2015/01/10

Мэндчилгээ

Японы уран зохиолыг сонирхон уншигч найзууддаа шинэ оны мэндийг дэвшүүлж,эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Өнгөрсөн жил хуудас хөтлөгчийн хувиар сэтгэлд хүртэл мэдээ мэдээлэл оруулж,орчуулж,танилцуулж чадаагүйдээ та бүхнээсээ хүлцэл өчье.
2015онд аль болох үр бүтээлтэй байж,Японы уран зохиолтой холбогдох бүхий л мэдээлэлд анхаарлаа хандуулан,та бүхэндээ танилцуулж,санал бодлоо хуваалцахыг зориноо.
Үргэлж уншиж,дэмждэг та бүхэндээ баярлалаа.

хөтлөгч

Аюурзанын Дайрийжав


2014/10/11

Хөөрхий Мүраками Харүки...


Дэлхийн шилдгүүдийг шалгаруулах НОБЕЛИЙН шагналын эзэд ид тодорч буй энэ өдрүүдэд уран зохиолын төрөлд удаа дараалан нэр дэвшиж буй Японы нэрт зохиолч Мүраками Харүки нь бас л шагналаас мултарлаа.Хэдийгээр дэлхийн олон оронд түүний зохиол хэдэн сая хувиар орчуулагдан,хэвлэгдэж,ялангуяа залуу уншигчидын талархлыг хүлээдэг боловч,Нобелийн шагналын бас нэг үзүүлэлт болох зохиолд агуулагдах түүхэн болон улс төрийн үйл явдал,гол дүрийн баатараар дамжин илэрхийлэх өөрийн үзэл бодол,шүүмж зэрэг нь илэрдэггүй гэдэг шалтгаануудыг Японы хэвлэл мэдээллүүд дурдаж байна.Энэ жил ч баараггүй авах байх гэж итгэж байсан хэвлэлийн компаниуд болон номын дэлгүүрүүд хэдийнэ баяр ёслолын байдал бэлтгэж эхэлсэн байсан боловч энэ удаагийн Нобелийн шагналын эцсийн хариу нь тэдний итгэл,хүлээлтийг талаар болголоо.Хэнээс ч илүү горидлого тээсэн байх магадлалтай зохиолч Мүраками Харүки одоо юу бодож суугааг мэдэхгүй ч,Японы уран зохиол сонирхогчын хувиар цаашид зохиолынхоо агуулга,хэмнэлийг өөрчлөн дахин энэхүү хүндтэй шагналд нэрээ дэвшүүлээд үзээсэй гэж хүсэж байна

2014/08/04

Цасан цэцэг

Олон жилийн өмнө Японд маш нэрд гарч байсан нэг сайхан дууг Намуун гэдэг охин эвтэйхэн,хөөрхөн дуулжээ.Үгээ арай тод,ялангуяа төгсгөлийг нь хүчтэй хэлсэн бол за бараг Япоон,Япоон...,хэхэ
Гэм нь дууны үгийн орчуулга нэг л биш санагдсан тул хүмүүст зөвөөр хүргэхийн үүднээс шууд утгаар нь буулгалаа.
Накашима Микагийн өөрийнх нь дуу хоолойгоор уг дууг сонсоод үзээрэй.Сургаар бол Солонгос хэлээр ч дуулсан байдаг бололтой.Ер нь Японы дууг Ази дуучид эх хэлээрээ дуулах нь мэр сэр байдаг юм байна лээ.

https://www.youtube.com/watch?v=mF5Qq2YheTg



Үг:Satomi
Ая:Мацүмото Рёоки

Цасан цэцэг

Сунасан сүүдрээ замдээр зэрэгцүүлэн
Үдшийн гялбаанд чамтайгаа алхална
Гараа хөтлөлцөн хэзээд үргэлж
Дэргэд чинь байдаг бол гэхээс уйлчих юм

Салхи хүйт дааж
Өвлийн үнэр сэнгэнэнэ
Үдалгүй энэ хотод
Чамтайгаа дотносох улирал айлчилан ирэхнээ

Энэ жил анхны цасан дэлбээг
Хоюул зэрэгцэн ширтэх энэ мөчид
Аз жаргал оргилон ундарна
Эрхлээд ч юмуу,сул доройдоо биш
Зүгээр л чамдаа хайртай
Зүрхний угаас тэгж бодлоо

Чи минь байвал ямар ч зүйлийг
Даваад гарах юм шиг санагдах юм
Ийм өдрүүд үүрд үргэлжлээсэй

