хэрэггүй. Би танаас сэтгэл зассан үг ганц удаа ч болов сонсож, зүсийг тань харах юмсан. Би хүний адаг болсон, эрэмдэг зэрэмдэг үзэшгүй амьтан. Та золгүй миний арчаагүй гуйлтыг зөвшөөрөн соёрхооч. Өнгөрсөн шөнө би танд захиа бичихийн тулд гэрийг тань орхин одсон юм. Надад тантай шууд уулзах зориг алга. Тэгээд ч энэ нь дэндүү аюултай юм. Захиаг минь уншиж буй мөчид би үхлээ хүлээж буй мэт танай гэрийн гадуур эргэлдэж байх болно. Энэрэн соёрхооч. Хэрэв та миний эрээ цээргүй хүсэлтийг зөвшөөрвөл өөрийнхөө өрөөний цонхон дээр байдаг цэцгийн ваарыг цагаан алчуураар бүтээнэ үү? Энэ тэмдгийг харвал би танай хаалгыг тогших болно…”
Захиа ийн төгсчээ. Ёшико эхнээсээ л ёозгүй санагдсан захидлыг барин өрөөнөөсөө гүйн гарч ад шүгэлсэн сандлаас аль болохоор холдохыг хичээв. Тэр захидлыг ураад хаячихмаар байсан ч сэтгэл түвдэлгүй уншиж дуусгасан билээ. Зөн билэг нь үнэн байжээ. Аймшигтай юм… Суух дуртай зөөлөн сандал дотор нь танихгүй эр хүн амьдарч байсан гэж үү? Бүсгүй зэвүүцсэндээ өөрийн эрхгүй салгалав. Хүйтэн ус дээрээсээ цутгуулсан мэт чичирч байсан хийгээд тайвширч ер чадахгүй байлаа. Тэр гөлрөн суув. Яах вэ? сандлыг үзэх үү? Үгүй ээ ингэж болохгүй. Бүсгүй дахиад л чичрэв. Тэр хүн явчихсан хэдий ч хоол унд, юм хүм нь үлдсэн биз…
Хатагтай, танд захиа ирлээ.

Ёшико захиаг мэдээгүй шахуу задалснаа айн дуу тавив. Өмнөх захианы бичгийн хэлбэр дүрээрээ мөн байлаа. Түүнд өнөөх аймшигт хүн дахин нэг захиа бичжээ. Яах гэсэн юм бол? Ёшико удтал тээнэгэлзэв. Эцэст нь дугтуйнаас захидлыг гаргаж чичирхийлэн уншлаа. Цөөхөн хэдэн мөр байв.
“Эрээ цээргүй аашилж дахин түгшээж байгаа минь өршөөгөөрэй. Таны эртний бишрэгч агаад түрүүчийн захиа бол миний зохиол бичих гэсэн оролдлого маань юм. Иймээс та гар бичмэлийг маань хянан тохиолдуулж хэвлэлийн газарт зориулан шүүмж бичиж өгөх аваас хязгааргүй баярлана. Зарим нэг шалтгааны улмаас би түүнийг дагалдах захиагүй илгээсэн ба та гар бичмэлийг маань уншиж амжсан биз ээ. Танд хэр санагдав? Сэтгэлийг тань өчүүхэн ч болов хөдөлгөсөн ахул ихэд баярлана. Би зориуд гарчгийг нь орхисон агаад “Хүн-Сандал” гэж нэрлэх бодолтойгоо танд уламжилъя…”
Орчуулсан Д.Дашмөнх



Эдогава Рампо /1894-1965/ гэдэг нь японы адал зохиолын титэмгүй хаан Таро Хирaигийн утга зохиолын нэр юм. Детэктив зохиолыг үндэслэгч Эдгар Аллан По-гийн нэрийг ханзаар бичсэн дуудлага нь япон аялгуугаар Эдогава Рампо гэж дуудагддаг аж. Тэр 20 ном бичиж үлдээснээс "Сүүдэр дэхь мангас", "Хар гүрвэл", "Зэс зоос", Ороолонгийн тоглоом" зэрэг дэлхий даяар алдаршсан зохиолууд олон бий...Японд 1954 оноос түүний нэрэмжит шагналыг бий болгож залуу детэктив зохиолчдод  олгож эхэлсэн юм.