Салхи цонхыг савлуулсан
Шөнө найган босож
Хичнээн гунигтай байлаа ч
Би инээмсэглэлээр солиж өгнөө

Бүжиглэн бударсан цасан цэцэг
Цонхны гадна тувт
Зогсохоо мэдэхгүй хотыг маань будсаар
Хэн нэгний төлөө ямар нэг үйлийг
Хийхсэн гэж бодогдуулах нь хайр юм гэдгийг мэдлээ

Хэрэв чамайг алдлаа гэхэд
Од болон чамайгаа гэрэлтүүлэх бизээ
Инээмсэглэл ч бороонд норж буй шөнөөр ч
Үргэлж,хэзээд дэргэд чинь байнаа

Энэ жил анхны цасан дэлбээг
Хоюул зэрэгцэн ширтэх энэ мөчид
Аз жаргал оргилон ундарна
Эрхлээд ч юмуу,сул доройдоо биш
Зүгээр л чамтай үүрд
Энэ чигтээ хамтдаа байхсан
Үнэн голоосоо тэгж бодлоо

Энэ хотод будран хунгарлах
Цав цагаан цасан цэцэг
Бидний цээжинд чимээгүйхэн дурсамж зурсаар
Чамтайгаа хамт,үүрд...

орчуулсан
Dairii Az

2014/04/14

Р. Акүтагава "Бисэйн итгэл"



Бисэй бүсгүй ирэхийг хүлээж түрүүнээс хойш гүүрэн дор зогсож байлаа.

  Дээш харвал гүүрний өндөр чулуун хашлагыг талд нь хүртэл мөлхөө ногоон ороон ургажээ. Хашлагын завсраар нааш цааш холхих хүмүүсийн хувцасны цагаан хормой жаргах нарны хурц туяанд үе үе гялтас хийн салхинд дэрвэнэ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй аяархан исгэрэнгээ гүүрний доорх эрэг хөвөөг ажиглав.
  Гүүрний доор хоёр цүбо(*) хүрэхтэй үгүйтэй шар эрэг устай шууд залгана. Эрэг дагуу ургах зэгсний дунд үхэр хавчны гэр бололтой, хэдэн дугараг нүх байх агаад давалгаа цохих болгонд үл мэдэг палхийх дуу сонсдоно. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хүлээж ядан усны захад очоод ганц ч завь үл өнгөрөх голын намуун мандлыг ширтэн харав. Голын хөвөөгөөр ногоон зэгс завсар зайгүй битүү ургажээ. Мөн энд тэнд уд мод зэгсний дээрээс навч мөчрөө унжуулан саглайн найгана. Зэгс ус руу түрж шигүү ургаснаас эрэг хоорондын урсгал голын өргөнийг бодвол нарийн харагдана. Тунгалаг усан тууз гялтгануур шиг ганц үүлний сүүдрийг алтлан, зэгс бургасан дундуур намуухан үелзэн урсана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усны захаас холдон нарийн эргээр ийш тийш алхангаа үдшийн бүрийд аажмаар автах эргэн тойрны анир чимээгүйг чагнав.
  Энэ хооронд гүүрэн дээгүүр зөрж өнгөрөх олны хөл тасарсан бололтой. Хүмүүсийн хөлийн чимээ, малын туурайн дуу, эсвэл дугуйн чихрах дуу – аль аль нь дээрээс сонсогдохоо больжээ. Салхины сэвэлзээ, зэгсний шивнээ, усан долгионы чимээ л сонсдож мөн үе үе хаа нэгтээ хөх дэглий чанга дуу хадаана. Гүн бодолд автсан Бисэй алхаагаа зогсооход хэдийнээ түрлэг эхэлсэн бололтой, голын шар эргийг угааж долгиолох ус түрүүнийхээс ойрхон гэрэлтэх ажээ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хөмсгөө зангидан, тэсэлгүй бүдэг харанхуй эргээр хурдан хурдан алхаж эхлэв. Тэр зуур голын ус сөөм сөөмөөр, төө төөгөөр эрэг өөд дээшилсээр байлаа. Голын ус нэмэгдэхийн хэрээр замаг зааг хийгээд усны үнэр сэнхийж, хамаг биеэр нь сэрүү татуулан сэвшинэ. Дээш харвал гүүрэн дээр тусч байсан жаргах нарны хурц гэрэл аль хэдийнээ тасарч, зөвхөн гүүрний хашлага л үл ялиг хөхрөх үдшийн тэнгэрт хайчилбар мэт харлаж харагдана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй эцэстээ арга буюу зогсов.
  Голын ус гутлыг нь норгон, ган болдоос ч хүйтэн гэрэл цацруулан гүүрэн доорх эргийн хэвгий хэлтгий бүрийг дүүргэж халив. Тиймээс тун удахгүй өвдөг, гэдэс, цээж нь түрэлтийн өршөөлгүй их усанд автах нь гарцаагүй. Үгүй, энэ хооронд усны төвшин улам дээшилж, одоо бүр хоёр шилбэ нь голын усанд харагдахаа болив. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усан дунд зогссон чигээрээ эцсийн найдварын дөлөөр байн байн гүүр өөд, тэнгэр өөд ширтсэн хэвээр.
  Цээжээр нь татсан голын уснаа үдшийн бүрий улам хөхрөн гүнзгийрч, хол ойр шигүү ургах зэгс бургас, уд модны навчсын гунигтай шивнээг манан дундаас илгээх ажээ. Гэнэт алгана бололтой загас Бисэйн хамрыг шүргэн уснаас үсэрч гараад цагаан гэдсээ эргүүлэн эх голдоо эргэж оров. Загас харван өнгөрсөн тэнгэрийн энд тэнд хэдийнээ одод анивчиж, хурдан нөмрөх шөнийн харанхуйд мөлхөө ногоон ороосон гүүрний хашлага ч ялгарахаа байжээ. Гэвч бүсгүй ирээгүй л байлаа.

-----------------------------------------

  Шөнө дунд, сарны гэрэл зэгс бургас, уд моддыг нэлд нь гэрэлтүүлэх үед голын ус үелзүүр зөөлөн салхитай шивнэн ярилцаад гүүрэн доороос Бисэйн биеийг дөлгөөн долгионоороо бүүвэйлэн далай уруу аажуухан авч одов. Гэвч түүний амин сүнс нь тэнгэрийн голд ганцаар гуниглах сарны гэрлийг санаж хүссэн юм болов уу. Тэрээр эзэн биеэ орхингуутаа ус хийгээд замагны үнэр мөрөн голоос аниргүй уурших адил үл ялиг цайх тэнгэр өөд хөөрөн одсон билээ...
  Түүнээс хойш тэр сүнс тоймгүй олон удаа төрөл арилжсаны эцэст хэдэн мянган жилийн дараа дахин хүн болж төрөх тавилантай байжээ. Тэр нь миний энэ биед заяасан сүнс юм. Тиймээс би орчин үед төрсөн ч утга бүхий ажил хийж эс чадна. Би гэгээн өдрөөр ч, харанхуй шөнөөр ч манан мэт мөрөөдөлд автан амьдарч, гагцхүү ирж магад ид шид, гайхамшгийг хүлээнэ. Яг л үдшийн бүрийд, гүүрний доор үүрд үл ирэх хайртыгаа хүлээж байсан Бисэй лүгээ адил.

Тайшёо 8 оны 12 сар (1919 оны 12 сар)

*********************************************************************

* цүбо - талбайн нэгж, ойролцоогоор 3.3м2
* япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/24_15235.html




Япон хэлнээс орчуулсан Сүрэн.
эхийг→ http://surensuren.blogspot.jp/2011/05/blog-post_19.html блогоос авав.

2013/10/29

Мүраками Харүки-Гучин хоёр настай өдрийн аялагч





Би гучин хоёртой, тэр арван наймтай...
Энэ тухай бодохоор дургүй хүрдэг юм.
Би гучин хоёрхонтой, харин тэр аль хэдийнэ арван найм хүрчихсэн. Ингэвэл арай дээр сонсогдож байна.
Бид хоёр зүгээр л найзууд. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Би эхнэртэй, харин тэр зургаагийн зургаан найз хөвгүүнтэй. Тэр өнөөх зургаан хүүтэйгээ долоо хоногийн зургаан өдөрт нь болзож, харин надтай сарын аль нэг долоо хоногийн ням гарагт уулздаг юм. Бусад ням гарагийг тэр гэртээ зурагт үзэж өнгөрүүлнэ.
Зурагт үзэж суугаа нь далайн морьхон шиг цомцойгоод хэчнээн хөөрхөн гээ.
Тэр Ерөнхийлөгч Кеннедигийн буудуулан амь үрэгдсэн 1963 онд төрсөн гэж байгаа. Харин миний хувьд эмэгтэй хүүхэдтэй анх болзож эхэлсэн он шүү дээ. Тэр жил Клифф Ричардсын “Зуны амралт” дуу нэг их байлдан дагуулаагүй юу...
Гэхдээ энэ бүхэн ямар хамаа байх вэ. Тэр тийм онд төрөө л биз. Ямар ийм жаахан охинтой болзож явах юм гэж төсөөлсөн ч биш. Одоо хүртэл үүндээ гайхаж цөхөх юм. Яг л сарны нөгөө талд гарчихсан..., хадан дээр тамхи сороод сууж байгаа юм шиг сонин мэдрэмж төрнө гээч.
“Жаахан охид чинь уйтгартай шүү дээ” гэж эргэн тойрны маань харчуул дуу нэгтэйгээр батална. “Тэдний ярьдаг зүйлс биднийхээс тэс өөр гарагийн юмс байдаг. Юм асуухаар хэлж байгаа хариултууд нь хүртэл яг адилхан шүү” гэж бас шогширцгооно. Тэгсэн мөртлөө өөрсдөө дандаа жаахан охидтой зугаалж явахыг яана. Явж явж огтхон ч уйтгартай биш охидтой учирчээ дээ, тэд. Үгүй л болов уу. Үнэндээ тэдний уйтгартай, улиг домог болсон байдал нь харин ч мань харчуулд таалагддаг юм. Зүрхнийхээ мухарт бол аль болох толгой эргүүлсэн тоглоомд хэзээний дуртай тэд өөрсөд дээр нь хувин дүүрэн уйтгар цутгаад ирсэн ч хажуу дахь охин руугаа дуслын төдийг ч цацруулахгүйгээр бүгдийг нь ганц биедээ шингээчихээд алхаад байж чадах хүмүүс. Ямартаа ч надад тэгж л санагддаг юм.
Үнэндээ арван охины ес нь сонирхолгүй, уйтгартай. Гэвч тэд үүнийгээ өөрсдөө ер мэдэхгүй. Тэд залуухан, үзэсгэлэнтэй, бас жигтэйхэн сониуч. Тийм болохоор өөрсдийгөө уйтгартай гэж яахин бодох билээ. Харин ч дэндүү сонирхолтой амьтад шиг биеэ тооно шүү дээ. Ээ, Бурхан минь.
Тэглээ гээд би тэднийг буруушаадаг ч үгүй, үзэн яддаг ч үгүй. Харин ч эсрэгээрээ, би тэдэнд хайртай. Тэд надад өөрийн минь залуухан, уйтгартай он жилүүдийг эрхгүй санагдуулдаг юм. Энэ чинь, юу ч гэмээр юм бэ дээ, гайхалтай шүү дээ. Бид залуу цагтаа үзэсгэлэнтэйгээр улиг болж, сонирхол татамгүйгээр гоо сайхан оршиж чаддаг байж.
-Хөөе, чи ахиад арван наймтай болчих юмсан гэж хүсч байсан уу? гэж тэр нэг удаа надаас асуулаа.
-Үгүй ээ. Тэгж бодож байгаагүй. Надад хэчнээн ланг амласан ч ахиад арван наймтай болохыг хүсэхгүй л болов уу” гэж би хариулав. Гэвч тэр миний хэлснийг нэг л ойлгохгүй байгаа янзтай харагдана.
-Үгүй гэнэ ээ. Үнэнээсээ юу?
-Тийм ээ. Мэдээж, би тийм зүйл хүсэхгүй.
-Яагаад?
-Одоогийн байгаадаа сэтгэл хангалуун байна.
Тэр бодолд дарагдсан янзтай нэг гараараа шанаагаа тулаад нөгөө гараараа өмнөх халбагаа авч аягатай кофегоо зөөлхөн хутгана.
-Би чиний хэлсэнд итгэхгүй байна.
-Итгэсэн чинь дээр дээ.
-Залуу байх чинь гоё биз дээ?
-Би ч бас тэгж бодож байна аа.
-Тэгвэл чи яагаад одоогийн энэ байдалдаа сэтгэл хангалуун байгаа юм бэ?
-Залуу насыг ганц л туулахад хангалттай шүү дээ.
-Би бол залуу байхаасаа уйдаж амжаагүй л байна.
-Чи дөнгөж арван наймтай юм чинь аргагүй шүү дээ.
Намайг ингэж хэлэхэд тэр “За за, ойлголоо” гэчихээд дуугаа хураалаа. Харин би түүнийг арван найман наснаасаа аль хэдийнэ өнгөрчихсөн байлгүй дээ гэж бодов.
Би зөөгчийг дуудаж ахин нэг шар айраг захиаллаа. Гадаа бороо орж байвч цонхоор Ёокохамагийн боомт тодхон харагдана.
-Хөөе, чи арван наймтай байхдаа ихэвчлэн юуны тухай боддог байсан бэ?
-Охидтой унтах тухай л...
-Өөр зүйл?
-Өөр зүйл боддоггүй байсандаг аа.
Тэр инээд алдсанаа кофеноосоо балгалаа.
-Тэгээд бодсоноо гүйцээж чаддаг байв уу?
-Заримдаа чадна. Заримдаа чадахгүй. Ихэнхдээ л бүтэлгүйтдэг байсан байх даа.
-Чи тэгээд хэдэн эмэгтэйтэй унтаж үзэв?
-Би тоолж үзээгүй юм байна.
-Үнэн үү?
-Би үнэхээр тоолохыг хүсдэггүй.
-Би л лав эрэгтэй байсан бол унтсан эмэгтэйчүүдээ тоолох байсан. Хөгжилтэй байх байсан даа.
Заримдаа би эргээд арван найман насандаа оччихвол хөгжилтэй байна даа гэж боддог ч буцаад арван наймтай болчихвол хамгийн түрүүнд юу хийх билээ гээд төсөөлөхөөр л толгойд юу ч орж ирдэггүй юм. Үнэхээр л, арван наймтай болчихвол юу хийх тухай зурсхийх бодол ч миний тархинд байдаггүй билээ.
Уг нь арван найман насандаа эргэж нэг оччихоод, гучин хоёртой дур булаам эмэгтэйтэй болзож суувал сайхан биш гэж үү?
Бидний яриа цааш үргэлжилнэ.
-Харин чи арван найман насандаа эргэж ирэх тухай бодож байсан уу? гэж би асуулаа.
Тэр “Харин л дээ” гээд бодолхийлснээ “Үгүй л болов уу” гэлээ.
-Үнэн гэж үү?
-Тийм ээ. Би тэгж боддоггүй.
-Ойлгохгүй юм. Хүн бүр л залуу байх сайхан гэж ярьдаг шүү дээ.
-Тийм ээ, сайхан нь ч сайхан л даа.
-Тэгээд чи яагаад ахиад залуу болохыг хүсэхгүй байгаа юм бэ?
-Тэрийг хөгширч байж л мэдэрье дээ.
Харин би гучин хоёртой, долоо хоног л гүйхээ азначихвал гэдэс маань өмдөө даваад цулцайгаад ирдэг болсон. Ийм хүн чинь яаж эргээд арван наймтай болж чадах билээ дээ. Том асуудал шүү.
Өглөө жаахан гүйснийхээ дараа би ганц лааз ногооны шүүс уучихаад буйдан дээр хэвтэнгээ Битлзийн “Өдрийн аялагч”-ийг сонслоо.
“Өдрииииииийн аялагч”.
Энэ дууг сонсохоор галт тэргэнд сууж яваа юм шиг мэдрэмж төрнө. Утасны шонгууд, зогсоолын саравчнууд, урт хонгилууд, хэдэн шар үхэр, хэдэн морь, үйлдвэрийн яндангууд, элдэв юмс нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө. Хэчнээн хол аялсан ч гадаах бүхэн нэг л янз, сэтгэл татах юу ч үгүй мэт санагдана. Уг нь бага залуудаа энэ бүхэнд дуртай л байлаа. Дэргэд минь суух хүмүүс байн байн солигдоно. Тэгж явтал арван найман настай нэгэн охин хажууд минь ирж суулаа. Би цонхон талд, харин тэр хаалган талд сууж явсан юм.
“Хоёулаа солигдож суух уу?”
Намайг ингэж асуухад тэр охин “Баярлалаа. Та их эелдэг хүн юм” гэлээ.
Би тэрүүхэндээ мушилзаад “Эелдэгээ ч хат даа” гэж дотроо бодов. Охины дэргэд бол амьдралын элдэв үзэгдлээс аль хэдийнэ уйдчихсандаа л тэр шүү дээ.
Утасны моддыг тоолж явахаас
Уйдаж залхсан-гучин хоёртой
Өдрийн аялагч...
Энэ бол миний таталсан ур муутай хайкунуудын нэг ээ.□




Өгүүллэгийг орчуулсан
Батсуурийн БАЯСГАЛАН


эхийг Дараа өдрийн тэмдэглэл блогоос авав.→http://bayasgalanb.blogspot.jp/2013/10/blog-post_28.html